Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 650

 

О.Тэмүүжин, Б.Мягмаржав нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Нямцэцэг,

Ялтан О.Тэмүүжин, Б.Мягмаржав нарын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

Нарийн бичгийн дарга П.Учралгэрэл нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Б.Халиун, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан нарын өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан давж заалдах гомдлоор О.Тэмүүжин, Б.Мягмаржав нарт холбогдох эрүүгийн 201625031693 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Хөх чоносууд овогт Отгонбаярын Тэмүүжин, 1994 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагч О.Уранчимэгийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар баг, 12 дугаар гудамжны 9 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сонгинохайрхан дүүргийн Хархорины хойд дэнжийн нийтийн байранд оршин сууж байсан,

Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял шийтгүүлж, Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 73 дугаар шүүгчийн захирамжаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 21 хоногийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасч, Хөвсгөл аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 5 сар 28 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, /РД: РЭ94091619/,

2. Бөхчүүд овогт Батдоржийн Мягмаржав, 1995 оны 5 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухааны их сургуулийн үйлдвэр технологийн сургуулийн хөнгөн үйлдвэрийн 4 дүгээр дамжаанд сурдаг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжийн хангай гудамжны 25 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр Төмөр замын Жаргалант байрны 4-81 тоотод оршин сууж байсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 305 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож байсан, /РД: РД95053018/.

О.Тэмүүжин нь урьд дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байхдаа 2016 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өнжүүл” нийтийн байрны 2 давхарт, Т.Өлзийсайханыг гэртээ унтаж байхад “Самсунг Эс 4”, “Айфон 4 эс” загварын 2 ширхэг гар утаснуудыг нь хулгайлан авч, 300.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Б.Мягмаржавтай бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 11А байрны урд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан иргэн Н.Анхбаяр, П.Отгонбаяр нарыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт,

Б.Мягмаржав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, О.Тэмүүжинтэй бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 11А байрны урд бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлан иргэн Н.Анхбаяр, П.Отгонбаяр нарыг зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулан танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: О.Тэмүүжингийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар, Б.Мягмаржавын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...О.Тэмүүжинг ялтай байх хугацаандаа бусдын эд хөрөнгийг хулгайлах, бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж, хүч хэрэглэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг, Бөхчүүд овогт Батдоржийн Мягмаржавыг бүлэглэн бусдыг илтэд үл хүндэтгэн догшин авирлаж, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, О.Тэмүүжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 /арав/ жил 1 /нэг/ сар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хорих ял, Б.Мягмаржавд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ял тус тус шийтгэж, О.Тэмүүжинд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялаас 1 жилийг нэмж нэгтгэн 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, О.Тэмүүжинд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 11 жил 1 сарын хорих ял дээр Сум дундын 27 дугаар шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 28 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хорих ялын эдлээгүй үлдсэн 5 сар 28 хоногийн 5 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх ялыг 11 жил 6 сарын хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар О.Тэмүүжинд оногдуулсан 200.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жил 6 сарын хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Мягмаржавт оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлж, шүүгдэгч Б.Мягмаржавд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Нокиа с3 загварын гар утас битүүмжлэгдсэнийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц О.Тэмүүжинд буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.Тэмүүжин, Б.Мягмаржав нараас хохирлын 1.000.000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан хохирогч П.Отгонбаярт олгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар О.Тэмүүжингийн цагдан хоригдсон 247 хоногийг, Б.Мягмаржавын цагдан хоригдсон 15  хоногийг тус тус хорих ял биечлэн эдлэх ялын хугацаанд оруулан тооцохоор шийдвэрлэжээ.

Ялтан нарын өмгөөлөгч Х.Сэргэлэнбат давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч нарт ял халдаасныг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. О.Тэмүүжин, Б.Мягмаржав нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа. Б.Мягмаржавын хувьд учруулсан хохирлоо төлж барагдуулсан, О.Тэмүүжин нь хохирлыг төлж барагдуулна гэдгээ илэрхийлсэн. Иймээс Б.Мягмаржавт оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож өгнө үү. О.Тэмүүжингийн хувьд ялтай байдал, дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлсэн гэх нөхцлүүд нь байхгүй болж, эрх зүйн байдал нь дээрдсэн тул мөн тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоож өгнө үү” гэв.

Прокурор П.Нямцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нарт холбогдох хэргийн хувьд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан зүйлчлэлийг өөрчилж, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй. О.Тэмүүжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар ял шийтгэгдсэн байсныг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар, О.Тэмүүжин, Б.Мягмаржав нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар ял оногдуулсан байсныг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулах үндэслэлтэй. Өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын О.Тэмүүжинд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байсныг мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэг болгон зүйлчилж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох хүсэлт нь үндэслэлгүй. Учир нь хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт “... дээрмийн гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд” гэж заасан байгаа. Иймд өмгөөлөгчийн ярьж байгаа шиг хоёр хуулийг хольж хэрэглэх хууль зүйн үндэслэл байхгүй. Иймд дээр дүгнэсний дагуу зүйлчлэлийг өөрчлөн шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын давж заалдах гомдлоор ялтан О.Тэмүүжин, Б.Мягмаржав нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлыг болон ял шийтгүүлсэн этгээд давж заалдах гомдол гаргасан эсэхийг харгалзахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүх О.Тэмүүжинг дээрмийн гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялтай байхдаа бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ял шийтгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Учир нь, давж заалдах шатны шүүхээр О.Тэмүүжин, Б.Мягмаржав нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх явцад, 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр батлагдсан Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсөн бөгөөд уг хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ.

2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт заасан “энэ гэмт хэргийг ... дээрэмдэх, ... гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн бол ...” гэсэн шинжийг шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн шинжид хамааруулаагүй байх тул эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн хуулийг хэрэглэх үндэслэлтэй байна.

О.Тэмүүжингийн дээрх үйлдлийг “бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан” шинжээр нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж болох боловч О.Тэмүүжин нь хулгайн гэмт хэргийн улмаас бусдад 300.000 төгрөгийн хохирол учруулжээ.

Түүний бусдад учруулсан хохирол нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирлын хэмжээнд хүрэхгүй байна.

Учир нь, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн хуульчилсан тайлбарт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. ...” гэжээ.

Харин 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлд заасан танхайрах гэмт хэрэг, мөн гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх гэсэн гэмт хэргийн шинж нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон тул О.Тэмүүжин, Б.Мягмаржав нарын үйлдсэн танхайрах гэмт хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, дараах байдлаар үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт өгөв.

Б.Мягмаржав, О.Тэмүүжин нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, бүлэглэн 2016 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 11а байрны урд иргэн Н.Анхбаяр, П.Отгонбаяр нарыг зодож, бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

Хохирогч П.Отгонбаярын “...2016 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө найз Н.Анхбаярын гэрт нь эхнэр Б.Мария болон Н.Анхбаяр, Т.Анударь нарын хамт миний төрсөн өдрийг тэмдэглэж, шөнийн 4 цагийн үед Анхбаяр бид хоёр дэлгүүрээс тамхи, пиво авах гээд Баянгол дүүргийн 3 дугаар хороо, 51 дүгээр байрнаас гараад тэр хавьд онгорхой дэлгүүр байхгүй байсан тул Богд Арын Панасониктой байрны ертенцийн зүгээр урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн хажуугаар явж байтал 2 залуу урдаас гарч ирээд, "зодолдоё, ална барина" гээд Н.Анхбаярыг шөвгөр бор царайтай залуу нь заамдаж аваад маргалдсан. Салгах гэтэл салж өгөхгүй зууралдаад байсан. Тэр үед нөгөө залуу нь “би ажлынхаа газрыг түгжсэн үү, шалгачихаад ирье” гээд цаашаагаа гүйчихээд буцаж ирээд Н.Анхбаяртай маргалдаад Н.Анхбаяр “чи хэдэн оных юм” гэхэд “би 95 оных” гэхэд “чи жаахан хүүхэд байна ш дээ” гэхэд нөгөө нь “чи ах юм байна, гэхдээ чамайг зодож чадна” гэж дайраад очиход шөвгөр бор царайтай залуу нь “ахын дүү, чи тэнсэнтэй байгаа шүү дээ, чи ийм хэрэгт орооцолдож болохгүй. Тэнсэнтэй байгаагаа мэдэхгүй байгаа юм уу” гэх зүйл ярьсан. Тэгээд шөвгөр бор царайтай нь Н.Анхбаярыг хашааны хайс руу түлхэж унагаагаад дээрээс нь дарж унаад толгой, нүүр, бие рүү нь гараараа цохиод байсан. Тэр үед нөгөө хамт байсан залуу нь намайг заамдаж аваад толгой руу цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би хамгаалаад “болъё, би найзыгаа аваад явъя” гээд дарж унагаад хэлсэн чинь “тэгье, больё” гээд бид 2 босоод тэр 2 дээр очоод нөгөө залууг нь Анхаагийн дээрээс босгоод Н.Анхбаярыг босгох гээд тонгойсон чинь надтай зууралдсан гэх залуу нь миний нүүр лүү 1 удаа өшиглөсөн. Толгой эргээд намайг өшиглөсөн залууг тэврээд авсан. Тэр үед Анхааг зодож байсан залуу хажуу талаас миний толгой руу цохиод намайг газарт унагаасан. Намайг газарт унасан байхад тэр 2 миний бүх бие болон нүүр, толгой руу тал талаас өшиглөөд гараараа цохиод байсан. ...” /1 дүгээр хавтас, 41-42 дугаар хуудас/,

Хохирогч Н.Анхбаярын “...2016 оны 4 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө ... 3 цаг 30 минутын үед дэлгүүр лүү П.Отгонбаяр бид 2 тамхинд гарсан. ... Тэгээд Панасониктой байр, сүм хоёрын голоор явж байтал 2 залуу урдаас орилоод “зодолдъё” гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би нэг залууд нь зодоон хийхгүй гэж хэлсэн. Тэгсэн нэг залуу нь намайг цохиж авах гээд дайрсан бөгөөд тэр залуутай барьцалдаж аваад байж байтал тэр залуу миний нүүр лүү гараараа цохиод, хашаа руу түлхээд газарт унагаасан. Тэр үед миний мөр мултарсан. Тэгэхээр нь мөр мултарчихлаа, болиочээ гэхэд тэр залуу учир зүггүй миний нүүр лүү өшиглөөд цохиод байсан. Доошоо харж хэвтсэн чинь нуруу руу өшиглөж цохисон. Тэр үед П.Отгонбаяр нөгөө залуутай барьцалдаад газарт уначихсан байсан. Тэр залууг цохиогүй байсан. Манай найзыг салгая гэж хэлээд намайг босгох гээд ирсэн. Тэр үед намайг зодож байсан залуу хамт байсан залуутай нийлээд газарт унагаад 2 талаас өшиглөж цохиод байсан. ... Арай гэж мөрөө оруулаад байж байтал тэр хоёр залуугийн нэг нь "чи тэнсэнтэй байж одоо болно" гэхэд нэг залуу цаанаас болиоч ээ гэж орилоод иртэл нөгөө 2 залуу 9а байр луу зугтсан. Би босоод нөгөө залуутай хамт хөөгөөд 9а байрны урд нэг нь явж байхаар нь барьж авсан. …” /1 дүгээр хавтас, 44-45 дугаар хуудас/,

Гэрч Б.Мариягийн “...2016 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр ... шөнийн 3 цаг өнгөрч байх үед Н.Анхбаяр, П.Отгонбаяр нар гарч дэлгүүрээс тамхи аваад ирье гээд явсан. Гарснаас нь хойш 4 цаг өнгөрөөд ирэхгүй байхаар нь санаа зовоод Н.Анхбаяр луу залгахад “цагдаагийн хэлтэс дээр байна. П.Отгонбаяр гэмтлийн эмнэлэг рүү явсан. Удахгүй очлоо” гэж хэлсэн. ...Тэр хоёр 7 цагийн үед гэртээ ирэхэд П.Отгонбаярын хамар нь боолттой, хавдсан, чих сэтэрсэн, оёдол тавиулсан байдалтай, 1 шүд нь хугарсан, 3 шүд эмтэрсэн байсан. Н.Анхбаярын толгой нь хавдсан, биеэр нь их хэмжээний шарх, сорви болсон байсан” /1 дүгээр хавтас,61 дүгээр хуудас/,

Гэрч Т.Анударийн “...2016 оны 4 дүгээр сарын 16-ны … шөнө 3 цагийн үед Н.Анхбаяр, П.Отгонбаяр хоёр тамхи авахаар гарсан. ... 1 цаг орчмын дараа Н.Анхбаяр над руу яриад “цагдаа дээр байна, П.Отгонбаяр гэмтэл рүү явсан, зодоон болсон” гэж хэлсэн бөгөөд “юун зодоон болсон юм” гэхэд “бид 2 зодуулсан” гэж хэлсэн. Б.Мария бид хоёр гэртээ хүлээж байхад 7 цагийн үед П.Отгонбаяр, Н.Анхбаяр хоёр ирсэн. П.Отгонбаяр чих, хамраа оёулсан, шүд нь хугарчихсан, битүү боолт болсон байсан. Н.Анхбаяр ил боолт байхгүй ч гэсэн толгой нь битүү улаан хүрэн хавдаж, цус хурсан, нүд нь хөхөрсөн, хувцсаа тайлахад нуруу нь улаан эрээн болсон байсан ..." /1 дүгээр хавтас, 62 дугаар хуудас/,

О.Тэмүүжингийн сэжигтнээр өгсөн “...2016 оны 4 дүгээр сарын 16-ны орой ... би дүүгийнхээ ажлаас түрүүлээд гарсан. Миний араас манай дүү Б.Мягмаржав гарч ирсэн. Тэр үед өндөр, нам 2 ах “хөөе яагаад инээлдээд байна аа. Харьцах уу” гэж хэлээд миний урдаас ирсэн. Тэр үед манай дүү Б.Мягмаржав намайг “ахаа боль, яах гээд байгаа юм. Наад хүмүүс чинь яагаа ч үгүй байна шүү дээ” гэж хэлэхээр нь бид 2 эргэж хараад явах гээд 2-3 алхтал тэр 2 ах Б.Мягмаржав бид хоёрын араас ирээд дүү нар том болчихжээ, байрныхаа урд зодуулах нээ гэж байснаа өндөр залуу нь араас ирээд манай дүүгийн нүүр лүү гараараа цохисон. Тэгээд бид нар бие биетэйгээ барьцалдаад зогсож байгаад би дүү Б.Мягмаржав руу хартал тэр өндөр ах Б.Мягмаржавын дээр нь гарчихсан боосон байдалтай цохиод байсан. Тэгэхээр нь намайг зуурсан байсан намхан ахыг урагш нь гуд татаад “тавь” гэж хэлээд толгой руу нь гараараа цохисон. Бас нуруу руу нь гараараа хэдэн удаа цохисон. Тэгээд Б.Мягмаржав руу хатал тэр өндөр ах “за болъё” гэж хэлээд манай дүүг тавьсан. Дүүг босоод ирэхээр нь татаж аваад за болъё гэж хэлээд дүүгээ урдаа түлхээд гэрэлтэй хэсэг рүү зугттал нөгөө намхан биетэй ах миний хөлнөөс татаад газар унагаасан. Би босох гэтэл өндөр ах нь ирээд миний нуруу руу өшиглөсөн. Тэр үед Б.Мягмаржав ирээд өндөр ахыг холдуулаад намайг татаж босгоод Б.Мягмаржав бид 2 цаашаа гүйсэн. ...” /1 дүгээр хавтас, 112 дугаар хуудас/,

Б.Мягмаржавын сэжигтнээр өгсөн “...2016 оны 4 дүгээр сарын 16-ны орой ... О.Тэмүүжин ах 2 залуутай муудалцсан зогсож байсан. Би очоод салгах гээд нилээн оролдсон. Нөгөө 2 залуу нь их согтуу байсан. Нэг нь бүүр дайраад байсан. Би хажуугаас нь салгах гэтэл нэг нь намайг цохиод авсан. Би зөрүүлээд юм хэлж чадаагүй. Манай ах О.Тэмүүжин намайг цохисон залуутай барьцалдаж аваад зодолдсон. Цаанаас нөгөө залуу нь ирээд бас зодох гэхээр нь би тэр залууг нь болиулах гэтэл тэр залуу намайг унагаагаад дээр гараад нилээн цохисон. Тэр үед О.Тэмүүжин ах нөгөө талд нөгөө залуугийн дээр нь гарчихсан “манай дүүг тавь. Бид 2 явлаа” гэхэд миний дээр гарсан залуу намайг тавихаар нь би боссон. Би босоод О.Тэмүүжин ахыг аваад “та одоо хэрэг төвөгт яах гэж орох гээд байдаг юм. Тэнсэнтэй байгаа биз дээ” гэж хэлээд уурласан. Нөгөө 2 залуугийн надтай маргалддаг бүдүүн залуу буюу Н.Анхбаяр нь О.Тэмүүжин ах руу дайраад үгээр идээд байсан. ...О.Тэмүүжинг цохих гэхээр нь замаас нь П.Отгонбаярыг барьж автал над руу дайраад, намайг цохих гэхээр нь би П.Отгонбаярыг гараараа нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. ...” /1 дүгээр хавтас, 106-108 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5364 дүгээр шинжээчийн дүгнэлт “…П.Отгонбаярын  биед  гайморын  хөндийн  гадна  ханын   цуурал,  тархи доргилт, хамрын нурууны шарх, зөөлөн эдийн няцрал, 1 шүдний хугарал, 3 шүдний паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” / 1 дүгээр хавтас, 76 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5363 дугаар шинжээчийн дүгнэлт “...Анхбаярын биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, нуруу, цээжний цус хуралт, нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ..." /1 дүгээр хавтас, 74 дүгээр хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Иймд О.Тэмүүжин, Б.Мягмаржав нарын үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

О.Тэмүүжин, Б.Мягмаржав нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж, тэдэнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Ялтан О.Тэмүүжин нь 309 хоног, ялтан Б.Мягмаржав нь 78 хоног цагдан хоригдсон байх бөгөөд тэдний цагдан хоригдсон хоногийн 1 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагтай дүйцүүлэн тооцож, тэднийг оногдуулсан ялыг эдэлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд ялтан нарын өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын “эрх зүйн байдлыг дээрдүүлэн шийдвэрлэж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.