Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 53

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

       Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

          Нэхэмжлэгч:  “АУ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                   Хариуцагч: Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.П, П.А нарт холбогдох,

             Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.П, П.А нарын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн 150020490 дугаартай актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах  тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А-У” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цл, хариуцагч татварын улсын байцаагч Ц.П, П.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Т нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч “А-У” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани 2011 онд 2061295 регистрийн дугаартай "О" ХХК-аас барилгын материалын төрлийн 229,374,545,00 төгрөгийн бараа материалыг бэлэн мөнгө тушаан авсан юм. Материал өгч байсан хүн тус компаний тамга, тэмдэг бүхий падаан , орлогын ордерийг өгч байсан болно. Гэтэл энэхүү компаний падаан ордер нь хуурамч байсан гэж аймгийн Татварын хэлтсээс 2016 оны 4-р сард нөхөн төлбөр гэж 22,937,454,50 төгрөг, хүү торгууль гэж 6,881,236,40 төгрөг, алданги гэж 1,438,640,00 төгрөг нийт 31,257,330  ,90 төгрөгийг төлүүлэхээр байцаагчийн акт бичиж торгууль тавиад байна. Энэ актыг бид зөвшөөрөхгүй Увс татварын хэлтсийн Маргаан таслах комисс, ТЕГ-ын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд саналаа хүргүүлсэн боловч актыг хэвээр баталлаа.

Актыг зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь: Шалгалтаар Монгол Улсын Их хурлаар баталсан " Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай " хуулийн дагуу тайлагнаагүй гэж буруутгаж байсан. Энэ актаар тавигдсан баримтыг хуурамч гэдгийг мэдээгүй тул тайлагнах боломжгүй байв. Харин орлогоо тайлагнасан болно.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.3-т "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчдэд НӨАТ төлсөн нь нэхэмжпэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтанд тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй" гэж бичсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Учир нь манай компаний санхүүгийн баримтанд бүх баримтууд байгаа ба тайландаа тусган тайлагнасан. 'ОСИБ" ХХК-ны НӨАТ-ын баримтууд байгаа болно

ТЕГ-ын Маргаан таслах зөвлөлийн 2015 оны 97-р тогтоолоор "Зэсийн булан" гэдэг ХХК-ний манайтай адил актыг хэрэгсэхгүй болгосон байгаа. Энэ талаар ТЕГ- ын МТЗ-өөс гаргуулан авна уу?

      "О" ХХК-ныг иргэн Бүдханд гэдэг хүн үүсгэн байгуулж, НӨАТ-ын падаанд хий бичилт хийж бусдад өгсөн гэдгийг хууль хяналтын байгууллага тогтоогоод тэр хүнхариуцлагаа хүлээчихсэн байхад нэг хэргийн төлөө давхар хариуцлага хүлээж байгаа. /одоо өршөөлийн хуульд хамрагдсан/

      Татварын ерөнхий хуулийн 11.1-д заасан "Татвар нөхөн ноогдуулах, алданги торгууль ноогдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байх бөгөөд Монгол Улсын иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжинд хамаарахгүй" гэсэн заалтаар 2016 онд тавигдаж байгаа нь зөрчилтэй байна.

      ТЕГ-ын МТЗ-ийн хурал 2017 оны 3-р сарын 29-нд болсон ба тэр хуралд өөрийн компаний төлөөлөгч оролцуулах гэсэн боловч компаний ня-богийн бие өвдсөн явах боломжгүй байсан тул хуралд биет төлөөлөл байгаагүй.

Иймд татварын улсын байцаагчийн .... тоот акт нь хууль зүрчиж  бидэнд торгууль ноогдуулсан гэж үзэж байгаа тул 150020490 тоот байцаагчийн актыг хууль бус болохыг тогтоон, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.Би 2011 оны Арвижих Увс ХХК-ний тайланг тухайн хугацаанд хийж дуусгасан байсан.  Гэтэл 2016 оны 04 дүгээр сард Татварын Ерөнхий Газраас  “ОСИБ” компаниас авсан баримт бичиг нь хуурамч байна гэх албан тоот ирсэн. Компанийг орлогоо нуусан байна гэх үндэслэлээр шалгалт хийсэн. Тухайн үед би Увс аймгийн татварын газарт тайлбараа өгсөн. Би НӨАТ-ын падааныг хуурамч гэдгийг нь мэдээгүй байсан. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар би сайн мэдээгүй байсан. Би энэ хуулийн талаар сайн мэдсэн бол НӨАТ-ын талаараа тайлагнах байсан. Би аймгийн Татварын хэлтсийн маргаан таслах комисс,Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын маргаан таслах комисст гомдол гаргахад актыг хэвээр үлдээсэн. Иймд энэхүү актыг хүчингүй болгож өгнө үү.Би урд шүүхэд өгсөн тайлбар үнэн зөв болно гэв.

Хариуцагч Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.П П.А нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Увс аймгийн Татварын хэлтэстэй харьцдаг, Барилга угсралт, Барилга дуусгах шатны ажил, Үр тариа (цагаан будааг оруулахгүйгээр), буурцагт болон тосны ургамал тариалалт, талх, нарийн боов үйлдвэрлэл, төрөлжсөн барааны бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 2001 оны 01 дугаар сарын 03 -ны өдөр үүсгэн байгуулагдсан, 1гишүүнтэй, 61,274,100.00 төгрөгийн дүрмийн сантай, .... тоот регистртэй, улсын бүтгэлийн .... гэрчилгээтэй , Нэмэгдсэн өртгийн албан татварын 2011 оны 03 сарын 22-ны өдрийн 5312 тоот гэрчилгээтэй, «Хаан банк»-д .... тоот төгрөгийн харилцах данстай, Барилга угсралт барилгыг дуусгах шатны ажил эрхлэхээр 2016 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн ....6 тоот 3 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөлтэй, Улаангом сумын 3-р багт байрлах “Арвижих-Увс” ХХК-ийн захирал Х.Сүхбаатар нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Татварын улсын байцаагчийн 2016 оны 04 дүгээр лэын 28-ны өдрийн .... дугаартай актыг болон Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлийн 2017 оны 17 дугаар тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй, Татварын улсын байцаагчийн .... тоот актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасантай танилцлаа.

2011 оны НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн байдлыг хэсэгчилэн, Гааль, Татварын ерөнхий газрын 2016 оны 04-р сарын 06 ны 03-3/1645 тоот албан бичгийн дагуу, татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Хяналт шалгалтын ажлын 15160400013 тоот томилолтоор 2016 оны 04 дүгээр сарын 22-ноос 2015 оны 04 дүгээр сарын 26-ны хооронд санхүүгийн тайлан тэнцэл, анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийн баримтууд, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөлтийн тайлан болон падааны судалгаа, хөндлөнгийн мэдээлэл, татвар төлөгчийн ярилцлагад үндэслэн татварын хяналт шалгалтыг хийсэн. Гааль, Татварын ерөнхий газрын 2016 оны 04-р сарын 06 ны 03-3/1645 тоот албан бичгийн дагуу шалгахад "Аривжих-Увс" ХХК нь 2011 онд Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч /Р:2061295/ "ОСИБ" ХХК-иас 2011 оны 8-р сарын 01 ний 8484282 дугаартай НӨАТ-ын падаанаар 35,300,000.00 төгрөг, 2011 оны 8-р сарын 12-ны өдрийн 8484283 дугаартай НӨАТ-ын падаанаар 31,834,000.00 төгрөг, 2011 оны 8-р сарын 15-ны өдрийн 8484284 дугаартай НӨАТ-ын падаанаар 56,324,500.00 төгрөг, 2011 оны 8-р сарын 17-ны өдрийн 8484286 дугаартай НӨАТ-ын падаанаар 105,916,045.00 төгрөг, бүгд 229,374,545.00 төгрөгийн НӨАТатвартай бараа ажил үйлчилгээ худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт төлөлтийн тайланд тусган тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлого бууруулсан. Нэмэгдсэн өртгийн албан татварын 8484282, 8484283, 8484284, 8484286 тоот падаанууд нь Татварын албаны бүртгэлгүй падаан гэдгээр цахим тайлангийг системд бүртгэгдсэн байсан. Гааль Татварын ерөнхий газрын ТХШАЗГазраас ирүүлсэн 2016 оны 04 сарын 06 ны 03-3/1645 тоот албан бичигт 2553562 регистрийн дугаартай "Аривжих-Увс" ХХК-нь "ОСИБ" ХХК-аас НӨАТ-ын хуурамч хий бичилттэй падаан худалдан авч төсөвт төлөх татвараа бууруулсан тухай дурдагдсан, мөн хавсралтаар ирүүлсэн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын тогтоолд "ОСИБ" ХХК-н НӨАТ-ын хий бичилттэй хуурамч падаан ашиглан. хуурамч бичиг баримт үйлдсэн 6-7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийснийг гэрчүүдийн мэдүүлэг нотолсон, "Аривжих-Увс" ХХК-ийн нягтлан бодогч С.Цэцэгбал татварын хяналт шалгалтанд хамрагдаж байх хугацаандаа хяналт шалгалтын ярилцлагын тэмдэглэлд хуурамч хий бичилттэй падаан бичүүлж авснаа хүлээн зөвшөөрсөн. Мөн Татварын ерөнхий газрын ТХШУАЗГ-аас гаргасан хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан тараасан аж ахуйн нэгжийн жагсаалтанд "ОСИБ" ХХК-н бүртгэгдэж, мэдээллийн сайтад зарлагдаж, хууль хяналтын байгууллагаар шалгагдаж тогтоогдсон тул Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4, 74.1.6, 74.2, 74.3-д заасны дагуу хариуцлага тооцож 2011 оны Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч этгээдээс авсан хий бичилттэй падааны 229,374,545.00 төгрөгийн зөрчилд 22,937,454.50 төгрөгийн нөхөн татвар 6,881,236.40 төгрөгийн торгууль, 1,438,640.0 төгрөгийн хугацааны алданги ногдуулсан болно.

         Нягтлан бодох баримтын бүрдэлд "ОСИБ" ХХК-ийн "Бэлэн мөнгөний орлогын баримт" 2011 оны 8    дугаар сарын 01-ний өдрийн 28 дугаар, 2011 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 29 дүгээр, 2011 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 31 дүгээр, 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 32 дугаар бүхий 4 баримт байсан. Хий бичилттэй падаантай худалдан авалтад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 "Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтанд тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй" гэсэн заалтыг үндэслэл болгон акт тогтоох нь зүйтэй юм.

"ОСИБ" ХХК-аас авсан уг хий бичилттэй падаанууд нь 2011 оны 8 дугаар сарын баримтууд байх бөгөөд уг актаар дээрх нөхөн ногдуулсан татвар нь 2016 оны 4 сарын 28-ны өдөр байсан тул ТЕХ-ийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан хуулийн хугацаанд хамаарна.

“Аривжих-Увс" ХХК-нь Увс аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргсаны дагуу Увс аймгийн Татварын хэлтсийн маргаан таслах зөвлөлийн тогтоол нь Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 04-р сарын 28 ны өдрийн 150020490 дугаартай актыг хэвээр баталсан .

         “Аривжих-Увс" ХХК-нь Татварын Ерөнхий Газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд гомдол гаргасны дагуу Татварын Ерөнхий Газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоол нь Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.1, 74 дүгээр зүйлийн 74,1,74.1.4, 74.2, 74.3 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.5, 7.6, 7.7 дахь заалтыг тус тус үндэслэн Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2016 оны 04-р сарын 28 ны өдрийн 150020490 дугаартай актыг хэвээр баталсан. Иймд “Арвижих-Увс” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

       Хариуцагч татварын улсын байцаагч Ц.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд урьд өгсөн тайлбараа дэмжиж байна. Татварын Ерөнхий Газраас “Арвижих-Увс” ХХК-д татварын хяналт шалгалт хийх талаар чиглэл ирж шалгалт хийсэн байгаа. Өөр нэмж гаргах тайлбар байхгүй” гэв.

Хариуцагч татварын улсын байцаагч П.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүхэд урд өгсөн тайлбар хэвээрээ тул нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

            Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч “А-У“ ХХК-иас Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.П, П.А нарт холбогдуулан татварын улсын байцаагчийн   2016 оны 04 сарын 28-ны өдрийн 150020490 дугаартай актыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

            Нэхэмжлэгч “А-У“ ХХК нь татварын улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч Увс аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөл, Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд тус тус хандаж хариугаа аван Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

            Увс аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөл болон Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлөөс татварын улсын байцаагчийн актыг хянан үзээд актыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актад дараах хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “НӨАТ-ын падааныг хуурамч гэдгийг мэдээгүй, Ц.Б гэх хүн хариуцлага хүлээсэн байгаа, акт тавих хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн ” гэж тодорхойлжээ.

            Хариуцагчийн зүгээс “НӨАТ-ын падаан нь хий бичилттэй хуурамч падаан тул нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдөхгүй” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.П, П.А нарын 2016 оны 04 сарын 28-ны өдрийн 150020490 дугаартай актад нэхэмжлэгч “А-У” ХХК-ийг Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,18.1.1,18.1.14-д заасныг болон бусад хуулийн заалтыг тус тус зөрчиж, татварын хяналт шалгалтаар нийт 229374,545 төгрөгийн зөрчил илэрснийг тэмдэглээд Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйл, 74 дүгээр зүйлийн 74.1 дэх заалтыг үндэслэн 22,937,454.5 төгрөгийн нөхөн татвар, 6,881,236.4 төгрөгийн торгууль, 1,438,640 төгрөгийн алданги, 0 төгрөгийн хүү, нийт 31,257,330.9 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр тогтоожээ.

Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 04 сарын 06-ны өдрийн 03-3/1645 дугаартай Увс аймгийн Татварын хэлтэст хаягласан албан бичигт “А-У” ХХК нь “О” ХХК-иас НӨАТ-ын хуурамч хий бичилттэй падаан худалдан авч төсөвт төлөх татвараа бууруулсан тул компанийн албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, үр дүнг холбогдох материалын хамт ирүүлэхийг мэдэгдсэн байна.

Уг албан бичгийн дагуу Увс аймгийн Татварын хэлтсийн улсын байцаагч П.А, Ц.П нар “А-Ус” ХХК-д 2011.01.01-ээс 2015.12.31-ныг дуустал хугацааг хамруулан татварын хяналт шалгалт хийх байцаагчаар томилогджээ.

Талууд хийгдсэн татварын хяналт шалгалтын үйл ажиллагаа, актаар тавигдсан төлбөрийн тооцоолол, хэмжээнд маргаагүй болно.

Татварын улсын байцаагч нарын зүгээс “ А “ ХХК-ийг 2011 онд  нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч “О” ХХК-иас 4 удаагийн НӨАТ-ын хуурамч падаанаар худалдан авалт хийсэн мэтээр нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулалт,төлөлтийн тайланд тусган тайлагнаж нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах орлого бууруулсан гэж үзжээ.

“А” ХХК нь санхүүгийн баримтаасаа 2011 оны НӨАТ-ын падаан 4 ширхэг, бэлэн мөнгөний орлогын баримт 4 ширхэг, зарлагын баримт 2 ширхэгийг шүүхэд ирүүлсэн болно.

Хэрэгт авагдсан “ОСИБ” ХХК-иас А ХХК-д олгосон 2011 оны 08 сарын 15-ны өдрийн .... дугаартай падаанаар 56324500 төгрөгийн, 2011 оны 08 сарын 17-ны өдрийн 008484286 дугаартай падаанаар 105916045 төгрөгийн, 2011 оны 08 сарын 01-ний өдрийн .... дугаартай падаанаар 35300000 төгрөгийн, 2011 оны 08 сарын 12-ны өдрийн 008484283 дугаартай падаанаар 31834000 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвартай нийт 229 сая төгрөгийн  барилгын материал худалдан авсан талаар тусгажээ.

2011 оны 08 сарын 17-ны өдрийн 008484286 дугаартай 105916045 төгрөгийн худалдан авалт хийсэн гэх падаанд худалдсан бараа, ажил үйлчилгээний нэр гэх хэсэг хоосон байв.

Хэдийгээр “Арвижих-Увс” ХХК нь 2011 онд хийж гүйцэтгэсэн барилга угсралтын ажлынхаа талаарх гэрээ,барилга ашиглалтанд оруулах улсын комиссын акт зэргийг шүүхэд ирүүлсэн байх боловч тус компанийн 2011 оны санхүүгийн баримтад үзлэг хийхэд дээр дурдсан 4 падаанаар худалдан авалт хийгдсэнтэй холбоотой нэхэмжлэх,бараа материалыг компанийн орлогод авсан мөн зарлагадсан гэх санхүүгийн баримт байхгүй байсан болно.

“ОСИБ”ХХК-ийн “А.У” ХХК-д 2011 оны 8 сард  олгосон 4 удаагийн бэлэн мөнгөний баримтуудад “ОСИБ” ХХК-ийн нягтлан бодогч гэх нэрний ард Цэндээ гэж, мөнгө тушаагч гэх нэрний ард Эрдэнэчимэг гэж ,” ОСИБ” ХХК-иас олгосон 2011 оны 08 сарын 12, 15-ны өдрүүдийн зарлагын баримтанд хүлээн авагч гэх нэрийн ард Эрдэнэчимэг гэж тус тус бичсэн байна.

Дээр дурдсан НӨАТ-ын падаан, бэлэн мөнгөний орлогын баримтуудыг хэн олгосон, “ОСИБ” ХХК-иас бодит худалдан авалтыг хийсэн эсэх талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “А” ХХК-ийн нягтлан бодогч ажилтай С.Ц шүүх тайлбар авсан бөгөөд “ манай компани 2011 онд Увс аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнг барьж эхэлсэн. Барилгын материалаа Улаанбаатар хотоос татаж авдаг байсан. Улаанбаатарт Ц гэдэг хүнээр дамжуулж НӨАТ-ын падааныг авч байсан, манайх цемент, барилгын материалыг тухайн үед Гурвалжингийн захаас, хот хооронд тээвэрт явдаг жолооч нараар дамжуулан татдаг байсан, бараа материалын мөнгийг тухайн үед тээвэр хийсэн жолоочид,зарим тохиолдолд худалдагч талд мөнгийг шилжүүлдэг байсан.Бэлэн мөнгөний орлогын баримт дээрх гарын үсэг Эрдэнэчимэгийнх биш, тухайн үед Цэндээ надаас танай байгууллагын нярав хэн бэ гэж асууж байсан.Би Э гэж хэлж байсан.Бэлэн мөнгөний орлогын баримтуудыг Ц надад явуулсан.Би Ц 2011 онд төв цэнгэлдэхийн зураг төсөв хийж байх үед танилцсан.2011 оноос хойш огт холбогдоогүй, Би гэрийн хаяг, овог, ажлын газрыг нь огт мэдэхгүй.Би ойлгохдоо “ОСИБ” гэдэг ХХК-иас худалдан авалт хийж байна гэж ойлгосон “ гэсэн тайлбарыг өгсөн болно.

“ОСИБ” ХХК-нь үл хөдлөх хөрөнгийн зуучлал, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани болох нь Улсын бүртгэлийн төв архивын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогджээ.

2011 онд Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн Татвар хураалтын тасгийн даргаар ажиллаж байсан Ц.Б-ыг “ОСИБ” ХХК-ийн бүртгэлтэй НӨАТ-ын падааныг ашиглаж хий бичилт хийж бусдад өгч хувьдаа ашиг олсон, нэр бүхий аж ахуйн нэгжүүдийг хий бичилттэй падаан ашиглан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон,дээрх хууль бус үйлдлийн улмаас “ОСИБ” ХХК-д нийт 618236810 төгрөгийн буюу онц их хэмжээний татварын өр үүсгэсэн хохирол учруулсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаад Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 06 сарын 03-ны өдрийн 211/а дугаартай тогтоолоор Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн 233 дугаар зүйлд заасан хуурамч баримт бичиг, хэвлэмэл маягт борлуулан бусдад ашиглуулсны улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон талаар дүгнэлт хийж, Ц.Б нь гэм буруу, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо хүлээн зөвшөөрсөн тул Ц.Б-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 сарын 11-ний өдрийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн байна.

Мөн уг тогтоолд “ОСИБ” ХХК-ийн хий бичилттэй НӨАТ-ын падаануудыг авч татварт тайлагнах улсад төлөх татвараа бууруулсан нэр бүхий аж ахуйн нэгжүүдэд Гааль, татварын ерөнхий газрын томилолтоор хяналт шалгалтууд хийгдэж, тухайн аж ахуйн нэгжүүдэд татварын улсын байцаагчийн акт тавигдан 2011 онд төлөхөөс зайлсхийсэн татварыг нь нөхөн төлүүлэх арга хэмжээ авагдаж байгаа бөгөөд энэ талаар цаашид мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах шаардлагагүй болохыг дурджээ.

Ц.Б холбогдох эрүүгийн .... дугаартай хэрэгт шүүхээс үзлэг хийж дараах баримтуудыг хэрэгт хавсаргасан байна.Үүнд: “ОСИБ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн прокурорын газрын 2013 оны 12 сарын 27-ны өдрийн 852 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоол, гэрч Б.Б “ манай  нөхөр Н.Х “ ОСИБ” ХХК-ийн захирлаар ажиллаж байгаад 2010 онд нас барсан, түүнээс хойш компанийн үйл ажиллагаа одоо хүртэл зогссон байгаа “ гэх мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн улсын байцаагчийн 2012 оны 04 сарын 20-ны өдрийн 352185 дугаартай акт,Нийслэлийн татварын газрын дэргэдэх татварын маргааны таслах зөвлөлийн 2014 оны 35 дугаартай тогтоол, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн 2015 оны 1/05 дугаартай албан бичгээр “ОСИБ” ХХК-иас аж ахуйн нэгжид худалдсан падааны жагсаалтыг хүргүүлсэн баримт, Ц.Б сэжигтнээр байцаасан тэмдэглэл, Барилгын хөгжлийн төвийн 2015 оны 2/433 тоот албан бичиг,Татварын ерөнхий газрын 2015 оны 2а/633 тоот албан бичиг, “ ОСИБ” ХХК-ийн 2014 онд Авлигатай тэмцэх газарт гаргасан өргөдөл,Чингэлтэй дүүргийн прокурорын 2015 оны 69 дугаартай яллах дүгнэлт,Ц.Бг яллагдагчаар байцаасан тэмдэглэл, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын 2016 оны 6 дугаартай прокурорын тогтоол, Монгол Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны 5/75 дугаартай тогтоол,иргэний нэхэмжлэгч М.Дг байцаасан тэмдэглэл, Х.Цыг байцаасан  тэмдэглэл,гэрч Р.Цэнд-Аюушийн мэдүүлэг,гэрч В.Ууганбаярын мэдүүлэг,Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн албан бичиг, Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 03-3/2609 дугаартай албан бичиг,Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газрын 2016 оны 10д/2355 тоот хариу мэдэгдэх тухай албан бичиг, Ц.Б “ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх тайлбар, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 2016 оны 211а дугаартай Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол зэрэг авагджээ.

Дээр дурдсан нотлох баримт, үйл баримтаас дүгнэхэд “Арвижих-Увс “ ХХК нь 2011 оны 8 сард “ОСИБ” ХХК-иас барилгын материалын худалдааг бодит байдлаар хийгээгүй, 2011 оны 08 сарын 15-ны өдрийн 008484284 дугаар, 2011 оны 08 сарын 17-ны өдрийн 008484286 дугаар, 2011 оны 08 сарын 01-ний өдрийн 008484282 дугаар, 2011 оны 08 сарын 12-ны өдрийн 008484283 дугаартай падаанууд НӨАТ-ын хий бичилттэй падаан болох нь тогтоогдож байна.

Мөн Ц.Б хий бичилттэй падааныг ашигласан талаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдал,нэхэмжлэгчийн хуурамч гэдгийг мэдээгүй гэх тайлбар нь нэхэмжлэгч компанийг нэмэгдсэн өртгийн албан татвараа төлсөнд тооцох үндэслэл болохгүй юм.

2015  онд батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиас өмнө 2006 онд батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль үйлчилж байсан ба тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт “ Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтанд тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заажээ.

Татвар төлөгч нь Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д зааснаар татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх, 18.1.3-д зааснаар анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах үүргийг хүлээхээр заасан байна.

Мөн 2001 оны Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.6-д “Анхан шатны баримтын бүрдэлт, үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж  мөн зүйлийн 7.7-д  Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно гэж тус зохицууулсан байна.

            Иймд “ОСИБ” ХХК-ийн борлуулалт хийгээгүй хий бичилттэй падааныг үндэслэн нэмэгдсэн өртгийн албан татварын хасалт хийлгэсэн, санхүүгийн анхан шатны баримт бүрэн биш “АУ” ХХК-ийг татвараас чөлөөлөх боломжгүй тул татварын улсын байцаагчийн 150020490 дугаартай актыг үндэслэлтэй гэж үзэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            Мөн Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Татвар нөхөн ногдуулах, алданги, торгууль ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа 5 жил байхаар, мөн зүйлийн 11.3-т хөөн хэлэлцэх хугацааг хэрхэн тоолохыг зохицуулсан байх ба татварын улсын байцаагчийн акт хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны дотор гарсан байх тул “Акт тавих хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн “ гэх нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсаныг хүлээн авах боломжгүйг тэмдэглэв.

            Харин Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” ,10 дугаар зүйлийн 10.3-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэлийг ...шүүхийн шатанд шалган тогтоосон байна” гэж заасны дагуу “АУ” ХХК-ийг татварын улсын байцаагчийн актаар тогтоосон 6,881,236,4 төгрөгийн торгууль, 1,438,640 төгрөгийн алдангиас чөлөөлж шийдвэрлэх үндэслэлтэй  байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14,107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 18.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 он/ 14 дүгээр зүйлийн 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн /2001 он/ 7 дугаар зүйлийн 7.6, 7.7, Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт тус тус баримтлан Увс аймгийн Татварын улсын байцаагчийн 2016 оны 04 сарын 28-ны өдрийн 150020490 дугаартай актаар тогтоосон 6,881,236,4 төгрөгийн торгууль, 1,438,640 төгрөгийн алдангийг чөлөөлж, “А” ХХК-ийн төлөх төлбөрийн хэмжээг 22,937,454.5 төгрөгөөр тогтоож, нэхэмжлэгчийн “Татварын улсын байцаагчийн .... дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ