Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч А.Ц даргалж

Нарийн бичгийн дарга О.Ү

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Ү.А

Шүүгдэгч С.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын прокурорын газрын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн З сумын харъяат, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтай, ам бүл 5, ээж, аав, ах, дүүгийн хамт амьдрах, энэ хэрэгт татагдахдаа ажилтай байсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх  тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгсон,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн  1-т зааснаар 7 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Х овогт Ү.А,

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, С аймгийн Б сумын харъяат, ... настай, эрэгэтэй, дээд боловсролтой,  Жижиг дунд үйлдвэрлэлийн менежмент мэргэжилтай, ам бүл 1, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, Замын-Үүд-Эрээний хооронд ачаа бараа тээвэрлэх ажил эрхэлдэг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт С.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд авагдснаар/

Шүүгдэгч Ү.А нь 2019 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн 02 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг төв талбайд архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн С.Д-г  зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан ,

Шүүгдэгч С.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнийн  02 цагийн орчимд  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг төв талбайд архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Б.Э-г зодож эрүүл мэндэд нь  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ү.А шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Д ирээд надаас тамхи асуухаар нь би байхгүй гэхэд олоод өгчих гэсэн, тэгээд л тамхи олж өгөх ёстой гэснээс болж маргалдаад би түүний нүүр рүү нь цохичихсон юм. Тэгээд Д явсанаа буцаад Д-тай хамт ирсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, дахиж хэрэгт холбогдохгүй байж чадна, торгуулийн ял оногдуулж өгнө үү”  гэсэн мэдүүлэг

Шүүгдэгч С.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “ Намайг буудалд ороод байж байтал Д ирсэн, нүд нь тагларсан байсан, тэгээд юу болосныг нь асуугаад буудлаас гарсан. Т зоогийн газрын харалдаа замын хажууд А, Д, Э байсан, тэгээд л най зодлоо гээд л маргалдаж байхдаа Э-н нүүр рүү цохиж, тонгойхоор нь өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, торгуулийн ял оногдуулж өгнө үү”   гэсэн мэдүүлэг

Хохирогч С.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 2019 оны 11 дүгээр сарын 11-12-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад найз Д, Д нарын хамт “Б” караокед орж 1 цаг дуулсан. Караокед 1 шил  0,5 граммын С архи захиалж бид 3 хувааж уусан. Караокеноос 02 цагийн  үед гараад  Д бид хоёр төв талбай  дээр такси хүлээгээд  зогсож байхад  хажууд А, Э 2 зогсож  байхаар нь би тамхи асуусан. Тэр хоёрыг би уг нь танихгүй. Тамхи асуусан чинь хоёулаа тамхи байхгүй гэсэн.  Тэгээд за за гээд зүгээр зогсож байтал А намайг харснаа юундаа муухай хараад байгаа юм бэ гээд гэнэт миний нүүр лүү гараараа удаа цохиод авсан. Архи уучихсан, нүд сүүмийчихсэн болохоор тэгж харагдсан байх. Цохиулсаны дараа миний нүд харанхуйлаад  явчихаар нь яаж байгаа  юм бэ гэтэл А би чиний тамхийг бэлдэх ёстой  юм уу гэсэн. Энэнээс болоод А бид хоёр барилцаж авсан ба би А-н толгой руу нь хальт 1 удаа гараараа  цохисон. Хажуунаас Д орж ирээд А-г тэврээд салгаж холдуулсан ба Э нь надруу дайраад байсан. Э бид 2 барилцаж аваад би үг зүйгээрээ учраа олъё гэж хэлэн гарыг нь  татаж салгаад Т буудал руу Д руу гүйсэн...намайг очиход Д Э-той барилцчихсан зодолдож байгаа харагдсан. Хажууд А, Д хоёрыг салгаад цаашаа явтал  цагдаа ирээд бүгдийг нь шалгана гээд аваад явсан.  Тэр үед А, Э 2 согтууруулах ундаа хэрэглэчихсэн байсан. Миний зүүн нүд хөхөрч хавдсан. Одоо биеийн байдал  зүгээр байна. Ү.А-т гаргах гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12/

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Би 2019 оны 11 дүгээр 11-ний 22 цагийн үед найз  Н-н хамт “Я” кароакед орсон.  Тэндээ хүний 5, 5 лаазтай пиво захиалж уугаад дуулцгаасан.  Шөнө 02 цагийн  үед караоке  хаах үеэр бид 2 гарч Н түрүүлээд  харихаар  явсан.  Би жаахан  байж байгаад  хойноос нь явахаар төв талбай руу  гарч ирсэн. Такси авах гээд такси байгаагүй. Хүлээгээд  зогсож байхад  зүс таних А-тай  таарч ойр зуурын  юм яриад зогсож байтал  хажуунаас Д, Д гэх 2 залуу ирж тамхи асуусан. Ингээд бид 2 тамхи байхгүй гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа Д, А 2 хооронд шорон морон яриад маргаад эхэлсэн. Тэгтэл А Д-н нүүрэнд 1 удаа гараараа цохисон. А-г Д бид 2 хориглож салгасан. ... Д гүйгээд явчихсан. Д, А бид 3 үлдээд удаагүй байхад Д Д гээд өндөр залууг дагуулаад ирсэн. Д нь ирсэнээ миний найз нарыг зоддог хэн бэ гээд шууд миний нүүрэнд хэд хэд цохиод, тонгойх үед нүүрлүү өшиглөсөн. Хажуугаас Д салгаж байсан. ...Миний уруул язарч хавдсан, хамар хэсэг зулгарсан. 1 шүдэнд  хөдөлгөөн орсон байна лээ. Хөнгөн зэргийн гэмтэл гэж  тогтоогдсон. Миний зүгээс С.Д-д гомдол гаргах  санал байхгүй. Түүнээс хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Д санаатай намайг зодоогүй андуурсанаас болоод намайг  зодчихсон, надаас уучлалт гуйсан” мэдүүлэг /хх-ийн 14-15/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “ 1. Б.Э-н дээд уруулын дотор талд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу хэсгээр зулгаралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн доод 1-р шүдний сулрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба гэмтлүүд нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн 04/49 тоот дүгнэлт /хх-ийн 22/

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн “1. С.Д-н зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн нүдний склерт цус хуралт, зүүн үүдэн 1-р шүдний эмтрэлт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүдийн зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт гэмтэл нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба бусад гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн 04/50 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46/

Шүүгдэгч С.Д нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй гэсэн  эрүүгийн хариуцлага  хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас  /хх-ийн 62/

Шүүгдэгч Ү.А нь урьд нь ял шийтгүүлж байсан гэсэн  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 76/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... дугаар шийтгэх  тогтоолын хуулбар /хх-ийн 80-83/

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 84-100/

Хохирогч С.Д-н Цагдаагийн хэлтэсд гаргасан “ Миний бие 2019 оны 11 сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Замын-Үүд сумын төв талбайд үл ойлголцсоны улмаас Ү.А-т нүүрлүүгээ цохиулж хөнгөн гэмтэл авсан. Миний бие одоо эдгэрч, зүгээр болсон. А надаас уучлалт гуйж надад  хөнгөн хохирол учруулсанаа хүлээн зөвшөөрсөн. Иймд миний бие Ч.А-т гомдол санал байхгүй. А-с хохирол нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэсэн” хүсэлт /хх-ийн 102/

Хохирогч Б.Э-н цагдаагийн хэлтэст гаргасан “ Миний бие 2019 оны 11 сарын 11-12-нд шилжих шөнө Замын-Үүд сумын төв талбайд Д-д  зодуулж биедээ  хөнгөн гэмтэл авсан. Д надаас уучлалт гуйсан. Одоо би гомдол байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. Хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлт /хх-ийн 103/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Ү.А нь 2019 оны 11 дүгээр сарын 12-нд шөнийн 02 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн төв талбайд хохирогч С.Д-г “тамхи нэхлээ” гэх шалтгаанаар таарамжгүй харьцаа үүсгэж, улмаар хохирогчийн нүүрэн тус газарт цохиж, бие махбодид нь зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

Шүүгдэгч С.Д нь 2019 оны 11 дүгээр сарын 12-нд шөнийн  02 цагийн орчимд  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг, төв талбайд Ү.А, Б.Э нартай “найз нарыг зоддог хэн бэ “ гэж хоорондын таарамжгүй харьцаа үүсгэн, улмаар хохирогч Б.Э-н нүүрэн тус газарт цохиж, бие махбодид нь дээд уруулын дотор талд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруу хэсгээр зулгаралт, зөөлөн эдийн няцрал, үүдэн зүүн доод 1-р шүдний сулрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт болсон байна.

Шүүгдэгч Ү.А, С.Д нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэднийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн дээрх гэмт хэрэгт гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хохирогч С.Д, Б.Э нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг  /хх-11-12, 14-15/, хохирогч С.Д, Б.Э нарын биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 04/49, 04/50 тоот дүгнэлтүүд /хх-ийн 22, 46/  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ү.А, С.Д нарын үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тэдний үйлдэлд тохирсон гэж үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Хохирогч С.Д, Б.Э нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэхгүй, гомдолгүй болохоо мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ү.А, С.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлаас гадна гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байх бөгөөд шүүгдэгч С.Д-н хувьд анх удаа гэмт хэрг үйлдсэн, шүүгдэгч Ү.А-н хувьд өмнө 2 удаа гэмт хэрэгт холбогдон, шүүхээс гэм буруутайд тооцогдон, нэг хэрэгт хорих ял шийтгүүлж байсан, гэмт хэрэгт холбогдсон цаг хугацааны байдлаас үзэхэд нэг онд 2 удаа шийтгүүлж байгаа байдал зэргийг харгалзан ялыг ялгамжтай байдлаар оногдуулсан болно.

Шүүгдэгч Ү.А, С.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ү.А, Б овогт С.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ү.А-г 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн, шүүгдэгч С.Д-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар тус, тус шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ү.А, С.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүдэгч Ү.А нь 1,000,000 төгрөгийн, С.Д нь 500,000 төгрөгийн торгох ялыг тус, тус биелүүлээгүй бол шүүх  биелэгдээгүй  торгох ялын арван нэгжтэй  тэнцэх хэмжээний  төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ү.А, С.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              А.Ц