Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 54

 

                    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

        Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг би “Дэвшил-Увс” ХХК-ийн “Увс аймгийн Ховд суманд концессоор хийгдэх нэгдсэн халаалтын сүлжээний ажлыг хийлгэхээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон Ган эв ундраа хязгаарлагдмал хариуцлагатай компаний хооронд хийгдсэн гэрээ хууль бус байх тул хүчингүй болгуулах тухай ” шаардлага бүхий нэхэмжлэлтэй Увс аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч “Д-У” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Д-У” ХХК нь Увс аймагт анх удаа сумын нэгдсэн халаалтын сүлжээг, өөрийн хөрөнгөөр Бөхмөрөн суманд, 2014 онд гүйцэтгэсэн бөгөөд энэ жишгээр бусад олон сумуудад нэгдсэн халаалтын сүлжээ байгуулагдаж байгаа.

        Манай компани нь 2015 онд Ховд суманд нэгдсэн халаалтын сүлжээг байгуулахаар Аймгийн Засаг даргатай гэрээ байгуулсан боловч ажлын зураг төсөвт магадлал хийгдэх хугацаа удааширч гэрээнд заагдсан хугацаанд ажлаа хийж гүйцэтгэж чадаагүй болно. Аймгийн Засаг даргад хугацааг сунгах хүсэлт гаргасан боловч хугацааг сунгалгүй концессийн гүйцэтгэгчийг сонгох шалгаруулалт зарласан.

       Манай компанийг тухайн шалгаруулалтын баримт бичгийн “ерөнхий шаардлага”-г хангаагүйгээс шалгаруулалтад орох боломжгүй болохыг аймгийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 1/647 тоот албан бичгээр мэдэгдсэн. Мэдэгдлийн хариуд манай компани тухайн шалгаруулалтын үнэлгээг хууль бус, шалгаруулалтын баримт бичигт байхгүй заалтаар хассан гэж үзэн хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 29 тоот бичгээр мэдэгдэхэд тухайн шалгаруулалтад орсон бүх компани шаардлага хангаагүй тул ямар нэг компанитай гэрээ хийгдээгүй талаар аймгийн Засаг даргын нэрээр 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 1/759 дугаартай албан тоот ирүүлсэн.

Иймд бид дахин шалгаруулалт явагдана гэсэн ойлголт авсан байсан боловч олон нийтэд зарлан мэдэгдэж шалгаруулалт явуулахгүйгээр Ган эв ундраа ХХК-тай 2017 оны 08 дугаар сарын 05-ны өдөр гэрээ хийж ажил эхлүүлсэн тухай аймгийн Засаг даргын Тамгын газрын ХОХБХ-ийн дарга Бат-Ерөөлтөөс мэдлээ.

Иймд шалгаруулалт хийлгүйгээр өөрийн танил талаа харж концессийн гэрээг байгуулсан нь манай болон бусад компани, байгууллагуудын шалгаруулалтад оролцох эрхийг зөрчсөн байх тул уг гэрээг зөвшөөрөхгүй шүүхэд хандаж байна.

Уг гэрээ нь хууль бус байх тул хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Дэвшил-Увс ХХК-ийн Увс аймгийн Ховд суманд концессоор хийгдэх нэгдсэн халаалтын сүлжээний ажлыг хийлгэхээр Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон Ган эв ундраа хязгаарлагдмал хариуцлагатай компаний хооронд хийгдсэн гэрээ хууль бус байх тул хүчингүй болгуулах тухай “ нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт хариуцагчийн зүгээс дараах тайлбарыг гаргаж байна.

  1. Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 103 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар

баталсан “Концесс олгох уралдаант шалгаруулалтын Урьдчилсан шалгаруулалтын жишиг баримт бичиг”-ийн 3.1.2.3 дахь заалтаар сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ........ биелүүлээгүй, .........; гэдэг үндэслэлээр тухайн уралдаант шалгаруулалтын ерөнхий шаардлагыг хангаагүй учраас 1 дүгээр шатны шалгаруулалтаас хасагдсан.

Иймд тухайн ХХК-тай гэрээ байгуулах боломжгүйг албан тоотоор мэдэгдсэн. Нэмэлт баримтыг шүүхэд гаргаж өгнө” гэжээ.

 

          Нэхэмжлэгч “Д-У” ХХК 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “ Манай компани нь 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 53 тоот албан бичгээр гаргасан нэхэмжлэлээс татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч “Д-У” ХХК нь шүүхэд “Увс аймгийн Ховд суманд концессоор хийгдэх нэгдсэн халаалтын сүлжээний ажлыг хийлгэхээр Увс аймгийн Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон Ган эв ундраа хязгаарлагдмал хариуцлагатай компаний хооронд хийгдсэн гэрээ хууль бус байх тул хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж энэ талаарх тайлбарыг шүүхэд 2017 оны 10 сарын 25-ны өдөр ирүүлжээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь болон хэсэгчлэн татгалзах эрхтэй байна.

          Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

         Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

          1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан  “Д-У” ХХК-ийн “Увс аймгийн Ховд суманд концессоор хийгдэх нэгдсэн халаалтын сүлжээний ажлыг хийлгэхээр Увс аймгийн Увс аймгийн Засаг даргын Тамгын газар болон Ган эв ундраа хязгаарлагдмал хариуцлагатай компаний хооронд хийгдсэн гэрээ хууль бус байх тул хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

         2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200/далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

       3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 , 69 дүгээр зүйлийн 69.2 дахь дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах болон захирамжинд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЦЭЦЭГ