| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2019/0134/Э |
| Дугаар | 133 |
| Огноо | 2019-11-05 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 05 өдөр
Дугаар 133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Э.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн
шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн У сумын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 4, ээж, аав, дүүгийн хамт амьдрах, энэ хэрэгт татагдахдаа хуваариа хөдөлмөр эрхэлдэг байсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Э.Н-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/
Шүүгдэгч Э.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 17-ны шөнийн 01:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт иргэн Б.Б-н хуйханд зүүн чамархай хэсэгт, зүүн мөрний ар хэсэгт, зүүн бугалганы гадна доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Б гаднаас орж ирэхдээ жаахан ууртайдуу орж ирсэн, тэгээд эхнэртэйгээ маргах гээд байхаар нь яагаад байгаа юм бэ, хэдүүлээ жаахан сууя гэхэд Б миний нүүр рүү цохьсон, тэрнээс хойш болсон үйл явдлыг санахгүй байгаа юм. Эд мөрийн баримтаар хураагдсан хутга нь ширээн дээр байсан ууц дээр тавьсан хутга мөн байна, би хаанаас авсан, Б-н хаана хутгалсанаа мэдэхгүй байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохирогчоос уучлалт гуйж, хохиролд нийт 5,300,000 төгрөг төлсөн“ гэсэн мэдүүлэг
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/
Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд /хх-ийн 7-9/
Цагаан металл, бариул, ажлын хэсэг нь үргэлжилсэн хэлбэртэй бариулын урт нь 13,5 сум, ажлын хэсэг нь 20.5 см, ажлын хэсэг дээрээ BASS гэсэн бичиглэлтэй хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 12/
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 10 сарын 16-нд 19 цаг өнгөрөөгөөд би эхнэр Л-н хамт Мандах наран хороололын ... тоотод байх найз М-нд очсон. Учир нь М-х байрны цайллага хийж байсан юм. М-нд очиход М-н төрсөн ээж, дүү, хадам аав, ээж нь бас найз нар нь гээд Б, С, Н өөр бас хэд хэдэн хүн байсан. Ингээд найр 01 цаг хүртэл үргэлжилсэн. Тэнд байсан хүмүүс бүгд архи уусан. Миний хувьд нэрмэл архи бага зэрэг уусан болохоор бараг эрүүл шахуу байсан. Тэгээд найр тарах болоод хүмүүс явах гэхэд Н согтуурхаад хүмүүс рүү байж бай энэ тэр гээд агсрах маягийн зан гаргаад байсан. Би эхнэрээ гараас нь татаад бостол Н манай эхнэрийн нөгөө талаас татаад суучих гэж байхаар нь би үгүй үгүй явлаа чи согтсон байна гэтэл Нямхүү босож ирээд намайг татсан. Би Н-г өөрөөсөө холдуулж түлхтэл Н сууж байсан сандал руу ойччихсон. Тэгсэнээ босож ирээд шууд миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр зууралдаад автал тэнд байсан хүмүүс салгаад намайг үүдний тийшээ аваачсан. Н-г зассан идээний хажууд аваачсан. Тэгээд хоёр талаас бие биерүүгээ үгээр идэлцээд ахиад ойртсон чинь Н гэнэт баруун гартаа хутга барьчихсан ширээний цаанаас хутгаараа яах ийхийн зуургүй миний зүүн гар мөр толгойн хэсэг рүү цохиод авсан. Барьсан хутга нь айлын ширээн дээр байсан ууцны хутга байна лээ. Хэзээдээ хутга авсныг нь анзаараагүй. Тэгээд миний зүүн мөр гарнаас цус гараад эхлэхээр би хойшоо ухраад эхнэрээ дагуулаад гарсан. Цус нилээд гарч байсан тул эмнэлэг орж үзүүлээд цагдаад хэлсэн....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/
Гэрч Б.Х мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... гаднаас Б ууртай орж ирээд та нар яагаад байгаа юм бэ? Л яагаад утсаа авахгүй байгаа юм, намайг яагаад гэртээ ороод унтаж бай гээд байгаа юм гэсэн. Тэгсэнээ гэрт орохоор нь би хойноос нь ороод очтол Б эхнэр лүүгээ дайраад, доромжилход Н хажуугаас нь Б яагаад байгаа юм бэ, бөөндөө гоё сууя л даа гэсэн чинь Б чи юу болчихсон юм бэ гээд Н-н нүүрэнд нилээн олон удаа гараараа цохиод газар унагасан. Н-г босоод ирэхэд нь Г цааш нь том өрөөний хойморт аваачсан, харин би Б-г гэрээс гаргах гэсэн боловч дийлээгүй, коридорт аваачсан. Энэ үед хажууд Л, Г, Э нар байсан. ... Ингээд Б орилж хашгираад Н-г алчихаад шоронд орчихож чадна шүү, надад нас байна шүү гээд аймаар уурлаж байсан... Б намайг коридороос түрсээр байгаад том өрөө рүү орж Н рүү дайрсан, Н том өрөөний хана дагаж тойрч зугатсан боловч гал тогооны хэсэгт тэр 2 таараад Б Н-г хана мөргүүлээд цохисон. Тэгтэл Б өөрөө манай гэрийн коридор луу гараад хана налаад гараа бариад суучихсан байсан. Зүүн гарнаас нь цус гарсан байсан. Би Н дээр очоод яагаад хутга барьчихваа, наад хутгаа нааш нь өг гэсэн. Эхлээд Н надад хутгаа өгөхгүй байсан ба Э ирэхээр нь би гэрээс гарсан. Н-г хутга авсан байсныг эхлээд би хараагүй. Б ямар ч шалтгаангүй уурлаж Н рүү дайрснаас л болж энэ хэрэг гарсан. Эхнэртээ уурлаад байж байхад нь Н хажуугаас нь үг хэлснээс болоод Б Н рүү дайрч эхэлсэн. Энэ хэрэг Б-с болж эхэлсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18/
Гэрч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... О1 цагийн үед гаднаас Б том өрөөнд орж ирсэнээ эхнэр Л рүүгээ дайрч утсаа авахгүй байна гэснээ Г руу чи надтай яаж утсаар ярьдаг болчихсон юм бэ, давраад байгаарай энэ тэр гээд уурласан. Эхнэрээ пизда минь явъя энэ тэр гээд муухай ааш гаргаж дайраад бараг цохичих гээд байсан. Энэ үед Н Б хөгшөөн яагаад байгаа юм бэ гээд бостол Б үгийн зөрүүгүй Н-н нүүр толгойд гараараа нилээн хэд хэдэн удаа цохиод авсан. Н нүүрээ дараад доошоо сандал дээр суусан ба Б-г Х түлхээд гэрийнхээ коридор луу оруулж хорьсон, Н-г Г аваад том өрөөний булан руу идээ байгаа ширээний тийш аваачиж хорьсон. Б-н орилж хашгирсан дуунаар Г-н 2 хүүхэд айгаад уйлсан. ...Би Н рүү хартал Н хутга барьчихсан байсан ба Х наана нь зогсож байсан. Би хүүеээ наадах чинь хүн гэмтээчихсэн юм биш биз дээ гэж очоод Н-с хутгыг нь аваад ширээний тийшээ шидсэн. Тэр хутгыг хаанаас авсныг мэдээгүй. Эргээд коридор луу хартал Б хана налаад явган суучихсан, газар цус дусчихсан харагдсан. ... Б л Н рүү дайраад чамайг ална, надад суугаад гараад ирэх нас байна энэ тэр гээд л орилж дайраад байсан. Тэгэхээр Н биеэ хамгаалах гээд л хутга авсан байх гэж бодож байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20/
Гэрч М.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 01 цагийн үед явах болоход манай нөхөр Б алга болчихсон байсан. Төд удалгүй Б гаднаас орж ирсэн ба гадаа бөөлжиж байгаад ирлээ гэсэн. Тэгээд намайг явъя гэсэн ба явах гэхэд Н байж бай л даа, жаахан байж байгаад яв гэж нилээн хүний уур хүрэхээр хэлсэн. Тэгэхээр нь Б Н-г түлхээд Н босоод ирэхээр нь Б Н-г 1 удаа гараараа нүүр лүү нь цохисон. ... Б Н-г эхлээд цээж хэсэг рүү нь 1 удаа цохитол Н хутгаараа сийчиж байгаа юм шиг Б рүү хэд хэд цохиж байгаа юм шиг дайрсан. Б зугатаад коридор луу очсон ба толгой, зүүн мөр хэсгээс нь цус их хэмжээгээр гойжсон….”гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/
2019 оны 10 сарын 17-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-27/
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 23-ны өдрийн “1. Б.Б-н хуйханд зүүн чамархай хэсэгт зүүн мөрний ар хэсэгт, зүүн бугалганы гадна доод хэсэгт зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
4.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/35 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/
Шүүгдэгч Э.Н-г эрүүлжүүлсэн тухай эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 43/
Шүүгдэгчийн ... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 45/
Шүүгдэгч Э.Н нь урьд нь ял шийтгэлгүй гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 52/
Хохирогч Б.Б-н цагдаагийн хэлтэст гаргасан “ Миний бие нь 2019 оны 10 сарын 16-ны өдөр Э.Н-д зодуулж хөнгөн гэмтэл авсан. Шүүхийн шинжилгээний албанаас гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Э.Н-тэй найз нөхөд бөгөөд гомдол санал байхгүй. Улаанбаатар хотод очиж цаашид нарийн мэргэжлийн эмчид үзүүлнэ гэж байгаа бөгөөд эмчилгээний зардалд 5,000,000 төгрөгийг дансаар авсан бөгөөд эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө болох 300,000 төгрөг нийт хохиролд 5,300,000 төгрөгийн төлбөр авсан тул одоо гомдол санал байхгүй. Шүүх хуралд оролцохгүй хэргийг түргэн шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 55/
Шүүгдэгч Э.Н-н цагдаагийн байгууллагад гаргасан “ Миний бие 2019 оны 10 сарын 16-наас 17-нд шилжих шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Б.Б-г хутгаар зүсэж биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Миний бие хийсэн хэрэгтээ гэмшиж байна Б-с уучлалт гуйн эмчилгээний төлбөрт нийт 5,300,000 төгрөгийг төлсөн болно. Б надад гомдол саналгүй нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн56/
Хохирогч Б.Б-д хохирол 5,3000,000 төлсөн баримт /хх-ийн 57-58/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Н нь 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ... тоотод айлын байрны найранд ирсэн байхдаа шөнийн 01 цагийн орчимд хохирогч Б.Б-тэй хувийн таарамжгүй байдал үүсгэн, улмаар хохирогчийг хутгалж, бие махбодид нь хуйханд зүүн чамархай хэсэгт зүүн мөрний ар хэсэгт, зүүн бугалганы гадна доод хэсэгт зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан үйл баримт болжээ.
Хохирогч Б.Б-н бие махбодид учирсан дээрх гэмтэл нь Дорноговь аймгийн Шүүхийн Шинжилгээний албаны шинжээчийн 04/35 тоот дүгнэлтээр Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь хэрэгт тогтоогдсон байна.
Шүүгдэгч Э.Н-н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16/, гэрч Б.Х, Б.Э, М.Л нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, 2019 оны 10 сарын 17-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 26-27/, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 23-ны өдрийн 04/35 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан гэрэл зургууд, цагаан металл, бариул, ажлын хэсэг нь үргэлжилсэн хэлбэртэй бариулын урт нь 13,5 сум, ажлын хэсэг нь 20.5 см, ажлын хэсэг дээрээ BASS гэсэн бичиглэлтэй хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Н-н үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Б-д 5,300,000 төгрөг төлсөн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон хохирогч Б.Б-д хохирол 5,3000,000 төлсөн баримт, хохирогч Б.Б-н цагдаагийн байгууллагад гаргасан тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэв үзэв.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалж гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Э.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан металл, бариул, ажлын хэсэг нь үргэлжилсэн хэлбэртэй бариулын урт нь 13,5 см, ажлын хэсэг нь 20.5 см, ажлын хэсгийн BASS гэсэн бичиглэлтэй хутгыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Н-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Э.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт ирээгүй, хохирогч Б.Б-д хохиролд 5,300,000 төгрөг төлж барагдуулсаныг тус, тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-т зааснаар цагаан металл, бариул, ажлын хэсэг нь үргэлжилсэн хэлбэртэй бариулын урт нь 13,5 см, ажлын хэсэг нь 20.5 см, ажлын хэсгийн BASS гэсэн бичиглэлтэй хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Н-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.Ц