Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 196

 

 

“Булнайн түшиг” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, нэхэмжлэгч Ш.Бат-Энх, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Оюунгэрэл, өмгөөлөгч Д.Мөнхдэлгэр, хариуцагч У.Цолмон нарыг оролцуулан хийж, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2016/0188 дугаар магадлалтай, “Булнайн түшиг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Х.Батсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Булнайн түшиг” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани 2011 оноос Төв аймгийн Баянхангай, Лүн сумын нутагт “Тээг” нэртэй газарт ХҮ-013647 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшиж, хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн. Энэхүү тусгай зөвшөөрөл бүхий газарт хийх 2014 оны “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө”-г батлуулахаар 2014 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргад хүргүүлсэн боловч уг төлөвлөгөөг баталсан эсэх талаар ямар нэгэн хариу өгөөгүй, үүнээс хойш удаа дараа төлөвлөгөөг баталж өгөхийг хүссэн боловч шалтгаангүйгээр батлаагүй. Манай ХҮ-013647 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дуусахаар байсан бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх батлагдсан төлөвлөгөө”-г зайлшгүй хавсаргах шаардлагатай байдаг тул аргагүйн эрхэнд Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст “бидний төлөвлөгөө батлагдахгүй байгаа хүндэтгэн үзэх шалтгааны тухай” мэдэгдэж, тусгай зөвшөөрөл сунгах хугацааг хойшлуулах хүсэлт гаргасан. Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсээс хүсэлтийг хүлээн авалгүй тусгай зөвшөөрлийг цуцалсан. Баянхангай сумын Засаг даргын “2014 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх төлөвлөгөө”-г батлахгүй байсны улмаас манай компанийн ХҮ-013647 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл цуцлагдаж, хайгуулын ажилд зарцуулсан нийт 294.239.207 төгрөг ямар ч үр ашиггүй болж үлдлээ. Иймд, Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын “Булнайн түшиг” ХХК-ийн “Тээг” нэртэй ХҮ-013647 тоот тусгай зөвшөөрлийн талбайн 2014 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг батлаагүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, манай компанид учирсан хохирол болох 294.239.207 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Баянхангай сумын Засаг дарга /У.Цолмон/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, “Булнайн түшиг” ХХК-ийн 2014 оны  Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө”-г батлуулахаар тус компанийн геологич Б.Цогнэмэх 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ирсэн. Тус компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 35.2.2-т заасны дагуу 2011-2013 оны тайланг ирүүлээгүй, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2-т заасан үйл ажиллагаа явуулаагүй учир нөхөн сэргээх эвдэрсэн газрыг булах үйл ажиллагаа 2013 онд хийгээгүй. 2013 онд байгаль орчныг хамгаалах мөнгөн хөрөнгө төвлөрүүлээгүй, хайгуулын ажлын зардлын доод хэмжээний зардал тодорхойгүй тул нөхөн сэргээлт хийгдээгүй байдаг. Иймээс Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Хишигбаатарын хамт уулзаж ярилцаад “тус компанийг 2011, 2012, 2013 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөний тайлан, хайгуулын ажилд зарцуулсан зардлын талаар мэдээллээ даруй ирүүлэхийг геологич Б.Цогнэмэхээр дамжуулан мэдэгдсэн” боловч дээрх материалыг ирүүлээгүй тул 2014 оны төлөвлөгөөг батлах боломжгүй болсон. Төв аймгийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Б/08 дугаар захирамжаар Баянхангай сумын Засаг даргаар томилогдсон У.Цолмон би 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ажил хүлээлцэж байсан бөгөөд энэ өдөр “Булнайн түшиг” ХХК-ийн ямар ч хүнтэй уулзаагүй, төлөвлөгөө хүлээн аваагүй бөгөөд нэхэмжлэлд “2014.03.31-ний өдөр төлөвлөгөөг батлуулахаар өгсөн” гэсэн нь үндэслэлгүй юм. Мөн намайг Засаг даргаар томилогдох хүртэл сумын Засаг даргын үүргийг Б.Отгон-Эрдэнэ орлон гүйцэтгэж байсан бөгөөд нэхэмжлэгч энэ хугацаанд нь төлөвлөгөөг батлуулахаар өгөх боломжтой байхад төлөвлөгөөгөө хугацаандаа гаргаагүй нь тухайн компанийн хариуцлагагүй үйлдэл болохоос захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.

Төв аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.1.1, 38.1.3, 38.2, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2, 3, 4 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Булнайн түшиг” ХХК-ийн “Төв аймгийн Лүн, Баянхангай сумын нутагт байрлах “Тээг” нэртэй газарт орших ХҮ-013647 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2014 оны Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг батлаагүй Баянхангай сумын Засаг даргын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, компанид учирсан хохирол 294.239.207 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2016/0188 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхижээ.

Нэхэмжлэгч “Булнайн түшиг” ХХК хяналтын журмаар гаргасан гомдолдоо:   “Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах” гэж заасан байх бөгөөд энэ дагуу манай компани 2014 оны Байгаль орчныг нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг батлуулахаар хүргүүлсэн. Энэ нь Баянхангай сумын Засаг “Төлөвлөгөөг батлуулахаар надад 04 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн гэсэн тайлбар болон тус сумын байгаль орчны байцаагч н.Хишигбаатарын “Булнайн түшиг” ХХК-ийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахгүй байх ямар нэгэн үндэслэл байхгүй учраас түүнийг батлах нь зүйтэй” гэсэн 2014 оны 04 дүгээр сарын 10-ны тодорхойлолтоор нотлогддог. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4-т “энэ хуулийн 38.1.3-т заасны дагуу батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх” гэснийг давж заалдах шатны шүүх 2013 оны батлагдсан төлөвлөгөөг хүргүүлээгүй байна гэж энэ хуулийг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хуульд заасан “төлөвлөгөө” гэдэг нь тухайн оны төлөвлөгөөг хэлсэн байхад үүнийг өмнөх оны төлөвлөгөө гэж тайлбарласан нь хуулийг буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.5, 36.1.6-д заасан зохицуулалт нь хайгуулын ажлын явцад үүссэн сөрөг нөлөөлөлтэй холбоотой зохицуулалт бөгөөд “Булнайн түшиг” ХХК-ийн тус лицензийн талбайд хайгуул хийхэд байгаль орчинд сөрөг нөлөөлөхүйц ямар нэгэн нөхцөл байдал илрээгүй юм. Иймд, давж заалдах шатны шүүх энэ зохицуулалтыг хэрэглэх ёсгүй байсан гэж үзэж байна. Иргэн, хуулийн этгээдийн захиргааны акт гаргуулах хүсэлтийг захиргааны байгууллага, албан тушаалтан “татгалзсан” эсхүл хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй, хариу өгөхгүй байгаа зэргийг хууль бус эс үйлдэхүй гэх бөгөөд хариуцагч төлөвлөгөөг батлуулах тухай хүсэлт төлөвлөгөөг  авсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Өөрөөр хэлбэл, батлахаас татгалзсан тухай мэдэгдсэн болон нэмэлт бичиг баримт шаардсан талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор хянан баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэх ёстой байхад хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй, ямар нэгэн хариу өгөөгүй эс үйлдэхүйн улмаас манай компанийн ХҮ-013647 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүй болно. Иймд, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж  өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ

Ашигт малтмалтын газрын Геологи, уул уурхай, кадастрын хэлтсийн  даргын 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 79 дүгээр шийдвэрээр Төв аймгийн Лүн, Баянхангай сумын нутаг дэвсгэр Тээг нэртэй газарт 5200 гектар талбайд ашигт малтмалын хайгуул эрхлэх ХҮ-013647 тоот тусгай зөвшөөрлийг “Булнайн түшиг” ХХК-д  шилжүүлэн эзэмшүүлж, мөн оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 500 дугаар шийдвэрээр тусгай зөвшөөрлийн хугацааг 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгасан байна.

“Булнайн түшиг” ХХК-иас Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын 2014 оны төлөвлөгөөг батлуулахаар Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргад хүргүүлсэн, үүнийг хариуцагч “2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр тус компанийн геологич Б.Цогнэмэх төлөвлөгөөг батлуулахаар ирж уулзахад өмнөх оны хайгуулын ажлын тайлан, зардлын тайлан зэргийг авч ирэхийг мэдэгдэж буцаасан” гэж, харин нэхэмжлэгч “тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө буюу 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлөвлөгөөг батлуулахаар өгсөн боловч хариу өгөөгүй тул 04 дүгээр сарын 29-нд дахин хүсэлт гаргасан бөгөөд төлөвлөгөөг батлахгүй байсны улмаас манай компанийн тусгай зөвшөөрөл цуцлагдсан” гэж тус тус маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөө”-г 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчид өгсөн гэдгийг “Булнайн түшиг” ХХК-ийн геологич, гэрч Б.Цогнэмэхийн мэдүүлгээс өөр эргэлзээгүй нотлох баримт байхгүйгээс гадна, нэхэмжлэгчийн дээрх тайлбар гэрч Д.Хишигбаатар, С.Цогбаяр нарын мэдүүлэг болон Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргын Тамгын газрын Архив, бичиг хэрэгт хийсэн үзлэг, “Булнайн түшиг” ХХК-иас Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст хүргүүлж байсан албан бичиг зэрэг нотлох баримт, тухайн өдөр сумын Засаг даргын ажлыг хүлээлцсэн үйл баримтаар үгүйсгэгдэж байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг 2014 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хариуцагчид өгсөн байдал тогтоогдохгүй байх бөгөөд шүүхүүд тухайн үйл баримттай холбогдуулан хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу үнэлжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-т “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гээд 22.1.3-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөөг энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт” гэж заасны дагуу нэхэмжлэгч ХҮ-013647 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр /эсхүл үүнээс өмнө/ төрийн захиргааны байгууллага буюу Ашигт малтмалын газарт гаргах бөгөөд өргөдөлд Байгаль орчны менежментийн батлагдсан төлөвлөгөөг хавсаргах учиртай байжээ.

Гэтэл нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах өргөдөлд хавсаргавал зохих Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын 2014 оны төлөвлөгөөг 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар зохих этгээдэд батлуулахаар хүргүүлээгүй атлаа ашигт малтмалын хайгуулын ХҮ-013647 тоот тусгай зөвшөөрөл дуусгавар болсон асуудалд хариуцагч Төв аймгийн Баянхангай сумын Засаг даргыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй, энэ талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

Нөгөөтэйгүүр, 2014 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш “Булнайн түшиг” ХХК-иас Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлын 2014 оны төлөвлөгөөг Баянхангай сумын Засаг даргад хүргүүлсэн боловч өмнөх оны хайгуулын ажлын зардлын тайлан, төлөвлөгөө зэрэг Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3-т заасны дагуу баталгаажуулахад шаардагдах материалыг ирүүлээгүй болох нь тогтоогдсон, эдгээр баримтыг шаардан, Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх 2014 оны төлөвлөгөөг баталгаажуулаагүй хариуцагчийн үйлдэл, эс үйлдэхүй хууль зөрчөөгүй. 

Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална”, 38 дугаар зүйлийн 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж иш татсан энэхүү хэм хэмжээг давж заалдах шатны шүүх хэрэглэсэн нь буруу биш байх бөгөөд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтад Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 22 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 221/МА2016/0188 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т  зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                      М.БАТСУУРЬ

                           ШҮҮГЧ                                                                             Х.БАТСҮРЭН