Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 121

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Б

Шүүгдэгч Б.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Б.Р-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн  авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Д суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа Эрээн Улаанбаатарын хооронд ачаа тээвэр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл О овогт Б.Р,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Р нь 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт хохирогч О.О-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Р шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би мөрдөн байцаалтын шатанд бүх үнэнээ мэдүүлсэн. Миний буруу, үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй, надаас хохирол, төлбөр нэхэмжлээгүй гэв.

Хохирогч О.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Ингээд гэртээ ирээд амбаарынхаа хаалгаар ороод Р нь амбаарынхаа хаалгыг түгжээд гэртээ хүүхдүүдээ унтуулчихаад бид 2 орныхоо 2 булан дээр сууж байсан чинь Р “Чи яахаараа Б-н найз гэсэн тэр залууг машиныхаа урд суулгачихсан байдаг юм  бэ” гээд уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь би олон юм яриагүй. Хүн орж ирээд суучихлаар нь чи бос гэлтэй нь биш дээ гэж хэлсэн чинь энэ асуудлаас болж намайг хардаж хэрүүл болгосон. Тэгээд би хэсэг зуур дуугүй байгаад байсан чинь “чи яагаад дуугарахгүй байгаа юм бэ? юу нуугаад байгаа юм бэ?” гээд байсан. Би тайлбарласан боловч уурлаад байсан. Тэгээд намайг цохих гээд байхаар нь би нүүрээ хамгаалаад байсан, тэгтэл гэнэт л зүүн талын шанаа руу гараараа цохичихсон. Би яаж байгаа юм бэ гэсэн чинь нүүр нүдгүй гараараа балбаж цохиод эхэлсэн, энэ үед манай 2 охин сэрээд орилоод “аав, ээж болилдоо” гээд уйлаад эхэлсэн. Тэгээд би миний 2 хүүхэд хамт гараад хажуу айлын хүмүүсийг дуудаад ир гэсэн чинь 2 хүүхдээ загнаад гаргаагүй. Хэсэг зуур хэрүүл хийж байгаад унтсан...Миний хувьд Р-д гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж бодож байна ...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-16/

Гэрч Г.Ө мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгт: ...гэрийнхээ баруун орон дээр хүйтэн жин тавиад хэвтэж байсан. Мөнгө төгрөгтэй боломжтой бол Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлмээр байна гэж ярьж байсан. Нүүрнийх нь баруун тал битүү хавдартай нүд нь хөхөрсөн хүн харахад хэцүүхэн харагдаж байсан...” гэсэн мэдүүүлэг /хх-ийн 17/

Шинжээч П.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.О-н биед баруун нүдний салстын дор цус хуралт, баруун нүд орчмын зөөлөн эдэд цус хуралт гэмтлүүд нь 1 удаагийн хүчтэй цохилт буюу хатуу мохоо үйлчлэлийн улмаас үүснэ. Мөн хэд хэдэн удаагийн үйлчлэлийн явцад гэмтэл учруулж болох хүчнээс шалтгаалан дээрх гэмтэл нь үүснэ. Өөрөөр хэлбэл олон удаагийн үйлчлэлийн дундаас 1 удаагийн хүчтэй үйлчлэл давамгайлснаас нь уг гэмтэл нь үүснэ. Бусад үйлчлэл нь гэмтэлд хүргэхгүй байж болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/

2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/09 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. О.О-н биед баруун нүдний салстын дор цус хуралт, баруун нүд орчмын зөөлөн эдэд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3.Дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21/

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/18 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. О.О-н биед баруун нүдний салстын дор цус хуралт, баруун нүд орчмын зөөлөн эдэд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ.

3.Дээрх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна.

 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27/

Амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хх-ийн 25-26/

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 7-8/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 43/

Шүүгдэгч Б.Р-н хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хх-ийн 44-50/

Шүүгдэгч Б.Р-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 52/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Б.Р нь 2019 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт гэртээ хохирогч О.О-г нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний салстын дор цус хуралт, баруун нүд орчмын зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл учруулжээ.

Шүүгдэгч Б.Р-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Р-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч О.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Р “чи яахаараа Б-н найз гэсэн тэр залууг машиныхаа урд суулгачихсан байдаг юм  бэ” гээд уурлаж эхэлсэн. Тэгэхээр нь би олон юм яриагүй. Хүн орж ирээд суучихлаар нь чи бос гэлтэй нь биш дээ гэж хэлсэн чинь энэ асуудлаас болж намайг хардаж хэрүүл болгосон. Тэгээд би хэсэг зуур дуугүй байгаад байсан чинь “чи яагаад дуугарахгүй байгаа юм бэ? юу нуугаад байгаа юм бэ?” гээд байсан. Би тайлбарласан боловч уурлаад байсан. Тэгээд намайг цохих гээд байхаар нь би нүүрээ хамгаалаад байсан, тэгтэл гэнэт л зүүн талын шанааруу гараараа цохичихсон. Би яаж байгаа юм бэ гэсэн чинь нүүр нүдгүй гараараа балбаж цохиод эхэлсэн”  гэх мэдүүлэг /хх-ийн 13-16/, гэрч Г.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...гэрийнхээ баруун орон дээр хүйтэн жин тавиад хэвтэж байсан. Мөнгө төгрөгтэй боломжтой бол Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлмээр байна гэж ярьж байсан. Нүүрнийх нь баруун тал битүү хавдартай нүд нь хөхөрсөн хүн харахад хэцүүхэн харагдаж байсан” гэх мэдүүүлэг /хх-ийн 17/,  2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/18 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27/, шинжээч П.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...О.О-н биед баруун нүдний салстын дор цус хуралт, баруун нүд орчмын зөөлөн эдэд цус хуралт гэмтлүүд нь 1 удаагийн хүчтэй цохилт буюу хатуу мохоо үйлчлэлийн улмаас үүснэ. Мөн хэд хэдэн удаагийн үйлчлэлийн явцад гэмтэл учруулж болох хүчнээс шалтгаалан дээрх гэмтэл нь үүснэ. Өөрөөр хэлбэл олон удаагийн үйлчлэлийн дундаас 1 удаагийн хүчтэй үйлчлэл давамгайлснаас нь уг гэмтэл нь үүснэ. Бусад үйлчлэл нь гэмтэлд хүргэхгүй байж болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Р нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Р нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч О.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд “Миний хувьд Р-д гомдолтой байна. Хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хэрэгтэй гэж бодож байна” гэснийг дурдах нь зүйтэй байна.

 Хохирогч О.О шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Р нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Р нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу, хяналтын прокурортой 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ. Иймд шүүгдэгч Б.Р-д ял оногдуулахдаа хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулж, оногдуулах торгуулийн ялын хэмжээ бага учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О овогт Б.Р-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Р-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Р нь оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Р нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон иргэний баримт бичиг, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Р урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                  Д.Ц