| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0088/Э |
| Дугаар | 130 |
| Огноо | 2019-10-30 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч А.Г-г оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С сумын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, Сум дундын 9 дүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор 4 сарын баривчлах ялаар, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор 6 сарын баривчлах ялаар, ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар тогтоолоор 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2018 оны 09 сарын 25-нд суллагдаж байсан Т овогт А.Г-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/
Шүүгдэгч А.Г нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух Н.А-н эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтрэн орж 32 инчийн Шарп брендийн зурагт хулгайлсан,
мөн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух Т.Д-н гэрийн цонхоор хууль бусаар нэвтэрч зэс аяга хулгайлсан,
мөн 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух Д.М-н гэрт хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 4 шил архи хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ би А-с 32 инчийн зурагт хулгайлсан, мөн Т.Д-н гэрийн цонхоор орж зэс аяга хулгайлсан, Д.М-н гэрт орж 2 ширхэг мөнгөн аяга, 4 шил архи хулгайлсанаа хүлээн зөвшөөрч байна. Д-д 125,500 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн, бусдыг нь эд зүйлээр нь хүлээлгэн өгсөн. Дахиж хэрэг хийхгүй, 9 сар гаруй хугацаанд хоригдохдоо маш их гэмшлээ. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийг учир холбогдлыг ойлгосон, хөнгөн ял оногдуулж өгнө үү ” гэсэн мэдүүлэг
Хохирогч Н.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө гэртээ байхад гэр хорооллын хөрш айлын биеийн тамирын багш залуу гэрт 09 цаг 20 минутын орчимд ирээд “танай гэр хорооллын амины орон сууцын цонхны хаалт газар унасан, цонхнууд чинь онгорхой байна” гэж мэдээлсний дагуу өөрийн амьдарч байсан байшинд ирэхэд урд талын хаалт газар унасан, цонх нь онгорхой байхаар нь юу алдагдсан болохыг мэдэх гэж байшиндаа ороход зочны өрөөнд байсан хар өнгийн 32 инчийн Sharp брендийн зурагт алдагдсан бусад эд зүйлс хэвэндээ байхаар нь хулгай орсон байна гэж үзээд цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Хулгайд алдагдсан зурагт маань ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй, хэвийн ажиллагаатай Sharp брендийн хар өнгийн зурагт байсан. Би зурагтаа Улаанбаатар хотоос 2017 онд 480,000 төгрөгөөр худалдан авсан. Би алдагдсан зурагтаа 450,000 төгрөгөөр үнэлсэн. Би зурагтаа бүрэн бүтэн хүлээн авсан тул одоо гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12/
Хохирогч Т.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би Замын-Үүд сумын 2 дугаар багт амьдардаг тухайн өдөр би гэртээ оройны 22 цаг 10 минутын үед гэртээ ирэхэд манай гэрийн цонхны тор урагдсан цонх нь онгорхой байсан тэгээд би гэртээ орж том өрөөнд байдаг сирвантны дотор байдаг эд зүйлээ харсан чинь тавиур дээр байсан дунд гарын зэс аяга маань алга болсон байсан тэгээд цагдаа дуудсан цагдаа ирээд шалгалтаа хийчэхээд явсан. Тухайн үед ганц зэс аяга алга болсон гэж урд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ өгсөн тэгтэл зэс аяганы хажууд байсан модон хөөрөг алга болсон байсан учир урд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ би модон хөөрөгөө дурдаагүй байсан. Би алдсан зүйлийнхээ хохирлоо барагдуулж авна “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 65/
Хохирогч Д.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Тухайн өдөр манай байшингийн цонхоор хулгайч орж гэрт байсан дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг,4 шил архи зэрэг зүйлээ алдсан тэгээд гэрт хулгай орсон талаар цагдаад дуудлага өгч дуудлагын дагуу цагдаа нар ирж манай гэрээс алдсан эд зүйлийг маань түргэн шуурхай олж хулгайчийг бариан тухайн үед алдсан эд зүйлүүдээ тэр дариудаа хулгайчаас буцаан авч хохирол гомдолгүй болсон алдсан 2 ширхэг мөнгөн аягаа бүрэн бүтэн хүлээн авч мөн,4 шил архинаас нэг шил архийг маань хулгайч уусан байсан одоо надаа гомдол санал байхгүй хулгайчийн уусан нэг шил архиа би нэхэмжлэхээс татгалзаж байна. Харин хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү” гэсэн мэдүүлэг /хх-ийн 166/
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 3-8/
Хар өнгийн Sharp брендийн 32 инчийн LCD телевизорыг эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/
Хар өнгийн Sharp брендийн 32 инчийн LCD телевизорыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10/
Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Г би төвд Д эмийн сангийн урд байна хүрээд ир гэхээр нь яваад очиход эмийн сангаас гарч ирээд машинд суугаад удирдлагагүй, Sharp брендийн зурагт байна, Шанд явах гэсэн чинь зардал хэрэгтэй байна гэхээр нь юун зурагт бэ гэхэд манай зурагт байгаа юм удирдлагагүй болсон, би тусдаа гарсан байгаа энийг бараг үздэггүй учраас зарах гэж байгаа юм гээд 100.000 төгрөгөөр авчих гэхээр нь за юу ч гэсэн очиж үзье гэхэд манай эхнэр хажуугаар наадах чинь хулгайн зурагт юм биш үү? гэхэд Г үгүй наадах чинь миний зурагт, Шанд явах гээд мөнгө хэрэг болоод зарах гэж байгаа юм гэж хэлээд хойшоо дагуулан явж хашааны харалдаа явж байхад зогс гэж зогсоогоод хашааруу гүйж ороод 1 минут орчим болоод 1 зурагт тэврээд гараад ирэхээр нь чи хаанаас юун зурагт аваад гараад ирэв ээ гэхэд үгүй мань чинь энд тусдаа гарсан, чи итгэхгүй бол Б-с асуу гэхээр нь итгээд гэрлүүгээ дагуулан яваад зурагтыг нь асаагаад үзтэл ажиллаж байхаар нь би 100.000 төгрөгөөр авч чадахгүй мөнгөгүй байна гэхэд надад 50.000 төгрөг өгчих гэхээр нь авсан... Нээрэн л өөрийнх нь зурагт байж магадгүй гэж үзээд түүнээс 40.000 төгрөгөөр худалдан авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/
Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө гэрээсээ 09 цаг 30 минутын орчимд гараад машиндаа суух гээд хойд айлруугаа хартал тэдний байшингийн нүүрэн талын 2 цонх онгорхой байхаар нь машиндаа сууж гэрийн эзэн болох Н.А-н одоо түр амьдарч байгаа “Танай ... байрлах байшингийн цонх онгорхой байна, хулгай орсон байж магадгүй юм шиг байна, та очиж үзээрэй” гэж хэлээд ажилдаа явсан. Н.А зундаа эхнэр хүүхэдтэйгээ ирж амьдардаг. Тухайн үед хүнгүй байсан ба төвд байрандаа амьдарч байгаа гэсэн. Би унтаж байсан учраас ямар нэг чимээ сонсоогүй. Өглөө ажилдаа явахдаа Н.А-н байшинруу харахад цонх нь онгорхой байсан Би Н.А-г хөрш гэдгээрээ л танина. Садан төрлийн холбоо лцаа байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19/
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний “ 32 инчийн LCD зурагт 1 ширхэг 250,000 төгрөг гэсэн” дүгнэлт /хх-ийн 21-23/
А.Г-д холбогдох хэргийг ... дугаартай эрүүгийн хэрэгтэй нэгтгэх прокурорын тогтоол /хх-ийн 55/
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 58-62/
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний “ зэс аяга 1 ширхэг, 28,000 төгрөг, модон хөөрөг 1 ширхэг 97,500 төгрөг гэсэн” дүгнэлт /хх-ийн 69-71/
Шүүгдэгч А.Г нь урьд ял шийтгүүлж байсан гэсэн ял шалгах хуудас /хх-ийн 93/
Сум дундын 9 дүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 96-98/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн100-104/
Дорноговь аймаг дахь сум дундын шүүхийн ... оны ... дүгээр сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 11-18/
Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 148-152/
Д.М-т 2 ширхэг мөнгөн аяга, 4 шил 1 литрийн /екс, олмек, алба луба, марк артурс/ эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 154/
Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний “мөнгөн аяга 2 ширхэг нийт үнэ 200,000 төгрөг, архи /Марк артурс 1л/ 15,000 төгрөг, архи /алба луба 1 л/ 15,000 төгрөг, архи /Олмек 1л/ 15,000 төгрөг, архи /экс/ 17,000 төгрөг ” дүгнэлт /хх-ийн 156-158/
Хохирогч Г.Д нь хохирол 125,500 төгрөг бэлнээр өгсөн, одоо нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн тодорхойлолт /2-р хх-ийн 55/
Г-д холбогдох хэргээс ... тоот хэргийг тусгаарласан тухай 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн прокурорын тогтоолын хуулбар /2-р хх-ийн 63/
А.Г нь тус хорих ангид ял эдэлж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр суллагдсан гэсэн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газрын 425 дугаар нээлттэй хорих ангийн тодорхойлолт /2-р хх-ийн 66/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл хангагдсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух Н.А-н эзэмшлийн байшингийн цонхоор нэвтрэн орж 32 инчийн Шарп брендийн зурагт хулгайлсан,
мөн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны орой 21 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух Т.Д-н гэрийн цонхоор нэвтэрч зэс аяга, модон хөөрөг зэргийг хулгайлсан,
мөн 2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух Д.М-н гэрт хууль бусаар нэвтэрч 2 ширхэг мөнгөн аяга, 4 шил архи хулгайлсан үйл баримт болжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “ энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, мөн 2-д “ ...гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байх бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “ хүн байнга амьдрах байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хохирол, хор уршигийг учруулсан агуулсан байх тул шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн дээрх хулгайн гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шинжлэн судлагдсан хохирогч Н.А, Т.Д, Д.М, гэрч Б.О, А.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 3-8,58-62, 148-149/ хар өнгийн Sharp брендийн 32 инчийн LCD телевизорыг эд мөрийн баримт хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/, хар өнгийн Sharp брендийн 32 инчийн LCD телевизорыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 10/, Д.М-т 2 ширхэг мөнгөн аяга, 4 шил 1 литрийн архи зэрэг эд зүйлийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 154/, хохирогч Г.Д нь хохиролд 125,500 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн тухай тодорхойлолт /2-р хх-ийн 55/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг түүний үйлдэл болон хэргийн үйл баримттай тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч А.Г нь Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэг бүхий этгээд мөн бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.А, Д.М нарт эд зүйлийг бодит хүлээлгэн өгсөн, хохирогч Г.Д-д 125,500 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно.
Иймд шүүгдэгч А.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял оногдуулах нь зүйтэй байх ба ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтанд заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах “ гэж заасныг баримтлах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт нийт 252 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний эдлэх ялд нь оруулан тооцох, түүнчлэн бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Т овогт А.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т заасан хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч А.Г-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч А.Г-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-н цагдан хоригдсон 252 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүгдэгч А.Г нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц