Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 143

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Т.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б аймгийн Х сумын харъяат, ... настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдрах, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Т овогт Т.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

Шүүгдэгч Т.М нь 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө буюу 2019 оны 09 дүгээр сарын 05-ны 01:00 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн баг хашаан дотроос иргэн Б.Г, Р.М нарын самсунг Жи-2, даус тренд маркийн гар утсуудыг нууцаар, хууль бусаар авч 420,000 төгрөгийн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.М-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2019 оны 09 сарын 4-5-нд шилжих шөнө  найзтайгаа 2 шил архи уусан юм. Тэгээд шөнө 01 цагийн орчим гэр рүүгээ харих гээд зам товчлоод явж байгаад нэг айлын хашааны дундуур ороод явтал утасны гэрэл асаалттай харагдсан. Тэгээд очиход гражийн үүдэнд ширээн дэр 2 утас байхаар нь авсан, хажуугаар нь хүн харагдахгүй байсан. Маргааш нь цагдаад баригдаад утаснуудыг буцаан өгсөн. Эхнэр, хүүхэд рүүгээ мөнгө явуулах санаатай тэр утаснуудыг авсан. Би хийсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна, хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг,

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/

Шүүгдэгч Т.М-с Sumsung Trend dous болон Samsung G2  маркийн гар утсуудыг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 8/

Хохирогч Б.Г-д Sumsung Trend dous,  Samsung G2  маркийн гар утаснуудыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 9/

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байх Замын-Үүдэд байх манай нөхрийн дүү Э-н гэрт бэр гуйлганы ажлаар очоод гэрийнх нь гадаа  унтаж байгаад нөхрийн болон өөрийн хоёр гар утсыг алдсан. Самсунг Жи-2,  Самсунг тренд дуос загварын гар утаснууд байсан юм. Би тухайн гар утсыг Эрдэнэт хотоос 2019 оны 02 сард 380,000 төгрөгөөр худалдан авсан. Харин Самсунг тренд дуосыг манай нөхөр  Улаанбаатар хотоос Теди төвөөс 150,000  төгрөгөөр 2018 онд байх яг хэзээ авсан гэдгийг санахгүй байна. Надад 420,000 төгрөгийн хохирол учирсан” гэсэн  мэдүүлэг /хх-ийн 11/

Гэрч Р.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “  2019 оны 09 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө дүү Э-н хашаанд байдаг машины гражид эхнэр Г-н хамт унтсан. Унтахдаа гар утсаа цэнэглээд ширээн дээр тавьсан. 2019 оны 09 сарын 05-ны өглөөний  06 цагийн орчим манай эхнэр Г сэрээд намайг гар утас аваад ир гэхээр нь би босоод гар утсаа цэнэглэж тавьсан гар утсаа авах гэсэн чинь эхнэр бид хоёрын гар утас байхгүй байсан. Гар утас байхгүй байхаар нь би дүү Э-с  ширээн дээр цэнэглээд үлдээсэн байсан гар утсыг харсан талаар асуухад дүү Э мэдэхгүй гэсэн. Тэгээд Э-н хашаанд арзгар ултай гутлын мөр байхаар нь би дүү Э-с тэр арзгар ултай гутлын мөрийг асуусан чинь дүү Э манай гэрийнхний  гутлын мөр биш байна гэсэн. Тэгээд тэр гутлын мөрийг дагаж явж үзсэн чинь дүү Э-н гэрийн хашааны ертөнцийн зүгээр зүүн урд талаас нэг гутлын мөр давж орж ирээд хашаан дотуур явж байгаад  эхнэр бид хоёр унтахдаа утсаа цэнэглээд үлдээсэн ширээний хажууд ирээд явсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15/

Хөрөнгийн үнэлгээний В ХХК-ний 2019 оны 09 сарын 05-ны өдрийн “гар утас /j-2 core/  1 ширхэг 280,000 төгрөг, trend duos 1 ширхэг 140,000 төгрөг” гэсэн ТХҮ-819/083 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 21/

Шүүгдэгч Т.М нь урьд ял шийтгэлгүй гэсэн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  /хх-ийн 40/

Хохирогч Б.Г-н цагдаагийн хэлтэст гаргасан “Хулгайд алдсан 2 утсаа авсан тул санал гомдолгүй, нэхэмжлэх  зүйл байхгүй шүүх  хуралд оролцоход хол байдаг тул хэргийг хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 54/

Гэрч Р.М цагдаагийн хэлтэст гаргасан “манай эхнэр Г нь хохирогчоор оролцож мэдүүлэг өгсөн байгаа, хулгайд алдсан 2 ширхэг гар утас нь манай гэр бүлийн өмч учир эхнэр бид 2 ярилцаж байгаад эхнэр маань хохирогчоор оролцсон, миний хувьд хохирлын талаар  ямар нэгэн санал, хүсэлт байхгүй” гэсэн хүсэлт зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Т.М нь 2019 оны 09 дүгээр сарын 05-ны 01:00 цагийн орчимд гэр рүүгээ явж байхдаа Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхойн багт байх гражийн үүдэнд байсан ширээн дээрээс иргэн Б.Г, Р.М нарын Самсунг Жи-2, Самсунг тренд дуос маркийн гар утсуудыг нууцаар авч, бусдад 420,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул түүнийг бусдын хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Т.М-н дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.Г, гэрч Р.М нарын мэдүүлэг, Самсунг Жи-2, Самсунг тренд дуос маркийн гар утсуудыг шүүгдэгч Т.М-с хураан авсан тухай тэмдэглэл, хохирогч Б.Г-д Самсунг Жи-2, Самсунг тренд дуос маркийн гар утсуудыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Т.М нь энэ гэмт  хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Г-д 420,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг гар утсыг хүлээлгэн өгч, хохиролгүй болгосон нь хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа  хохирогчид  учруулсан хохирлыг  төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах гэмт хэргийг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн  зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмыг хэрэглэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д “ эрүүгийн хэрэг  үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа  явуулах шаардлагатай бол мөрдөгч  мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж, хэргийг прокурорт шилжүүлэх”-ээр заасан байхад шүүгдэгч Т.М-д холбогдох хэргийг уг хугацааны дотор шалгаж, шилжүүлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил болохыг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Т.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Т.М-г хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Шүүгдэгч Т.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдугай.

4. Шүүгдэгч Т.М нь хохирогч Б.Г-д 420,000 төгрөгийн  хохирлыг төлж барагдуулсан болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                А.Ц