| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0129/Э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2019-10-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Болор |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 128
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Э.Б
Шүүгдэгч З.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б аймгийн Б сумын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 5 дугаар багт оршин суух, хувиараа хөдөлмөр эрхлэх, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт З.О-т холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч З.О нь архи ууж согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт өөрийн гэртээ эхнэр Б.У-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.О шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2019 оны 10 сарын 01-ний орой найзуудтайгаа караокед орсон. Тэндээс гараад манай эхнэр намайг гудамжны үзүүрт машинаасаа буулгасан юм байна лээ. Энэ үед би учрыг нь сайн ойлгоогүй. Нилээд согтсон байсан. Тэгээд гэртээ хариад намайг гудамжинд буулгалаа гээд эхнэрийнхээ нүдрүү цохичихсон байсан. Энэ үйлдлээ мэдэхгүй байгаа юм. Эрүүлжүүлэгдсэн байсан. Тэгээд эхнэрээ цохьсоноо мэдсэн. Би урьд нь эхнэртээ гар хүрч байгаагүй, их архи уугаад байдаггүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрч байна. зүйлчлэгдсэн зүйл ангийг ойлгосон, ялыг танилцуулсан. Дахиж ийм зүйл гаргахгүй “ гэсэн мэдүүлэг,
Хохирогч Б.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 10 дугаарын 01-ний 20 цагийн үед нөхөр З.О, найзууд болох О, Г, Э, З нарын хамт “Б” караокед орж жаахан дуулцгаасан. Э, З бид 3 болохоор машин барьж явсан тул согтууруулах ундаа хэрэглээгүй. Харин нөхрүүд нь болох О, Г, О нар бага зэрэг пиво ууцгаасан. Ингээд бид нар 23 цаг өнгөрч байхад караокеноос гарсан ба манай машинд нөхөр О, Э нар суусан. Нөгөө З өөр машинтай явсан. Ингээд баруун каргоны замаар Э-г хүргэж өгөхөөр явсан. Баруун зам дээр явж байтал манай нөхөр О би бууя гэсэн. Баруун замаас манай гэр ойрхон болохоор би юм асуулгүй, гэрлүүгээ орох гэж байгаа юм байх гэж бодоод машинаа зогсоосон. О буучихаар нь би Э-г хүргэж өгөхөөр цааш явсан. Тэгээд Э-г гэрт хүргэж өгчихөөд би гэртээ иртэл О гэртээ ирээгүй байсан. Хэсэг хугацааны дараа О гэртээ орж ирсэнээ яахлаараа намайг хаячихаад явчихдаг юм бэ гээд шууд миний баруун нүдний хэсэг рүү 1 удаа гараараа цохиод авсан. Тэгэнгүүт нь би гэрээс гараад шууд цагдаа руу утсаар залгаж дуудлага өгсөн. Тэгдэггүй хүн чинь шууд цохиод авахаар айх ч шиг, гайхах ч болоод аягүй сонин байдалд орсон. Хажуу айлдаа ороод ингэлээ гэсэн цагдаа дуудаад эрүүлжүүлэхэд өгчихгүй юу гэхээр нь цагдаа руу хэлсэн. Ингэж ажил болж аймаар хүндээр шалгадаг гэж мэдээгүй. Урд нь цагдаа энэ тэртэй холбогдож, дуудаж үзээгүй болохоор ингэдэг гэж мэдсэнгүй. Зүгээр эрүүлжүүлж хоноод өглөө нь гаргаад явуулах байх л гэж бодсон. Тэр үед О бид 2 хэрэлдэж муудалцаагүй. Яагаад орхиод явж байгаа юм гээд л цохисон. Би ч урдаас нь үг хэлж чадаагүй, гайхаад л гэрээс гарсан Харин цохиод авахаар нь их гайхсан. Манайд зодоон цохион битгий хэл хэрүүл ч гардаггүй. О-тай гэр бүл болоод 20 жил болж байна. Энэ хугацаанд надад гар хүрч байгаагүй. Манай гэрт ер нь хэрүүл уруул болдоггүй, их эвтэй, бие биеэ ойлгож амьдардаг. Их тайван гэр бүл л дээ. Сая гэнэт ийм зүйл тохиолдоход их гайхсан. Хөхөрсөн байсан хэсэг зүгээр болчихсон. Ажлаа хэвийн хийж байгаа. З.О маргааш нь л шууд уучлат гуйж байна лээ. Юу ч мэдсэнгүй, яанаа уучлаарай гэж байсан. З.О-г уучилсан. Ахиж ийм зүйл гаргахгүй гэдэгт би итгэлтэй байгаа. Би нөхөртөө гомдолгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн11-12
Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ийн 11-12/
Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн “ 1. Б.У-н биед баруун нүдний салстанд цус хуралт, нүд орчмын зөөлөн эдэд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/024 тоот дүгнэлт /хх-ийн 28/
Шүүгдэгч З.О-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 36/
Шүүгдэгч З.О нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 45/
Хохирогч Б.У-н цагдаагийн хэлтэст гаргасан “ Миний бие 2019 оны 10 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө нөхөртөө цохиулсаны улмаас биедээ хөнгөн зэргийн гэмтэл авсан. Тухайн үед манай нөхөр З.О нь бага зэргийн архи уучихсан байсан ба санамсаргүй байдлаар намайг цохиж гэмтээсэн. О надаас уучлалт гуйсан миний эрүүл мэнд хувийн байгаа О-т гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. О нь урд нь гар хүрч байгаагүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй тул хэргийг хялбрашуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүэслт /хх-ийн 47/
Шүүгдэгч З.О-н цагдаагийн хэлтэст гаргасан “ Миний бие эхнэр Б.У-г цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан байдлаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 48/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч З.О нь архи ууж согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 02-ны шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг өөрийн гэртээ эхнэр Б.У-г “гудамжинд орхиж явсан” гэж хувийн таарамжгүй байдал үүсгэж улмаар хохирогчийн нүүрэн тус газар цохиж биед нь баруун нүдний салстанд цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Шүүгдэгч З.О-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Б.У-н өгсөн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Замын-Үүд сум дахь Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч эмч П.Г-н “1. Б.У-н биед баруун нүдний салстанд цус хуралт, нүд орчмын зөөлөн эдэд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно” гэсэн 04/024 тоот дүгнэлт /хх-ийн 28/ зэрэг нотлох баримтуудаар хэрэгт тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч З.О-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Хохирогч Б.У нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол нэхэмжлэхгүй, гомдолгүй болохоо мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1 зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч З.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт З.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч З.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч З.О нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч З.О нь 450,000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц