| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/1021/Э |
| Дугаар | 1080 |
| Огноо | 2019-12-18 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 1080
2019 12 18 2019/ШЦТ/1080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, шүүгч Д.Ренченхорол, Л.Одончимэг нарын бүрэлдэхүүнтэй,
Нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
Иргэдийн төлөөлөгч Д.Батхишиг,
Улсын яллагч О.Доржмаа,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярцэнгэл,
Шүүгдэгч А.Т, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт А.Т-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909000000810 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 27-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-2, эхнэрийн хамт оршин суудаг,
2005 оны 3 дугаар сарын 29-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоног баривчлах ялаар,
2011 оны 12 дугаар сарын 07-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хорих ялаар,
2019 оны 5 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, А.Т-г /регистрийн дугаар /,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А.Т нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2-42 тоотод байрлах нийтийн байрны 4 тоот өрөөнд архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Балдандоржтой маргалдаж, улмаар Д.Балдандоржийн зулай, баруун шанаа, эрүүний зүүн булан, хүзүүний ар болон зүүн хажуу хэсэгт хутгаар хатгаж, олон тооны шарх гэмтэл үүсгэж онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч А.Т шүүх хуралдаанд “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “…бид нарыг очиход Арвайбаатар, Бааска ах, талийгаач нар сууж байсан ба Сумъяа ороод талийгаач руу заагаад найзынх нь нүүрийг хутгаар зүссэн нөхөр чинь энэ хүн шүү дээ гэж хэлэхээр нь би талийгаачид хандаж яаж байгаа юм бэ, та нэгийгээ согтуу унтаж байхад нь шоглоод гэж хэлэхэд талийгаач уучлаарай, ахынх нь бие муу байна гэж хэлсэн. Хоёр шил архийг ууж дуусгаад байж байтал Сумъяа, талийгаач ах 2 хоорондоо маргалдаад байхаар нь Арвайбаатар ах боль гээд болиулаад тэр 2 хоорондоо гар бариад больсон. Би гар утсаар бичлэг үзээд сууж байхад Сумъяа, талийгаач 2 гадаа гараад маргалдаад зогсож байхаар нь би гараад очоод Сумъяаг боль гээд шанаа руу нь цохисон. Тэгэхэд Сумъяа шанаагаа бариад газар сууж байхад Хүрлээ миний хажуугаар гарахдаа чи согтсон юм уу, хэнийг зодохоо мэдэхгүй байгаа юмуу гэж хэлээд өнгөрсөн. ...Тэгэхэд талийгаач халаасандаа байн байн гараа хийгээд байхаар нь харахад баруун талын өмдний халаасанд хутга хийчихсэн, үзүүр нь дээшээ гараад байхаар нь би гүйж очоод хутгыг нь булаагаад авсан. Гэтэл талийгаач над руу дайрсан, нэг мэдэхэд талийгаач гадаа хаалган дээр зогсоод би гартаа хутга барьсан, миний гар, хутга цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-149-151/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярцэнгэл шүүх хуралдаанд “…Гомдолтой байна. Оршуулганд зарцуулсан 6.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэв.
түүний мөрдөн байцаалтад өгсөн “…оршуулгын зардалд 6.000.000 төгрөг
гаргасан. Би 2 хүүхдээс нь асуусан, хүүхдүүд нь хохирогчоор оролцох боломжгүй,
ямар ч байсан оршуулгын зардлыг гаргуулан авмаар байна…” гэсэн мэдүүлэг /хх-21/,
Гэрч О.Нямдуламын “…өмнөх өдөр нь уучихсан архи гараагүй согтуу байсан бөгөөд нөхөр А.Ттай хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2-42 тоотод байрлах нийтийн байранд очиход хүмүүс согтуу байсан. Би тухайн байрны эзэн Арвайбаатартай муудалцаад байдаг болохоор манай нөхөр намайг гэр рүүгээ яв гээд явуулсан байсан. ...нэг пиво хувааж уугаад Алтайн 2-42 тоотод байрлах нийтийн байр руу такси бариад очиход Сумъяа, эхнэр нь болон цагдаа нар байсан…” гэсэн мэдүүлэг /хх-22/,
Гэрч Б.Сүх-Эрдэнийн “…Цагдаагийн хэлтэс рүү ирэх замдаа би юу болсон галаар огт мэдэхгүй байсан учраас Хүрлээгээс юу болсон талаар асуухад Балдорж гаднаас орж ирэхдээ Шаркад шаалгачихлаа гээд цусаа гоожуулаад ороод ирсэн гэж хэлсэн. Тэгээд би хутга шөвгөний асуудал гарсан гэдгийг мэдсэн…” гэсэн мэдүүлэг /хх-28-29/,
Гэрч М.Одын “…би Хүрлээ, Байгалаа, Гэрэлээ, Дундуй, Бал, Шарка гэх
хүмүүсийн хамт архи уусан юм. Тухайн үед Бал Шарка гээд дуудаад байсан
залуутай зодолдсон. Тэгээд удалгүй Шарка, Бал 2 маргалдаж байгаад гадаа гарсан, тэгсэн чинь Бал нуруугаа зүсүүлчихсэн ороод ирсэн, харин Шарка гээд тэр залуу нь орж ирээгүй. Байгалаа Балын нуруунаас цус гоожиж байгааг хараад 103-т дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-36/,
Гэрч У.Батбайгалийн “…тэгээд бид нар бүгдээрээ нийлээд архи уугаад
байхад Сумъяа, түүнтэй хамт орж ирсэн шар царайтай залуу /Төмөрхуяг/, аан хүрэн өнгийн цамцтай /Балдорж/ эрэгтэй хүмүүс хоорондоо маргалдаад байсан, ямар шалтгааны улмаас маргалдаад байсан талаар нь сайн мэдэхгүй байна, ямар ч байсан маргалдаад Арвайбаатар голоор нь орж та нар баярын өдөр битгий маргалдаад бай гэж хэлсэн. ...тэд нар маргалдаад болихгүй байж байгаад улаан хүрэн цамцтай залуу цонхоор гараад явсан. Тэгэхэд шар царайтай залуу цээж нүцгэн хаалгаар ганцаараа гарч явсан. Араас нь Арвайбаатар гарч яваад удалгүй улаан хүрэн цамцтай залуутай хамт буцаад орж ирээд тэр 2 юм ярьж байгаад улаан цамцтай залуу ганцаараа гараад явсан. Тэр залууг гарч явах үед шap царайтай залуу цээж нүцгэн баруун гартаа хутга бариад үүдэнд зогсож байсан. Тэгэхэд Арвайбаатар хөөе чи наад хутгаа аваад ир гэж хэлэхэд тэр залуу гаа бариад гараад гүйсэн. Удалгүй улаан хүрэн цамцтай залуу хүзүү, нуруу, толгой хэсэг нь нэлэнхүйдээ цус болсон байдалтай надад туслаарай гээд орж ирээд Баасанцэрэнгийн хөлийг налаад хэвтээд өгсөн…” гэсэн мэдүүлэг /хх-41-42/,
Гэрч О.Өгөөмөрийн “…Балдоржийн авч ирсэн архинаас ууж байгаад би
баруун талд унтсан, ямар ч байсан нэг сэрэхэд Баасанцэрэн ах миний дэргэд суучихсан, Сумъяа, Хүрэлбаатар, Байгаль, Арвайбаатар, Од нар байсан ба гаднаас Балдоржийн хүзүүний хойд тал болон өмсөж байсан цамц нь нэлэнхүйдээ цус болсон, араас нь Төмөрхуяг гаднаас орж ирсэн. ...Балдорж эхлээд цус болсон байдалтай орж ирсэн, харин араас нь Шарка буюу Төмөрхуяг орж ирсэн. Тухайн үед Балдоржийг юу ярьж байсан талаар тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан юу болсон юм бэ гэж асуухад Балдорж, Төмөрхуяг 2 хамт гарсан, хутгалчихсан юм шиг байна гэж хэлсэн... Гаднаас орж ирэх үедээ Төмөрхуяг хар иштэй нарийн хутга баруун гартаа бариад орж ирсэн…” гэсэн мэдүүлэг /хх-43-44/,
Гэрч С.Хүрэлбаатарын “…бид нар архи хувааж ууж байтал Сумка, Бал
маргалдаад нэг нэгнээсээ уучлалт гуйгаад өнгөрсөн. Учир нь Бал Сумкагийн нүүрийг хутгаар зүсэж байсан. ...тэгээд 30-40 минутын дараа Бал гаднаас хаалга тогшоод цустайгаа холилдоод ороод ирсэн. Тэгээд бид нар бүгдээрээ босоод цусыг нь тогтоох гэж оролдоод мөн цагдаа, эмнэлэг дуудсан. Тэр үед Бал Шараа байцаанд шивүүлчихлээ гэж хэлсэн…” гэсэн мэдүүлэг /хх-46-48/,
Гэрч Ү.Мөнхнасангийн “…өнөөдөр 11 цаг 10 минутад согтуу, хүзүүний зүүн ард талд олон тооны хутгалагдсан шархтай, толгой чамархай зүүн шанаа орчимд зүсэгдсэн шархтай, цус алдсан, өмссөн өмд, цамц, гутал нь цус болсон байдалтай 103-аар хүргэгдэн ирсэн. ...хүзүүний зүүн талд 4-5 шарх, толгой баруун чамархай хэсэгт 1 шарх, зулай хэсэгт 1 шарх, зүүн шанаа орчимд 1 шарх байсан…” гэсэн мэдүүлэг /хх-54-55/,
Гэрч Ш.Мөнхгэрэлийн “…2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2-42 тоотод Арвайбаатарынд наадам тэмдэглэх зорилгоор бусад хүмүүсийн хамт архи ууцгаасан. Би тэнд байр түрээсэлж амьдардаг юм. Архи ууж байх үед Бал гээд ах Сумка, шар үстэй залуу 3 хоорондоо бага зэрэг муудалцаад байсан…” гэсэн мэдүүлэг /хх-56/,
Гэрч Д.Баасанцэрэнгийн “…Шарка нь Балдоржтой маргалдаад байсан. Учир нь Балдорж Шаркагийн найз Сумъяагийн нүүрийг өмнө нь зүсчихсэн гэж ярьж байсан бөгөөд яахаараа чи миний найзын нүүрийг зүсдэг юм бэ гээд маргалдаад байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа Балдорж тэр өрөөний цонхоор орж гараад араас нь Шарка бас хөөцөлдөж байгаад гэнэт л Балдорж орж ирэхдээ хамаг бие нь цус болчихсон байдалтай миний өвөр дээр унасан. Тэгэхээр нь би сандраад Хүрэлээг яаралтай түргэн дууд гэж хэлээд Хүрлээ утсаараа түргэн дуудсан…” гэсэн мэдүүлэг /хх-59-61/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 1550 тоот актын “…Талийгаач Д.Балдандоржийн цогцост хүзүүний зүүн хажуу хэсгээр цээжний оройгоор хөндий рүү дээрээс доош нэвтэрсэн шарх, гүрээний гадна ерөнхий вен, далны арын артерийн салааны тасрал, шархны цус алдалт (4500мл), цээжний хөндийн цус хуралдалт (4500мл), дотор эрхтэнүүдийн хурц цус багадалт, зүүн уушги уналт, зулай, баруун шанаа, эрүүний зүүн булан, хүзүүний ар болон зүүн хажуу хэсгийн хатгагдсан шарх, зүүн эгэмний цус хуралт, эрүүний зүүн нум, зүүн чихний урд гадаргуун зулгаралт, зүүн мөр, тохой, баруун бугалга, сарвуу, өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 6 удаагийн, мохоо зүйлийн 7 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл байна. ...Талийгаач нь цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...Талийгаач нь АВО системээр В /III/ бүлгийн цустай байна. ...Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. ...Талийгаач нь Цэргийн төв эмнэлгийн №010269 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр 2019.7.11-ний өдрийн 1710 минутанд нас барсан байна. ...Талийгаач нь хүзүүний зүүн хажуу хэсгийн гүрээний гадна ерөнхий вен далны арын артерийн салаа гэмтээсэн шархны улмаас хурц цус алдаж нас баржээ.” гэсэн дүгнэлт /хх-129-131/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 1043 дугаар дүгнэлт “…А.Т нь ямар нэгэн өвчингүй байна. ...А.Т нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. ... А.Т нь өөрийн үйлдсэн хэргээ хариуцах чадвартай байна. ...А.Т нь сэтгэцийн эрүүл мэндийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.” гэсэн дүгнэлт /хх-183-184/,
Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-5/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-6-10, 12-15, 17, 132-133/, цогцосонд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-16/ шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-154/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-152/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-161/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-177-178/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч А.Т нь 2019 оны 7 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2-42 тоотод байрлах нийтийн байрны 4 тоот өрөөнд архидан согтуурсан үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Балдандоржтой маргалдаж, улмаар Д.Балдандоржийн зулай, баруун шанаа, эрүүний зүүн булан, хүзүүний ар болон зүүн хажуу хэсэгт хутгаар хатгаж, олон тооны шарх гэмтэл үүсгэж онц харгис хэрцгийгээр алсан болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярцэнгэлийн “…оршуулгын зардалд 6.000.000 төгрөг гаргасан. Би 2 хүүхдээс нь асуусан, хүүхдүүд нь хохирогчоор оролцох боломжгүй ямар ч байсан оршуулгын зардлыг гаргуулан авмаар байна…” гэх
гэрч О.Нямдуламын “…өмнөх өдөр нь уучихсан архи гараагүй согтуу байсан бөгөөд нөхөр А.Ттай хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 2-42 тоотод байрлах нийтийн байранд очиход хүмүүс согтуу байсан…” гэх
гэрч М.Одын “…би Хүрлээ, Байгалаа, Гэрэлээ, Дундуй, Бал, Шарка гэх
хүмүүсийн хамт архи уусан юм. Тухайн үед Бал Шарка гээд дуудаад байсан
залуутай зодолдсон. Тэгээд удалгүй Шарка, Бал 2 маргалдаж байгаад гадаа гарсан, тэгсэн чинь Бал нуруугаа зүсүүлчихсэн ороод ирсэн, харин Шарка гээд тэр залуу нь орж ирээгүй. Байгалаа Балын нуруунаас цус гоожиж байгааг хараад 103-т дуудлага өгсөн” гэх
гэрч У.Батбайгалийн “…Тэр залууг гарч явах үед шap царайтай залуу цээж нүцгэн баруун гартаа хутга бариад үүдэнд зогсож байсан. Тэгэхэд Арвайбаатар хөөе чи наад хутгаа аваад ир гэж хэлэхэд тэр залуу хутгаа бариад гараад гүйсэн. Удалгүй улаан хүрэн цамцтай залуу хүзүү, нуруу, толгой хэсэг нь нэлэнхүйдээ цус болсон байдалтай надад туслаарай гээд орж ирээд Баасанцэрэнгийн хөлийг налаад хэвтээд өгсөн…” гэх
гэрч О.Өгөөмөрийн “…Балдоржийн авч ирсэн архинаас ууж байгаад би
баруун талд унтсан, ямар ч байсан нэг сэрэхэд Баасанцэрэн ах миний дэргэд суучихсан, Сумъяа, Хүрэлбаатар, Байгаль, Арвайбаатар, Од нар байсан ба гаднаас Балдоржийн хүзүүний хойд тал болон өмсөж байсан цамц нь нэлэнхүйдээ цус болсон, араас нь Төмөрхуяг гаднаас орж ирсэн. ...Балдорж эхлээд цус болсон байдалтай орж ирсэн, харин араас нь Шарка буюу Төмөрхуяг орж ирсэн. Тухайн үед Балдоржийг юу ярьж байсан талаар тодорхой сайн санахгүй байна. Ямар ч байсан юу болсон юм бэ гэж асуухад Балдорж, Төмөрхуяг 2 хамт гарсан, хутгалчихсан юм шиг байна гэж хэлсэн... Гаднаас орж ирэх үедээ Төмөрхуяг хар иштэй нарийн хутга баруун гартаа бариад орж ирсэн…” гэх
гэрч С.Хүрэлбаатарын “…30-40 минутын дараа Бал гаднаас хаалга тогшоод цустайгаа холилдоод ороод ирсэн. Тэгээд бид нар бүгдээрээ босоод цусыг нь тогтоох гэж оролдоод мөн цагдаа, эмнэлэг дуудсан. Тэр үед Бал Шараа бацаанд шивүүлчихлээ гэж хэлсэн…” гэх
гэрч Ү.Мөнхнасангийн “...хүзүүний зүүн талд 4-5 шарх, толгой баруун чамархай хэсэгт 1 шарх, зулай хэсэгт 1 шарх, зүүн шанаа орчимд 1 шарх байсан…” гэх
гэрч Ш.Мөнхгэрэлийн “…Архи ууж байх үед Бал гээд ах Сумка, шар үстэй залуу 3 хоорондоо бага зэрэг муудалцаад байсан…” гэх
гэрч Д.Баасанцэрэнгийн “…Балдорж орж ирэхдээ хамаг бие нь цус болчихсон байдалтай миний өвөр дээр унасан. Тэгэхээр нь би сандраад Хүрлээг яаралтай түргэн дууд гэж хэлээд Хүрлээ утсаараа түргэн дуудсан…” гэх мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 1550 тоот актын “…Талийгаач Д.Балдандоржийн цогцост хүзүүний зүүн хажуу хэсгээр цээжний оройгоор хөндий рүү дээрээс доош нэвтэрсэн шарх, гүрээний гадна ерөнхий вен, далны арын артерийн салааны тасрал, шархны цус алдалт (4500мл), цээжний хөндийн цус хуралдалт (4500мл), дотор эрхтэнүүдийн хурц цус багадалт, зүүн уушги уналт, зулай, баруун шанаа, эрүүний зүүн булан, хүзүүний ар болон зүүн хажуу хэсгийн хатгагдсан шарх, зүүн эгэмний цус хуралт, эрүүний зүүн нум, зүүн чихний урд гадаргуун зулгаралт, зүүн мөр, тохой, баруун бугалга, сарвуу, өвдөг, шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 6 удаагийн, мохоо зүйлийн 7 болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр нас барахаас өмнө үүссэн шинэ гэмтэл байна. ...Талийгаач нь цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. ...Талийгаач нь АВО системээр В /III/ бүлгийн цустай байна. ...Талийгаач нь нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. ...Талийгаач нь Цэргийн төв эмнэлгийн №010269 тоот өвчний түүхэнд бичигдсэнээр 2019.7.11-ний өдрийн 1710 минутанд нас барсан байна. ...Талийгаач нь хүзүүний зүүн хажуу хэсгийн гүрээний гадна ерөнхий вен далны арын артерийн салаа гэмтээсэн шархны улмаас хурц цус алдаж нас баржээ.” гэсэн дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч А.Тийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн бусад баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч А.Тийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Тийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярцэнгэлээс мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд оршуулгын зардалд 6.000.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярцэнгэлийн нэхэмжлэлийг бүрэн хангаж, шүүгдэгч А.Таас 6.000.000 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Тийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Т нь өмнө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэхээр ял шийтгэгдсэн байх бөгөөд тэрээр уг ялаас 64 цагийн ялыг биеэр эдэлж, 336 цагийн ялыг эдлээгүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч А.Тт энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 336 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож 42 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоосон болно.
Мөн шүүх шүүгдэгч А.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тийн цагдан хоригдсон 157 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар Эрүүгийн 1911002390043 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.9, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан буюу хүнийг алах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар А.Тийг 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар А.Тийн өмнөх Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 336 цагийн ажлын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар тооцож, 1 сар 12 хоногийн хорих ялаар сольж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч А.Тийн нийт биечлэн эдлэх хорих ялыг 12 /арван хоёр/ жил 1 /нэг/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Тт оногдуулсан 12 /арван хоёр/ жил 1 /нэг/ сар 12 /арван хоёр/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар ялтан А.Тийн цагдан хоригдсон 157 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлсүгэй.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Таас 6.000.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Баярцэнгэл (РД: ХЗ64020768)-д олгосугай.
8.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, тусгаарласан болон нэгтгэсэн хэрэггүй болохыг тус тус дурдсугай.
9.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, ялтан А.Тийн эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Тт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР
ШҮҮГЧИД Д.РЕНЧЕНХОРОЛ
Л.ОДОНЧИМЭГ