| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0054/Э |
| Дугаар | 125 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, шүүгч Э.Б, Д.Ц нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга Ц.А
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Иргэдийн төлөөлөгч Н.О
Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргүүдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харъяат, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт оршин суух, энэ хэрэгт татагдахдаа эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, урд нь Улаанбаатар хотын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 3-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Нийслэлийн Хан-Уул дүүргийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 2-д зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар,
-Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 5 сарын хугацаагаар баривчлах ялаар,
-Сум дундын 9 дүгээр шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6-д зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар шийтгүүлж,
-Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ... оны ... дугаар сарын ...-ны өдрийн ... тоот шүүгчийн захирамжаар 2 жил 4 сар 14 хоногийн хорих ялаас чөлөөлж шийтгүүлж байсан, Б овогт О.Г-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч О.Г нь 2019 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төв талбайн урд баригдаж буй барилгын хашаанд оршин суух иргэн Б.Э-н монгол гэрт Б.Э-г трубагаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
мөн 2019 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төв талбайн урд баригдаж буй барилгын хашаанд оршин суух иргэн Б.Э-н монгол гэрт Р.Б толгойн тус газарт трубагаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би хүний машин түрээсэлж Эрээн Замын Үүдийн хооронд ачаа тээвэрлэдэг юм. Тэр өдөр Эрээнээс орж ирээд ачаа бараагаа каргод өгчихөөд орой гэртээ иртэл манай эхнэр байхгүй байсан юм. Тэгэхээр нь Э-нд очиход Э-той нэг орон дээр унтаж байсан. Тэгээд намайг уурлахад Э сүх бариад босоод ирэхээд нь би гэрээс гарч гадаа байсан трубаг авч орж ирээд трубагаараа Э-г чичиж байгаад сүхийг нь авч гадаа гаргасан. Тэгээд эргэж орж ирэхэд Б орон дээрээ боссон байсныг би харсан, тэгээд би Э руу трубагаа шидэхэд Б дундуур орж ирээд оногдож тархиндаа гэмтэл авсан. Би үйлдсэн хэрэгтээ шэмшиж байна, Э, Б нарын биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Иймд оногдуулах ялыг багасгаж өгнө үү “ гэсэн мэдүүлэг
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл -зураг /хх-ийн 7-9/
Шүүгдэгч О.Г-н хохирогч Р.Б, Б.Э нарыг цохьсон гэх нийт 292,7 см урттай төмөр трубад үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 11/
Нийт 299,7 см урттай төмөр трубаг эд мөрийн баримтаар тоцох тогтоол /хх-ийн 15/
Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдөр гэртээ Б хамт нэг шил хятад архи хувааж уугаад амарч байхад 01 цагийн үед Э гаднаас архи уусан байдалтай орж ирээд манай хамтран амьдрагч Г намайг зодож алах нь гээд ороод ирсэн. Тэгээд миний хажуу талаар орон дээр унтсан. 02 цагийн үед... Г, Э хоёр гэрийн гадаа ирээд Г хаалгаа гэхээр нь би оруулахгүй, чи маргааш ир гэж хэлсэн. Тэгээд гэрийн гадаа үүдний ойролцоо хураалттай байсан трубанаас аваад гэрийн хаалгыг цөм цохиж хаалгыг нээхээр нь би босоод гэрт байсан сүхийг аваад орж ирвэл сүхээр цохино шүү гэж хэлэхэд Г нөгөө трубагаар миний биеийн цээжин хэсэг, хөлийн хуруун хэсэг рүү цохиход Б орноосоо босож ирээд бид 2-ын дундуур ороод Г-н трубаг авах гэж байгаад цохиулсан, Г дахин гаднаас нэг ширхэг труба авч орж ирээд миний толгойн хэсэг рүү цохиод, хамтран амьдрагч Э-г босгоод гэрээс аваад гарсан...би толгойдоо 3 хэсэг газарт, зүүн гарын эрхий хуруунд, зүүн гарын бугалганд тус тус оёдол тавиулсан, ерөнхийдөө биеий байдал гайгүй болсон, би эм тариа аваагүй тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18, 23/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ” 2019 оны 08 дугаар сарын 12-нд Э гээд айлд унтаж байхад С гэж дууддаг хүүхэн орж ирээд Г намайг алах нь, би зугатаагаад ирлээ гэж хэлээд Э ахын гэрт хойд талын орон дээр унтаж байхад Г гэж хүн хаалгыг нь эвдээд гэрт орж ирээд гэрийн хажууд хураалттай байсан 2 см урттай байх трубанаас 3-4 ширхэг труба шидсэн. Тухайн үед би гэрийн баруун талын орон дээр хэвтэж байхад нэг шидсэн труба нь миний дух руу цохиж, духнаас цус гараад би гэрээс гарч яваад эмнэлэг орсон. Тухайн үед Г гэх хүн Э ахтай эхнэрээ хардаад , тэр хоёр руу уурлаад байсан... Г надаас уучлалт гуйсан, хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-22, 25/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2019 оны 08 дугаар сарын 13-нд би Э, Б нарын хамт төв талбайн урд талд баригдаж байгаа барилгын сахиулын гэрт архи уусан. Шөнө хүмүүс хэрэлдээд байхаар нь сэрсэн чинь миний хамтран амьдрагч Г ороод ирчихсэн та нар хүний эхнэрийг архидуулж гэр рүү нь явуулсангүй гээд уурлаж байсан Тэгтэл Э босч ирээд орныхоо хөлд байсан сүхийг бариад дайрсан. Г уурлаж гадагшаа гарад нилээн урт труба төмөр бариад орж ирсэн. Э сүхээ бариад дайрах үед Г биеэ хамгаалаад Э-н толгойд нэг удаа, зүүн гар руу нь 2-3 удаа цохисон. Дараа нь трубагаа нааш цааш нь савж байгаад Б толгой руу цохичихсон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/
Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “ Б.Э-н биед толгой, зүүн бугалга, зүүн гарын 1 дүгээр хурууны шарх гэмтэл тогтоогдлоо....учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 02/0415 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн “Р.Б биед гавлын дух ясны цөмөрсөн хугарал, тархи доргилт, духанд шарх, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо...учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна “ гэсэн шинжээчийн 9893 тоот дүгнэлт /хх-ийн 41/
Шүүгдэгч О.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 57/
Шүүгдэгч О.Г нь урд нь 4 удаагийн ял шийтгэлтэйг тэмдэглэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60/
Таслан шийдвэрлэх болон шийтгэх тогтоол, суллагдсан тухай шүүгчийн захирамжийн хуулбарууд /хх-ийн 62-86/
Хохирогч Р.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ би О.Г-д зодуулж биедээ хүнд гэмтэл авсан. Одоо биеийн байдал зүгээр болсон тул гомдол байхгүй, хохиролд нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тодорхойлолт /хх-ийн 88/
Хохирогч Б.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Миний бие 2018 оны 08 дугаар сарын 13-нд гэртээ Г-д зодуулсан, биедээ хөнгөн гэмтэл авсан, миний биеийн байдал зүгээр тул ямар нэг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тодорхойлолт /хх-ийн 89/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Г нь 2019 оны 08 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах төв талбайн урд баригдаж буй барилгын хашаанд оршин суух хохирогч Б.Э-н гэрийн хаалгыг эвдэн орж, улмаар “ Э, Б нарыг эхнэртэйгээ архи уулаа, гэр рүү нь явуулсангүй” гэх шалтгааны улмаас таарамжгүй байдал үүсгэн, гаднаас барьж орж ирсэн төмөр трубагаар хохирогч Б.Э-г цохиж, биед нь толгой, зүүн бугалга, зүүн гарын 1 дүгээр хурууны шарх бүхий гэмтэл учруулсан, мөн энэ үедээ төмөр трубагаар хохирогч Р.Б дух хэсэгт нь цохиж, биед гавлын дух ясны цөмөрсөн хугарал, тархи доргилт, духанд шарх, хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, зулгаралт бүхий хүнд гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Хохирогч Б.Э-н биед учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа нь Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 02/0415 тоот шинжээчийн дүгнэлтээр, хохирогч Р.Б биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай хүнд гэмтэлд хамаарч байгаа нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9893 тоот дүгнэлтээр тус, тус хэрэгт тогтоогдсон байгаагаас дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг, 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хохирол, хор уршигийг учруулсан байх тул түүнийг тухайн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл , эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, мөн 2-д “ ...гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг дээрх хуулийн зохицуулалтай уялдуулахад шүүгдэгч О.Г-н үйлдлийн улмаас хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хөнгөн, хүнд гэмтэлтэй холбоотой шууд хохирол, хор уршиг учирсан байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэргүүдэд гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Э, Р.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18, 23/, /хх-ийн 20-22, 25/, гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32/, хохирогч Б.Э-н биед хөнгөн гэмтэл учирсан талаар гарсан Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 08 сарын 19-ны өдрийн 02/0415 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/, хохирогч Р.Б биед хүнд гэмтэл учирсан талаар гарсан Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 14-ны өдрийн 9893 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41/, хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, 292,7 см урттай төмөр трубаг эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч О.Г-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Г-н үйлдлийн улмаас хохирогч нарын биед учирсан хөнгөн, хүнд гэмтэл нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд тооцогдох бөгөөд шууд учирсан хохирлыг нөхөн сэргээхэд зарцуулсан эмчилгээний зардлыг шүүгдэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар нөхөн төлөх үүрэгтэй юм. Гэвч хохирогч нар нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй талаараа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн, хохирол нэхэмжлэхгүй талаараа тодорхойлолт гаргаж өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч О.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял оногдуулах нь зүйтэй байх ба ингэхдээ түүнд үйлдсэн гэмт хэрэг тус бүрд нь ял оногдуулж, оногдуулах ялыг нэмж нэгтгэх, түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтанд заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах” гэж заасныг баримтлах нь зүйтэй байна.
Нэгэнт хохирогч нар энэ гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасан журмыг ял оногдуулахдаа хэрэглэх боломжтой гэж шүүх үзсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 292.7 см урттай төмөр трубаг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт О.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч О.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар 3 /гурав/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар тус, тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар тооцож, 30 хоногийн хорих ял дээр 3 жил 8 сарын хорих ялыг нэмж, нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил, 8 /найм/ сар, 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-д оногдуулсан 3 жил, 8 сар, 30 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 292.7 см урттай төмөр трубаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх, төлбөргүй, иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц
ШҮҮГЧИД Э.Б
Д.Ц