Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00271

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00929 дүгээр шийдвэр

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 170 дугаар магадлалтай

 Б.О-ийн нэхэмжлэлтэй

“Э” ХХК-д холбогдох

Сахилгын шийтгэл ногдуулсан болон хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг тус тус хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч  Б.О-ийн гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  Б.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батмөнх, З.Жаргалмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 03-нд Эийн Эрчим хүчний цехийн цэвэрлэх байгууламжийн хэсэгт насосны машинистаар ажилд орсон. “Э” ХХК-ийн Эрчим хүчний цехийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.2, “Э” ХХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.8.2, Цэвэрлэх байгууламжийн хэсгийн дарга А.Баярсайханы илтгэх хуудас, тайлбар зэргийг үндэслэн  Б.О намайг 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр ажил тасалсан тул үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувь бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан. Тухайн үед өглөө ажилдаа очиход чамаас архи үнэртэж байна, чамайг ээлжинд гаргахгүй гээд ээлжинд гаргаагүй. Би тэр үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд согтуурлын зэрэг шалгах багажаар ч үлээлгээгүй. Ийм байхад намайг үндэслэлгүйгээр ажил тасалсан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан. “Э” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/780 дугаар тушаалаар  Б.О намайг ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг цуцлахаар шийдвэрлэсэн. Уг тушаалдаа “ Б.О нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн зөрчлийг давтан гаргасан тул ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс цуцалсугай” гэжээ.

Миний бие 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр оройн 20 цагт ээлжинд гарах байсан бөгөөд биеийн байдлаас шалтгаалаад ээлжинд очих цагаасаа хоцроод мастер Д.Золбооцэцэгтэй утсаар ярьж одоо ажилдаа яваад очьё, биеийн байдлын улмаас хоцорчлоо гэхэд ирэх шаардлагагүй гэж хэлсэн. Би ажилдаа очих бүрэн боломжтой байсан, мастер Д.Золбооцэцэгийн хэлснээр очоогүй байхад хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж тушаал гаргасан байна.  Б.О миний бие 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс хойш 2017 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хэвийн ажилдаа явж байсан. 2017 оны 06 дугаар сарын 13-нд цэвэрлэх байгууламжийн хэсгийн мастер Д.Золбооцэцэг ажлаас халсан талаар мэдэгдэж, ажлаас халсан тушаалыг хүлээж авсан.

“Э” ХХК-ийн Эрчим хүчний цехийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/56 дугаар тушаал хууль бус бөгөөд уг тушаалд гомдол гаргах хугацаа Хөдөлмөрийн тухай хуулинд зааснаар 3 сар байдаг. Иймд ажилтан  Б.О миний уг тушаалд гомдол гаргах хугацаа дуусаагүй байна. Мөн “Э” ХХК-ийн Ерөнхий захирлын тушаал нь эрчим хүчний цехийн даргын тушаалыг үндэслэн шийдвэр гаргасан. Иймд “Э” ХХК-ийн ерөнхий захирлын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/780 дугаар тушаал, “Э” ХХК-ийн Эрчим хүчний цехийн даргын 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/56 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Б.О нь ажиллаж байх хугацаандаа хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан тул Эрчим хүчний цехийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дүгээр, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/56 дугаар тушаалуудаар  Б.Од сахилгын шийтгэл ногдуулсан.  Б.О нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан тул “Э” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журмын 8.9.16 дахь заалтын дагуу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс цуцалсан.

Иймд  Б.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00929 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан  Б.О-ийг “Э” ХХК-ийн Эрчим хүчний цехийн цэвэрлэх байгууламжийн хэсгийн насосны машинистын ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан “Э” ХХК-ийн ерөнхий захирлыг 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Б/56 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2, 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 170 дугаар магадлалаар Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00929 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч  Б.О-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Э” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.7-д зааснаар “Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол”-ыг шүүхээр шийдвэрлэх хэрэг маргаан гэж үзэн мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар гомдол гаргах гурван сарын хугацааны дотор ажлаас халсан шийдвэртэй хамтатган нэхэмжлэлийн шаардлагад тусгасан боловч анхан шатны шүүхээс шүүхийн маргаан биш гэж үзэн хангаагүй орхисон. “Эрдэнэ үйлдвэр” ХХК-ийн гомдлоор хийсэн давж заалдах шүүх хуралд энэ шаардлагаа тайлбарласан боловч давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ шаардлагын талаар ямар нэгэн тайлбар хийгээгүй, үнэлж дүгнээгүй мөртлөө нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй болно. Энэ тушаалаар ээлжинд гарч байгаа ажилчдыг хооллохдоо ажлын байраа орхих, ямар хугацаанд хоол нь ирэх, түүнийг хүлээж авах, идээд ажилдаа очих зэрэг үйлдвэрийн зүгээс шийдвэрлээгүй асуудлаа ажилчид хоол идэх гэж ажлын байраа орхисон байдлаар сахилгын шийдвэр ногдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлгүүдийг үнэлсэнгүй. Мөн энэ тушаалаар ажилтанд сахилгын шийтгэл ногдуулж байгаа боловч тамга тэмдэггүй шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль хэрэглээний алдаатай тушаал байтал шүүх түүнийг үндэслэлтэй гэж үзсэн нь учир дутагдалтай болно.

Анхан шатны шүүх хурал дээр нэхэмжлэгч сахилгын зөрчил гаргасан бол тайлбар бичиж өг гэдэг тайлбараа үнэн зөв бичиж өгөхөөр чи ингэж бич гэж засаж бичүүлдэг, харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Батмөнх болон гэрчийн мэдүүлгээр засвар хийлгүүлдэг гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд анхан шатны шүүх үүнийг үнэлэн “зөвхөн  Б.О-ийн тайлбарыг үндэслэн өмнө нь сахилгын зөрчил гаргаж байсан гэж дүгнэх боломжгүй” гэж шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүхээс нотлох баримтыг ач холбогдолтой эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэсэнд гомдолтой байна. “Э” ХХК-ийн зүгээс 4 удаа сахилгын зөрчил гаргасан гэж үздэг. Миний хувьд 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/71 дугаартай тушаалд гомдол гаргаагүй учир хүчин төгөлдөр гэдгийг хүлээн зөвшөөрч, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны А/56 тушаал болон Ерөнхий захирлын 2017 оны 06 дугаар сарын 12-ны Б/780 дугаар тушаалд холбогдох сахилгын зөрчлүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно. Гэтэл шүүхээс сахилгын зөрчил давтан гаргасан байна гэж магадлалд үндэслэсэн нь үндэслэлгүй юм.

“Э” ХХК-ийн Ерөнхий захирлын Б/780 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалтыг үндэслэсэн байдаг. Анхан шатны шүүх хурал дээр яг аль заалтыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалсан бэ гэхэд хариуцагч талаас тайлбарлаж чаддаггүй. Мөн тушаалд ЭХЦ-ийн даргын 2017.05.24-ны өдрийн 24/143 тоот албан бичиг, ЭХЦ-ийн Цэвэрлэх байгууламжийн хэсгийн мастер Д.Золбооцэцэгийн илтгэх хуудсыг үндэслэсэн байдаг боловч шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй түүнийгээ хариуцагч өөрөө нотлох баримтын шаардлага хангахгүй гэж тайлбарласан нь хүний ажиллах эрхийг зөрчин ажлаас халах тушаалын үндэслэл болгосон шийдвэрүүд нь үндэслэл муутай, сахилгын зөрчил гаргасан гэдгээ нотлож чадахгүй байхад давж заалдах шатны шүүх энэ асуудлаар үнэлэлт, дүгнэлт өгөлгүй шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаатай магадлал болсон гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхээс ажлаас хоцорсныг ажил тасалсан гэж үзсэн үйлдвэрийн шийдвэр үндэслэлтэй гэж үзсэнд гомдолтой байна. Үйлдвэрийн дотоод журмаар хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт ямар шалтгааныг хамруулах талаар тусгаагүй мөртлөө хоцорсон байдлаа хэлж ажилдаа очихоо илэрхийлсээр байтал өөрсдөө ирээд хэрэггүй гэсэн мөртлөө ажил тасалсан гэж үзсэн нь үндэслэлгүй байтал шүүх түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан гэж үзсэн нь мөн л шүүхийн шийдвэр эргэлзээгүй, хууль ёсны байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд хариуцагч талын өгсөн гомдолд дурдагдсан асуудлуудыг хэрхэн шийдвэрлэсэн, үнэлж дүгнэсэн талаар дурдаагүй бөгөөд хариуцагчаас анхан шатны шүүхэд буцаалгах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг анхан шатны шүүх зөрчсөн процессийн алдаатай гэсээр байтал гомдлоос нь давж магадлал гаргасан.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, эсхүл бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалд найруулгын өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч  Б.О “Э” ХХК-д холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан болон хөдөлмөрийн гэрээ цуцалсан тушаалыг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Б.О нь 2015 оны 04 дүгээр сарын 03-наас Эийн Эрчим хүчний цехийн цэвэрлэх байгууламжийн хэсэгт насосны машинистаар ажилласан, түүнд Эрчим хүчний цехийн даргын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А/71 тушаалаар  “2016 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн ажил тасалсан” үндэслэлээр үндсэн цалинг 3 сарын хугацаатай 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл, 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн А/56 тушаалаар “ажлын байрыг зөвшөөрөлгүй орхисон зөрчил гаргасан” үндэслэлээр сануулах шийтгэл, “Э” ХХК-ийн Ерөнхий захирлын 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/780 тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., хөдөлмөрийн гэрээний 4.3.16.-д заасныг үндэслэн 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдөр шалтгаангүйгээр ажил тасалж, хөдөлмөрийн  сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах сахилгын шийтгэл тус тус ногдуулжээ.

Хэрэгт авагдсан баримтаар  Б.О-ийг 2016 оны 07 дугаар сарын 09-ны өдөр ажилдаа архи үнэртүүлэн ирсэн үндэслэлээр ажилд гаргаагүй, оронд нь өөр хүн ажиллуулсан тул ажил тасалсан гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан бөгөөд энэ шийдвэрт ажилтан гомдол гаргаагүй байна.

2017 оны 04  дүгээр сарын 21-ний өдөр ажлын байрыг зөвшөөрөлгүй орхиж явсан үндэслэлээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан, 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдрийн орой 20 цагт ээлжинд гарах ёстой байсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа цагтаа ирээгүй, түүний ажлын байранд өөр хүн гаргаж ажиллуулсан тул ажил тасалсанд тооцсон гэх үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх “хэрэгт авагдсан баримтаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан болох нь тогтоогдоогүй, ажил олгогч хариу тайлбараар нотлоогүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчсөн байна.

2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр ажлын байраа орхиж явсан зөрчил гаргасан нь нэхэмжлэгчийн цехийн захиргаанд бичиж өгсөн тайлбар /хх-51/, төлөвлөгөөт шалгалтаар явсан хүний нөөцийн мэргэжилтэн Ж.Энхтайваны мэдүүлэг /хх-62-63/ зэргээр тогтоогдсон, 2017 оны 05 дугаар сарын 09-ны өдөр ажлаас хоцорсон талаар нэхэмжлэгч маргаагүй, ажил олгогч хувийн зохион байгуулалтгүйгээс /унтсанаас/ ажлаас хоцорснийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэж үзсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4.-т “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно” гэж заажээ.

Ажилтан 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр сахилгын шийтгэл хүлээснээс хойш нэг жилийн дотор буюу 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр, мөн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр тус тус сахилгын зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул түүнийг хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэж үзэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, ажилтан сахилгын зөрчил давтан гаргасан нь нотлогдсон, ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4., 131 дүгээр зүйлийн 131.1.3., 131.4. дэх заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

Иймд магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо нэхэмжлэлийн шаардлагыг  нэхэмжлэлд дурдсаны дагуу бичсэн нь шаардлагын зарим хэсгийг хангасан мэт эргэлзээтэй ойлгогдож байх тул “...тушаалыг тус тус хүчингүй болгож,” гэж бичсэнийг “тушаалыг тус тус хүчингүй болгуулах” гэж өөрчилж засах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 170 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...шийдвэрийг хүчингүй болгож” гэсний дараа “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2.-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж нэмж, “...тушаалыг тус тус хүчингүй болгож,” гэснийг “...тушаалыг тус тус хүчингүй болгуулах,” гэж өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.

    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Х.СОНИНБАЯР       

ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД