Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 150

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж, шүүгч Э.Б, шүүгч Б.Н нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч Л.С

Иргэдийн төлөөлөгч Б.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С сумын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, охин, хүргэний хамт амьдрах, энэ хэрэгт холбогдохдоо эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум Борхойн багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь

 Дорноговь аймгийн ардын 5 дугаар хэсгийн шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 109 дүгээр зүйлийн А-д зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар засан хүмүүжүүлэх ажил хийлгэх ялаар, 

... оны ... дугаар сарын ...-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 239.2, 220 дугаар зүйлийн 220.2-т зааснаар нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар,

 Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

 Дорноговь аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

 Дорноговь аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-т зааснаар 3 жилийн хорих ялаар, мөн хуулийн 181.3-т зааснаар 6 жилийн хорих ялаар ,мөн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан 6 жилийн хугацаагаар хорих ялаар,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сумын дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Д.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Замын-Үүд сумын 3 дугаар баг Г.Т-тай таарамжгүй харьцааны улмаас маргаж цээжин тус газар нь отверкаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ 2018 оны 11 дүгээр сарын 24-нд гэртээ ганцаараа 0,5 граммын архийг ганцаараа уусан юм. Тухайн үед гэрийнхээ модон шүүгээг янзалж байсан бөгөөд ганцаараа байсан болохоор хүнээр өргүүлэх санаатай гэрээс гарсан. Тэр үед манай гэрийн баруун урд байрлах төмөр амбаар руу нэг залуу шээгээд зогсож байхаар нь чи яагаад манай амбаар руу шээгээд байгаа юм, наана чинь манайх хоол ундны зүйлээ хадгалдаг юм  гэж хэлэхэд намайг хэл амаар доромжилж, тамхи нэхээд байхаар нь тэр залууг эхний удаа түлхсэн, тэгээд кармаандаа гараа хийтэл шүүгээ янзалж байсан отверка  гарт баригдахаар нь гаргаж ирээд тэр залуугийн цээжний баруун  талын дээд хэсэгт 2 удаа хатгасан. Нэг хатгалт нь нэвтэрчих шиг болсон, эвгүй дуугарсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохиролд 300,000 төгрөг төлсөн, биеийн байдлыг бодож хөнгөн ял оногдуулж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдэж өгнө үү “ гэсэн  мэдүүлэг

Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/

Хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-8/

Хохирогч Г.Т мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2018 оны 11 дүгээр сарын 25-нд өгсөн гэрчийн мэдүүлгээс зөрөөд байх юм байхгүй. Миний эмчилгээний зардал болох 300,000 төгрөг гарсан хохирлын зардлаа бэлнээр нь авсан тул надад Б-с нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/

Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Бид хоёр хамт амьдраад 28 жил болж байна. Манай нөхөр гэртээ байхдаа их ажилсаг, илүү дутуу зангүй, архи уух дуртай, уухаараа ямар нэг ааш зан гаргаад байдаггүй, бусад нөхөрсөг харилцаатай, Төлөв даруу, хүн чанар сайтай хүн. Манай нөхөр 8 удаагийн ял шийтгэгдэж байсан ба ихэвчлэн танхайн хэргээр ял эдэлж байсан. Манай нөхөр одоо өмсдөг 2 гуталтай. Хоёулаа хар өнгийн гутал ба нэг нь 2 талдаа цахилгаантай, бөөрөнхий хээтэй ултай, нөгөө гутал нь шар өнгийн дотортой, үдээстэй, арзгар хээтэй ултай гутал байгаа”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/

Гэрч М.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би нөхөр Г.Т-н хамт гэрээсээ өөрсдийн Тоёота приүс 20 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй гараад дэлгүүрээс тамхи авах гээд явж байтал Д эмийн сангийн хажууд 1 хүн гараа өргөхөөр нь аваад түүнийг Замын-Үүд сум 5-р багт буулгачихаад явж байтал манай нөхөр шээе гээд байхаар нь би амбаар дээрээ ... гэсэн хаягтай айлын гадаа харалдаа зогсоход манай нөхөр буусан. Тухайн үед би тээврийн хэрэгслийг жолоодож явсан, манай нөхөр архи уусан халамцуу байсан учраас хүнтэй муудаж магадгүй гэж бодоод машин дотроосоо нөхөр рүүгээ хартал 1 хүнтэй юм яриад зогсож байхаар нь би буугаад очтол манай нөхөр “Энэ хүн намайг хутгалчихлаа” гэхээр нь ийм хурдан хутгална гэж юу байсан юм, худлаа яриад бай гээд итгээгүй хувцасыг нь шалгатал цамцных нь цээжний баруун талд цус болсон байхаар нь цамцын нь сөхөөд харахад зүсэгдсэн шарх, шархнаас цус гарч байхаар нь хутгалуулсан байна гэж бодоод тэр хүнийх нь араас хөөе та нааш ир дээ, хүн хутгалчихсан байна шүү дээ, яагаад хүн хутгалж байгаа юм бэ? гэхэд тэр хүн цаашаа гүйгээд зугтаагаад яваад өгсөн. Тэр үед манай нөхөр чи араас нь яваад яах гэж байгаа юм, чамайг хутгалчихаж магадгүй нааш ир гэхээр нь араас нь явахаа болиод нөхөрлүүгээ очиж цагдаагийн байгууллагад хүн хутгалуулчихлаа гэж, эмнэлгийн байгууллагад хутгалуулсан хүн байна гэж зэрэг дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25/

Г.Т-н өвчний түүх /хх-ийн 30-33/

2018 оны 11 сарын 23-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34-35/

Г.Т-н мэс заслын тэмдэглэл /хх-ийн36/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 14-ны өдрийн “ 1. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны Замын-Үүд нэгдсэн эмнэлгийн №2511 дугаартай өвчний түүхийг шинжлэн судлахад Г.Т-н биед цээжний баруун хэсэгт 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндийг нэвтэлж баруун уушгийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт гэмтэл тогтоогдлоо.

2. Учирсан гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр  үүсгэгдсэн байх боломжтой.

3. Учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар  амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн 02/010 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 сарын 04-ний өдрийн “ 1. Хэрэг бүртгэлтийн ... дугаартай хэргийн, хэргийн газраас  гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан баруун, зүүн хөлийн 14 ширхэг гутлын мөр нь шинжилгээнд  тэнцэнэ.

2. Хэргийн газраас бэхжүүлж авсан гутлын мөрүүдээс сонгон авсан 6, 9, 10, 11, 12 дугаараар тэмдэглэсэн гутлын мөрнүүд нь Д.Б хэрэг үйлдэх үедээ өмсөж явсан гэх  хар өнгийн  өвлийн гутлын  мөртэй шууд хоорондоо тохирч байна.

3. Гутлын мөрний ерөнхий болон хувийн шинж тэмдгийн хувьд хоорондоо тохирч байна” гэсэн 03/017 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн44/

Шүүгдэгч Д.Б ... регистрийн дугаар бүхий иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 54/

Шүүгдэгч Д.Б нь 1.57 хувийн согтолттой байсан гэсэн согтуурал шалгасан тухай тэмдэглэл /хх-ийн 58/

Шүүгдэгч Д.Б нь урьд нь 7 удаа шийтгүүлж байсан гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 59, 62-75,83-99/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Д.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг хашааны урд талд хохирогч Г.Т-тай “ хоол ундны зүйл хийдэг амбаар руу шээлээ ” гэж хувийн таарамжгүй байдал үүсгэн маргалдаж, улмаар хохирогчийн цээж рүү отверкаар 2 удаа хатгаж, цээжний баруун хэсэгт 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндийг нэвтэлж баруун уушгийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан үйл баримт болжээ.

Хохирогч Г.Т биед учирсан дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журамын 3.1.11-т зааснаар  амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарч байгаа болох нь Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 02/010 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хэрэгт тогтоогдсон байгаагаас дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дугаар зүйлийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Г.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 20/, гэрч М.Б-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25/, Г.Т-н өвчний түүх /хх-ийн 30-33/ 2018 оны 11 сарын 23-ны өдрийн яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 34-35/, Г.Т-д хийсэн мэс заслын тэмдэглэл /хх-ийн36/, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 12 сарын 14-ний өдрийн 02/10 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Б үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг түүний үйлдэлд тохирсон байх тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “ энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ... эрүүл мэндэд... шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, мөн зүйлийн 2-д “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг хор уршигт тооцно” гэж тус тус заасан. Тэгэхээр шүүгдэгч Д.Б үйлдлийг дээрх хуулийн зохицуулалттай уялдуулахад тэрээр хохирогчийн эрүүл мэндэд  "цээжний баруун хэсэгт 5-6 дугаар хавирганы түвшинд цээжний хөндийг нэвтэлж баруун уушгийг гэмтээсэн шарх, дотуур цус алдалт “ бүхий хүнд гэмтэл учруулсан нь энэ гэмт хэргийн шууд хохиролд тооцогдох бөгөөд шууд учирсан хохирлыг нөхөн сэргээхэд зарцуулсан эмчилгээний зардлыг буюу 300,000 төгрөгийг төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн шалгах ажиллагаанд илэрхийлсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д заасан учруулсан хохирлыг нөхөн төлсөн нөхцөл байдалд хамаарна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон ял оногдуулах нь зүйтэй байх ба ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д “ энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг  арван хоёр жил, эсхүл арван таван жил  хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтанд заасан ялын дээд  хэмжээний  гуравны хоёроос хэтрүүлэхгүй, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй  ял оногдуулах гэж заасныг баримтлах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх, төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар шүүгдэгч Д.Б-г 3 /гурав/ жил, 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 3 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Д.Б цагдан хоригдсон нэг хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх, төлбөргүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.Ц

ШҮҮГЧИД                                                Э.Б

                                                              Б.Н