Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2020/0633

 

                           “З э г” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Долгорсүрэн, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, өмгөөлөгч Э.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч нарыг /цахимаар/ оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0592 дугаар шийдвэртэй “З э г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0592 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 14 дүгээр зүйлийн 14.4, 16 дугаар зүйлийн 16.1.7, 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “З э г” ХХК-иас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 2383 дугаар дүгнэлтийн “З э г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н давж заалдах гомдолдоо: “... Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2383 дугаар дүгнэлтийг гаргахдаа холбогдох хуулийг зөрчсөн.

          Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/436 дугаар “Шалгалт зохион байгуулах” тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн шалгалтаар нэхэмжлэгч “З э г” ХХК-ийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасны дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-д зааснаар хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэхэд гаргасан өргөдөл, түүнд хавсаргасан банкны тодорхойлолтууд нь хуурамч болох нь тогтоогдож, уг бүртгэлүүдийг хүчингүйд тооцох үндэслэлтэй хэмээн Улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2383 дугаар дүгнэлтээр “З э г” ХХК-ийн улсын бүртгэлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Компанийн улсын бүртгэлийг хүчингүй болгохдоо “Х б” ХХК-ийн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 29/2145 дугаар хариу албан бичгийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргажээ.

          Уг захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн прокурорын газрын 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 4/1038 дугаар албан бичиг, Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 110-3/4544 дугаар албан бичиг, Эрүүгийн цагдаагийн албаны 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 1111-3/5292 дугаар албан бичгээр “З э г” ХХК-ийг хуурамч материалд үндэслэн зориуд худал мэдээлэл оруулж бүртгэсэн хэмээн нэр бүхий улсын бүртгэгч нарт холбогдох эрүүгийн 1941000190170 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэж мэдэгдсэн.

          Энэ нь “З э г” ХХК-ийг байгуулахдаа бүртгүүлсэн “Х б”-ны 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2017/398 дугаар хөрөнгө оруулалтыг нотолсон тодорхойлолтыг хуурамч эсэхийг шалгах мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа билээ. Өөрөөр хэлбэл “З э г” ХХК-ийг байгуулахдаа бүртгүүлсэн баримтыг үнэн зөв, хуурамч эсэхийг тогтоох ажиллагаа хийгдээгүй, харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газрын улсын бүртгэгч нарын хууль зөрчсөн үйлдлийг шалгах ажиллагаа явагдаж байгаа.

    Гэтэл шүүхээс нэхэмжлэгчийг Bank of China /Хятадын банк/-аар дамжуулан Монгол Улсын банкны дансанд 100 мянган доллартай тэнцэх хэмжээний мөнгө шилжүүлсэн гэх баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, бүртгэл үнэн зөв байсан эсэхийг нотлох хангалттай нотлох баримт шүүхэд гаргаж өгөх эрхээ хэрэгжүүлээгүй гэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т заасан хариуцагчийн эдлэх эрхэд оруулсан нь уг хуулийн заалттай нийцээгүй байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.2 дахь хэсэгт зааснаар 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын бүртгэгчийн 8384 дүгээр шийдвэрээр “Р т м” ХХК /”З э г” ХХК/-ийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн байдаг.

      Уг шийдвэрийг мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6-д зааснаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаас улсын бүртгэгчийн бүртгэлийг хүчингүй болгох шийдвэрийг гаргах эрх хэмжээтэй байна.

       Харин Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчаас Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д заасан эрхийн дагуу 2019 оны 2383 дугаар дүгнэлтийг гаргахдаа “З э г” ХХК-ийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон гэж байгаа нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.6 дахь хэсэгт нийцээгүй байхад шүүхээс “...Хариуцагч хуулиар олгосон эрх хэмжээний хүрээнд маргааны үйл баримтад дурдсан зөрчилд тохирсон хуулиар зөвшөөрөгдсөн боломжит хэмжээг сонгон авч хэрэглэжээ” гэж хариуцагчийн шийдвэрийг зөвтгөсөн нь хуулийн дээрх заалтыг буруу хэрэглэжээ.

      Мөн түүнчлэн анхан шатны шүүхээс улсын байцаагчийн гаргасан дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар “Захиргааны акт” гэж тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу захиргааны акт мөн эсэхийг тодруулаагүй.

     Улсын байцаагчийн дүгнэлтийг захиргааны акт гэж үзэх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангасан байхыг шаардана. Үүнд:

        1. Улсын байцаагчийн дүгнэлтээс харахад, хяналтын улсын байцаагч Д.Чинтулга нь тус дүгнэлтэд гарын үсэг зурж, манай компанийн улсын бүртгэлийг хүчингүй болгосон байна. Гэтэл Д.Ч нь ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оролцоогүй, дүгнэлт гаргах эрхгүй этгээд бөгөөд улсын ерөнхий байцаагчаас улсын бүртгэлийг хүчингүй болгох эрх нь хуулиар олгогдсон байна. Иймд тус хуулийн шаардлагыг хангахгүй байна.

      2. Захиргааны акт нь манай хуулийн этгээдэд хаяглагдсан бол нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээллийг тусгах шаардлагатай атал улсын байцаагчийн дүгнэлтэд тусгаагүй байна.

        3. Улсын байцаагчийн дүгнэлтэд дурдсанаар банкны тодорхойлолтыг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдож, уг бүртгэлийг хүчингүйд тооцох үндэслэлтэй байх тул гэж заасан байх боловч захиргааны акт гаргах бодит нөхцөл байдал тогтоогдохгүй байхад буюу нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг шүүх хяналтын байгууллага эцэслэн тогтоогоогүй байтал дүгнэлтийг гаргасан нь дээрх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

       4. Мөн улсын байцаагчийн дүгнэлтэд гомдлыг хаана, хэнд гаргах болон хугацааг заагаагүй байгаа нь мөн тус хуулийн шаардлагыг хангахгүй байна.

       Мөн тус байцаагчийн дүгнэлтийг дүгнэлт хэсгийн 2.2 дахь хэсэгт хүчингүй болгосон хуулийн этгээдийн холбогдох эрх бүхий этгээдэд Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу мэдэгдэхийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт үүрэг болгосон байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д заасан атал захиргааны актыг гаргасан байгууллага болох Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагч гаргасан байх ба тус мэдэгдлийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын ерөнхий байцаагч бүртгэлийг хүчингүй болгох мэдэгдлийг хариуцахаар хуульд заасан байна.

      Энэхүү үйл баримт нь Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчиж байхад шүүгч нотлох баримтыг тал бүрээс нь үндэслээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, мөн зүйлийн 34.2-т зааснаар “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэх заалтуудыг тус тус зөрчсөн байна.

          Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0592 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

   Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч “З э г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгох үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

     Нэхэмжлэгч компаниас хүчингүй болгуулахыг хүссэнУлсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2383 дугаар дүгнэлтээр[1]  гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлэхдээ хавсаргасан банкны тодорхойлолтыг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон” гэж үзэж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5, 16.1, 16.2, 16.2.4, Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.4, 4.1.5-д  заасныг тус тус зөрчсөн тул тус компанийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийг хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

  Тухайн дүгнэлт нь захиргааны албан тушаалтнаас гаргасан нэхэмжлэгчид сөрөг үйлчлэлтэй, түүний хуулийн этгээдийн бүртгэлийг хүчингүй болгохоор гаргасан захирамжилсан шийдвэр байх тул “захиргааны акт мөн эсэхийг тодруулаагүй” гэх гомдол үндэслэлгүй.

   Хариуцагч улсын байцаагч нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д “хяналт шалгалтын явцад улсын бүртгэлийн хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан дүрэм, журам зөрчсөн үйлдлийг таслан зогсоох, зөрчилтэй баримт бичиг, эд юмсыг акт үйлдэн хураан авч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх, ... хүчингүй болгох талаар дүгнэлт гаргах, ...” гэж заасан бүрэн эрхийн хүрээнд дүгнэлт гаргасан байх тул эрх хэмжээгүй этгээд гаргасан гэх гомдлыг мөн хүлээн авах боломжгүй.

     Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д ““гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж” гэж ... гадаадын хөрөнгө оруулагч тус бүрийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нь 100 мянган америк доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш байх аж ахуйн нэгжийг ойлгоно” гэж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2015 оны хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4-д гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийг бүртгүүлэхдээ “гадаадын хөрөнгө оруулагч ... мөнгөн хөрөнгө шилжүүлснийг нотолсон банкны тодорхойлолт, ... баримт бичиг”-ийг өргөдлийн хамт бүрдүүлэн өгөхөөр тус тус заажээ.

   Дээрх хуульд заасны дагуу нэхэмжлэгч “З э г” ХХК-иас хуулийн этгээдийн улсын бүртгэлд 2017 онд анх бүртгүүлэхээр өргөдөл гаргахдаа хувьцаа эзэмшигч БНХАУ-ын иргэн Ч К  /Qian Kun 钱昆/[2]  Монгол Улсад хөрөнгө оруулснаа нотолж “Х б”-ны 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2017/398 дугаар тодорхойлолтыг[3] хавсарган, бүртгүүлсэн боловч тухайн тодорхойлолтыг “Х б” гаргаж өгөөгүй болох нь хариуцагч улсын байцаагчид ирүүлсэн тус банкны 2020 оны 29/2145 дугаар албан бичгээр тогтоогджээ. 

     Улсын байцаагчийн дүгнэлтийн үндэслэл болсон уг баримтыг үгүйсгэж, нэхэмжлэгчээс Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-д заасан хөрөнгөө Монгол Улсад оруулсан болохоо нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул дүгнэлтийг хууль бус, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэжээ.

     Учир нь Монгол Улсад хөрөнгө оруулснаа нотлох баримтыг тухайн үед үнэн зөв бүрдүүлсэн бол энэ талаарх баримтууд нэхэмжлэгчид өөрт нь байх ёстой бөгөөд нэхэмжлэгч өөрөө шүүхэд гаргаж өгч нотлох боломжтой. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан тул мөн хуулийн 32.1-д заасан нотлох баримтыг цуглуулах үүргээ шүүх гүйцэтгээгүй гэж үзэхгүй, энэ талаар гомдлыг хүлээн авах боломжгүй.

   Дээрх нөхцөл байдлаас үзвэл маргаан бүхий дүгнэлтийн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдохгүй байх тул “уг дүгнэлт нь Захиргааны ерөнхий хуулийн 40.2, 43.1 дэх заалтыг зөрчсөн байхад шүүх нотлох баримтыг тал бүрээс нь үнэлээгүй” гэх давж заалдах гомдлоор шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

     Анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдалд үндэслэлтэй дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч маргаж буй эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн заалтыг бүрэн баримтлаагүй байх тул шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 128/ШШ2020/0592 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн  1 дэх заалтын “...18.7.1 ...” гэсний дараа “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай 2015 оны хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.4, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5,” гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “З э г” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                     Н.ДОЛГОРСҮРЭН

ШҮҮГЧ                                                     С.МӨНХЖАРГАЛ

 

[1] Хэргийн 36-38 дахь тал

[2] Хэргийн 78-80 дахь тал

[3] Хэргийн 76 дахь тал