| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2019/1258/Э |
| Дугаар | 1280 |
| Огноо | 2019-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Гантулгабат |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 1280
2019 08 13 2019/ШЦТ/1280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
улсын яллагч Ц.Гантулгабат /томилолтоор/,
хохирогч Н.Эрдэнэдалай,
шүүгдэгч Б.Ш нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 02997 1574 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Б.Ш нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн хашаанд хохирогч Н.Эрдэнэдалайтай курсын ялгаа гаргаж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийн талаар ярьсан тул нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Эрдэнэдалай мэдүүлэхдээ: 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хагас сайн өдөр байсан. Жагсаалын бэлтгэл хийгээд сургуулиа тойроод гүйж байсан. Наран-Очир эхлээд дуудаад байхаар нь би очоогүй. Тэгээд манай орлогчоор дуудуулаад байхаар нь очиход ямар удаан явдаг пизда вэ? гээд Шижирбуян цохисон. Урд шүд хөдлөөд уруул язарсан. Би шүдээ янзлуулах хүсэлтэй байна. Энэ хугацаанд над руу нэг ч удаа залгаж асууж байгаагүй. Нөгөө хүмүүсийг мөн шалгаж, шүүх дээр дуудаж хохирлоо барагдуулмаар байна. Энэ хүмүүсээр шүд янзлуулах төлбөр гаргуулмаар байна гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Н.Эрдэнэдалайн өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн хашаанд өглөөний нэгдэлтийн дараа гимнастикийн гүйлт хийсэн. Энэ үед манай ерөнхий цэргийн 4 дүгээр курсын сонсогч Наран-Очир /99764205/ намайг дуудсан. Би яваад очсон чинь “дуудаад байхад чинь яасан удаан ирдэг юм бэ” гээд шууд миний шанаанд цохисон. Би яагаад цохиж байгаа юм бэ” гэсэн чинь цаанаас нь тэдний ангийн Шижирбуян /85950393/ ирээд миний шүд рүү 2-3 удаа цохисон. Тэгээд би доошоо тонгойсон чинь араас хэн нэг нь намайг хавчиж унагаасан. Би нүүрээ хамгаалаад хэвтсэн чинь намайг хэд хэдэн удаа өшиглөсөн. Хэн, хэн өшиглөснийг нь би хараагүй. Тэгээд намайг зодохоо болихоор нь босоод тэндээс холдсон...
...Эмчилгээ хийлгээгүй, үүдэн дээд хоёр шүд хөдөлсөн. Өөр гэмтэл учраагүй. Уруул тухайн үед сэтэрсэн байсан нь эдгэсэн байгаа. Хувийн эмнэлгээр үзүүлсэн. Нэг шүд нь яваандаа унана өрөмдөж суулгахад 2,5 сая болно гэсэн. Тэгээд намайг зодсон хүмүүсээс мөнгө авч эмчлүүлнэ гээд эмчилгээ хийлгээгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 7, 9-10 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Наран-Очирын өгсөн: ...Би 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 12 цагийн үед Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний Батлан Хамгаалах Их сургуулийн Цэргийн нэгдсэн сургуулийн үүдэнд найз Шижирбуянгийн хамт зогсож байсан. Бид хоёртой хамт Дамдин-Очир, Шинэбаяр нар ойролцоо байсан. Гэтэл доод курсынхэн өдрийн гимнастикийн гүйлт хийж байсан. Доод курсын Эрдэнэдалай ганцаараа жагсаалаасаа гарчихсан алхаж байхыг нь харсан. Тэгэхээр нь би яагаад гүйхгүй байгааг нь асуух гэж дуудсан. Хэд, хэд дуудсан. Гэтэл Эрдэнэдалай сонсчихоод сонсоогүй юм шиг царай гаргаж жагсаал руугаа гүйгээд орсон. Тэгэхээр нь тэдний курсыг ахладаг Нямсүрэнг дуудаж “танай тэр сонсогч дуудаад байхад ирэхгүй байна, чи дуудчих” гэж хэлсэн. Тэгээд Нямсүрэн яваад Эрдэнэдалайг дуудсан. Нямсүрэн курсынхэнтэйгээ үлдэж гимнастикаа хийсэн. Эрдэнэдалайг ирэхээр нь би “чи дуудаад байхад яагаад ирэхгүй байгаа юм бэ? сонссон байж сонсоогүй юм шиг царай гаргаад байх юм” гэсэн чинь өөдөөс “би чам дээр ер нь ирэх албатай юм уу” гэсэн. Тэгэхээр нь би баруун гараараа зүүн хацарт нь алгадсан. Эрдэнэдалай хойшоо ухрахдаа намайг өшиглөсөн боловч оноогүй өмд шүргээд өнгөрсөн. Тэгэхээр нь цохих гэтэл Шижирбуян хажуунаас ирээд “чи ер нь яаж харьцаад байгаа юм бэ” гээд нүүр рүү нь цохисон. Гэтэл Эрдэнэдалай Шижирбуян руу бас цохих гэж дайрсан. Гэтэл Дамдин-Очир, Шинэбаяр хоёр ирээд “одоо больцгоо” гээд Эрдэнэдалайг холдуулсан чинь Эрдэнэдалай хөл алдаад газар уначихсан. Тэгээд Эрдэнэдалай босоод яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 5920 дугаартай шинжээчийн:
1. Н.Эрдэнэдалайгийн биед үүдэн зүүн дээд 1-р шүдний сулрал, уруулд зулгаралт, зүүн тохойд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Ц.Бадрал гэх дүгнэлт /хх-ийн 14 дүгээр тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.Шижирбуянгийн: ...Тухайн өдөр 13 цагийн орчим БХҮИС-ийн цэргийн нэгдсэн сургуулийн урд рот нэгдэж байсан. 3 дугаар курсын сонсогч нар гүйлтийн бэлтгэлээ талбай дээр хийж байхад манай салааны Наран-Очир 3 дугаар курсын ахлагч Эрдэнэдалайг хэд хэдэн удаа дуудсан чинь эргэж харчихаад ирэхгүй байсан. 3 дугаар курсын сонсогч Нямсүрэнгээр очоод Эрдэнэдалайг дуудаад ир гэхэд очоод Эрдэнэдалайг дуудаж ирж байсан. Тэгээд Эрдэнэдалай, Наран-Очир хоёр маргалдсан байх. Эрдэнэдалайг Наран-Очир түлхэж байх шиг байсан. Тэгтэл Эрдэнэдалай нь Наран-Очирыг хөл рүү нь өшиглөөд эргээд цохих гэхээр нь би дундуур нь ороод Эрдэнэдалайгийн нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиход уруулнаас нь цус гарсан. Тэгээд салцгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр тал/,
- Шүүгдэгч Б.Ш эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 25-27 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Б.Ш нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Үндэсний Батлан хамгаалах их сургуулийн хашаанд хохирогч Н.Эрдэнэдалайтай курсын ялгаа гаргаж маргалдан улмаар түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Н.Эрдэнэдалай, гэрч Ц.Наран-Очир, яллагдагчаар өгсөн Б.Ш нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 5920 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Шижирбуянг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Хохирогч Н.Эрдэнэдалай нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй тул шүүгдэгч Б.Шижирбуянг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Гэвч хохирогч Н.Эрдэнэдалай нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Ш д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б.Ш г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Буянбаатарын Шижирбуянг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ш.Б д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Б.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, баримтаар одоогоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Н.Эрдэнэдалай нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Шижирбуянд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ