| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/1082/Э |
| Дугаар | 1064 |
| Огноо | 2019-12-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | С.Оюунжаргал |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 1064
2019 12 16 2019/ШЦТ/1064
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
улсын яллагч С.Оюунжаргал,
шүүгдэгч Г.Ш нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт Г.Ш-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903011170497 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1953 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн, 66 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, өндөр насны тэтгэвэрт байдаг, Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо Толгойт 57-46 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,хэрэг хариуцах чадвартай, Г.Ж-г,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Г.Ш нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн баруун замд "Тоёота Надиа" маркийн 72-68 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан "...Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...." гэснийг зөрчсөний улмаас ухрах хөдөлгөөн хийхдээ 55 настай, эмэгтэй С.Баясгаланг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Г.Ш шүүхийн хэлэлцүүлэгт “…мэдүүлэг өгөхгүй мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн...” гэв,
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...ухрах үйлдэл хийх гээд толиндоо хараад ухарч байхаар байхад хойно хүн дугарах шиг чимээ гарахаар нь буугаад хартал нэг таягтай эмэгтэй хүн байхаар нь та зүгээр үү асуусан чинь тэр хүн хэл яриа муутай хүн байсан. ...Хараагүй нэг л мэдэхэд хүн орилоод л газарт унахаар нь хүн мөргөчихлөө гэж бодсон…” гэсэн мэдүүлэг /хх-47-48/,
Хохирогч С.Баясгалангийн мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр нөхөр Нэргүйн хамт Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг орж хуучин зүүн гарын боолтоо солиулчхаад дүүргийн эмнэлгээс гарсан, эмнэлгээс гараад бид 2 эмнэлгийн баруун талын зам дээрээс таксинд суух санаатай зогсож байтал нэг машин ухарч байгаад намайг мөргөх шиг болсон, тухайн үед яг юу болсон талаар сайн санахгүй байна нэг мэдсэн нэг эмэгтэй намайг босгоод машинд суулгаад байх шиг байсан. Зүүн гарын бугуй хэсгээр хугарсан, жолооч эмнэлэгт 7 хоног хэвтүүлсэн ба дансаар манай охинд 700.000 төгрөг шилжүүлсэн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-15-19/,
Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹11744 тоот актын “…С.Баясгалангийн биед зүүн шуу ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангид нөлөөлөхгүй…” гэсэн дүгнэлт,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-5-6/, Осол хэргийн газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-10-11/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-7-9/, автомашин техникийн үнэлгээний тайлан /хх-34-39/, хохирлын баримтууд /хх-62-64/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-24/, шүүгдэгчийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх-50/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/, мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материал танилцуулсан баримт /65-66/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Г.Ш нь 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 13 цаг 30 минутын орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн баруун замд "Тоёота Надиа" маркийн 72-68 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14-д заасан "...Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...." гэснийг зөрчсөний улмаас ухрах хөдөлгөөн хийхдээ 55 настай, эмэгтэй С.Баясгаланг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч С.Баясгалангийн мэдүүлэг, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн нэмэлт шинжээчийн 11744 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Г.Шгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Г.Ш нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч С.Баясгалангийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч С.Баясгалангаас гэм хорын хохиролд баримтаар 1.274.500 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгчийн зүгээс уг хохирлыг шүүхийн шатанд нөхөн төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Г.Шг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Шгийн дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй, харин түүний хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Ш-г Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Шг 450 нэгжтэй тэнцэх буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Г.Ш нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг тайлбарласугай.
4.Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Шд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР