| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0126/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2019-10-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 22 өдөр
Дугаар 126
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч С.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С.С-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт С.С,
Шүүгдэгч С.С нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт хохирогч Т.Ц-н нүүрэн тус газарт маажиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр эгчтэйгээ маргалдаад санамсаргүй байдлаас болж эгчийнхээ нүүрэнд маажсан. Одоо эгчийн нүүрний сорви арилсан гомдол саналгүй гэсэн байгаа. Хохирол барагдуулсан. Миний буруу, би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна гэв.
Хохирогч Т.Ц мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би Замын-Үүд сумын 3 дугаар багт өвчтэй, хэвтэрт байдаг ээж Р.М 2017 оноос хойш харж хандаж байгаа. Манай ээж сүүлийн 2 хоногт унтаа байдалтай болчихсон, юм идэхгүй, шээхгүй байгаа. Би ганцаараа харж байгаа тул их айдастай хонож байгаа. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө дүү С руу утсаар залгаж ээж ийм байдалтай байна, өрхийн эмчийг дуудаж үзүүлэх гэсэн юм, чи эмчийг аваад ирээч гэсэн чинь С би ажилтай байна гэж хариулсан. Би утсаар бухимдаад чамд ямар ажил байдаг юм, би чамд хандахгүй өөр хэнд хандах юм гээд орилсон. Ингээд 11 цагийн орчимд л байх С гэрт маш ууртай хаалга дэлгэж орж ирээд угаалгын машин өшиглөөд би чиний зарц юм уу, өөрөө очиж эмчдээ хэлээч, тэр өрхийн эмч юу мэддэг юм гэснээс болоод бид 2 маргаж бие биенээ үсцэлдсэн С намайг ваннд бөгсөөр минь дарж суулгаад миний үснээс тавь, тэгвэл би тавина гэсэн. Тэгээд би үснээс нь тавиад боссон ба гал тогооны өрөөнд орж бас хоорондоо баахан маргалдсан. Би ялааны алуур бариад ялаа алаад явж байгаад гэрт ялаа орууллаа гэсэн чинь яадгийн, хохино гэхээр нь би С-н толгой руу 1 удаа зөөлөн цохисон. Тэгтэл С намайг үсдэж газар унагаж дарж аваад миний нүүрийг маш олон удаа маажсан. Би гуйж байж доороос нь босоод ахиад маргасан. Намайг согтуу байна гээд С дайраад байсан. Би чамайг цагдаад өгнө гээд ах дүү нарлуугаа утсаар яриад ийм юм боллоо гэсэн чинь тэд ах дүү нар байж нэгнийгээ цагдаад өгөөд яахав гэж намайг ятгаад болиулсан. Би тэгэхээр нь С-д чамайг би цагдаад өгөхөө болилоо, нүүрний шарханд түрхэх тос авч өгөөрэй гэсэн чинь яг ш дээ тос авч өгөхгүй гээд гэрээс яваад өгсөн. Гал тогоонд болсон асуудал хажууд ямар ч хүн байгаагүй. Ээж цаана унталгын өрөөнд унтаа байдалтай байсан. Сүүлд хамаг юм дууссаны дараа С-г явахаас өмнө манай ах Г ирээд С-тай хамт явсан. Бид хоёрын хэн нь ч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Миний нүүрэнд маш олон маажуулсан шарх байна. Ер нь их өвдөж байна. Биеийн энд тэнд их л өвдөж байна. С бид 2 урд нь ингэж маргаж муудалцаж байгаагүй. Миний хувьд одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Миний төрсөн эгчийн хүүхэд С.С надад учирсан эмчилгээний зардлыг тухай бүрт нь төлж барагдуулсан тул надад ямар нэг санал гомдол байхгүй ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-8/
Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн орчимд Замын-Үүд сумын 3 дугаар багт амьдардаг Г гэх айлын төрсөн ээж М гэх хүний биеийн байдал ямар байгаа талаар мэдэх санаатай гэрт нь ороход Т.Ц, С.С нар хоорондоо зодолдсон, муудалцсан байдалтай Т.Ц-н нүүр урагдаж цус гарч байсан. Тэгээд тэр хоёрыг ингэж болохгүй ах дүү нар, төрөл садан байж гэж хэлээд тэр хоёрыг эвлэрүүлээд би С.С-тай гэрээс гараад явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,
2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 04/016 дугаартай:
“1. Т.Ц-н нүүрний хэсэгт олон тооны зулгаралтууд, баруун хацарт шарх, цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүдийн нүүрэнд үүссэн шарх, зулгаралтууд нь хатуу мохоо зүйлийн буюу хүний гарын хумсны олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Баруун хацар дахь цус хуралт гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүдийн баруун хацар дахь шарх гэмтэл нь дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, нүүрний хэсэг дэх олон тооны зулгаралтууд, цус хуралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт тогтоогдохгүй ба нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх-ийн 15-р хуудас/,
Хохирогч Т.Ц-н эмнэлгийн картын хуулбар, нүүрэн тус газрын маажсан шархыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19/
Шүүгдэгч С.С-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31-32/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34/
Шүүгдэгч С.С-н хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хх-ийн 35-39/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч С.С нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн орой Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт хохирогч Т.Ц-н нүүрэн тус газарт маажиж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ.
Шүүгдэгч С.С-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч С.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Би Замын-Үүд сумын 3 дугаар багт өвчтэй, хэвтэрт байдаг ээж Р.М 2017 оноос хойш харж хандаж байгаа. Манай ээж сүүлийн 2 хоногт унтаа байдалтай болчихсон, юм идэхгүй, шээхгүй байгаа. Би ганцаараа харж байгаа тул их айдастай хонож байгаа. 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө дуу С руу утсаар залгаж ээж ийм байдалтай байна, өрхийн эмчийг дуудаж үзүүлэх гэсэн юм, чи эмчийг аваад ирээч гэсэн чинь С би ажилтай байна гэж хариулсан. Би утсаар бухимдаад чамд ямар ажил байдаг юм, би чамд хандахгүй өөр хэнд хандах юм гээд орилсон. Ингээд 11 цагийн орчимд л байх С гэрт маш ууртай хаалга дэлгэж орж ирээд угаалгын машин өшиглөөд би чиний зарц юм уу, өөрөө очиж эмчдээ хэлээч, тэр өрхийн эмч юу мэддэг юм гэснээс болоод бид 2 маргаж бие биенээ үсцэлдсэн С намайг ваннанд бөгсөөр минь дарж суулгаад миний үснээс тавь, тэгвэл би тавина гэсэн. Тэгээд би үснээс нь тавиад боссон ба гал тогооны өрөөнд орж бас хоорондоо баахан маргалдсан. Би ялааны алуур бариад ялаа алаад явж байгаад гэрт ялаа орууллаа гэсэн чинь яадгийн, хохино гэхээр нь би С-н толгой руу 1 удаа зөөлөн цохисон. Тэгтэл С намайг үсдэж газар унагаж дарж аваад миний нүүрийг маш олон удаа маажсан. Би гуйж байж доороос нь босоод ахиад маргасан. Намайг согтуу байна гээд С дайраад байсан. Би чамайг цагдаад өгнө гээд ах дүү нарлуугаа утсаар яриад ийм юм боллоо гэсэн чинь тэд ах дүү нар байж нэгнийгээ цагдаад өгөөд яахав гэж намайг ятгаад болиулсан. Би тэгэхээр нь С-д чамайг би цагдаад өгөхөө болилоо, нүүрний шарханд түрхэх тос авч өгөөрэй гэсэн чинь яг ш дээ тос авч өгөхгүй гээд гэрээс яваад өгсөн. Гал тогоонд болсон асуудал хажууд ямар ч хүн байгаагүй. Ээж цаана унталгын өрөөнд унтаа байдалтай байсан. Сүүлд хамаг юм дууссаны дараа С-г явахаас өмнө манай ах Г ирээд С-тай хамт явсан. Бид хоёрын хэн нь ч согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. Миний нүүрэнд маш олон маажуулсан шарх байна. Ер нь их өвдөж байна. Биеийн энд тэнд их л өвдөж байна. С бид 2 урд нь ингэж маргаж муудалцаж байгаагүй. Миний хувьд одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Миний төрсөн эгчийн хүүхэд С.С надад учирсан эмчилгээний зардлыг тухай бүрт нь төлж барагдуулсан тул надад ямар нэг санал гомдол байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/, гэрч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр 11 цагийн орчимд Замын-Үүд сумын 3 дугаар багт амьдардаг Г гэх айлын төрсөн ээж М гэх хүний биеийн байдал ямар байгаа талаар мэдэх санаатай гэрт нь ороход Т.Ц, С.С нар хоорондоо зодолдсон, муудалцсан байдалтай Т.Ц-н нүүр урагдаж цус гарч байсан. Тэгээд тэр хоёрыг ингэж болохгүй ах дүү нар, төрөл садан байж гэж хэлээд тэр хоёрыг эвлэрүүлээд би С.С-тай гэрээс гараад явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/, 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 04/016 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Т.Ц-н эмнэлгийн картын хуулбар, нүүрэн тус газрын маажсан шархыг харуулсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 16-19/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч С.С нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч С.С нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирогч Т.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Миний хувьд одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Миний төрсөн эгчийн хүүхэд С.С надад учирсан эмчилгээний зардлыг тухай бүрт нь төлж барагдуулсан тул надад ямар нэг санал гомдол байхгүй...” гэснийг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Т.Ц шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч С.С нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч С.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу, хяналтын прокурортой 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ. Иймд шүүгдэгч С.С-д ял оногдуулахдаа хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулж, оногдуулах торгуулийн ялын хэмжээ бага учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт С.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.С-д 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч С.С-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч С.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон иргэний баримт бичиг, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.Ц