Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Г сумын харъяат, ... настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдрах, Д аймгийн Г сум 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, Б овогт М.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч M.М нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 07 дугаар сард Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг гар утас худалдан борлуулах дэлгүүрийн худалдагч иргэн Т.Б-г хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож гар утас 2 ширхэгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “ Би 2 ширхэг гар утсыг 2019 оны 06 дугаар сарын сүүлээр  худалдан авсан юм. Мөнгийг нь 2019 оны 07 дугаар сарын эхээр  буюу амралтын  мөнгө  буухаар өгнө  гэсэн боловч мөнгөний боломжгүй байсан тул өгч чадаагүй. Тухайн үед амралтын мөнгийг маань зээлэндээ татсан. Б надаас  байнга мөнгө, төгрөгөө нэхээд байхаар нь би түүний гар утасны дугаар, фэйсбүүк хаягийг блоклосон. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг  /хх-хийн 53/

Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Би хэрэгт шалгагдаж байхдаа мэдүүлгээ үнэн зөвөөр нь өгсөн. Тухайн үед манай багш нар Б-с утас аваад байхаар нь очоод өөрийгөө танилцуулаад нийгмийн даатгалын дэвтрээ үзүүлээд утас авсан. Түүнийхээ мөнгийг өгчихөөд дараа нь дахиад 2 утас авсан юм. Мөнгөө нэхээд байхаар нь “миний тухай фэйсбүүкт тавьж нэр хүндэд халдаж байж, Зөрчлийн хуулиар торгуулав” гэж хэлсэн нь миний буруу, би хийсэн хэрэгтээ гэмшиж байна, торгуулийн ял оногдуулж өгнө үү ” гэсэн мэдүүлэг

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3/

Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн “ ...мөнгөө өгөхгүй бол фэйсбүүкэд тавина шүү гэхээр холбогддог ... чи намайг фэйсбүүкт тавьж нэр хүндэд халдаж байж, өөрөө асуудалд орж Зөрчлийн хуурлиар торгуулав гэдэг. Хамгийн сүүлд 08 сард холбогдох гэхэд нэг эмэгтэй хүн утсыг нь аваад М гэж хүн байхгүй гэж хэлсэн “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 6/

Хөрөнгийн үнэлгээний А ХХК-ний 2019 оны 10 сарын 09-ний өдрийн“ Samsung s-7 гар утас 200,000 төгрөг, Samsung s-7 edge 250,000 төгрөг нийт 450,000 төгрөг” гэсэн ТХҮ-819/095 тоот дүгнэлт /хх-ийн 9-11/

Шүүгдэгч М.М-н ... регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 31/

Хохирогч Т.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 06 сарын эхээр намайг дэлгүүр дээрээ байж байтал нэг үл таних залуу ганцаараа орж ирээд “Би 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтан байгаа юм. Намайг М гэдэг манай багш нар таниас гар утас зээлж авдаг гэсэн, та надад нэг гар утас зээлдүүлээч, би цалингаа буухаар өгье, би танд өөрийн гадаад паспорт, нийгмийн даатгалын дэвтэр зэрэг эд зүйлээ барьцаанд нь тавья” гэж надаас гуйсан. Тухайн үед би тэр залуугийн нийгмийн даатгалын дэвтрийг нь нээгээд хартал тэр залууг М гэдэг, мөн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш Замын-Үүд сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нийгмийн ажилтнаар томилов гэсэн тушаалын дугаар, тамга тэмдэг бичигдсэн байхаар нь би тэр хүнд гар утас зээлж авахыг нь зөвшөөрсөн. Тэр М гэдэг хүн надаас 250.000 төгрөгний үнэтэй самсунг эс-7 эджэ маркийн гар утсыг зээлээр авсан, тухайн гар утсыг БНСУ-аас оруулж ирсэн, урд нь ашиглагдаж байсан хуучин утас байсан. М гэдэг залуу надаас авсан гар утасныхаа мөнгийг өгөхгүй байхаар нь би ... дугаарын гар утас руу нь залгаж, фэйсбүүк чатаар нь удаа дараа холбогдож мөнгөө нэхэж байгаад 2019 оны 06 сарын сүүлээр зарсан гар утасныхаа мөнгө болох 250.000 төгрөгийг бэлнээр авсан ба М миний мөнгийг авч ирж өгөхдөө “би ээждээ нэг гар утас зээлж авч өгөх гэсэн юм, дахин нэг гар утас зээлүүлээч, надад дахин нэг удаа итгээч” гэж гуйж байгаад 250.000 төгрөгний зарагддаг самсунг эс-7 эджэ маркийн гар утас 1 ширхэгийг зээлж авсан. Тухайн үед надаас гар утас зээлж авахдаа мөн л гуйж байгаад гадаад паспортоо аваад нийгмийн даатгалын дэвтрээ барьцаанд үлдээсэн. Ингэж яваад 2 хоногийн дараа М эргэж ирээд гар утсаа хаячихлаа, гар утасгүй хэцүү байна, та дахин нэг гар утас зээлүүлээч, би мөнгийг нь удаахгүй өгнө гэж хэлээд 200.000 төгрөгөөр зарагдаж байсан самсунг эс-7 маркийн гар утас зээлж аваад явсан. Тэгээд М нь надаас зээлж авсан самсунг эс 7 эджэ, самсунг эс-7 маркийн гар утаснуудыг мөнгө болох 450.000 төгрөгийг өгөхгүй байхаар нь би түүний ... дугаарын гар утас руу нь удаа дараа залгасан боловч утсаа авдаггүй, фэйсбүүк чат руу нь гар утасны мөнгөө нэхэж мессеж бичихэд янз бүрийн шалтаг шалтгаан тоочоод “би ийм ч ажилтай, тийм ч ажилтай байна, боломжтой болохоороо өгье” гэж бичдэг. Сүүлдээ бүр миний мессежинд хариу өгөхгүй байж байгаад миний утас дугаар болон мессенжерийг блок хийсэн. Би аргаа бараад 2019 оны 08 дугаар сарын 25-ны өдөр захирал С-тэй уулзаж М-г асуухад “М манай сургуулиас гарсан, бид хөдөлмөрийн гэрээг цуцалсан, наад хүн чинь энд тэнд их өртэй” гэж хэлсэн. М-тай холбоо барихад маш хэцүү, 2019 оны 08 сарын сүүлээр нэг удаа мессежээр холбогдоод  цагдаагийн байгууллагад  гомдол гаргах гэж байгаа талаараа хэлэхэд М надад мөнгийг нь удаахгүй өгнө ганц удаа намайг бодчих гэж хэлж байсан. Түүнээс хойш надтай холбоо бариагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-43/

Гэрч Г.А мөрдөн шалган ажиллагаанд өгсөн “Б надад М гар утас зээлээр аваад мөнгийг нь өгөхгүй байна гэж хэлээд намайг  М-г таних уу, холбоо барьдаг уу гэж асууж байсан. Би дээд сургуулиа төгссөнөөс хойш холбоогүй байж байгаад  Замын-Үүд суманд ирснээс нь хойш нэг удаа таарч байсан ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44/

Хохирогч Т.Б цагдаагийн байгууллагад гаргасан” Иргэн Б миний бие 2019 оны 10 сарын 25-ны өдөр М-с 2 ширхэг утасны мөнгө 450,000 төгрөг хүлээж авлаа” гэсэн тодорхойлолт /хх-ийн 47/

Шүүгдэгч М.М нь урьд  ял шийтгэлгүй гэсэн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч M.М нь гар утасны худалдаа эрхэлдэг Т.Б-д өөрийгөө ... гэж танилцуулан, нийгмийн даатгалын дэвтрээ үзүүлэн итгэл олж эхний удаа авсан гар утасныхаа төлбөрийг төлсөнийхөө дараа буюу 2019 оны 07 дугаар сард  дахин самсунг эс 7 эджэ, самсунг эс-7 маркийн нийт 450,000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг худалдан авч, улмаар үнийг төлөхгүй удаа дараа шаардуулж, “чи намайг фэйсбүүкт тавьж нэр хүндэд халдаж байж, өөрөө асуудалд орж Зөрчлийн хуурлиар торгуулав” гэх мэт үг хэрэглэж, хохирогчид утасны мөнгийг өгөөгүй үйл баримт болсон байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдлийг прокуророос хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн бөгөөд шүүгдэгч нь Т.Б-тай танилцсан цагаас итгэл олж авч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг ашигласан нөхцөл байдал нь шүүгдэгчийн болон хохирогчийн мэдүүлгээр хэрэгт тогтоогддог. Харин зохиомол байдал бий болгоно гэдгийг прокурор “худалдаж авсан гар утсаа ээждээ өгнө гэж хэлж авч байгааг ойлгоно” гэж тайлбарлах боловч шүүгдэгчийн хувьд хохирогч Т.Б-с авсан нэг гар утсаа ээждээ өгнө гэж хэлж авсан нь хохирогчийн итгэлийг олж, хуурч авах аргаа болгосон гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүгдэгч хохирогч нарыг хооронд бий болсон харилцаа, үйл баримтаас үзэхэд иргэний харилцаа үүссэн харагдах боловч залилах гэмт хэрэг нь иргэний харилцаанаас ялгагдах шинж нь тухайн үедээ худалдах, худалдан авах гэрээний шинжтэй харагдах боловч бусдаас авсан зүйлийнхээ үнэ, хөлс, өрийг төлөхгүй байх, амар хялбар байдлаар хөрөнгөтэй болох гэсэн шууд санаатай идэвхитэй үйлдлээр илрэх юм. Тэгэхээр шүүгдэгчийн хувьд хохирогч Т.Б-с авсан 2 гар утасныхаа үнийг төлөхгүй зугатааж, улмаар хохирогчийн түүнтэй холбогдох үүрэн телефон болон сошиалаар харилцах бүх боломжийг хааж, “чи намайг фэйсбүүкт тавьж нэр хүндэд халдаж байж, өөрөө асуудалд орж Зөрчлийн хуурлиар торгуулав” гэж дарамталсан байдалтай харьцсан зэрэг байдал нь залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлийг нэг хэлбэр болж байна.

Иймд шүүгдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулсан, Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д заасан хохирлыг хохирогчид учруулсан байх тул түүнийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.М-н залилах гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч Т.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.Б-д 450,000 төгрөг өгсөн тухай тодорхойлолт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар энэ гэмт хэргийн улмаас бусдад учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр хохирогч Т.Б-д гар утасны үнэ болох 450,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогч Т.Б-н цагдаагийн байгууллагад гаргасан тодорхойлолтоор тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байгаа нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн  зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний  иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Б овогт М.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийг 1-д зааснаар шүүгдэгч М.М-г хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч М.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурдсугай.

4. Шүүгдэгч М.М нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 450,000 төгрөгийг хохирогч Т.Б-д төлж барагдуулсаныг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  А.Ц