| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2019/0181/э |
| Дугаар | 183 |
| Огноо | 2019-11-28 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 183
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Алтанлхам, улсын яллагч Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуул, шүүгдэгчийн өмгөөлөгч М.М, шүүгдэгч Ш.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Энхтуулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Ш-ын М-д холбогдох 1935001810190 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овгийн Ш-ын М, регистрийн дугаар:..........
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ш.М нь 2019 оны 4 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутагт Бага бураа гэх газраас хохирогч Д.Зын 4 тооны хонь, 2 тооны ямаа хулгайлж нийт 1.020.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлгээр 1935001810190 дугаартай эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн болон эд мөрийн баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Д.З-ын “...2019 оны 4 дүгээр сарын 10-11-нд шилжих шөнө манай гэрийн зүүн талд байх өвсний хашаанаас 4 хонь, 2 ямаа нийт 6 тооны мал хулгайд алдагдсан байсан. Би тухайн үед мэдээгүй ба 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 15 цагийн үед мэдсэн юм. Би мал алдагдсаныг яаж мэдсэн бэ гэвэл хургалах гэж байсан хонинуудыг харж яваад хүрэн хүзүүтэй 7 настай эр хонь, буурал хүзүүтэй буурал бор галзан 7 настай эр хонь болон сэрвэгэр эвэртэй буурал зүсмийн эр ямаа зэрэг 3 тооны бог мал байхгүй байгааг анзаарч харсан ба тэр даруйдаа хонь, ямаагаа тоолж үзэхэд ямаа 87 байхаас 85, хургатай, сувай болон эр хонь нийт 303 хонь байхаас 4 дутаж 299 болсон. Манай бог малнаас 6 тооны хонь, ямаа дутсаныг мэдсэн. Дутсан 2 ямааны нэгийн зүс насаар нь мэдэж байгаа ба нэг ямааг зүсэлж мэдэхгүй байна. Хониноос бол 2 хонь зүс насаар нь мэдэж байгаа ба нөгөө 2 хонийг зүс, насаар нь сайн мэдэхгүй байна. Би өвсний хашааг тойрч ул мөр үзэхэд өвсний хашааны зүүн хойд хэсгээр тор нь доош унжиж дээгүүр нь хонь, ямаа давуулж гаргасан байдалтай тор налсан байсан ба торонд хонины ноос үлдсэн байсан. Би торны гадна талаас ул мөр хайж үзэхэд хоёр морьтой хүн ирсэн байдалтай байсан ба тухайн хоёр адууны мөрийг сөрж мөшгиж үзэхэд гэрийн хойд талаас ирсэн байдалтай байсан. Манай гэрийн ард талд 700 орчим метрийн зайд байх М-ийн гэрийн зүгээс ирсэн байдалтай ул мөр байсан ба хашаанаас мал аваад тууж явсан мөрийг нь дагаж үзэхэд гэрээс хойд зүгт байх худгийн араар оруулаад ул мөрийн алдсан. ...Би 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш 3 хоног алдагдсан бог малыг хайж мотоциклтой Шатат, Бага бураад байх айлуудын малыг шүүж үзсэн ба манай им, тэмдэгтэй мал айлын малаас олдоогүй. Би бог малаас алдагдсан 6 тооны малыг сураглаж өөрийн таниж мэдэх хөдөөний хүмүүст утсаар мэдэгдсэн. Би тэр өдрөөс хойш манай гэрийн ард талд байх М-ийг хардсан ба түүнийг ажиглаж үзэхэд тэр нэг сонин дуугүй мэнд усгүй болсон байсан ба тэр үеэр манай багт морьт эргүүлээр явж байсан цагдаа нар тэдний гэрээр ороод гарсны дараа манай гэрийн үүдэнд ирээд цаг орчим тамхи татаад суугаад байсан тэр үед М нэг зүйл хэлэх гэж байснаа юм хэлэлгүй яваад өгсөн. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа байх өдрийн сайн санахгүй байна М манай гэрт 15 цагийн үед ирээд би танай алдсан 6 тооны бог малыг аваагүй шүү цагдаа нар надаас асууж байна та хэлж өгөөрэй гэж хэлэхээр нь би цагдаад хэлээгүй байхад цагдаа яагаад дуудаж асуух болов чи авсан байна би цагдаад очно, чамд өргөдөл өгнө чи миний малыг хулгайлж авсан байна би чамайг хардаж байсан үнэн байна гэж хэлээд М-ийн мотоциклтой цагдаагийн газрын үүдэнд очоод орох гэсэн чинь М та байж бай хоёулаа уулзая гэж хэлээд цагдаагийн газрын урд талд байх Хаан банкны АТМ-ын хажууд надтай уулзсан ба би тэр шөнө танай хотноос өвсний хашаанд байсан бог малнаас 2 хонь, 2 ямааг Хөндлөнд байх Б-ын Ж буюу шар д гэх залуугийн хамт авч Жадамбаад өгч явуулсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,
2. Гэрч Ж.И-ын “...Би гэрийн гадна байсан хонь ямаагаа эргүүлээд байж байтал ...Өвсний хашаанд шахсан хонь ямаанаас авсан байна өвсний хашаанд шахсан хонь, ямаанаас би мөрийн үзлээ гэж хэлсэн. ...Нөхөр надад хэлэхдээ 2 морьтой хүн ирж мал авсан юм шиг байна өвсний хашааг нэг бүтэн тойрсон байна гэж хэлээд тэр тор дээгүүр хонь, ямааг өргөж гаргасан байна тор нь доош унжсан торонд хонины ноос байна гэж хэлээд хонь, ямаа хашсан байсан өвсний хашаа руу заахаар нь харсан чинь зэргэлдээ 3 тор доош унжсан байсан. Нөхөр Д.З хэлэхдээ би морь унасан ул мөрийг сөрж мөшгиж үзлээ тэгсэн чинь хойд зүгээс ирсэн ба М-ийн гэрийн зүг рүү явж байгаад харган дотор алдлаа хонь туугаад явсан ул мөрийг нь үзсэн чинь нь гэрээс хойд зүгт байх худагны араар оруулаад мөрийн алдсан гэж хэлсэн. ...тэр өдрөөс хойш 3 хоногийн дараа М эхнэр Т-ын хамт манайд ирээд Т ах, эгч хоёр уучлаарай одоо хэл үггүй байя, муухай юм боллоо энэ мэдрэлгүй авсан байна одоо хүний нүүр яаж харна гэж хэлээд Тогтуур цүнхнээсээ хоёр боодол мөнгө гаргаж ирж өгсөн тэр мөнгө нь 1’500’000 төгрөг болсон ба Тогтуур нэг жижиг цаас гаргаж ирээд та мөнгө авсан талаараа бичиж өгөөд малчны тамга дарж өг гэж хэлээд нөхрөөр бичиг хийлгэж авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/,
3. Гэрч Д.П-ын “...2019 оны 4 дүгээр сарын дундуур өдрийн сайн санахгүй байна дүү Д.З-ын малнаас 2 ямаа, 4 хонь хулгайд алдагдсан гээд дүү З хайж байна гэж над руу нэг удаа ярьсан тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа дүү З-ын гэрийн ард айл хөрш шахуу байдаг Ш-ын М гэх залуутай цагдаагийн газрын гадна байна М манай малнаас алдагдсан 6 тооны мал хулгайлж авсан гэдгээ хэллээ удахгүй төлж өгнө гэнэ бид хоёр хамт сууж байна та ярих уу гэж хэлэхээр нь би ярихгүй гэж хэлээд байж байтал удалгүй З-ын 96889010 дугаар залгахаар нь авсан чинь М байсан ба тэр надад муухай юм боллоо ах уучлаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр хуудас/,
4. Гэрч Д.Т-ын “...Манай нөхөр Ш.М нь надад З-ын малыг хулгайлсан талаараа ямар нэг зүйл хэлээгүй бөгөөд манай нөхөр М нь З-ын хохирлыг төлөөд өгчихье гэж хэлээд байсан. Тэгээд нөхөр бид хоёр 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн танил Ц гэдэг түүхий эдийн ченжээс бэлнээр 1’500’000 төгрөгийг зээллээд ноолуур гарахаар нь буцааж өгнө гэж хэлээд авсан. Тэгээд уг мөнгийг нөхөр бид хоёр тэр орой нь З-ын гэрт очиж бэлнээр 1’500’000 төгрөгийг З-т өгөөд одоо хохирол төлөгдсөн талаараа өөрөө бичиг хийж өг гэж хэлсэн. ...З нь манай нөхөр М-д Ж та хоёр миний малыг хулгайлсан байна гэж айлгахаар нь манай нөхөр М тухайн үедээ айгаад Ж-тай хамт мал хулгайлсан гэж худал хэлсэн байнлээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
5. Гэрч Х.Ц-ын “...М нь 2019 оны 4 дүгээр сарын 25-ны үед байх өдрийн сайн санахгүй байна эхнэртэйгээ хамт надтай ирж уулзаад би хэрэгт холбогдчихлоо та 1’500’000 төгрөг зээллээч би ноолуур гарахаар тооцоог тань хийе, би 1’500’000 төгрөгөөр хүний хохирол төлөх гэсэн юм тэгэхгүй бол аюул болох гээд байна, ял шийтгэл авах гээд байна би ноолуураа гарахаар танд өгье худал хэлэхгүй гэж хэлээд эхнэрийнхээ хамтаар надаас уйлан дугараад гуйгаад байсан юм. Тэгээд тэр өдөр би 1’500’000 төгрөгийг бэлнээр М-д өгч явуулсан..” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
6. Гэрч Ч.Б-ийн “...Ж нь 2019 оны 3 дугаар сарын 20-ны үеэр Бор хавцалд гарч ирж ажиллаад гэрлүүгээ харихгүй байж байгаад 2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр хариад 4-5 хоноод буцаж Бор хавцалд гарч ирж ажиллаад манай нөхөрлөл буух хүртэл харихгүйгээр ажилласан. Ж нь Улаангом сум руу нэг удаа хариад ирсэн бөгөөд ирэхдээ ямар нэг бог малын мах, мал авч ирсэн зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
7. Увс Финанс-Аудит ХХК-ий Мал үнэлсэн тухай шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 149 дугаартай дүгнэлт /хх-ийн 36 дугаар хуудас/,
8. Шүүгдэгч Ш.М-ийн яллагдагчаар өгсөн “...Би Б-ын Ж-тай хамт бага ангид сурч байсан бөгөөд хааяа нэгнийхээрээ орж гардаг байсан учраас таньдаг юм. З анх намайг малыг нь хулгайлсан гэж хэлээд байхаар нь би айсандаа болоод Ж-тай хамт малыг нь хулгайлсан гэж хэлсэн бөгөөд Ж-тай хамт З-ын бог малыг хулгайлсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, нотолбол зохих байдлыг хангалттай тогтоож чадсан, мал үнэлсэн шинжээчийн 149 дугаартай дүгнэлтийг тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны нотлох баримт гэж үнэлэв.
Шүүгдэгч Ш.М нь 2019 оны 4 дүгээр сарын 10-аас 11-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Бага бураа гэх газраас хохирогч Д.З-ын 2 тооны ямаа, 4 тооны хонь хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байна. Иймд шүүгдэгч Ш.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.З-т 1’020’000 /нэг сая хорин мянга/ төгрөгийн хохирол учирсан байна. Шүүгдэгч Ш.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болох нь “...Ш.М нь надад учирсан хохиролд 1’500’000 төгрөг өгч миний хохирлыг төлж барагдуулсан бөгөөд надад Ш.М-с нэхэмжлэх зүйл байхгүй..” гэх хохирогч Д.З-ын мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/-ээр тогтоогдож байна.
Иймд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан байх тул шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохиролгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ш.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан “гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх” гэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэмжээний дотор нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 1’000’000 төгрөгийн үнэ бүхий хул зүсмийн 11 настай эр морийг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд баримтаар хураагдаж ирсэн хазаар 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгох зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдаж, түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Ш-ын М-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.М-д 320 /гурван зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Ш.М нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн 1’000’000 төгрөгийн үнэ бүхий хул зүсмийн 11 настай эр морийг улсын орлого болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд баримтаар хураагдаж ирсэн хазаар 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА