| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0135/Э |
| Дугаар | 134 |
| Огноо | 2019-11-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 134
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Б.Д
Шүүгдэгч З.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт З.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын засалчин, тогооч мэргэжилтэй, ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэлгүй, бие эрүүл Х овогт З.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Б нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр үл таних Б гэх фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж Vivo bingo маркийн гар утсыг зарна гэж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн иргэн С.М-г хуурч 295.000 /хоёр зуун ерэн таван мянга/ төгрөгийг Т банкны ... дугаар дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би зуслан дээр барилгын гадна пасадны ажил хийдэг. Нэг өдөр гар утасны хар зах гэсэн фейсбүүкийн зар дээр нэг хүн гар утас авна гэсэн зар тавьсан байхаар нь ашиглаж байсан Vivo bingo маркийн гар утас зарна гэж хариу бичсэн чинь удалгүй чатаар холбогдож утас байгаа юу гэж асуусан. Тэгэхээр нь би 325.000 төгрөгөөр зарна гэж хариу бичсэн. Тэгээд хэд хоногийн дараа тэр ах нөгөө утас чинь байгаа юу гэж залгахаар нь байгаа гэж хариулсан. Тэгээд тэр ахад өөрийн эхнэрийнхээ дансны дугаарыг өгсөн чинь дансаар мөнгөө шилжүүлсэн. Тэр үед нь надад зарах утас байхгүй байсан болохоор фейсбүүк хаягаа хаасан. Би өөрийн хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Дахин ийм хэрэг хийхгүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.
Хохирогч С.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...М миний бие 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүкийн гар утасны хар зах гэх бүлэгт утас авна гэж зар өгсөн. Тэр үед Б гэх фейсбүүкийн хаягтай хүн vivo bingo гэх гар утсыг 300,000 төгрөгөөр зарна гээд чат бичиж байсан. Тухайн үед цалин буух болоогүй байсан тул аваагүй. 2019 оны 08 дугаар сарын 02-нд утас авна гээд дахин чат бичихэд Б гэх хүнтэй холбогдоод ... дугаар өгсөн залгаж үзэхэд эмэгтэй хүн авч байсан чат бичээд vivo bingo утас байгаа талаар асууж тодруулахад утас байгаа гээд ... гэсэн дугаар өгсөн. Би тэгээд утсыг авахаар болоод дансны дугаарыг асуухад Т банк болно биз дээ гээд ... гэх данс өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа 295.000 төгрөгийг М-н дансанд хийгээд хэзээ надруу явуулах юм бэ гэж асуусан чинь тэр оройноо Замын-Үүд явах машинд хийчихье гэж хэлээд утсаа тасалсан. Орой нь нөгөө Б-н гар утасны дугаар луу залгасан чинь холбогдох боломжгүй болоод фейсээр нь орсон чинь М гээд өөрчлөөд намайг блоклосон байсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13,36-37/
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би тийм гар утас зарна гэсэн зар тавьж хүнээс мөнгө авсан удаагүй. Тухайн Т банкны данс нь миний нэр дээр байдаг нь үнэн. Гэхдээ тэр дансныг би ашиглладаггүй. Манай салсан найз залууд миний карт байдаг юм. Тэр л ашигласан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст хохирогч С.М-н гаргасан өргөдөл, гомдол болон гар утасны чатаар харилцаж байсан талаар гэрэл зураг, Most money гүйлгээ хийсэн баримтын зураг /хх-ийн 3-8/
Х банкны депозит дансны хуулга /хх-ийн 14/
М ХХК-ийн ... дугаарын орсон гарсан дуудлага, мессежний хуулга /хх-ийн 16-19/
Т банкны депозит дансны хуулга /хх-ийн 22/
Шүүгдэгч З.Б-н иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 42/
Шүүгдэгч З.Б-н өмнө нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 43-45/
Шүүгдэгч З.Б-н хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх-ийн 69/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч З.Б нь 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр үл таних Б гэх фэйсбүүк цахим хэрэгсэл ашиглаж Vivo bingo маркийн гар утсыг зарна гэж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн иргэн С.М-г хуурч 295.000 /хоёр зуун ерэн таван мянга/ төгрөгийг Т банкны ... дугаар дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр фейсбүүкийн гар утасны хар зах гэх бүлэгт утас авна гэж зар өгсөн. Тэр үед Б гэх фейсбүүкийн хаягтай хүн vivo bingo гэх гар утсыг 300,000 төгрөгөөр зарна гээд чат бичиж байсан. Тухайн үед цалин буух болоогүй байсан тул аваагүй. 2019 оны 08 дугаар сарын 02-нд утас авна гээд дахин чат бичихэд Б гэх хүнтэй холбогдоод ... дугаар өгсөн залгаж үзэхэд эмэгтэй хүн авч байсан чат бичээд vivo bingo утас байгаа талаар асууж тодруулахад утас байгаа гээд ... гэсэн дугаар өгсөн. Би тэгээд утсыг авахаар болоод дансны дугаарыг асуухад Т банк болно биз дээ гээд ... данс өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа 295.000 төгрөгийг М-н дансанд хийгээд хэзээ над руу явуулах юм бэ гэж асуусан чинь тэр оройноо Замын-Үүд явах машинд хийчихье гэж хэлээд утсаа тасалсан. Орой нь нөгөө Б-н гар утасны дугаар луу залгасан чинь холбогдох боломжгүй болоод фейсээр нь орсон чинь М гээд өөрчлөөд намайг блоклосон байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 36-37/, гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би тийм гар утас зарна гэсэн зар тавьж хүнээс мөнгө авсан удаагүй. Тухайн Т банкны данс нь миний нэр дээр байдаг нь үнэн. Гэхдээ тэр дансныг би ашиглладаггүй. Манай салсан найз залууд миний карт байдаг юм. Тэр л ашигласан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 26/, ХХБанкны депозит дансны хуулга /хх-ийн 14/, М ХХК-ийн ... дугаарын орсон гарсан дуудлага, мессежний хуулга /хх-ийн 16-19/, Т банкны депозит дансны хуулга /хх-ийн 22/,шүүгдэгч З.Б-н хохирол төлбөр төлсөн тухай баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгч З.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн байх бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй болно.
Уг хэрэгт шүүгдэгч З.Б нь хохирогч С.М-д 295.000 төгрөгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчийг цахим хэрэгсэл ашигласан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч З.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч З.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анхудаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хэрэг хяна шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болох ба энэ хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч З.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт ирүүлж, прокурортой оногдуулах ялын талаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгуулах ялын саналтай ирсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв. Торгуулийн ялын хэмжээ бага учир торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Х овогт З.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч З.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл З.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.Ц