| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0188/э |
| Дугаар | 205 |
| Огноо | 2019-12-20 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 205
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Н, шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ц-ийн У-д холбогдох 1935002380188 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Увс аймгийн Түргэн суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Ц-гийн У, регистрийн дугаар:..............
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.У нь 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрөөс 5 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Төмөрийн тохой гэх газраас хохирогч Т.А-ын 2 тооны морь хулгайлж, 1’700’000 төгрөгийн хохирол учруулсан,
Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Живэртийн их өтөг гэх газраас 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд хохирогч Т.А-ын 1 тооны морь хулгайлж, 900’000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935002380188 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Т.А-ын “Би Түргэн сумын 1 дүгээр багт төрсөн дүү Х, Б нарын хамт мал, маллаж амьдардаг. 2018 оны 12 дугаар сарын 20-нд адуугаа очиж үзэхэд миний халтар морь байсан. 2018 оны 12 дугаар сарын 23-нд очиж үзэхэд сүүлийн хоёр жил унаагүй баруун гуяндаа сар тамгатай халтар морь алга болсон байсан тухайн үед би хулгай аваагүй байх гэж бодоод малынхаа байраар хайсан боловч олдоогүй юм. Би Түргэн сумын 1 дүгээр багийн иргэн Ц.У гэх залууг хардаж байна, яагаад гэвэл миний адууны байранд гэр нь байдаг, урьд өмнө бас малын хулгайн хэргээр шалгагдаж байсан манай гэр бол Түргэн сумын Шивэрт гэдэг газарт байж байгаад халтар морио хулгайд алдсан манай гэр өвөлждөг газарт ямар нэгэн машин тэрэгтэй хүн ирэхгүй, маш их бартаа саад ихтэй газарт байж байгаад морио хулгайд алдсан манай адууны байранд хүн зорьж ирж адуу хулгайлсан байх, ямар нэгэн хүн явдаггүй, уул хад ихтэй газарт байсан юм. ...Тухайн үед Угийн болон манай гэрүүд айл хошоо байсан бөгөөд манайхаас 5-8 орчим км зайд манай адуунууд бэлчээрт байсан. У нь миний нэг тооны 7 настай адууг хулгайлсандаа уучлалт гуйж учирсан хохирлыг төлж барагдуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 дугаар хуудас/,
“....2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр халиун морь, төөлтэй хоо морь, хээр морин гэсэн гурван морь Төмөрийн тохой гэх газарт байсан би усанд оруулж услаад гаргаад явуулсан. 2019 оны 5 дугаар сарын 01-ний өдөр адууныхаа байраар явж гурван морио хайж үзэхэд нэг хээр морь ганцаараа үлдээд хоёр морь алга байсан тул би адууныхаа байраар явж хайгаад олоогүй. Халиун морь 7 настай им тамга байхгүй, төөлтэй хоо морь 8 настай зүүн гуяндаа алхан тамгатай баруун гуяндаа АУ тамгатай, тамган жаахан бүдгэрээд жаахан алагдсан тамга шиг болчихсон байгаа өөр содон шинж тэмдэг байхгүй, их тонж мориуд байгаа юм.
...2019 оны 04 сарын 29-ны өдөр Угийн гэрт хоёр мотоциклийн гэрэл гараад Угийн гэрт ирсэн. Би 2019 оны 05 сарын 01-ний өдөр Угийн гэрт очоод танай гэрт ямар хоёр мотоциклтэй хүн ирсэн бэ гэж асуухад Бөхмөрөн сумын хоёр залуу ирээд явлаа. Буудаг буйр бууц хайж яваа юм байна би танихгүй залуучууд байна, нэрийг нь мэдэхгүй гэж хэлсэн тул би Уг ...Бөхмөрөн сум руу өгөөд явуулсан байж магадгүй гэж хардаж байтал халиун морь толгойдоо хазаартай гүйж ирсэн тул миний морь хулгай авсан байна гээд Улаангомд байдаг дүү Бд утсаар хэлээд цагдаад хэл, ирж морь хайж өг гэж хэлсэн тул Б хажуудаа Б гэх хүнтэй хамт ирсэн. ...Миний хоёр тооны адууг Ц.У гэгч нь хулгайлж Бөхмөрөн сум руу хүнд зарсан байсан бөгөөд 1 тооны адуу нь гэр дээр гүйж ирж, дараа нь үлдсэн 1 тооны адууг манай дүү Б нь Бөхмөрөн сумын нутагт хүн уначихсан мал хариулж явсныг олж авч ирсэн бөгөөд би хулгайд алдсан 2 тооны адуугаа буцааж авсан тул Ц.Угаас одоо нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 41-43 дугаар хуудас/,
2. Гэрч Х.М-гийн “...2018 оны 12 дугаар сарын сүүлээр Түргэн сумын 1 дүгээр багт оршин суудаг Ц.У гэх залуу халтар морь унаж ирээд 750’000 төгрөгөөр би худалдаж авч идшинд идсэн. Тухайн үед Ц.У ганцаараа ирсэн. Түргэн сумын 1 дүгээр багийн иргэн Ц.У гэх залуутай Бөхмөрөн сумын Улаан хотгор гэх газарт 2018 оны 12 дугаар сарын 10-нд таарч танилцсан. Тухайн үед Ц.У нь УАЗ 469 авто машины мотор цохиж Улаан хотгор гэх газар засварчнаар янзлуулж байна та идшинд адуу худалдаж авах уу? надад хоёр жил унаагүй Тарган морь байна гэж хэлсэн би аваад ир тарган морь бол 750’000 төгрөгөөр авна гэж хэлээд авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
3. Гэрч Т.Б-гийн “...миний төрсөн ах А 12 дугаар сарын 24-ний өдөр над руу залгаад баруун гуяндаа саран тамгатай халтар морь хулгайд алдлаа миний дүү Бөхмөрөн сум болон Сагил сум руу хайж, сураглаад өгөөч, миний морийг хулгай авсан байх гэж надад хэлсэн. Би тухайн үед хүмүүсээс сураглаад олоогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
4. 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “2018 оны 12 дугаар сарын байдлаар Увс аймгийн Түргэн суманд 7 настай морь 900’000 /есөн зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 321 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 17 дугаар хуудас/,
5. Гэрч Б.Д-гийн “...2019 оны 4 дүгээр сарын сүүлээр өдрийн сайн санахгүй байна Түргэн сумын 1 дүгээр багийн иргэн Ц.У , эхнэр Х-ийн хамт мотоциклтэй манай гэрт ирээд надад худалдах хоёр морь байна та нэг морь худалдаж авах уу нэг морийг Хотгорт байдаг Э гэх хүнд би өгөхөөр болсон та хоёр хоорондоо ярьж байгаад ирээд хоёр морь аваарай гэж хэлсэн тул би морь унаа муутай тул чи хэдэн төгрөгөөр морь зарах юм бэ гэхэд та 500’000 төгрөгөөр нэг морь автан гэж хэлсэн тул би Ц.У-д 200’000 төгрөг бэлэн өгөөд үлдэгдэл 300’000 төгрөгөө ноолуур гарахаар өгнө гэж тохиролцоод би Ц.У-г дагаж Хотгорын Уурхай ороод Э гэх айлд очоод Эийн залуутай хамт Ц.У-гийн гэрт очиж хоносон. Эийн залуу өглөө босоод та миний морийг хөтлөөд ирээрэй гэж хэлээд яваад өгсөн. Ц.У мотоциклтэй надыг гэрийн дээд талын хадны хажууд сууж бай би адуунд яваад адуу аваад ирнэ энэ хаданд шахаж морио барьж авна гэж хэлээд мотоциклтэй адуунд явсан би хадны хажууд цаг өнгөр үү сууж байтал Ц.У дэлтэй халиун морь, төөлтэй хоо морь туучихсан ирээд миний сууж байсан хаданд шахаад У тэр хоёр морь барьж аваад төөлтэй хоо морийг та ав энэ Халиун морийг Хотгорын уурхайд байдаг Эд өгөөрэй гэж хэлсэн тул би хоо морио унаад халиун морио хөтлөөд гэртээ харьсан. Тухайн үед би Ц.У-гаас энэ хоёр морь хулгайн морь биш биз гэж асуухад хулгайн морь бишээ би өөрийнхөө адуун дотроос энэ хоёр морийг салгаад хөөгөөд ирлээ гэж надад хэлсэн тул би итгээд авч яваад гэрийн гадна байлгаж байгаад Э рүү утсаар яриад Ц.У танд халиун морь өгч явууллаа ирж автан гэж хэлэхэд за чи хадгалж бай хүү цэрэгт явах гээд жаахан ажилтай байна гэж хэлсэн тул би тэр халиун морийг хадгалж байтал 2019 оны 5 дугаар сарын дундаар толгойндоо хазаартай алга болсон. Тухайн үед би Э-д утасдаж танай Халиун морь алга болчихлоо гэж хэлсэн. Гэрийн эргэн тойронд хайгаад олохгүй болохоор нь би Ц.У руу залгаж халиун морь алга болчихлоо гэж хэлэхэд халиун морь гүйгээд ирчихсэн байна гэж хэлсэн. ...эхнэр бид хоёр Улаангом орох ажил гарсан тул Хотгорын уурхайд байдаг А гэх хүнд малаа захиж үлдээгээд Улаангом яваад хоёр хонож байтал А над руу залгаад чиний төөлтэй хоо морийг би уначихсан хонь хариулж явтал мотоциклтэй хоёр залуу ирээд энэ хавар хулгайд алдсан хоёр морины нэг морь нь энэ байна гээд миний унаж явсан хоо морь авна гээд байна гэж хэлсэн. Би Түргэн сумын 1 дүгээр багийн иргэн Ц.У гэх залуугаас худалдаж авсан морь гэж хэлээд өгөөд явуултан гэж хэлсэн. ...У надад өгсөн дэлтэй халиун морь ямар ч им тамга байхгүй, төөлтэй хоо морь баруун гуя дээрээ алхан тамгатай зүүн гуяндаа У бас нэг тамгатай байсан сайн харагдахгүй баларчихсан тамгатай морь байсан өөр ямар нэгэн содон шинж тэмдэг байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,
“...Би Угаас морь худалдаж авсан 200.000 төгрөгийг буцааж авсан юм. Тухайн үед У бид хоёр Угийн дугаар номергүй улаан өнгийн хятад мотоциклоор явж У надад морь авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 106-107 дугаар хуудас/,
6. Гэрч З.Эийн “... 2018 оны 5 дугаар сард нэг даага худалдаж авна гээд 400’000 төгрөг би өгсөн. Тэгээд даагаа өгөхгүй байж байгаад 2019 оны 4 дүгээр сарын сүүлээр манай гэрт ирээд би танд нөгөө дааганы оронд нэг морь өгнө Б.Д-д бас нэг морь зарж байгаа нэгтгээд өгөөд явуулна гэж хэлэхэд манай хүү Амандах Б.Дг мотоциклд суулгаж аваад Уг дагаад явсан. ...Б.Д манай гэрт ирээд У танд нэг халиун морь өгч явуулсан одоо манай гэрийн гадна байна гэж хэлсэн би очиж үзсэнгүй ямар им, тамгатай адуу ирснийг би мэдэхгүй байна. Сүүлд Б.Д над руу залгаад нөгөө халиун морь толгойндоо хазаартай байж байгаад гүйгээд явчихлаа гэж хэлсэн өөр юм яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар хуудас/,
7. Гэрч М.А-ы “2019 оны 5 дугаар сард өдрийг нь санахгүй байна Бөхмөрөн сумын 2 дугаар багийн малчин Б.Д-гийн малтай өөрийн бог малыг нийлүүлж хамт маллаж байсан юм. Тэгээд Д эхнэртэйгээ хамт Улаангом ороод ирий гээд явсан бөгөөд би ганцаараа бог малуудаа маллаж 7-10 хоносон юм. Би ганцаараа бог малуудыг маллаж байхад Д-гийн унаж байсан төөлтэй хоо мориор малдаа явж байтал Түргэн сумын Б, Б гэх 2 хүн ирээд тухайн морийг аваад явсан юм. Тэр хоёр хүн миний унаж явсан Дгийн төөлтэй хоо морийг авч явахын урд би Дд болсон явдлын талаар хэлэхэд Д надад “наад хоёр хүндээ, Түргэн сумын У гэдэг хүнээс наадах морийг чинь худалдаж авсан гэж хэлээд өгөөд явуулаарай” гэж хэлсэн. Тэгээд би тэр хоёр хүнд Д-гийн хэлсэн үгийг хэлээд унаж явсан төөлтэй хоо морийг өгч явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дугаар хуудас/,
8. Гэрч Т.Б-гийн “...би 2019 оны 5 дугаар сарын 30-нд Сагил суманд байдаг Төрөөгийн Баярхүүтэй хамт явж А ахын хоёр морийг хайж Бөхмөрөн Улаан хотгор гэх газар очиж сурагласан чинь Бөхмөрөн сумын улаан худаг гэх газарт Д гэх айлд хоёр морь байна гэж сонсоод Д гэх айлд очиход Д байгаагүй. Д-гийн малыг миний ахын хулгайд алдсан хоёр морины нэг болох хоо халтар морь уначихсан нэг хүн хонь хариулж байсан. ...би тэр хүний унаж явсан зүүн гуяндаа алх тамгатай баруун гуяндаа У-А тамгатай хоо халтар морь аваад Түргэн суманд унаж ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 52 дугаар хуудас/,
9. 2019 оны 6 дугаар сарын 17-ний өдрийн “Увс аймгийн Түргэн суманд 2019 оны 4 дүгээр сарын байдлаар нас гүйцсэн 2 тооны морь нийт 1’700’000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөг болохыг тодорхойлов” гэх 246 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58 дугаар хуудас/,
10. Шүүгдэгч Ц.У-гийн “...Би 2018 оны 12 дугаар сарын 22-ны орой 19:00 цагийн үед өөрийн бог малуудыг гэр лүүгээ эргүүлж орхичхоод Живэртийн их өтөг гэх газарт Т.А-ын гэрийн ойролцоо байсан Т.А-ын баруун гуяндаа сар тамгатай, хар халтар зүсмийн 7 орчим насны 1 тооны морийг барьж авч өөрийн гэрээс 1 километр зайнд аваачиж олсоор архалж хонуулсан. Тэгээд би маргааш өглөө нь буюу 2019 оны 12 дугаар сарын 23-ны өглөө 06:00 цагийн үед босоод гэрийн доод талд архалж үлдээсэн Т.А-ын хар халтар зүсмийн морийг унаад Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Живэртийн их өтөг гэх газраас Хотгорын уурхай руу явсан бөгөөд өдрийн 12:00 цагийн үед би Хотгорын уурхайд очсон юм. Тэгээд би Хотгорын уурхайд байх М гэгчийн гэрт нь уг морийг унаж очоод Мд 750’000 төгрөгөөр худалдсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,
“...2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр 11:00 цагийн үед өөрийн мотоциклд Д-г сундлаад манай гэрийн урд тал байх Төмөрийн тохой гэх газарт очоод хадны ёроолд Д-г буулгаж үлдээгээд “би морио аваад ирье” гэж хэлээд мотоциклоо үлдээчхээд цаашаа явганаар яваад голын хөвөөнд байсан Аын 3 тооны мориноос 7 настай халиун зүсмийн им тамгагүй морь, 8 настай төөлтэй хоо зүсмийн, зүүн гуяндаа алхан тамгатай, баруун гуяндаа А, У бүдэг тамгатай моринуудыг туугаад Д-д авч ирж өгөөд энэ хоёр морийг аваад яв, би адуунаасаа аваад ирлээ, чи хоо зүсмийн морийг нь ав, нөгөө халиун морийг нь Эд хүргээд өгчих гэж хэлээд Т.А-ын хоёр тооны морийг хулгайлаад өгөөд явуулсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 71-73 дугаар хуудас/
Шүүгдэгч Ц.У-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...их өтөг гэх газар болон Төмөрийн тохой гэх газраас явган явж авсан...” гэх мэдүүлэг зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, 3 тооны адууг үнэлсэн шинжээчийн 321, 246 дугаартай дүгнэлтүүд нь тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.
Шүүгдэгч Ц.У нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Увс аймгийн Түргэн сумын 1 дүгээр багийн нутаг Живэртийн их өтөг гэх газраас хохирогч Т.А-ын нэг тооны 7 настай адууг хулгайлсан, мөн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хохирогч Т.А-ын 7, 8 настай хоёр тооны адууг өөрийн эзэмшлийн улсын дугааргүй мустанг-5 загварын мотоцикл ашиглаж хулгайлсан болох нь шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт мал гэдэг ойлголтод адуу багтаж байх тул шүүгдэгч Ц.У 2 удаагийн үйлдлээр 3 тооны адуу хулгайлсан нь мөн зүйлийн 1 хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Ц.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ мустанг-5 загварын мотоцикл ашиглаагүй, явган очиж авсан гэх боловч гэрч Б.Д-гийн “...Ц.У мотоциклтэй надыг гэрийн дээд талын хадны хажууд сууж бай би адуунд яваад адуу аваад ирнэ энэ хаданд шахаж морио барьж авна гэж хэлээд мотоциклтэй адуунд явсан...” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Тодруулбал шүүгдэгч Ц.У нь мал хулгайлах гэмт хэргээ хөнгөвчилж түргэтгэх зорилгоор мустанг-5 загварын мотоциклийг ашигласан үйл баримт тогтоогдож байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Т.А-д 2’600’000 /хоёр сая зургаан зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Ц.У нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хулгайлж авсан 7 настай адууны үнийг хохирогч Т.А-д төлж, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хулгайлж авсан 7, 8 настай хоёр адууг буцаан өгсөн байна. Хохирогч Т.А “...Ц.У нь надад учирсан хохирлыг төлж барагдуулсан бөгөөд надад ямар нэгэн гомдол, санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх тул /хх-ийн 79-80 дугаар хуудас/ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан гэж дүгнэв. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ц.У нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” гэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.У нь шунахайн сэдэлтээр шууд санаатайгаар бусдын малыг 2 удаагийн үйлдлээр хулгайлсан бөгөөд үйлдэл тус бүр нь бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” гэх үндэслэлд хамааруулна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэх саналыг тус тус гаргасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй” гэж заасан байх тул өмгөөлөгчийн саналыг хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хорих ял болон нийтэд тустай ажил хийлгэх ялын сонгох санкцтай байгаа хэдий ч шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгчөөс санал гаргаагүй байх тул шүүх улсын яллагчаас гаргасан хорих ял оногдуулах саналын хүрээнд ял оногдуулах үндэслэлтэй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан байна. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн хэлэлцүүлгийн явцад дээр дурдсан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэдэг нь оногдуулах ялын төрөл, хэмжээ, албадлагын арга хэмжээний төрөл, тэдгээрийг оногдуулахад харгалзах хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарын талаар улсын яллагч, өмгөөлөгчийн санал, дүгнэлт зэргийг харгалзан дүгнэхийг ойлгоно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сар хорих ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор албадан гаргуулах бөгөөд гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэхээр хуульчилсан байна.
Шүүгдэгч нь 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хулгайлсан 1 тооны адууны үнийг хохирогч Т.А-д төлсөн, 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хулгайлсан 2 тооны адууг хохирогч буцаан авсан байна. Мөн гэрч Б.Д-д хулгайлсан 1 тооны адууны урьдчилгаа болох 200’000 төгрөгийг буцаан өгсөн гэх үйл баримт тогтоогдсон.
Төр иргэнийг гэмт хэрэг үйлдсэнийх нь төлөө шийтгэл оногдуулчхаад дахин Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн эрхэд нь халдаж, улсын төсөвт орлого хуримтлуулах нь шударга ёсонд үл нийцнэ. Хууль шударга ёсыг тогтоох, бэхжүүлэх, хамгаалах зорилготой бөгөөд хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор шударга ёсыг үгүйсгэж болохгүй юм. Иймд улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 хэсэгт заасан үндэслэлээр “шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж олсон ашиг гэх 950’000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын орлого болгох” саналыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.
Монгол улсад аливаа тээврийн хэрэгслийг өмчлөх, эзэмших, ашиглах эрх нь улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгүүлж, улсын дугаар авснаар үүсэх бөгөөд шүүгдэгч нь тухайн мотоциклийг хууль бусаар эзэмшиж, гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 250’000 төгрөгийн үнэ бүхий мустанг-5 загварын улсын дугааргүй мотоциклийг шүүгдэгч Ц.У-гаас хураан авч улсын орлого болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Ц.У нь энэ хэрэгт 14 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар 1 дэх хэсэгт зааснаар эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч нь хорих ялаар шийтгүүлсэн тул түүнд өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв. Мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ц-гийн У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овогт Ц-гийн У-д 8 /найм/ сар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-д оногдуулсан 8 /найм/ сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.У-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 250’000 төгрөгийн үнэ бүхий мустанг-5 загварын мотоциклийг шүүгдэгч Ц.У-гаас хураан авч улсын орлого болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА