Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 182

 

 

      Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дина, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мөнхөө, шүүгдэгч Ц.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Динагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ц-ий С-д холбогдох 1935004140203 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1970 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Увс аймгийн Тариалан суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, 4 хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ц-ий С, регистрийн дугаар:............

              Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

        Шүүгдэгч Ц.С нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Увс аймгийн Улаангом сумын 7 дугаар багийн нутагт байрлах Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль дотор хохирогч Ц.Ц-ийн гээгдүүлсэн Самсунг Галакси Жи-4 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 375000 /гурван зуун далан таван мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935004140203 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Ц.Ц-ийн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр электрон барааны Некст дэлгүүрийн Увс аймаг дахь салбараас Самсунг Галакси Жи-4 загварын гар утсыг 499’900 төгрөгөөр худалдаж авсан. ...Уг гар утас нь 2 сим хийж ашигладаг гар утас байсан. ...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 09 цаг 20 минутын орчимд би Увс аймгийн Улаангом сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2 давхрын 00-ын өрөөнд ороод гарахдаа өөрийн гар утсыг 00-ын өрөөний тавиур дээр тавиад мартчихсан байсан. Хичээл зааж байгаад гар утсаа 00-ын өрөөнд мартсан гэдгээ гэнэт санаад 10 цаг 05 минутын орчимд 00-ын өрөө рүү буцаж ороход миний утас алга байсан. Гар утсаа сургуулийн дотроос хайсан боловч олдоогүй. ...Миний гар утас гоолд өнгөтэй, ямар нэгэн сэв, эвдрэл гэмтэлгүй утас байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

2. Гэрч Ц.М-ын “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед миний төрсөн эгч Ц.Ц над руу 96451176 дугаарын утаснаас залгаж “би өнөөдөр сургуулийн 00-ын өрөөнд утсаа мартчихсан байна. Хичээлийн завсарлагаанаар утсаа мартсанаа санаад тавьсан газраа хайсан боловч утсаа олсонгүй. Утас олдохгүй болохоор зах руу ороод гар утас засварын газруудад утас гээсэн тухайгаа мэдэгдчихлээ. Олдвол энэ дугаар руу залгаарай гээд чиний 96456666 дугаарыг өгчихлөө” гэж ярьсан. ...15 цаг 17 минутын орчимд 99909049 дугаарын утаснаас миний 96456666 дугаарын утсанд дуудлага ирсэн ба утсаа авч ярихад зүс таних Ө гэдэг залуу “таны гээсэн гар утсыг нэг эмэгтэй хүн авчихсан ирлээ, утасны кодыг гаргуулна гээд байна, та хурдан хүрээд ир” гэж хэлсэн. ...Гар утас засварын газарт очиход Ө-гээс гадна үл таних 1 эмэгтэй хүн байсан. ...Ө-гийн гаргаж ирсэн гар утсыг үзэхэд миний төрсөн эгч Ц.Ц-ийн эзэмшлийн Самсунг Галакси Жи-4 загварын гар утас мөн байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар/,

3. Насанд хүрээгүй гэрч Р.А-ийн “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр би хичээлдээ сууж байгаад 10 цаг 05 минутын орчимд сургуулийн 2 давхарт байдаг 00-ын өрөөнд орсон. Намайг 00-ын өрөөнд ороход тус өрөөний тавиур дээр цайвар шаргал өнгөтэй, мэдрэгчтэй дэлгэцтэй, Самсунг Галакси Жи-4 загварын гар утас байсан. ...Би тэр утсыг олж аваад сургуулийнхаа цайны газар руу орж хоол идсэн. Олж авсан утсаа өөрийнхөө цүнх рүү хийчихсэн байсан ба цайны газраас гараад 10 цаг 15 минутаас дахин хичээлдээ суусан. Манай анги өдөр 13 цаг 05 минутад тарсан бөгөөд би хичээлээ тараад шууд яваад Ц.Б ахын гэрт очсон. Намайг очиход манай нагац ах Ц.Б болон миний ээж Ц.С нар байсан ба би цүнхэнд хийсэн утсаа гаргаж ирээд, өөрийн ээж Сд үзүүлж “энэ гар утсыг сургуулийнхаа 00-ын өрөөнөөс олж авсан” гэж хэлсэн. Миний олж авсан Самсунг Галакси Жи-4 загварын гар утсыг ээж Ц.С надаас авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,

4. Гэрч Ц.Б-ын “...2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 13 цаг өнгөрч байх үед Ц.С бид хоёр манай гэрт байхад Ц.С-ийн охин Р.А нь хичээлээ тараад ирсэн. Р.А нь гэрт орж ирээд “би сургуулийнхаа 00-ын өрөөнөөс энэ утсыг олж авлаа гээд өөрийнхөө цүнхнээс нэг гар утас гаргаж ирээд өөрийн ээж Ц.С-д өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

5. Гэрч Ц.Ө-гийн “...үдээс хойш 1 танихгүй эмэгтэй хүн Самсунг Галакси Жи 4 загварын гар утас барьчихсан манай засварт орж ирээд энэ утасны кодыг гаргаад өгөөч гэж надад өгсөн. ...Ц гэдэг эгч орж ирж миний утас орж ирвэл эгчдээ олж өгч туслаач гээд Имей кодоо үлдээсэн байсан тул би тэр эмэгтэйн авч орж ирсэн утсыг Ц эгчийн өгсөн имей кодтой харьцуулж харахад яг таарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

6. Шинжээч Я.Н-гийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 379 дугаартай “...2019 оны 10 дугаар сарын байдлаар Увс аймгийн Улаангом суманд 1 жил ашигласан “Samsung galaxy J-4” загварын гар утас 375’000 /гурван зуун далан таван мянга/ төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов” гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар хуудас/,

7. Шүүгдэгч Ц.С-ийн яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ах болох Бямбажавын гэрт ирээд байж байтал манай охин Алимаа үдээс хойш Бямбажав ахын гэрт ирэхдээ 1 гар утас авчихсан ирээд би үүнийг олж авлаа гээд надад өгсөн. Тэгэхээр нь би хүн гээсэн юм байна гэж бодоод авч ашиглах гээд сим картын гаргаад асаахад кодтой байхаар нь би кодыг нь тайлуулах гээд зах дээр гарч гар утас засварын газар ажилладаг залууд аваачиж үзүүлээд энэ утасны кодыг гаргаад өгөөч гэхэд энэ утас тань хайж байгаа утас байна би цагдаа дуудлаа гээд цагдаа дуудсан. ...цагдаагийн мөрдөгч ирээд гар утас засварын Өвгөнхүү гэдэг залуугаас миний код гаргуулах гэж байсан гар утсыг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар хуудас/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, гар утсанд үнэлгээ хийсэн шинжээчийн 379 дугаартай дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр насанд хүрээгүй гэрч Р.А-гийн олж авсан Самсунг Галакси Жи 4 загварын гар утсыг шүүгдэгч Ц.С нь өөрөө ашиглах зорилгоор авсан боловч тухайн гар утас нь ашиглах боломжгүй кодтой байсан тул гар утас засварын газар аваачиж кодыг нь тайлуулахаар өгсөн байна. Улмаар тухайн гар утсыг бусдын эд хөрөнгө гэдгийг гэрч Ц.Ө цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр, шүүгдэгч Ц.Сээс уг гар утсыг хураан авсан үйл баримт тогтоогдож байна.  

Шүүгдэгч С нь Самсунг Галакси Жи 4 загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж өөрөө ашиглах зорилгоор тухайн утасны кодыг тайлуулахаар гар утасны засварын газар очиж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах” гэж заасны дагуу гэмт хэрэг үйлдэхээр завдсан үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг нь гээгдэл эд хөрөнгийг өөрийн эзэмшил, ашиглалтад бүрэн оруулснаар төгсөх бөгөөд шүүгдэгч Ц.С-д тухайн гар утас шилжсэнээр гэмт хэрэг төгссөн гэж дүгнэх боломжгүй. Учир нь шүүгдэгч тухайн гар утсыг өөрөө ашиглах боломжгүй байсан бөгөөд тухайн гар утасны кодыг зайлшгүй тайлж, гар утсыг зориулалтын дагуу өөрийн ашиглалтад бүрэн оруулснаар тухайн гэмт хэргийг төгссөнд тооцно.

Иймд шүүгдэгч Ц.С-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшихыг завдсан гэм буруутай тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Цд 375’000 /гурван зуун далан таван мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 794 дугаар прокурорын зөвшөөрлөөр шүүгдэгч Ц.С-ээс Самсунг Галакси Жи 4 загварын гар утсыг хураан авч 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Ц.Ц хүлээлгэж өгсөн болох нь “Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл” /хх-ийн 09 дүгээр хуудас/-ээр тогтоогдож байна.  Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан тул шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.  

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Ц.С нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас” /хх-ийн 40 дүгээр хуудас/-аар, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, 4 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эмэгтэй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх, мөн зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан оногдуулах ялын хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан ялын хэмжээнд багтаж байгаа, мөн шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ц.С энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

        1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх заасныг баримтлан шүүгдэгч Б овогт Ц-ий С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө завшихыг завдсан гэм буруутайд тооцсугай.

       2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ц.С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

      3. Шүүгдэгч Ц.С нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

      4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА