Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 971

 

 

 

 

 

2019         11          19                                   2019/ШЦТ/971       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

Улсын яллагч Н.Уранбайгаль,  

Хохирогч З.Оюунсувд,

Иргэний нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэ, тэдгээрийн өмгөөлөгч Г.Алтанчимэг,

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Отгонбаяр,

Гэрч Б.Нэргүй,

Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч О.Одхүү нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ад холбогдох эрүүгийн 1903000000245 дугаартай хэргийг 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1972 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “E mall” сүлжээ дэлгүүрт менежер ажилтай, ам бүл 7, нөхөр, 3 охин, хүү, зээ охины хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 13 хороолол 72 дугаар байр 20 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өглөө 07 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Ардчиллын ордон”-ны баруун замд Тоёота Приус 10 маркийн 90-71 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 10.9-т заасан “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас жолооч Б.Нэргүйгийн жолоодон явсан “Тоёота королла филдэр” маркийн 74-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч З.Оюунсувдын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Хохирогч З.Оюунсувд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 23-ны өглөө хэрэг болсон. 11 дүгээр хороололоос манай машин чигээрээ явж байхад машин гарч ирээд мөргөсөн. Энэ хэргийн улмаас миний эрүүл мэнд хохирч байна. Миний зүүн талын хацарны яс хугарсан. Зүүн гараа хөдөлгөж болохгүй байна. Би эмчилгээний зардалд цээжний зураг 150.000 төгрөгөөр авахуулсан. Толгой хүзүү 200.000 төгрөг болсон. Нийт 998.000 төгрөгийг нэхэмжилж байна. Эмчилгээний зардалд 598.000 төгрөг болсон. Ажилгүй байсан хугацааны 8 хоногийн цалин болох 400.000 төгрөг нэхэмжилж байна. Би гараа дээшээ өргөж чадахгүй байна. Юм зажилахаар өвдөөд байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжилнэ...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Да Хүрээ” захаас тухайн машиныг 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр 7.000.000 төгрөгөөр худалдаж авсан. Үнэлгээгээр 3.999.000 төгрөг болсон. Би 5.059.000 төгрөг нэхэмжилж байна. Уг машиныг ачилтын хашаанд байхад 205.000 төгрөг, 160.000 төгрөгөөр үнэлгээ хийлгэсэн. Оношилгооны 35.000 төгрөг, ачилт нь 60.000 төгрөг, 22 хоног түр саатуулах байранд байсан 110.000 төгрөг, компаниас тодорхойлолт авахад 20.000, өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөг болсон. Ингээд нийт 5.059.000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна...” гэв.

 

Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Миний зүгээс машины эвдрэлийг янзлаад өг. Мөн та торгуулийг төлөөд өгөөрэй гэж хэлсэн. Би шүүгдэгчээс миний машиныг янзлуулаад өг эсвэл машиныхаа үлдсэн мөнгийг авмаар байна. Машиныг нь засах гэхээр зөндөө олон торгуультай бичиг баримт нь байхгүй байна. Би Б.А нь тухайн машиныг надаас өөрөө аваад үлдсэн мөнгөө өг гэдэг байр суурьтай байна...” гэв.

 

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 23-ны өглөө “Санзай” зуслангаас хүүхдээ 13 дугаар хороололын 84 дүгээр сургуульд хүргэж өгөөд 100 айлын ойролцоо хүнтэй уулзах гээд явж байсан. Хөгжим бүжгийн коллежийн уулзвараар гэрлэн дохиогоор баруун эргээд дахиад зүүн эргэдэг уулзвараар орох гээд байж байхад урдуур хүн гүйгээд түр зогссон. Намайг тийшээ эргэх гэж байхад миний ардаас хар өнгийн Ланд 200, зуун айлын хойд талын урсгалаас жижиг цагаан тэрэг гэрлэн дохиогоор миний орж байгаа чиглэл рүү орж ирж байсан. Өөр машин байгаагүй. Миний урдуур гүйсэн хүнийг өнгөрөөгөөд хөдлөх гэж байхад дээрээс саарал машин орж ирээд намайг зогсож байхад мөргөсөн. Би хөдөлгөөн хийгээгүй байсан...” гэв.

 

Эрүүгийн 1903000000245 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 23-ны өглөө 07 цаг 10 минутаас 07 цаг 20 минутын хооронд би Отгонбаяр гэх хүний нэр дээр байдаг мөнгөлөг саарал өнгийн Тоёота Приус10 маркийн 90-71 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан.  Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны нутаг Хуурайн Мухар 01-44 тоот хаягтай гэрээсээ 84 дүгээр сургууль орчихоод 11 дүгээр хорооллын 44 дүгээр байранд очиж хүнтэй уулзах зорилгоор Сүхбаатар дүүргийн нутаг Ардчиллын ордны баруун замд ертөнцийн зүгээр урдаасаа хойшоогоо чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 20-30 орчим км/ц-ийн хурдтай явж байхдаа аль нэг гарцаар эргэхээ мэдэхгүй гарц хайгаад явж байгаад тасархай шугамтай гарцаар зүүн гар тийшээ эргээд ортол машины урдуур нэг эрэгтэй хүн гүйхээр нь зогстол хойноосоо урагшаа чиглэлтэй явсан мөнгөлөг өнгийн Тоёота Королла Филдер маркийн 74-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь машины маань чанх урд хэсэг рүү мөргөсөн. Би тэр үед хэсэг шоконд орсон. Нөгөө машинаас нэг эмэгтэй хүн уйлаад гараад ирсэн. Би өөрийнхөө 80808442 гэсэн дугаараас 102-т дуудлага өгсөн. Харин тэр хавиар байсан хүмүүсээс 103-т дуудлага өгсөн. Түргэн тусламжийн машин эмч нь тэр эмэгтэйг үзчихээд машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Үүний дараа цагдаа нар ирж ослын газарт хэмжилт, хэргийн газрын үзлэгийг хийж дуусаад хоёр машиныг ачигч дуудаж ачуулсан. Тухайн үед замын хөдөлгөөн сийрэг байсан. Эсрэг урсгалд жижиг цагаан өнгийн машин ирж байхыг харсан. Тэр намайг мөргөсөн машиныг би анзаараагүй. Миний биед ослын улмаас ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл байхгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 98-100 дугаар хуудас/,

 

Хохирогч З.Оюунсувд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 23-ны өглөө 07 цаг 30 минутын орчимд Б.Нэргүй нь “Тайкун” ХХК-ийн эзэмшилд байдаг мөнгөлөг саарал өнгийн Тоёота Королла маркийн 74-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон би болон Батравдангийн хамт суугаад Яармагийн “Хүннү Молл” орох гээд Сүхбаатар дүүргийн нутаг 11 дүгээр хорооллын Ардчиллын ордны баруун замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаагаа чиглэлтэй зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр яг хэдэн км/ц-ийн хурдтай явсан болохыг нь анзаараагүй явж байтал эсрэг урсгалаас мөнгөлөг өнгийн Тоёота Приус10 маркийн улсын дугаар болон серийг нь анзаараагүй тээврийн хэрэгсэл нь зүүн гар тийшээгээ эргэж орж ирээд мөргөлдсөн. Тэр үед би хэсэг шоконд орсон. Тэгээд арай нэг гайгүй болоод байж байтал түргэн тусламжийн машин ирж эмч намайг үзээд гэмтлийн эмнэлэг рүү явах шаардлагатай гэж хэлээд машиндаа суулгаад гэмтлийн эмнэлэг рүү хүргэж өгөөд явсан. Ослын улмаас миний зүүн хацрын яс хугарсан, мөр мөрнөөс дээш зөөлөн эдийн гэмтэлтэй, толгой доргисон. Өөр ямар нэг гэмтэл шарх байхгүй. Би гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Уг автомашин нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш “Тайкун” ХХК-ний нэр дээр байгаа. Уг автомашины зээлийн хугацаа нь 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр дуусна. Би машины зээлийг сар бүр төлдөг. “Тайкун” ХХК-ний нэр дээр байдаг боловч манай гэр бүлийн хэрэгцээний машин. Би машиндаа эвдрэл хохирлын үнэлгээг хийлгэсэн. Машиныхаа хохирлыг барагдуулж авсан тохиолдолд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч, иргэний харицагч Б.Отгонбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Тоёота приус-10 маркийн 90-71 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн автомашин. 2018 оны 7 дугаар сард зарын дагуу надад дээр нэг эмэгтэй ирж миний эзэмшлийн Тоёота приус-10 маркийн 90-71 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг 8 сая төгрөгөөр түрээсийн гэрээ байгуулж авч явсан. Гэрээ байгуулснаас хойш 2019 оны 01 дүгээр сар хүртэл сар бүр 500.000 төгрөг тогтмол өгч байгаад 2019 оны 02 дугаар сараас хойш холбоо тасарсан. Би зөвхөн Сод-Эрдэнэ гэх хүнд автомашинаа өгсөн. Уг автомашины хохирлыг Сод-Эрдэнэ хариуцах ёстой гэж бодож байна. Би машиныхаа хохирлыг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Нэргүй мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 23-ны өглөө 07 цаг 20  минутын орчимд “Тайкун” ХХК-ний нэр байдаг мөнгөлөг саарал өнгийн Тоёота Королла филдер маркийн 74-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг би жолоодон Оюунсувд, Батравдан нарын хамт Яармагийн Хүннү молл орох гээд явсан. Сүхбаатар дүүргийн нутаг 11 дүгээр хорооллын Ардчиллын ордны баруун замд ертөнцийн зүгээр зүүн хойноосоо урагшаа чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр 50 орчим км/ц-ийн хурдтай явж байтал эсрэг урсгалаас зүүн гар тийшээгээ гарц руу эргэх гээд мөнгөлөг саарал өнгийн Тоёота приус-10 маркийн 90-71 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл гэнэт гараад ирсэн. Би уг автомашиныг ойролцоогоор 10-15 орчим метрийн зайд харсан. Би харсан даруйдаа тормозоо гишгэж дуут дохиогоо өгсөн боловч тухайн машинтай мөргөлдсөн. Түргэн тусламжийн эмч Оюунсувдыг үзчихээд гэмтлийн эмнэлэг рүү авч явах шаардлагатай гээд машиндаа суулгаад авч явсан. Үүний дараа цагдаа нар ирээд бид хоёрын бичиг баримтуудыг хурааж авсан. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл байхгүй....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

 

Гэрч Н.Батравдан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр 07 цаг өнгөрч байхад хамт ажилладаг Нэргүйн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд Оюунсувдын хамт суугаад Яармагийн Хүннү Молл орох гэж явсан. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг Ардчиллын ордны баруун замд ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй, зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр яг хэдэн км/ц-ийн хурдтай явсныг анзаараагүй явж байтал түс гэх чимээ гараад нэг машинтай мөргөлдөөд зогссон. Миний хажууд сууж явсан Оюунсувд орилосон. Бид нар машинаасаа буугаад би өөрийн 91205477 гэсэн дугаараас 103-т дуудлага өгсөн. Осол болох үед би Нэргүйгийн жолоодож явсан арын суудалд буюу зөв талын хойно хаалган талдаа сууж явсан. Ослын улмаас миний биед ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62 дугаар хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-9 дүгээр хуудас/,

 

Зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 9-14 дүгээр хуудас/,

 

Эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэлд “...№812861 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэг, №02227724 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ 1 ширхэг зэргийг хүлээн авч тэмдэглэл үйлдэв. Мөн Б.Аийн №255765 дугаартай жолооны үнэмлэх 1 ширхэгийг хураан авч тэмдэглэл үйлдэв...” гэжээ /хх-ийн 17-18 дугаар хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлүүд /хх-ийн 20-23/,

 

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/,

 

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №6411 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. З.Оюунсувдын биед зүүн хацар ясны далд хугарал, хүзүү, зүүн хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-Т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 65 дугаар хуудас/,

 

“Ашидбилгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Toyota Fielder 74-71 УНМ шууд зардлын дүн 3.599.000...нийт дүн 3.969.000...” /хх-ийн 79-81 дүгээр хуудас/,

 

“Ашидбилгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд “...Toyota Prius 90-71 УНН шууд зардлын дүн 1.493.000...нийт дүн 1.643.000...” /хх-ийн 84-85 дугаар хуудас/,

  

 

Мөрдөгчийн №241 дугаартай магадлагаа “...1. Тоёота приус 10 маркийн 90-71 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Балдансамбуу овогтой Алтангэрэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 10.9. Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Тоёота Королла Филдер маркийн 74-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Бүжин овогтой Нэргүй нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна....” гэжээ /хх-ийн 90-91 дүгээр хуудас/,

 

Шинжээчийн №375 дугаартай дүгнэлт “...1. “Тоёота Приус-10” маркийн 90-17 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Б.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино... 10.1 Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...15.10 Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө /”Зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг/... гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. “Тоёота Королла Филдер” маркийн 74-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Б.Нэргүй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 Жолооч дараах үүргийг хүлээнэ... б/хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх... гэсэн дүрмийн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна. 4. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно гэж заасан бөгөөд тухайн зам тээврийн осол болсон гэх зам нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.44 “хороолол” гэж орон сууц буюу гэр хорооллын дотрох зорчих хэсгийг хамруулж 5.23 тэмдгээр тэмдэглэсэн нутаг дэвсгэр биш учир 60 км/цаг хүртэл хурдтайгаар хөдөлгөөнд оролцох боломжтой. 5. “Тоёота Приус-10” маркийн 90-17 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Тоёота Королла Филдер” маркийн 74-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд хэдэн км/цагийн хурдтай явсныг тогтооход тусгай мэдлэг шаардлагатай тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.4 дах хэсгийг үндэслэн Шүүх шинжилгээний хүрээлэн болон Монгол Улсын Шинжлэх ухаан технилогийн их сургуулиас бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай...” гэжээ /хх-ийн 212 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №4963 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн осол хэргийн газар тусгагдсан Toyota Corolla Fielder маркийн 74-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн тоормосны гэх мөр нь бүрэн зогсолтын тоормосны мөр биш, Toyota Prius 10 маркийн 90-71 УНН улсын дугаартай тээвийн хэрэгслийн тоормосны мөр осол хэргийн материалд тэмдэглэгдээгүй тул тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна...” гэжээ /хх-ийн 219 дүгээр хуудас/,

 

“Лазер мед” эмнэлэг компьютер томографийн шинжилгээ /хх-ийн 30-32 дугаар хуудас/

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас эмчилгээ, бусад төлбөртэй холбоотой баримтууд /хх-ийн 33-36, 47-50, 132, 172-173 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 101 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 105 дугаар хуудас/, хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 107 дугаар хуудас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 108 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 109 дүгээр хуудас/, автомашин түрээсээр худалдах, худалдан авах гэрээ /хх-ийн 126-128, 168 дугаар хуудас/ болон шүүхий хэлэлцүүлэгт хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөртэй холбоотой 2 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 5 дугаар сарын 23-ны өглөө 07 цаг 20 минутын үед Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Ардчиллын ордон”-ны баруун талд байх эсрэг урсгалтай замд “Toyota prius 10” /Тоёота приус 10/ маркийн 90-71 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана...” гэснийг, мөн дүрмийн 15.10-т заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас жолооч Б.Нэргүйн жолоодон явсан “Toyota Fielder” /Тоёота королла филдер/ маркийн 74-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч З.Оюунсувдын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, “Toyota Fielder” /Тоёота королла филдер/ маркийн 74-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 3.599.000 төгрөгийн /нийт 3.969.000 төгрөгийн/ “Toyota prius 10” /Тоёота приус 10/ маркийн 90-71 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд шууд 1.493.000 төгрөгийн /нийт 1.643.000 төгрөгийн/ хохирол тус бүрт учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

  - Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,

 

              - Зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд

 

              - Хохирогч З.Оюунсувдын мэдүүлэг,

 

              - Иргэний нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнийн мэдүүлэг,

 

              - Иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч Б.Отгонбаярын мэдүүлэг,

 

              - Гэрч Б.Нэргүй, Н.Батравдан нарын мэдүүлэг,

 

              - Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №6411 дугаартай дүгнэлт /З.Оюунсувдын биед шинжилгээ хийсэн талаар/,

 

              - Мөрдөгчийн №241 дугаартай магадлагаа,

 

              - Шинжээчийн №375 дугаартай дүгнэлт,

 

              - Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн №4963 дугаартай шинжээчийн дүгнэлт

 

              - “Ашидбилгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангууд /“Toyota Fielder” /Тоёота королла филдер/ маркийн 74-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, “Toyota prius 10” /Тоёота приус 10/ маркийн 90-71 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслүүдэд техникийн хохирлын үнэлгээ тогтоосон талаар/,

 

              - “Лазер мед” эмнэлэг компьютер томографийн шинжилгээ зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.

 

  Зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь осол хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, Б.Аийн  жолоодон явсан “Тоёота приус-10” маркийн 90-71 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Б.Нэргүйгийн жолоодон явсан “Тоёота Королла Филдер” маркийн 74-71 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн болохыг хохирогч, гэрч нараас тодорхой мэдүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөн болохыг мөрдөгчийн магадлагаа болон шинжээчийн дүгнэлтээр, мөргөгдсөн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч З.Оюунсувдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр, автомашинуудад эвдрэл, гэмтэл учирсныг хөрөнгийн үнэлгээний тайлангуудаар тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч Б.Аийн үйлдэл нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэснийг, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангана...” гэснийг, мөн дүрмийн 15.10-т заасан “жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг гэмтээсэн үйлдэл нь нотлогджээ.

 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Б.А нь тээврийн хэрэгсэл жолоодохдоо хөдөлгөөнийхөө чигийг өөрчилж, эсрэг урсгалтай замаар зорчихдоо зам орчны байдлыг биеэр, бүрэн шалгаагүй, аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцлийг хангахгүйгээр чигээрээ яваа, давуу эрхтэй замын хөдөлгөөнд оролцож байсан Б.Нэргүйн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргажээ.

 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.11-т зааснаар “...“давуу эрх” гэж бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг”, мөн дүрмийн 1.2.16-т зааснаар “...“зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг” хэлнэ гэж заасанчилан тухайн үед Б.А нь замын хөдөлгөөнд тээврийн хэрэгсэл жолоодон оролцохдоо Б.Нэргүйн жолоодон явсан тээврийн хэрэгсэлд зайлшгүй зам тавьж өгөх шаардлагатай байсан болох нь тогтоогдсон  байна.   

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

  Иймд шүүх шүүгдэгч Б.Аийг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргасныг хүлээн авах хуульзүйн үндэслэлтэй байх ба харин шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс “...З.Оюунсувдын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоохдоо хууль зөрчсөн тул дахин дүгнэлт гаргуулах, Б.Нэргүйн жолоодсон тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлуулах шаардлагатай тул хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэх нь зүйтэй...” гэсэн санал гаргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.

 

Учир нь тус хэрэгт 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Б.Аээс гэмт хэргийн талаар мэдээлэл гаргаж улмаар зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийгдсэн нь тэмдэглэлд тусгагдсанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэх нөхцөл байдал үүсч мөрдөгчөөс тус хуульд заасан эрхийн хүрээнд 2019 оны 5 дугаар сарын 24-ны өдөр З.Оюунсувдын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоолгохоор шинжээч томилж, шинжилгээ хийлгэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу гүйцэтгэсэн байна.

 

Түүнчлэн шүүх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийг хүлээн авч Б.Нэргүйн жолоодон явсан тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлуулахаар тусгай мэдлэг бүхий шинжээчийг томилж дүгнэлт гаргуулсан боловч энэ нөхцөл байдал нь тогтоогдох боломжгүй байдлыг шинжээч тодорхойлсон тул дахин шинжээч томилох шаардлагагүй гэж шүүх үзсэн.

 

Гэсэн хэдий ч тус осол хэрэгт хэргийг шийдвэрлэх боломжтой ач холбогдол бүхий нөхцөл байдлыг шинжээчийн 375 дугаартай дүгнэлт бусад баримтуудаар хангалттай нотлогдсон гэж шүүх дүгнэлээ.    

 

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан саналд хуулийн ямар заалтыг хэрхэн, яаж зөрчсөн талаарх үндэслэл ойлгомжгүй, шүүгдэгчийн мэдүүлэгт тулгуурласнаар хязгаарлагдсан байх ба шүүгдэгч нь өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд мэдүүлгийг хэрхэн өгөх нь түүнд хуулиар олгогдсон эрх бөгөөд түүний мэдүүлэг бодит бус буюу нотолгооны чадваргүй болох нь шүүгдэгчийг тус гэмт хэрэгт гэм буруутайг нотолж буй бусад нотлох баримтаар илэрч няцаагдсан байна.

 

Шүүгдэгч Б.Аийн жолоодон явсан “Тоёота Приус 10” маркийн 90-71 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг өмчлөгч Б.Отгонбаяраас иргэн Б.Сод-Эрдэнэтэй 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 360 хоногийн хугацаатай “автомашин түрээсээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулан Б.Аээс уг гэрээтэй холбоотой баталгааны гэрээ хийж баталгаажуулжээ.

 

Ийнхүү Б.Отгонбаяр, Б.Сод-Эрдэнэ нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа бий болж уг автомашиныг Б.Сод-Эрдэний эзэмшилд шилжүүлж, түүнээс Б.Ад шилжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон тул Б.Отгонбаярыг иргэний хариуцагч гэж үзэж, төлбөр гаргуулах үндэслэлгүй байна.

 

Харин тэдгээрийн хооронд байгуулагдсан гэрээний үүргийн гүйцэтгэл хангагдаагүй, уг автомашины өмчлөгч нь Б.Отгонбаяр хэвээр байх тул түүнийг иргэний нэхэмжлэгч гэж үзэхээр байна.

 

Шүүх Б.Аийг гэм буруутайд тооцсон тул үүнээс үүсэх гэм хорын хохирлыг хариуцах үндэслэл бий болсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т зааснаар бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг түүнээс гаргуулах үндэслэлтэй байна.   

 

Б.Аээс хохирогч З.Оюунсувдын эмчилгээ, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин, хөлсний төлбөр /хх-ийн 33-35, 63, 132/ болох 798.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэний автомашинд учирсан хохирол, түүнтэй холбоотой бусад зардал /хх-ийн 47-50, 172-173/ болох 4.559.500 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Отгонбаярын автомашинд учирсан хохирол, түүнтэй холбоотой бусад зардал болох 1.643.000 /хх-ийн 84-85 дугаар хуудас/ төгрөгийг нийт 7.000.500 төгрөгийг гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэв.

 

  Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “өмгөөлөгч өмгөөллийн үйлчилгээ үзүүлэхдээ үйлчлүүлэгчээс хөлс авах бөгөөд өмгөөллийн үйлчилгээний хөлсний хэмжээг өмгөөлөгч, үйлчлүүлэгч гэрээгээр харилцан тохиролцож тогтооно” гэж өмгөөлөгчийн хөлсний талаар заажээ.

 

Нөгөөтэйгүүр шүүх хуралдаанд оролцсон прокурор төрийг төлөөлж хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, бусдын зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээг авах үүргээ биелүүлж хохирогч иргэний нэхэмжлэгчийн эрхийг хамгаалан оролцдог.

 

Иймд шүүх хохирогч З.Оюунсувд, иргэний нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэ нарын өмгөөлөгчид төлсөн хөлсийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зайлшгүй гаргуулах зардал биш гэж үзсэн тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

              Шүүх хуралдаанд хохирогч З.Оюунсувдаас “...цаашид эмчилгээ хийлгэнэ...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул түүнийг эмчилгээ хийлгэхтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Аийг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Хэрэгт хураан авсан Б.А-ийн №00000 дугаартай жолооны үнэмлэхийг буцаан олгохоор шийдвэрлэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Б.Аээс замын хөдөлгөөнд  хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

        

        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Аг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аийг 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Аээс 7.000.500 төгрөгийг гаргуулж, 798.000 төгрөгийг хохирогч З.Оюунсувдад, 4.559.500 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэд, 1.643.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Отгонбаярт тус тус олгосугай.

 

5. Хохирогч З.Оюунсувд, иргэний нэхэмжлэгч Ц.Оюун-Эрдэнэ нараас өмгөөллийн хөлс нэхэмжилсэн нийт 500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

6. Хохирогч З.Оюунсувд нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.  

 

7. Хэрэгт хураан авсан Б.А-ийн №000000 дугаартай жолооны үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            9. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН