Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Э.Б

Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д.Г-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Д.Г,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр баг өөрийн гэртээ эхнэр Т.Х-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн орой цагийн нь сайн санахгүй байна. Эхнэр маань охины хамт орой гэртээ ирсэн. Би өдөр нь гэртээ ганцаараа архи уусан байсан юм. Эхнэрээ гаднаас орж ирэхээр нь хаагуур хоноод яваад байгаа юм бэ гэж маргалдсан бөгөөд архи нилээн их ууж согтсон байсан болохоор эхнэрээ зодсон байсан. Зарим нэг зүйлийг нь сайн санахгүй байна. Би өөрийнхөө үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Эхнэрээсээ уучлалт гуйсан. Бид эвлэрч учраа олсон байгаа. Би өөрийнхөө гаргасан энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч Т.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Гэртээ ороход манай нөхөр Г архи уусан согтуу байсан. Г намайг хардаад уурлаж хэрүүл хийсэн. Намайг Сайншандад хоносон, өдөртөө Замын-Үүдэд ирсэнгүй гэж уурласан. Ингээд бид хоёр хэрэлдсэн ба Г миний нүүр рүү гараараа хэд цохиод авсан. Би нүүрээ хамгаалаад тонгойсон чинь миний үснээс залгаагаад үүд рүү чирсэн. Намайг гэрээс хөөж гаргах гэж байгаа нь тэр. Би гэрээс гарахгүй гээд гэрийнхээ үүдний коридорт газарт суусан чинь манай хүүхдийн цэнхэр сандлыг аваад Г миний нуруу, мөр, гар гээд энд тэнд нилээн олон цохисон. ...Нөхөртөө гомдолгүй. Бид 2 эвлэрсэн. Хойшид ахин ийм зан гаргахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Нэхэмжлэх зүйлгүй...”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20/

Аюулын зэргийн үнэлгээ /хх-ийн 6-7/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлт /хх-ийн 12-13/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17/

2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/023 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1.Т.Х-н биед зүүн тохойд шарх, дух, шанаа, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт,баруун шууны гадна дунд хэсэгт,зүүн мөрөн дээр, зүүн бугалганы гадна дунд талд, зүүн шууны гадна доод хэсэгт, зүүн гарын сарвууны ар талд цээжний урд зүүн дээд талд, цээжний зүүн ар талд далны дээр зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүдийн зүүн тохойд шарх гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба дух, шанаа, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт,баруун шууны гадна дунд хэсэгт,зүүн мөрөн дээр, зүүн бугалганы гадна дунд талд, зүүн шууны гадна доодхэсэгт,зүүн гарын сарвууны ар талд , цээжний урд зүүн дээд талд, цээжний зүүн ар талд далны дээр зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтлүүд дан дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27/

Шүүгдэгч Л.Г-н урд зөрчлийн хэрэгт холбогдсон эсэх талаарх лавлагаа /хх-ийн 37-39/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл тэмдэглэл /хх-ийн 39/

Шүүгдэгч Д.Г-н хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хх-40-46/

Шүүгдэгч Д.Г-н өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шадгах хуудас /хх-ийн 47-48/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтэст хохирогч Т.Х-н гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн өргөдөл /хх-ийн 50/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Д.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 17 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт өөрийн гэртээ эхнэр Т.Х-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж түүнийг зодож  эрүүл мэндэд нь зүүн тохойд шарх, дух, шанаа, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт, баруун шууны гадна дунд хэсэгт, зүүн мөрөн дээр, зүүн бугалганы гадна дунд талд, зүүн шууны гадна доод хэсэгт,зүүн гарын сарвууны ар талд цээжний урд зүүн дээд талд, цээжний зүүн ар талд далны дээр зөөлөн эдийн няцрал цус хуралт гэмтэл учруулжээ.

Шүүгдэгч Д.Г-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Х-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Гэртээ ороход манай нөхөр Г архи уусан согтуу байсан. Г намайг хардаад уурлаж хэрүүл хийсэн. Намайг Сайншандад хоносон, өдөртөө Замын-Үүдэд ирсэнгүй гэж уурласан. Ингээд бид хоёр хэрэлдсэн ба Г миний нүүр рүү гараараа хэд цохиод авсан. Би нүүрээ хамгаалаад тонгойсон чинь миний үснээс залгаагаад үүд рүү чирсэн. Намайг гэрээс хөөж гаргах гэж байгаа нь тэр. Би гэрээс гарахгүй гээд гэрийнхээ үүдний коридорт газарт суусан чинь манай хүүхдийн цэнхэр сандлыг аваад Г миний нуруу, мөр, гар гээд энд тэнд нилээн олон цохисон. ...Нөхөртөө гомдолгүй. Бид 2 эвлэрсэн. Хойшид ахин ийм зан гаргахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Нэхэмжлэх зүйлгүй/ гэсэн мэдүүлэг хх-ийн 19-20/, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/023 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Д.Г нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Д.Г нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Т.Хэрлэнцэцэг мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Нөхөртөө гомдолгүй. Бид 2 эвлэрсэн. Хойшид ахин ийм зан гаргахгүй гэдэгт итгэлтэй байгаа. Нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цэнхэр өнгийн хуванцар сандлыг устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Д.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Д.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу, хяналтын прокурортой 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ. Иймд шүүгдэгч Д.Г-д ял оногдуулахдаа хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулж, оногдуулах торгуулийн ялын хэмжээ бага учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Д.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Г-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Д.Г нь оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Д.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт, бичиг нь хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цэнхэр өнгийн хуванцар сандлыг устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ           Д.Ц