Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Б.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э

Шүүгдэгч А.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт А.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, оюутан, ам бүл 3, ээж, дүүгийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл М овогт А.Ч,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч А.Ч нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төмөр замын  буудал дээр зүс таних М.М-тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ангийн охин Э-тай чатаар харилцаж байсан чинь М.М надруу чатаар Э-тай чатаар харилцахаа боль, халтар банди минь гэсэн. Тэгэхээр нь би ирээд уулзахгүй юу даа гэж хариу бичсэн. Удалгүй М.М Замын-Үүдэд ирэхээр нь би уулзахаар очсон ба тухайн үед өөрийн түргэн уурнаасаа болоод ийм хэрэгт холбогдсон. Би өөрийн гаргасан үйлдэлдээ  гэмшиж байна, миний буруу, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр найз охин Э-н аав ээжтэй танилцах гээд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд очоод 2 хоноод 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хот руу явахаар гэрээс нь гарах гэтэл гадаа нь Э-н арван жилд хамт сурч байсан гэх 3 залуу машинтай ирээд гараад ир уулзъя гээд намайг дуудаад байсан. Манай найз охин гараад яах юм гээд байсан. Ингээд галт тэрэг хөдлөх дөхөөд би найз охиноо галт тэрэгнээс буулгах гээд гадаа гартал нөгөө 3 залуу гадаа байсан. Ч гэх залуу нь миний хажууд ирээд хоёулаа ийшээ гараад зодолдоё гээд байхаар нь манай найз охин Ч-т хандаж яах гээд байгаа юм болиоч гэхэд чи өөрөө хэлгүй юм уу гээд миний зүүн талын нүд орчим 2 удаа цохичихоод яваад өгсөн ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 7-8 дугаар хуудас/

Гэрч Б.Н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт: “...2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 цаг 50 минутын орчим би Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэргэний ... дугаар вагонд ажил үүрэг гүйцэтгэж байсан. Вагоны урд талд байсан тэргэнцэрийн харалдаа 2 залуу, 1 эмэгтэй 3-лаа зогсож байсан. Нэг харахад нэг эрэгтэй нь нэг эрэгтэйгээ нэг удаа цохичихоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дугаар хуудас/

Насанд хүрээгүй гэрч Э.Э: “...2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 12 цагийн үед би Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байх ажил дээрээ байхад над руу Ч залгаж “чи хаана байгаа юм бэ найз залуу чинь хамт байна уу, гэхээр нь ”ажил дээрээ байна, манай найз залуу хамт энд байна гэхэд байж байгаарай би одоо очлоо” гэж хэлсэн. Ингээд би найз залуугийн хамт ажлаас гараад харих гээд явж байхад Ч дахин залгаад “ ажил дээрээ ирэхгүй юм уу” гэж асуухад нь би очихгүй гэж хэлсэн. Ч “би танай дэлгүүрээс юм авах гэсэн юм “ гэхээр нь би ганцаараа гэрээс гарахад гэрийн гадаа Ч нь Б, Г нарын хамт машинтай ирсэн байхаар нь машинд нь суугаад юм ярьж байхад М тагтан дээр гараад ирсэн. Ч М-г хараад гараад ир гээд орилоод байхаар нь болиоч гээд гэр лүү орсон. Би гэрт ороод аав ээжид болсон явдлын талаар хэлсэн...М тэр өдрийн суудлаар Улаанбаатар хот орох тасалбар авсан байсан тул бид  тав Замын-Үүдийн галт тэрэгний буудал дээр ирээд аав 2 дүүгийн хамт яваад өгсөн. Би М-н хамт вагонд сууж байгаад хөдлөх дөхөөд галт тэрэгнээс буух гэтэл М буугаад гадаа хамт зогсож байхад Ч ирээд М-д хандаж “чи утасны цаанаас ярьсан шигээ байхгүй яасан юм” гэхэд би Ч “болио цаашаа яв” гэж хэлсэн. М Ч-н өмнөөс юм хэлэхгүй зогсож байхад Ч “ чи хэлгүй юмуу” гээд М-н нүүрэнд 2 удаа цохиод яваад өгсөн. “ гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн 10905 тоот  дүгнэлтэнд

1.М.М-н биед зүүн нүдний алимны битүү гэмтэл, зүүн нүдний торлогийн ховхрол, болорын мултрал, шилэнцэрийн цус хуралт, зүүн нүдний хараагүйдэл бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх зүүн нүдний хараагүйдэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ тогтоох хүснэгтийн 4.7.8.20-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 20% нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэг хамаарна.

3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ

4. Тухайн цаг хугацаанд үүссэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй байна” гэх дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/

Шүүгдэгч А.Ч-н иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 26-27/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28/

Хохирогч М.М-н Төмөр замын цагдаагийн газарт гаргасан гомдол саналгүй талаарх өргөдөл /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.Чс нь 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь төмөр замын  буудал дээр зүс таних М.М-тай маргалдан улмаар нүүрэн тус газар нь гараараа хоёр удаа цохиж эрүүл мэндэд  нь зүүн нүдний алимны битүү гэмтэл, зүүн нүдний торлогийн ховхрол, болорын мултрал, шилэнцэрийн цус хуралт, зүүн нүдний хараагүйдэл бүхий гэмтэл учруулжээ.

Шүүгдэгч А.Ч-н энэ үйлдэл нь хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч А.Ч-н хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч М.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... ингээд галт тэрэг хөдлөх дөхөөд би найз охиноо галт тэрэгнээс буулгах гээд гадаа гартал нөгөө 3 залуу гадаа байсан. Ч гэх залуу нь миний хажууд ирээд хоёулаа ийшээ гараад зодолдоё гээд байхаар нь манай найз охин Ч-т хандаж яах гээд байгаа юм болиоч гэхэд чи өөрөө хэлгүй юм уу гээд миний зүүн талын нүд орчим 2 удаа цохичихоод яваад өгсөн ...Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6, 7-8/, гэрч Б.Н-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 17 цаг 50 минутын орчим би Замын-Үүд Улаанбаатар чиглэлийн 275 дугаар галт тэргэний ... дугаар вагонд ажил үүрэг гүйцэтгэж байсан. Вагоны урд талд байсан тэргэнцэрийн харалдаа 2 залуу, 1 эмэгтэй 3-лаа зогсож байсан. Нэг харахад нэг эрэгтэй нь нэг эрэгтэйгээ нэг удаа цохичихоод яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,  насанд хүрээгүй гэрч Э.Э шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би М-н хамт вагонд сууж байгаад хөдлөх дөхөөд галт тэрэгнээс буух гэтэл М буугаад гадаа хамт зогсож байхад Ч ирээд М-д хандаж “чи утасны цаанаас ярьсан шигээ байхгүй яасан юм” гэхэд би Ч “болио цаашаа яв” гэж хэлсэн. М Ч-н өмнөөс юм хэлэхгүй зогсож байхад Ч “ чи хэлгүй юмуу” гээд М-н нүүрэнд 2 удаа цохиод яваад өгсөн. “ гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн шинжээчийн 10905 тоот  дүгнэлт /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч А.Ч нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлийн талаар маргаан гаргаагүй болно. Хохирогч М.М нь мөрдөн шалгах ажиллагаанд надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэж мэдүүлж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч А.Ч-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь  шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 Шүүгдэгч А.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчийн дээрх хөнгөрүүлэн үзэх үндэслэлүүд болон шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэх хүсэлт, шүүгдэгчийн хувийн зан төлөв байдал зэргийг харгалзан шүүгдэгчид торгох ялын доод хэмжээ 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь 450.000 төгрөгний торгох ял оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлүүлэх тухай хүсэлт гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь торгуулийн ялын хэмжээ бага байгаа учир заавал хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт А.Ч-г  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хсэгт зааснаар шүүгдэгч А.Ч-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч А.Ч-д оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч А.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон иргэний баримт бичиг нь ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл А.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ              Д.Ц