Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн  авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, Япон хэлний багш, орчуулагч мэргэжилтэй, ажилтай, ам бүл 1, ганцаараа амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт Б.Ч,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг Б караокед иргэн Б.О-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Б караокед найз нарын хамт орсон. Караокед Б.О-тэй таарсан. Манай найзтай их дээрэнгүй харьцаад байхаар нь цохиж зодсон. Би өөрийнхөө хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, дүгнэлт хийж байгаа. Дахин ийм байдал гаргахгүй. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү  гэв.

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би 2019 оны 10 дугаарын 27-ны өдрийн 02 цаг болох гэж байхад найз М-н хамт “Б” караокед орсон.... Тэгээд караокед ороод М-г таньдаг бололтой 4 залуутай таарсан. Эхлээд М бид 2 тусдаа сууж байгаад дараа нь М нөгөө хэдтэй нийлж суусан. …Караоке хаах болоход М Ч-той цуг явсан залуустай жижгээр маргасан. Надтай бол зүгээр юм яриад гар бариад байсан ба энэ үед Г нь гадаа байсан. М бид 2 ширээн дээрээ сууж байсан Ч текны хажууд тооцоогоо хийгээд зогсож байснаа Г-н хажуугаар орж ирснээ шууд миний нүүр лүү жийж өшиглөсөн. Энэ өшиглөлт нь бол намайг оноогүй. Ч надтай огт маргаагүй байж байгаад л шууд өшиглөөд ороод ирсэн. Г, Ч нар нь Ч-г хорьсон боловч хажуугаар нь орж ирээд миний нүүр лүү 2 удаа гараараа цохьсон. Би газар тонгойтол Ч ахиад миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн. Энэ үед миний баруун хөмсөг хэсгээс цус гараад эхэлсэн. Хажууд байсан Г, Ч нар салгах гэж оролдож байсан ч намайг болон М-г далимдуулаад зуураад ганц нэг цохиж байсан…”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-11/

Гэрч Л.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 01 цаг өнгөрөөгөөд найз О-н хамт “Б” караокед орсон. Бид хоёрыг ороход караокед Ч найзууд болох Г, Г, Ч нарын хамт сууж байсан. Би Ч-г л танихаас бусдыг нь танихгүй. О бид 2 караокед ороод хүний 2, 2 пиво захиалж уусан. Тэнд байхдаа Ч дуудаад байхаар нь тэдний ширээнд би очиж суусан. О ширээндээ үлдсэн. Тэгээд Ч-н найз нартай танилцаж энгийн байсан. Тэгээд караокеноос гарах болоход би Ч-н найз Г-тай маргасан. Шалтгаан нь намайг ахархлаа энэ тэр гэдгээс болж бага зэрэг маргасан. Ч бид хоёрыг болиулж эвлэрсан. Г бас О-тэй гар бариад эргээд хэвийн болж байтал текэн дээр тооцоо хийж байсан Ч гэнэт О рүү хөлөөрөө жийгээд ороод ирсэн. Би босоод салгатал намайг Г, Ч 2 хориглож зууралдсан Миний толгой руу хэн нэг нь ганц нэг цохиж байсан. Цаана Ч О-г зуураад гараараа О-н нүүр рүү 2 удаа цохиж байсан ба Г очиж салгасан. О доошоо биеэ хамгаалаад тонгойх үед Ч О-н нүүрэнд 2 удаа өшиглөсөн. О доошоо тонгойчихсон байсан ба нүүрний хэсгээс цус гарч байсан. Тэгэнгүүт нь би цагдаа дуудахаар гадагшаа гараад цагдаа дээр ирж цагдаа дагуулан буцаад бааранд ирэхэд тэд байгаагүй. Эмнэлэг дээр очиход О-г нөгөө хэд дагуулаад оччихсон байсан ба О-н хөмсөгөнд оёдол тавиулж байсан. Би О-г зодсон Ч-г зааж өгч бариулсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14/

Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 10 дугаар сарын 27-28-нд  шилжих шөнө 23 цаг өнгөрөөгөөд би найз Г, Ч, Ч нарын хамт Замын-Үүдийн “Б” караокед орсон. Тэр караокед Ч-н танил М-тай таарсан. М, О гэх найзтайгаа хамт явж байсан ба бид нар хоорондоо танилцаад нэг ширээнд сууцгаасан. О сүүлд нь ирж хамт суусан. Бид нар сайхан танилцаад энгийн зүгээр л байсан. Тэгээд бид нар 1 шил архи хувааж ууцгаасан. Жаахан дуулцгаасан. Караокеноос гарах болоход Ч тооцоогоо хийгээд тек рүү явсан. Энэ үед М нь дээрэлхүү хандаж би Сайншандын атаман, нөгөө О нь Дэнжийн мянгын атаман энэ тэр гээд эхэлсэн. Г гадаа байсан. О, М 2 ширээнд суучихсан, Ч бид 2 эвтэйхэн шиг салчих гээд ширээнийх нь хажууд зогсоод учирлаж тайлбарлаад гар хөлийг бариад зогсож байтал гэнэт Ч текний тэндээс миний хажуугаар О рүү хөлөөрөө жийгээд ороод ирсэн. Энэ үед Г гаднаас орж ирж таарсан ба Ч-г хориглож зуурсан, О босоод ирэхээр нь би мөр лүү нь түлхэж суулгаж хорьсон. Хажууд М бас орилоод босоод ирсэн ба болиулахаар Ч цааш нь зуураад түлхэж холдуулсан. О, Ч 2 өөд өөдөөсөө зодолдох гээд дайраад байсан ба дийлдэхгүй болохоор нь би О-н хувцаснаас зуурангаа түүний толгой руу зодолдохыг нь болиулах санаатай нударсан. Ч Г-д дийлдэхгүй дайрсаар байгаад О-н нүүрэнд 2 удаа гараараа цохисон ба О нүүрээ дараад доошоо суусан. Энэ үед Ч ахиад О-н нүүр лүү 2 удаа өшиглөөд авсан. Тэгтэл О-н нүүрний хэсгээс цус гараад эхэлсэн ба хаанаас нь цус гарч байгаа нь мэдэгдээгүй, нүүр нь цусанд будагдчихсан байсан. Би шууд О-г караокенаас аваад гадагшаа гарсан ба хойноос М гарч ирээд цагдаа дуудна гээд гүйчихсэн. Тэгэхээр нь Ч, Ч, Г бид дөрөв О-г аваад эмнэлэг рүү алхаж очиж үзүүлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/

Гэрч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 01:20 цагт намайг гэртээ унтаж байхад миний гар утас руу Д гээд манай найз задгаад караокеноос ирээд авчихаач гэсэн. Би 02 цаг болж байхад тэр караокед такси бариа очтол Д байгаагүй. Харин өөр найзууд болох Г, Ч, Ч нар 2 залуутай байж байсан. Тэр 2 залуу нь Ч-г таньдаг юм уу гэж ойлгосон нэрийг нь О, М гэсэн. М, О 2 нь өөрсдийгөө энд тэндхийн атаман гээд гадагшаа гараад ганц юм авч өгөөрэй гээд Ч, Ч хоёрт хэлээд байсан. Тэд хоорондоо маргах шинжтэй болчихоор нь би та нар боль муудалцахаасаа өмнө салцгаа гэж хэлчихээд би караокеноос гарсан. Гадаа тамхи татаж байтал караоке дотор шуугиад явчихсан. Ороод иртэл О, Г, Ч-той зууралдчихсан, цаана М, Ч 2 зууралдчихсан байсан. Би О-г араас нь тэврээд Ч-с холдуулсан. Ч О рүү дайрч О-н толгой руу 2 удаа гараараа цохьсон. Г бид 2 О, Ч 2-ыг хорьсон. О доошоо суухад хажуугаар Ч орж ирээд О-н нүүрэнд 2 удаа өшиглөсөн. Энэ үед О-н хөмсөг задарч цус гарч эхэлсэн. М, Ч 2 цаана зууралдаад хэн хэнийгээ хориод байсан ба М нь та нар хүн зодлоо, цагдаад хэлнэ гээд явчихсан. Би Г, Ч, Ч нарын хамт О-г дагуулаад эмнэлэг дээр очиж үзүүлсэн. Эмнэлэг дээр байхад М нэг цагдаа дагуулж ирээд Ч бариулсан. Би Ч-н араас цагдаа дээр ирсэн ба Ч-г эрүүлжүүлэхэд хийсэн гэхээр нь гэртээ харьсан…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18/

2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлтэнд:

1. Б.О-н баруун хөмсгөнд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд дан дангаараа болон нь нийлээд “гэмтлийн зэрэг тогтоох журам”- ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.  

4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 21/

Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 34/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 35/

Шүүгдэгч Б.Ч-н иргэний үнэмлэхний хуулбар, лавлагаа /хх-ийн 36-38/

М ХХК-ийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 39/                    

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-41/

Хохирогч Б.О, шүүгдэгч Б.Ч нарын Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 43-44, 49/

Хохирогч Б.О-н гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай хүсэлт /хх-ийн 45/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Б овогт Б.Ч нь 2019 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 02 цагийн орчим Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Б караокед хохирогч Б.О-н нүүрэн тус газарт нь гараараа хоёр удаа, мөн хоёр удаа нүүрэн тус газар нь өшиглөж эрүүл мэндэд нь баруун хөмсгөнд шарх, баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт бүхий  гэмтэл учруулжээ.

Шүүгдэгч Б.Ч-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч Б.Ч-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.О-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М бид 2 ширээн дээрээ сууж байсан Ч текны хажууд тооцоогоо хийгээд зогсож байснаа Г-н хажуугаар орж ирснээ шууд миний нүүр лүү жийж өшиглөсөн. Энэ өшиглөлт нь бол намайг оноогүй. Ч надтай огт маргаагүй байж байгаад л шууд өшиглөөд ороод ирсэн. Г, Ч нар нь Ч-г хорьсон боловч хажуугаар нь орж ирээд миний нүүр лүү 2 удаа гараараа цохьсон. Би газар тонгойтол Ч ахиад миний нүүр лүү 2 удаа өшиглөсөн. Энэ үед миний баруун хөмсөг хэсгээс цус гараад эхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11/, гэрч Л.М-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 27-28-ны өдөр шилжих шөнө 01 цаг өнгөрөөгөөд найз О-н хамт “Б” караокед орсон. Бид хоёрыг ороход караокед Ч найзууд болох Г, Г, Ч нарын хамт сууж байсан. ....Г бас О-тэй гар бариад эргээд хэвийн болж байтал текэн дээр тооцоо хийж байсан Ч гэнэт О рүү хөлөөрөө жийгээд ороод ирсэн. Би босоод салгатал намайг Г, Ч 2 хориглож зууралдсан Миний толгой руу хэн нэг нь ганц нэг цохиж байсан. Цаана Ч О-г зуураад гараараа О-н нүүр рүү 2 удаа цохиж байсан ба Г очиж салгасан. О доошоо биеэ хамгаалаад тонгойх үед Ч О-н нүүрэнд 2 удаа өшиглөсөн. О доошоо тонгойчихсон байсан ба нүүрний хэсгээс цус гарч байсан. Тэгэнгүүт нь би цагдаа дуудахаар гадагшаа гараад цагдаа дээр ирж цагдаа дагуулан буцаад бааранд ирэхэд тэд байгаагүй. Эмнэлэг дээр очиход О-г нөгөө хэд дагуулаад оччихсон байсан ба О-н хөмсөгөнд оёдол тавиулж байсан. Би О-г зодсон Ч-г зааж өгч бариулсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/, гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө 23 цаг өнгөрөөгөөд би найз Г, Ч, Ч нарын хамт Замын-Үүдийн “Б” караокед орсон. ...гэнэт Ч текний тэндээс миний хажуугаар О рүү хөлөөрөө жийгээд ороод ирсэн. Энэ үед Г гаднаас орж ирж таарсан ба Ч-г хориглож зуурсан, О босоод ирэхээр нь би мөр лүү нь түлхэж суулгаж хорьсон. Хажууд М бас орилоод босоод ирсэн ба болиулахаар Ч цааш нь зуураад түлхэж холдуулсан. О, Ч 2 өөд өөдөөсөө зодолдох гээд дайраад байсан ба дийлдэхгүй болохоор нь би О-н хувцаснаас зуурангаа түүний толгой руу зодолдохыг нь болиулах санаатай нударсан. Ч Г-д дийлдэхгүй дайрсаар байгаад О-н нүүрэнд 2 удаа гараараа цохисон ба О нүүрээ дараад доошоо суусан. Энэ үед Ч ахиад О-н нүүр лүү 2 удаа өшиглөөд авсан. Тэгтэл О-н нүүрний хэсгээс цус гараад эхэлсэн ба хаанаас нь цус гарч байгаа нь мэдэгдээгүй…” гэх мэдүүлэг /хх-ийн 16/, гэрч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гадаа тамхи татаж байтал караоке дотор шуугиад явчихсан. Ороод иртэл О, Г, Ч-той зууралдчихсан, цаана М, Ч 2 зууралчихсан байсан. Би О-г араас нь тэврээд Ч-с холдуулсан. Ч О рүү дайрч О-н толгой руу 2 удаа гараараа цохьсон. Г бид 2 О, Ч 2-ыг хорьсон. О доошоо суухад хажуугаар Ч орж ирээд О-н нүүрэнд 2 удаа өшиглөсөн. Энэ үед О-н хөмсөг задарч цус гарч эхэлсэн. …” гэх мэдүүлэг /хх-ийн 18/, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээни албаны шинжээчийн дүгнэлт, эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 34/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Ч нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Б.Ч нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Хохирогч Б.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...Б.Ч нь надаас уучлалт гуйж эмчилгээний зардалд 300.000 төгрөг төлсөн. Миний зүгээс Б.Ч-т гаргах гомдол байхгүй, түүнээс нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Ч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо төлсөн тул Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Иймд шүүгдэгч Б.Ч-т ял оногдуулахдаа хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулж, оногдуулах торгуулийн ялын хэмжээ бага учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ                 Д.Ц