Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 1287

 

 

 

 

 

 

 

 

  2019        08          14                                  2019/ШЦТ/1287

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч М.Эрдэнэзаяа /томилолтоор/,

шүүгдэгч Г.Энарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Э яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 03190 1613 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Г.Э

Холбогдсон хэргийн талаар:

Г.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн гудамжинд иргэн Ж.Цолмонбаатартай маргалдан улмаар толгойн тус газар нь чулуугаар цохиж, “тархи доргилт, зүүн чамархайн шарх, зүүн чихний дэлбэнгийн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны зулгаралт, цус хуралт гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: Би 2019 оны 05 дугаар сарын өдөр би найзтайгаа тааралдсан. Найз маань хот хооронд ачаа ачдаг юм. Тэгээд түүнтэй ганц шил архи хувааж уусан юм. Найз маань дүүгийнх рүүгээ явсан, би гэр рүүгээ явж буудал дээр буугаад замдаа дэлгүүрт орж дэлгүүрийн худалдагчийг таньдаг юм ах нь жаахан юм уучихсан, таван цаас түр өгчих, авгай одоо хүрээд ирнэ гэхэд дэлгүүрийн худалдагч намайг хавсарч унагаахаар нь би түүнтэй андуураад хохирогчийг цохичихсон юм билээ. Би хохирогчийн хохиролд нэг сая гаруй төгрөгийг бэлнээр өгсөн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Цолмонбаатарын өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 17-ны орой 22 цаг 40 минутын үед би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Сэлбэ 20-620 тоот гэрээсээ гараад гэрийн хажуу талын Фүжи нэртэй дэлгүүрт ороод нэг ундаа авчихаад гараад гэртээ орох гээд явж байтал замд үл таних хоёр  залуу байсан ба нэг залуу нь нилээн согтуу, харин нөгөө залуу нь гайгүй эрүүл байх шиг байсан. Эрүүл байсан залуу нь согтуу залуугаа газар унагаачихсан байсан. Гэтэл эрүүл байсан залууг түүнтэй хамт байсан нэг охин дагуулаад аваад явсан. Тэгээд би цааш явж байтал миний араас согтуу залуу нь ирээд нөгөө эрүүл залуутайгаа намайг андуураад чи яахаараа согтуу хүн рүү дайрч зоддог юм гээд гартаа чулуу атгачихаад намайг цохих гээд байсан. Тэгэхээр нь би чулууг нь хаяулсан чинь шууд намайг хавсарч унагаад дээрээс дарж байгаад гартаа чулуугаа атгаж байгаад миний толгой руу хэд хэдэн удаа цохисон. Тухайн үед би нүүрээ хамгаалаад гараараа дараад хажуу тийшээ болоход миний зүүн талын чих болон толгойн зүүн хэсэгт чулуугаар цохисон. Тэгээд миний зүүн чих сэтрээд, толгой хагарч цус гарсан юм...

...Би Баянхонгор аймагт очоод аймгийн эмнэлэгт 2019 оны 06 дугаар сарын 12-ноос 20-ныг хүртэл хэвтэж 150.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Уг эмнэлэг надад НӨАТ-ын баримт өгөөгүй. 150.000 төгрөгийн тодорхойлолт хийж өгсөн. Баянзүрх дүүргийн 10 дугаар төвийн гэмтлийн эмчид 10.000 төгрөгөөр үзүүлж эмчилгээ хийлгэсэн. Би 4 удаа боолт солиулсан 12.000 төгрөг, 1 удаа боолт солиулахад 3000 төгрөг болсон. Гэхдээ надад баримт өгөөгүй. Манай эгч эм тариа авсан байгаа, хэдэн төгрөгийн эм тариа авсан гэдгийг нь мэдэхгүй байна, баримтыг нь олоод хавсаргаж өгнө. Одоогоор 180.000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Одоо дахин эмчилгээ хийлгэж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 8-9, 10-12 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Эрдэнэчимэгийн өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 17-ны орой ажил гэртээ ирсэн байхад нөхөр Г.Э  орой 22 цагийн орчим Дарь-Эхийн автобусны “Шинэ буудал” дээр ирсэн байна, картаа аваад гараад ир гэсэн. Тэгэхээр нь би удалгүй 10 минутын дараа гэрээсээ гараад шинэ буудалд байрлах “Пүүжээ” дэлгүүрийн орчимд явж байхад “Пүүжээ” дэлгүүрийн хажуу талын овоолсон шорооны хажуугаас нөхөр Г.Э  орилох шиг болсон. Тэгэхээр нь яваад очиход манай нөхөр хүнтэй зодолдоод зодуулсан байдалтай байсан. Ойр орчимд “Пүүжээ” дэлгүүрийн худалдагчийн нөхөр ус түрээд яваад байдаг нүдний шилтэй залуу байсан. Тэгээд нөхрөөсөө гар утсаа яасан бэ? гар утсаа яагаад авахгүй байгаа юм бэ гэхэд би сая хүнд зодуулчихлаа, миний гар утсыг намайг зодсон хүмүүс аваад явчихлаа гэхээр нь би “Пүүжээ” дэлгүүрийн залуугаас гар утсыг асуухад мэдэхгүй гэсэн. Тэгтэл “Пүүжээ” дэлгүүрийн худалдагч эмэгтэй гарч ирээд танай нөхөр сая гар утсаа зарна гээд яваад байсан гэж хэлсэн. Нөхөр газар хэвтэж байсан ба малгай нь газарт унасан байхаар нь малгайг нь авч өгөх гэхэд баруун хацар нь шалбараад цус гарсан, хиймэл шүд нь байхгүй, 2 гарынх нь гурван хурууны үе нь язраад цус гарсан байсан ба ойролцоо байсан хүмүүсээс манай нөхрийн хуруу нь яасан бэ гэхэд “Пүүжээ” дэлгүүрийн залуу мэдэхгүй ээ, сая танай нөхөр нэг хүүхдийн чих рүү цохисон байхаар нь бид нар очоод салгасан гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-20 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г.Чинзоригтын өгсөн: ...Үл таних хүүхдийн дээр нь гараад цохиод байх шиг байсан...Уг согтуу хүнийг өөр хүн зодож байхын аргагүй...Үл таних согтуу залуу хохирогч Ж.Цолмонбаатарыг эхний маргалдсан залуутай андууран зодсон байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар тал/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 6168 дугаартай шинжээчийн:

1. Ж.Цолмонбаатарын биед тархи доргилт, зүүн чамархайн шарх, зүүн чихний дэлбэнгийн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /хх-ийн 26 дугаар тал/,

- Хохирогч Ж.Цолмонбаатарын цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр тал/,

- Хохирогч Ж.Цолмонбаатараас гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 47-50, 58, 68, 69-71 дүгээр тал/,

- Шүүгдэгч Г.Э  иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 29, 30, 32-39 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Г.Э нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 23 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо, Сэлбийн гудамжинд иргэн Ж.Цолмонбаатартай маргалдан улмаар толгойн тус газар нь чулуугаар цохиж, “тархи доргилт, зүүн чамархайн шарх, зүүн чихний дэлбэнгийн шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн шууны зулгаралт, цус хуралт гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ж.Цолмонбаатар, гэрч Г.Чинзоригт нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 6168 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирлын баримт зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч Ж.Цолмонбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан 518.500 төгрөгийн баримтыг хавтаст хэрэгт ирүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Энь хохирогчид 1.000.000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн байх тул шүүгдэгч Г.Э бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. /хх-ийн 58, 68, 69, 94, 95 дугаар тал дугаар тал/

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан ...тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Г.Э ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э ийг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.Э оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.        

           4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

           6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.АЛТАНЦЭЦЭГ