Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 55

 

                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг даргалан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 7-р баг, 12 айлын 3 тоотод оршин суух, иргэн Ц.Б-ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Увс аймгийн Засаг даргад холбогдох,

          Увс аймгийн Засаг даргын 2017 оны 08 сарын 04-ний өдрийн Б/67 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, Г.Батмөнх,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

        Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” Миний бие нь Увс аймгийн Засаг даргын 2016 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн Б/27 дугаар Захирамжаар аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдон ажилласан. Миний бие Ц.Батболд нь ажиллаж байх хугацаандаа хууль дүрмээ мөрдөж, ажил үүргээ хангалттай сайн биелүүлэн ажиллаж байсан.

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдөр Б/67 дугаар Захирамж гаргаж намайг аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалаас үндэслэлгүйгээр халсан.

Ц.Батболд миний бие аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны А/74 дугаар тогтоолын дагуу Хан хөхий уулын тэнгэрийг тайх тахилгын төрийн ёслол, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолоор баталсан "Увс хурд-2017" баруун бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах хорооны орлогч дарга, хурдан морины салбар хорооны даргаар тус тус ажилласан.

Хурдан морины салбар хороог ахалж, 2017 оны 06 дугаар сарын 19-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл мэргэжлийн байгууллагуудтай хамтарч өөрт оногдсон ажил үүргээ чин шударгаар, сэтгэлээсээ гүйцэтгэж ажилласан. Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан хурдан морины салбар хороо болон мэргэжлийн байгууллагын ажилд хөндлөнгөөс оролцож тусгай зөвшөөрөл бүхий наалтыг маш ихээр хэвлэж нэр бүхий жолооч нарт тараан өгч хурдан морины уралдааныг дагаж маш их машины уралдаан болсон.

Хурдан морины салбар хороо нь "Увс хурд-2017" баруун бүсийн хурдан морины уралдааныг Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2015 оны 07 дугаар сарын 01-ны өдрийн 05 дугаар тогтоолоор баталсан Үндэсний Их баяр наадамд монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журамд заасны дагуу зохион байгуулж явуулсан.

Гэтэл Засаг дарга Д.Батсайхан нь дээрхи шийдвэрийг хэрэгжүүлэхгүйгээр морины шүдлэгээ, морины үүлдэрийг тогтоох мэргэжлийн комисс болон хурдан морины салбар хорооны ажилд оролцож эхний уралдаан болох азарганы уралдааныг монгол, эрлийзээр ялгасан байсан азаргыг нийлүүлэн уралдуулсан болно.

Засаг дарга Д.Батсайхан өөрийн найз болох Баянмөнхийг шүдлэгээний мэргэжлийн комисст оруул гэж над руу утсаар залгаж загнах мэтчилэн дураар аашлах нь хирээс хэтэрсэн. Увс аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан Хурдан морины салбар хороо болон мэргэжпийн байгууллагууд "Увс хурд-2017" баруун бүсийн хурдан морины уралдааныг амжилттай сайн зохион байгуулсан гэж Увс аймгийн Засаг даргын Тамгын газрын албан ёсны "Увс-миний нутаг Увс-миний нутаг" Facebook хуудас болон сайтад байршуулсан байсан. Би Д.Батсайхан даргад Монгол улсын Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах талаар л хэлж ярьсан. Гэтэл тэнд ажил үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн байгууллагын албан хаагчдыг дуудаж Ц.Батболд даргыг саатуул гэсэн асуудлыг тавьсан. Увс аймгийн Засаг даргын Б/67 дугаартай захирамжид "...Цэвээний Батболд албан үүргээ гүйцэтгэх үедээ архидан согтуурсан тул..." гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би тухайн үед олон хоног нойр хоолгүй морь дагаж, мөн уяач нэртэй элдэв хүмүүс, иргэдийн дарамтад орж, хээрээр гэр хийж ядарсан байснаас биш архи уугаагүй байсан.

Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь 2017 оны 08 дугаар сарын 04-ны өдрийн Ц.Батболдыг ажлаас халах тухай Б/67 дугаартай Захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг дараах байдлаар зөрчсөн.

2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1/898 дугаартай Сонсох ажиллагаа явуулсан албан тоот нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, "Захиргааны байгууллага, захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлын тогтоох", 24.2 "Энэ хуулийн 24.1-д заасан бодит байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ". Захиргааны ерөнхий хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 "ач холбогдол бүхий мэдээллийг цуглуулах", 25.1.2 "оролцогчийг сонсох, тайлбар гаргуулах", 25.1.4 "гэрч, гуравдагч этгээдээс тайлбар гаргуулах, 25.1.7 "оролцогчийн хүсэлтээр зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг гаргуулан авах" зэрэг ажиллагаанууд хийгдээгүй байна. Гэтэл Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь сонсох ажиллагаа явуулахдаа ямар ч хуулинд заасан ажиллагаа явуулаагүй бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1/898 дугаартай албан бичиг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 "сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал авах боломжийг хангасан байна" гэжээ. 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөрт нь тогтоож боломжит хугацаа өгөлгүйгээр, тайлбарыг үндэслэж шалгах ажиллагаа хийлгүйгээр захиргааны акт гаргажээ. Өөрөөр хэлбэл Ц.Батболдын тайлбарт "...Намайг архи уусан байсныг мэргэжлийн байгууллага тогтоосон зүйлгүй, олон хоног нойр хоолгүй, морь дагаж, мөн элдэв уяач нарын дарамтанд орж хээрээр гэр хийж ядарсан байсан"... гэх тайлбарыг гэрч, гуравдагч этгээдийн тайлбар, шинжээчийн дүгнэлтгүйгээр шийдвэрлэснийг нотлож байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-т заасан үндэслэлээр чөлөөлөхөөр бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах хуулийн заалтыг бариагүй. Мөн Цэвээний Батболд нь "...албан үүргээ гүйцэтгэх үедээ архидан согтуурсан тул..." гэх үндэслэлийг 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаартай Монгол улсын Дээд шүүхийн тогтоолын 15.4 " ...зөрчил тус тусдаа тогтоогдсон байх", 15.4.2-т "гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тогтоож, уг зөрчлийг тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байна" гэжээ.

Гэтэл Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, сахилгын зөрчлийг урьдчилан тогтоогоогүй, эрүүл хүнийг согтуу болгож ажлаас чөлөөлж хөдөлмөрийн дотоод журам баримталж үндэслэлгүйгээр халсанд гомдолтой байна.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 "аймгийн засаг дарга нэгээс илүүгүй, нийслэлийн засаг дарга хоёроос илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг Хурлын тэргүүлэгчтэй зөвшилцөн томилж, чөлөөлнө" гэжээ. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлд "...Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах..." байтал иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлийг зөвшилцсөн гэж үзэх боломжгүй байна.

Д.Батсайхан дарга бид хоёрын хооронд ажил хэргийн маргаан болсон. 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 6 цагт их насны морь уралдах ёстой байсан. Би тэр үед хурдан морины комиссын гишүүдэд урд шөнө хуралдаад гаргасан шийдвэрээ маш сайн биелүүлж ажиллахыг сануулж байсан. Миний бие тухайн өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй ба намайг архи уусныг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй. Би ажлын хэсгийн гишүүддээ архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэж ажил хийж болохгүй талаар сануулаад зогсож байтал Батсайхан дарга хүрч ирээд намайг морь дагаж болохгүй З.Ганболд чи Батболдын машинд сууж чиглүүлэгчийн үүргийг гүйтгэ гэж хэлсэн. Миний бие урьд шөнө болсон хурал дээр зарим байгууллагын дарга нарыг ажлаа сайн хийхгүй байна. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байна гэдгийг хэлж хатуу шаардлага тавьж ажилласан. Тухайн өдөр надаар загнуулсан ажлын хэсгийн зарим хүмүүс Засаг даргад элдэв зүйл ярьснаас болж Засаг дарга их ууртай ирсэн. Ингээд миний бие З.Ганболд даргад чиглүүлэгчийн үүргээ хүлээлгэж өгөөд наадмаа үзэхээр шийдэж хувцсаа солиод явж байхад надад их насны морины уралдаанд хамгаалалтын хувцасгүй 19 хүүхэд гаргасан гэдэг мэдээллийг хэлсэн. Би хурдан морь барианы газар яваад очин аймгийн Засаг даргад хамгаалалтын хувцасгүй хүүхдүүдийг уралдуулж болохгүй гэдгийг хэлэхэд намайг хөөж цагдаагийн албан хаагчийг дуудаж намайг саатуул гэж тушаасан. Тэр үед би цагдаа нарт урьд шөнө болсон хуралдаанаас гарсан шийдвэрийг хэрэгжүүлж ажиллаж байсан талаар хэлээд байж байтал гэнэт хажуунаас цагдаагийн албаны драгер багаж авч ирээд үлээ гэж хэлэхэд миний бие хүлээн зөвшөөрөхгүй өмгөөлөгчөө дуудна гэж хэлсэн. Тэгж байтал Цагдаагийн дарга Лхагвадорж таныг аваад ир гэж дуудлаа гээд Содномдорж гэдэг цагдаа авч явсан. Замдаа бид 2 гуанз орж хуушуур идээд цагдаагийн газрын дарга Лхагвадоржтой очиж уулзсан.Тэгээд Лхагвадорж дарга Батсайхан дарга та хоёрын хооронд юу болоод байна гэж асуусан. Тэгэхэд нь би Засгийн газрын тогтоол шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах тал дээр бид хоёр маргалдлаа, Баяр наадмыг зохион байгуулах хугацаанд уяачидаас надруу эрлийз морь уралдууллаа, миний морь барианы зурхайд түрүүлж гишгэсний хойно нь оруулж барилаа гэх мэт гомдлууд ирсэн.Одоо соёолон насны морь уралдах ёстой гэдгийг хэлэхэд намайг яв гэж хэлээд Содномдорж гэдэг цагдаагаар намайг гэрт хүргүүлсэн. Намайг аймгийн Засаг даргын орлогчоор томилогдсоноос хойш зохион байгуулалтайгаар дагаж мөрдөж ард иргэдэд буруу ташаа мэдээлэл өгсөн. Увс миний нутаг Увс гэж аймгийн Засаг даргын Тамгын газрын албаны веб сайтад намайг архидан согтуурсан гэж мэдээлэл тавьсан байсан.

Миний бие аймгийн Засаг даргын захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:            ”Маргаан бүхий захиргааны акт нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсгийг үндэслэж гарсан. Аймгийн Засаг даргыг томилж чөлөөлөх асуудлаар аймгийн Засаг дарга иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх ёстой байдаг. Тэргүүлэгчид зөвшилцөх асуудлаар тогтоол гаргах ёстой.Тэргүүлэгчдийн хуралдаанаас тогтоол гараагүй, хурлын тэмдэглэл гарсан. Үүнийг зөвшилцсөн гэж ойлгох боломжгүй юм. Аймгийн Засаг дарга Ц.Б-г халахдаа  Хөдөмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг үндэслэсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна гэж заасан. Гэтэл аймгийн Засаг дарга нь Ц.Батболдтой хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй гэж заасан байдаг. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээг бичгээр үйлдэж ажилтанд нэг хувийг өгөх үүрэгтэй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй бол ажилтнаас ажлаа хийхийг шаардаж болохгүй” гэж заасан байгаа. Гэтэл байгуулаагүй хөдөлсөрийн гэрээ, танилцуулаагүй хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэл болгож захирмжаа гаргасан. Байгууллагын дотоод журмыг Ц.Б-д танилцуулж гарын үсгийг нь зуруулаагүй байдаг. Байгууллага хөдөлмөрийн дотоод журмаа батлан гаргаж байгаа тохиолдолд ажилтнуудад танилцуулж гарын үсэг зуруулсан байх ёстой. Гэрч Д.Төмөр-Очир шүүхэд өгсөн мэдүүлэгтээ “Засаг дарга Д.Батсайхан орлогч дарга Ц.Батболдыг явж амар гэж хэлснээр З.Ганболд гэж хүнийг чиглүүлэгчийн үүргийг гүйцэтгүүлэхээр болсон” гэж мэдүүлсэн байгаа. Үүнээс харахад их насны морь гараанаас гарах гэж байхад Ц.Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлчихсөн. Энэ үед Засаг дарга шийдвэрээ амаар гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 37-д зааснаар захиргааны актыг бичгээр болон амаар гаргах ёстой байдаг. Тэр өглөө Засаг дарга Д.Батсайхан амаар захирамж гаргаж Ц.Батболдыг хурдан морины комиссын даргын ажлаас чөлөөлснөөс 3 цагийн дараа Ц.Б-г ажил үүргээ гүйцэтгэж байхдаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэж үзэж ажлаас халсан. Хариуцагчийн зүгээс миний үйлчлүүлэгчийг согтуурсан байсан гэх бичлэгийг гаргаж өгсөн. Согтууруулах ундаа хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хууль, Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг шалгах хууль зүйн сайдын тушаалаар баталсан журам байгаа. Мөн Цагдаагийн ерөнхий газраас батлан гаргасан цагдаагийн үйл ажиллагааны журам зэргээр согтуурлыг хэрхэн шалгахыг журамласан байдаг. Ц.Б-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг эдгээр журмын дагуу тогтоогоогүй. Ц.Б нь согтуурлын зэргээ шалгуулахаас зайлсхийгээгүй. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан эрхээ эдлэхээр өмгөөлөгчөө байлцуулж драгер үлээнэ гэж хэлсэн. Ц.Б-г саатуулсан ямар нэгэн бүртгэл байхгүй байгаа. Одоо цагдаагийн байгууллагын ажилтнууд мэдүүлэг өгөхдөө бид Ц.Б-г саатуулаагүй гэдэг. Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоохын тулд цагдаагийн байгууллага 24 цагаар саатуулж шалгах эрхтэй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 30 дугаар зүйлд зааснаар хувь хүний нууцыг хадгалах ёстой боловч хариуцагчийн зүгээс “Увс миний нутаг Увс” гэх веб сайт дээр Ц.Б-ын бичлэгийг байршуулж нэр хүндэд нь шууд санаатайгаар халдсан. Маргаан бүхий актын үндэслэлүүд нь хуульд нийцээгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Аймгийн Засаг дарга нь 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/67 захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг дараах байдлаар зөрчсөн. Засаг дарга нь Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй албан тушаалтан байгаа. Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн. 16 дугаар зүйлд “Оролцогч захиргааны шийдвэр гаргах ажиллагааны аль ч үе шатанд хууль зүйн болон бусад мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авч болно” гэж заасан байхад Ц.Б-г ажлаас халах тухай захирамж гаргахдаа энэ боломжоор нь хангаагүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 24 25, 26, 27, 29 дүгээр зүйлүүдийг зөрчсөн байгаа. Ц.Б-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг тогтоосон мэргэжлийн байгууллагын дүгнэлт байхгүй байгаа. Мөн сонсох ажиллагааг явуулахдаа оролцогчийг тайлбар гаргах боломжоор хангаагүй.Хавтаст хэрэгт сонсох ажиллагаа явуулах тухай албан тоотоос өөр сонсох ажиллагаа явуулсан баримт авагдаагүй. Хариуцагч нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Аймгийн Засаг дарга нь Ц.Б-ыг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхөөр бол Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай заалтыг барих ёстой байсан. Ажил олгогч аймгийн Засаг дарга ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй гэдэг нь аймгийн Засаг даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Алтангийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 3/1077 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.  Захирамжид албан үүргээ гүйцэтгэх үед архидан согтуурсан гэдэг үндэслэлийг заасан. Монгол Улсын Дээд шүүхийн Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарласан 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4-д зааснаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг эх сурвалжтай тогтоосон байх ёстой. Гэтэл архи согтууруудах ундааны зүйл хэрэглэсэн гэдгийг тогтоосон нотлох баримт байхгүй. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажлын үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой зөрчилд тооцохыг харилцан тогтоож уг зөрчлийг тохиолдол бүрээр хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байх ёстой. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т аймгийн Засаг дарга нь нэгээс илүүгүй орлогчтой байхаар заасан ба орлогчийг томилохдоо эрх баригч намын Тэргүүлэгчидтэй зөвшилцөж байж томилох ёстой байдаг.Намын тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй.

Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа явуулах, нотлох баримт үнэлүүлэх зэрэг ажиллагааг зүйлшгүй хийх ёстой байдаг боловч сонсох ажиллагааг гурван цагийн хугацаанд явуулахаар албан тоот гаргасан нь хууль бус зүйл юм. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ Ц.Б нь Хан хөхий уулын тэнгэрийг тайх тахилгын төрийн ёслол, Монгол улсын Засгийн газрын 2017 оны 63 дугаар тогтоолоор баталсан "Увс Хурд-2017" баруун бүсийн хурдан морины уралдааныг зохион байгуулах хорооны орлогч дарга, хурдан морины салбар хорооны даргаар ажиллах байсан ба 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн их насны хурдан морины уралдаан эхлэх өдөр морьдын хэмжилтийг хийснээс хойш ирээгүй зохион байгуулалт байхгүй байна гэсэн иргэдийн бухимдал гарч зарим иргэд надруу утасдаж энэ талаар арга хэмжээ авахыг хүссэний дагуу очиход уралдаан зохион байгуулах комиссын дарга байхгүй байсан. Энэ асуудлыг тодруулан Ц.Батболдыг дуудуулахад согтуу ирж иргэдийн дунд зүй бус харьцаж элдэв хэл амаар доромжлохоор цагдаа дуудаж эрүүлжүүлэх арга хэмжээ авахыг зөвлөсөн. Үүний дараа цагдаагийн алба хаагчид аваад явсан. Ц.Б орлогч ийм байдалтай байгааг мэдсээр байж ажлаа хийхийг шаардахгүйгээр бусад морины комиссын гишүүдэд тухайлбал тус комиссын нарийн бичгийн дарга ХХААГ-ын дарга Д.Т, АЗДТГ-ын мэргэжилтэн 3 Г нарт ажлаа хийхийг үүрэг болгон ажилласан. Ц.Б нь нэхэмжлэлдээ тусгай зөвшөөрөл бүхий наалтыг их хэмжээгээр хэвлүүлж тарааснаас нэр бүхий жолооч нар морь дагасан гэх зүйл бичсэн байна. Уралдааны морь дагах тусгай зөвшөөрөл бүхий зөвшөөрлийг Цагдаагийн байгууллага "Б","3","Ү" гэсэн 3-н төрлийн зөвшөөрлийг гаргаж баяр наадамд оролцогчдод тараасан бөгөөд Ц.Батболдын хэлж байгаа зөвшөөрөл нь тусгай зөвшөөрөл биш баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлж байгаатай холбогдуулан гаргасан 30x30 хэмжээтэй наалт юм. Мөн архи уусан хариуцлагагүй байдлаа нуун олон хоног нойр хоолгүй ажилласан, ядарсан байдалд шилжүүлэн мэлзэж байгаа нь утгагүй юм. Олон хоногоор энэ баяр наадмын тэмдэглэн өнгөрүүлэхээр ард нь гарахаар аймгийн Засаг даргын Тамгын газар болон олон албан байгууллагын албан хаагч бүгд мэрийж ажилласан. Гэхдээ ядарсан хүн, архи уусан хүн ямар ялгаатай харагддаг, харьцдаг нь ялгаатай ба өөрийг нь ямар ааш зан гаргасныг би болон хамт ажиллаж байсан хурдан морины салбар хорооныхон, уяачид ард иргэд бүгд үзэж харсан байгаа. Тэр бүү хэл эрүүлжүүлэхээр, цагдаагийн түр постон дээр авч ирэхэд ямар ааш зан гаргаж, цагдаагийн алба хаагчдыг яаж дайрч доромжлосныг бичсэн бичлэг нь цагдаагийн байгууллагад байгаа болно.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн дээрх байдлыг Тэргүүлэгчдийн хуралд өөрийн биеэр танилцуулсан болно.

          Нэхэмжлэгч Ц.Б нь аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/74 тоот тогтоолын дагуу 2017 оны 7-р сарын 26-аас 30-ныг дуустал албан үүрэг гүйцэтгэх байсан ба гүйцэтгэж байсан гэж үзэж аймгийн ЗДТГ-ын дотоод журмын дагуу ажлаас халсан. Иймээс Ц.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц.Б-ыг ажлаас халах тухай захирамж нь үндэслэлтэй. Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 гэх зүйл заалтын дагуу тухайн шатны хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөнөөр шийдвэрлэсэн байгаа. Аймгийн Засаг дарга нь тухайн захирамжийг гаргахдаа аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцуулсан тухай тэмдэглэл дээр тодорхой байгаа. Тэргүүлэгчдийн хурал нь тогтоол юм уу тэмдэглэлээр хариу өгөх нь тухайн байгууллагын эрх хэмжээний асуудал юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулах ёстой гэж ярьж байгаа ба Төрийн албаны тухай хуульд зааснаар Засаг даргын орлогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулах ямар нэгэн хуулийн зохицуулалт байхгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр хуулийн 131.1.3-ыг баримталсан шалтгаан нь тус хуульд “хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн сахилгын шийтгэл ногдуулна” гэж заасан байгааг үндэслэсэн. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 2.3-д “ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэж заасан байгаа. Сонсох ажиллагааг хуулийн дагуу бичгээр гаргаж хүргүүлэн боломжит хугацааг өгсөн. Архи уусан байсныг гэрчүүдийн мэдүүлгээр нотолж байгаа. 2017 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Ц.Б нь цагдаагийн шаардлагыг буюу драгер үлээх шаардлагыг биелүүлэхгүй байсан тул бичлэг хийсэн байна. Мөн Ц.Б нь архи уугаагүй ядарсан байсан гэж хэлсэн ба согтуу байсан ядарсан байсан гэдгийг ямар ч хүн ялгаж чадна гэж бодож байна. Нэхэмжлэгч Ц.Б-ын хэлснээр эрлийз морьдыг монгол морьдтой уралдуулснаас болж иргэд маргаан үүсгэсэн гэж хэлсэн ба энэ талаар гомдол гаргасан бичгийн нотлох баримт байхгүй. Иймд аймгийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн Б/67 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлтэй” гэв.

          Хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төрийн албаны тухай хуульд төрийн албыг 4 ангилсан байгаа ба аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаал нь төрийн улс төрийн албан тушаалд хамаарагдаж байна.Аймгийн Засаг даргын орлогч нь үр дүнгийн гэрээ, хөдөлмөрийн гэрээ байгуулагдах боломжгүй албан тушаал юм. Мөн хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох үндэслэлийг Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3-д заасан байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тохиолдолд сахилгын шийтгэл оногдуулж болохгүй гэдэг хууль зүйн үндэслэл байхгүй. Хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа тул Хөдөлмөрийн тухай хуулиар ажилтан байгууллагын дотоод журамд заасныг зөрчсөн учраас сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Байгууллагын Хөдөлмөрийн дотоод журам нь тухайн байгууллагын дотогш чиглэсэн акт юм. Хөдөлмөрийн дотоод журмыг байгууллагын нийт ажилчдын хурлаар хэлэлцэж батлаад хэрэгжүүлэн ажиллаж байсан. Ц.Б-ын гарын үсэг байхгүй танилцаагүй гэж хэлж байгааг хүлээн авах боломжгүй юм.Ц.Б өөрөө удирдах албан тушаалтны хувьд бусад албан тушаалтнуудад хөдөлмөрийн дотоод журмыг мөрдөж ажиллах талаар шаардаж ажиллах ёстой тул хөдөлмөрийн дотоод журмыг мэдээгүй гэдэг нь үндэслэлгүй зүйл юм. Засаг даргын орлогчийн ажлын байрны тодорхойлолтод заагдсанаар Засаг даргын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж, дэд бүтцийн салбарыг хариуцан ажиллах, аймгийн Засаг даргын чиг үүрэг бүхий ажлын хэсэг, хороодыг ахалж ажиллах, хяналт тавьж бодлогын удирдлага, арга зүйгээр хангах гэсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг ажил албан тушаал байгаа. Мөн ажлын байрны тодорхойлолтод аймгийн Засаг даргын орлогчийн хүлээх үүргийг зааж өгсөн.Үүнд:Төрийн албаны тухай хууль,аймгийн Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журам болон бусад хууль тогтоомжид заасны дагуу Засаг даргын өмнө хариуцлага хүлээнэ гэж тусгагдсан. Сонсох ажиллагааг явуулахад нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэх зүйл байгаагүй. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд нэхэмжлэгч Ц.Б өөрөө оролцож тайлбараа гаргасан. Засаг даргын орлогч Ц.Б-ыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор наадам зохион байгуулах хорооны орлогч дарга, хурдан морины салбар комиссын даргаар томилсон. Хариуцагч орлогч дарга Ц.Б-ыг яагаад явж амар гэх болсон талаар тайлбарласан байдаг. Орлогч дарга Ц.Б-ыг явж амар гэж хэлэх болсон шалтгаан нь архи, согтууруулах ундаа хэрэглэсэн нь мэдэгдсэн тул тэгж хэлсэн. Нэхэмжлэгч архи уугаагүй байсан гэж тайлбарлаад байгаа хэдий ч эрүүл байсан уу, согтуу байсан уу гэдэг нь түүний үг үйлдлээс илт мэдэгддэг. Мөн албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид Ц.Б-с архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан учраас согтуурлыг шалгах багажаар шалгах гэсэн боловч бидний шаардлагыг биелүүлээгүй гэж мэдүүлэг өгсөн.Хэрэгт авагдсан баримтуудаас харахад аймгийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

         Гуравдагч этгээд Т.Н шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний Ц.Б-ын нэхэмжлэлтэй танилцлаа. Би 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн амгийн Засаг даргын Б/79 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын орлогчоор томилогдсон. Аймгийн Засаг дарга намайг томилохдоо аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөж томилсон болно. Иймд миний би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би ажлын шаардлагаар шүүх хуралд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүхэд нэхэмжлэгч Ц.Б нь Увс аймгийн Засаг даргын 2017 оны 08 сарын 04-ний өдрийн Б/67 дугаартай “Ц.Б-г ажлаас халах тухай” захирамжийг хүчингүй болгуулж, Увс аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

            Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, хариуцагч нарын өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд  маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

      Нэхэмжлэгч Ц.Б нь “Намайг архи уугаагүй байтал үндэслэлгүйгээр ажлаас халсан” гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж, өмгөөлөгчид нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж “хариуцагчаас нэхэмжлэгчийг архи уусан гэдгийг тогтоогоогүй, ажлаас халах захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, ажлаас халах талаар аймгийн намын хорооны тэргүүлэгчидтэй зөвшилцөөгүй” талаар тайлбар гаргаж оролцов.

         Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс “ Ц.Б нь албан үүргээ гүйцэтгэж байх үедээ хөдөлмөрийн дотоод журам зөрчиж архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн,цагдаагийн алба хаагчийн шаардлагын дагуу драгер багаж үлээгээгүй” гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх ба хариуцагчийн өмгөөлөгч хариуцагчийн татгалзлыг дэмжиж,” Засаг даргын орлогчийн албан тушаал нь улс төрийн албан тушаал тул хөдөлмөрийн гэрээ байгуулах боломжгүй, хурлын тэргүүлэгчидтэй зөвшилцсэн”гэх тайлбар гаргав.

        Гуравдагч этгээдийн  хувьд Аймгийн Засаг даргын 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Б/79 дугаартай захирамжаар Увс аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд томилогдсон талаар тайлбар гаргажээ.

          Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Засаг даргын 2017 оны 08 сарын 04-ний өдрийн  Б/67 дугаартай “Ц.Б-ыг ажлаас халах тухай” захирамжинд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь хэсэг,байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.2.3 дахь заалтыг  тус тус үндэслэн нэхэмжлэгч Ц.Б-ыг албан үүргээ гүйцэтгэх үедээ архидан согтуурсан гэх үндэслэлээр Увс аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалаас халж шийдвэрлэсэн байна.

        Нэхэмжлэгч Ц.Б нь маргаан бүхий захиргааны актад холбогдуулан 2017 оны 08 сарын 16-ны өдөр хуулийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

       Нэхэмжлэгчийг  ажлаас халах тухай захиргааны акт гарсны дараа Т.Н-г 2017 оны 11 сарын 06-ны өдрийн  Б/79 дугаартай захирамжаар Увс аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд томилжээ.

Маргааны үйл баримтын талаар:

         Нэхэмжлэгч Ц.Б нь Увс аймгийн Засаг даргын 2016 оны 07 сарын 16-ны өдрийн Б/27 дугаартай захирамжаар Увс аймгийн Засаг даргын орлогчоор томилогдон ажиллажээ.

           Увс аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 сарын 19-ний өдрийн А/74 дугаартай тогтоолоор төрийн тахилгат Хан хөхий уулын тэнгэрийг тайх ёслолыг 2017 оны 07 дугаар сарын 28-ны билэгт сайн өдөр тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан ёслолын арга хэмжээний бэлтгэл ажил хангах, баруун бүсийн “Увс хурд-2017” хурдан морины уралдааныг зохион байгуулах аймгийн хороо, салбар хороодын бүрэлдэхүүнийг хавсралтаар баталжээ.

       Уг тогтоолын хавсралтад ёслолын арга хэмжээг зохион байгуулах аймгийн хорооны орлогч дарга болон Хурдан морины салбар хорооны даргаар Увс аймгийн Засаг даргын орлогч Ц.Б-ыг томилсон байна.

          Төрийн тахилгат Хан хөхий уулын тэнгэрийг тайх ёслол, баруун бүсийн “Увс хурд-2017” хурдан морины уралдаан Увс аймгийн Өндөрхангай суманд 2017 оны 07 сарын 26-ны өдрөөс 2017 оны 07 сарын 30-ны өдрүүдэд зохион байгуулагдахаар баярын хөтөлбөрт заагджээ.

      2017 оны 07 сарын 30-ны өдөр Их нас болон соёолон насны морины уралдаан болсон байх бөгөөд Ц.Б нь хурдан морины салбар хорооны даргын хувьд уралдааны чиглүүлэгчээр ажиллах байсныг Увс аймгийн Засаг дарга архи хэрэглэсэн байна гэх үндэслэлээр ажиллуулаагүй байх ба чиглүүлэгчийн үүргийг хурдан морины салбар комиссын гишүүн З.Ганболдод хариуцуулсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, Д.Төмөр-Очирын “аймгийн Засаг дарга Д.Батсайхан орлогч дарга Ц.Б-ыг архи уусан байна, энэ хүнийг явуулж амраа гэж хэлээд чиглүүлэгчийн ажлыг З.Ганболдод хариуцуулсан“ гэх гэрчийн мэдүүлэг, Б.Замбалын 2017 оны 07 сарын 30-ны өглөө 07.30 цагийн үед их насны морьдыг бүртгэж байсан ба хурдан морины комиссын чиглүүлэгч машинд З.Ганболд суусан байсан” гэх мэдүүлэг зэргээр тогтоогджээ.

2017 оны 07 сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Увс аймгийн Засаг дарга Д.Б нарын дунд хурдан морины уралдаантай холбоотойгоор маргаан үүссэн талаар нэхэмжлэгч тайлбар гаргасан, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс энэ талаар  маргаангүй байгаа болно.

Уг маргааны талаар Цагдаагийн байгууллага шалган 2017 оны 09 сарын 06-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Ц.Ба-д 100000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг Увс аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 09 сарын 18-ны өдрийн 127 дугаартай захирамжаар хүчингүй болгосон байх бөгөөд захирамжинд Ц.Б гомдол гаргасан, гомдлын дагуу шүүгчийн захирамж Давж заалдах шатны шүүхээр хянагдаагүй байгааг дурдав.

Аймгийн Засаг дарга болон орлогч дарга нарын хооронд маргаан болох үеэр аймгийн Засаг дарга Цагдаагийн газрын Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн дарга Н.Батбаатарыг дуудан энэ хүн “согтуу байна, авдаг арга хэмжээгээ аваарай” гэснээр Ц.Б-ыг Өндөрхангай суманд баярын арга хэмжээний хүрээнд ажиллаж байсан цагдаагийн шуурхай жижүүрийн штабт хүргэсэн байна.

Нэхэмжлэгч Ц.Б-г цагдаагийн түр хүрээний шуурхай штабт авч ирэн согтуурлын зэрэг шалгах зорилгоор драгер багажийг үлээлгэх шаардлагыг тавихад Ц.Б нь өмгөөлөгчтэй байлцан үлээх талаар тайлбар гаргаж, үлээхээс татгалзсан тул тухайн үеийн нөхцөл байдлыг Цагдаагийн газрын албаны камераар дүрс бичлэг хийж бэхжүүлсэн байна.

Маргаан бүхий акт буюу Увс аймгийн Засаг даргын 2017 оны 08 сарын 04-ний өдрийн Б/67 дугаартай захирамжинд Ц.Б-ыг албан үүргээ гүйцэтгэх үедээ архидан согтуурсан гэх үндэслэлийг дурдсан бөгөөд архидан согтуурсан гэдгийг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3-р зүйлд зааж тодорхойлсон согтууруулах ундааг хэрэглэснээс өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох,өөртөө хяналт тавих чадваргүй болсон байх нөхцлийг ойлгох нь зүйтэй гэж шүүхээс үзэв.

Нэхэмжлэгч Ц.Б нь архидан согтуурсан эсэх талаар шүүхэд гэрчүүд дараах мэдүүлэг өгсөн байна.Үүнд:

 гэрч Д.Т “ 2017 оны 7 сарын 30-ны өглөө хурдан морины гарааны газар очиход Ц.Б даргаас архи үнэртэж байсан. Аймгийн Засаг дарга орлогч даргыг архи уусан байна, хүний итгэл дааж хариуцлагатай ажилласангүй, энэ хүнийг явуулж амраа гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

гэрч Ц.Алтанзул “2017.07.30-ны өдөр 12 цагийн үед цагдаагийн ажилтнууд Ц.Б даргыг цагдаагийн шуурхай штаб дээр авч ирсэн.Тухайн үед Ц.Б дарга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь илт байдалтай байсан учраас драгер багаж үлээлгэж согтуурлын зэргийг шалгах гэсэн боловч үлээхгүй гээд шалгуулаагүй учир нөхцөл байдлыг дүрс бичлэгээр баталгаажуулсан” гэх мэдүүлэг,  

гэрч Ч.Л “ 2017 оны 07 сарын 30-ны өдрийн үдээс хойш аймгийн Засаг дарга Д.Бн, орлогч дарга Ц.Б нар хоорондоо маргалдсан, Ц.Б цагдаагийн түр штаб дээр авч ирсэн байгаа, тантай уулзья гэж байгаа талаар надад станцаар мэдэгдсэн. Би удахгүй очно гэсэн хариу хэлсэн. Гэтэл 10 орчим минутын дараа цагдаагийн ахмад Содномдорж Ц.Б машинд суулгаад авч ирсэн.Тэр үед Ц.Б уулзахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай архи үнэртэж байсан ба Ц.Б би жаахан юм уучихлаа, аймгийн Засаг даргатай маргачихлаа, бид 2 учраа олчихно гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

гэрч Н.Батбаатар “Их насны морьдын хамгаалалт дуусаад морь хөлсөлгөөний хашааны доод хэсэгт алба хаагчдаа жагсаагаад зогсож байтал ард талд хүмүүс маргалдаад аймгийн Засаг дарга намайг дуудаж Ц.Батболд даргыг заагаад энэ хүн согтуу байна, авдаг арга хэмжээгээ аваарай гэсэн. Тухайн үед Ц.Б дарга аймгийн Засаг даргатай маргалдах гээд байсан учир та маргалдах хэрэггүй гэдэг зүйлийг хэлээд албаны машинд суулгасан.Ц.Батболд дарга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нь мэдэгдэж байсан” гэх мэдүүлэг,

гэрч Б.Баяндалай “2017 оны 07 сарын 30-ны өдрийн өглөө машин дотроо унтаж байтал Ц.Б дарга хурдан морины комиссын хуралдаан болоод ажил ихтэй унтаж чадсангүй, намайг миний машинд хүргээд өг гээд ирсэн. Би машинд нь хүргэж өгөөд явсан. Үдээс хойш баярын үеэр баригдсан гэрүүдийн тэнд тааралдсан.Надтай уулзаж байх үед Ц.Б дарга архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай харагдаагүй, эрүүл байсан“ гэх мэдүүлэг,

гэрч Б.Замбал “7 сарын 29-ний шөнө 02:30 цаг хүртэл хурдан морины комисс хуралдсан.Комиссын 2-3 хүн архи уусан талаар ярилцаж, сануулга өгсөн.Маргааш нь 7:30 цагийн үед ирэхэд их насны морь бүртгэж байсан ба Ц.Б дарга байхгүй байсан.Өдөр 11 цагийн үед наадмын талбай дээр Ц.Б дарга тааралдаж ажлаа сайн хийцгээгээрэй гэж хэлээд өнгөрсөн.Ц.Ба дарга архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай харагдаагүй” гэх мэдүүлэг,

гэрч И.Эрхэмбаяр “ 2017 оны 07 сарын 30-ны өдөр 11 цаг өнгөрч байх үед Ц.Батболд дарга манай цайны газар орж ирээд хуушуур захиалж идсэн.Тухайн үед Ц.Батболд даргатай би нэг ширээнд суугаад ярилцсан.Тэр үед ямар нэг архи үнэртээгүй ба архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл ажиглагдаагүй” гэх мэдүүлгийг өгчээ.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зарим гэрч нарын “Ц.Б-с архи үнэртэж байсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан, жаахан архи уучихлаа гэж хэлсэн” зэрэг мэдүүлгүүд нь Ц.Б-ыг архидан согтуурсан үйлдэл гаргасныг нотлоогүй, зарим гэрчүүд Ц.Б архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай харагдаагүй талаар мэдүүлэг өгсөн, дүрс бичлэгээс үзэхэд цагдаагийн штаб дээр Ц.Б нь ямар нэг согтуурсан үйлдэл /биеэ авч явах чадваргүй буюу хэвийн бус байдал/ гаргаагүй, согтуурлын зэргийг шалгасан баримтгүй ,өөрөөр хэлбэл Ц.Б нь тухайн үед архидан согтуурсан үйлдэл гаргасан талаар хангалттай нотлогдоогүй байхад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг архидан согтуурсан гэж үзсэн байна.

Увс аймгийн Засаг дарга засаг даргын орлогчийг томилж,чөлөөлөх эрх зүйн үндэслэлийн талаар:

 Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр зохицуулжээ.

Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т төрийн албыг төрийн улс төрийн алба, төрийн захиргааны алба,төрийн тусгай алба,төрийн үйлчилгээний алба гэж 4 ангилсан ба мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т” Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараахь албан тушаал хамаарна” гээд 6.1.12-т “бүх шатны Засаг дарга болон аймаг,нийслэл,сум дүүргийн Засаг даргын орлогч”гэжээ.

Иймд аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаал нь төрийн улс төрийн албан хаагч байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3-т “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө”гэж төрийн улс төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг тус тусын холбогдох хуулиар тогтоож, харин хуульд тусгайлан өөрөөр заагаагүй тохиолдолд уг харилцаанд Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг, харин өөрөөр заасан бол Төрийн албаны тухай хуулийг дагаж мөрдөхгүй байхаар зохицуулсан байна.

Иймд аймгийн Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх харилцаанд Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг бус Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан “аймгийн Засаг дарга нэгээс илүүгүй орлогчтой байх бөгөөд орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилох, чөлөөлөх” зохицуулалтыг хэрэглэх нь зүйтэй бөгөөд энэ нь хуулиар тогтоосон буюу тусгайлан журамласан харилцаа юм.

Иймд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй” зэрэг тайлбар үндэслэлгүй болно.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу аймгийн Засаг даргын орлогчийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргахад “ ...тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн ...” гэсэн нөхцлийг хангах шаардлагатай бөгөөд Увс аймгийн Засаг дарга 2017 оны 08 сарын 03-ны өдөр  “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь заалтын дагуу Ц.Б-ыг аймгийн Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж саналаа ирүүлэхийг хүсч“ 1/903 дугаартай албан бичгийг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад хүргүүлжээ.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 сарын 04-ний өдрийн хуралдаанаар Ц.Батболдыг аймгийн Засаг даргын орлогчийн үүрэгт ажлаас чөлөөлөх тухай аймгийн Засаг даргын саналыг хэлэлцсэн байх бөгөөд тус хуралдаанд аймгийн Засаг дарга саналаа танилцуулж, Засаг даргын орлогч Ц.Батболдын тайлбарыг сонсож, Ц.Б-с асуулт асуун хариулт авсан байна.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид Ц.Б-ыг албан үүргээ гүйцэтгэх үедээ хууль тогтоомж болон байгууллагын дотоод журмыг зөрчиж архидан согтуурч,олон нийтийн газар ёс зүйгүй үйлдэл гаргаж ажил олгогчийн итгэлийг алдаж зөрчил гаргасан байх тул Ц.Б-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу аймгийн Засаг даргад бүрэн эрхийнхээ хэмжээнд шийдвэрээ гаргахыг уламжлах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрч 2017 оны 08 сарын 04-ний өдрийн 09 дугаартай хурлын тэмдэглэлийг хүргүүлсэн байна.

Зөвшилцөх гэдэгт тодорхой бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ хууль бүрэн эрхэд хамаарах асуудлаар өөрийн гаргаж буй шийдвэр,авах гэж буй арга хэмжээнийхээ талаар хуульд заасан байгууллага, албан тушаалтантай санал солилцохыг ойлгох ба аймгийн Засаг дарга Засаг даргын орлогчийг чөлөөлөх асуудлаар аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн, Тэргүүлэгчид аймгийн Засаг даргад бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлөх нь зүйтэй талаар хариу хүргүүлсэн нь Тэргүүлэгчдийн хурлын тэмдэглэлээр тогтоогдож байна.

Өмгөөлөгч Д.Дамдинсүрэн шүүх хуралдаанд “Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар Тэргүүлэгчид хуралдаанаасаа тогтоол гаргах ёстой ба хурлын тэмдэглэлээр хариу хүргүүлсэн нь хууль зөрчсөн” гэх тайлбарыг гаргасан бөгөөд Тэргүүлэгчидийн хуралдаанаас шийдвэрээ тогтоол хэлбэрээр хүргүүлээгүй нь аймгийн Засаг даргыг Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн нөхцөл байдлыг үгүйсгэхгүй тул өмгөөлөгчийн энэ талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүйг тэмдэглэв.

Мөн өмгөөлөгч Г.Батмөнх “аймгийн Засаг даргын орлогчийг чөлөөлөхдөө тухайн намын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлэх ёстой байсан “ гэх тайлбар гаргасан ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх талаар заасан тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуульд аймгийн Засаг даргад Засаг даргын орлогчийг томилж, чөлөөлөх бүрэн эрхийг олгохдоо ямар болзол хангасан этгээдийг Засаг даргын орлогчоор томилох, мөн ямар тохиолдолд түүнийг чөлөөлөх талаар нарийвчлан заагаагүй тул нэхэмжлэгч Ц.Б-ыг архидан согтуурсан болохыг хангалттай нотолж чадаагүй гэх нөхцөл нь аймгийн Засаг даргын зүгээс Засаг даргын орлогчийг албан тушаалаас нь чөлөөлөх бүрэн эрхээ хэрэгжүүлснийг буруутгах үндэслэл болохгүй гэж шүүхээс үзэв.

Өөрөөр хэлбэл аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаал нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу аймгийн Засаг даргын болон Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, дэд бүтцийн салбарыг хариуцан ажиллах, аймгийн Засаг даргын чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хороодыг ахалж ажиллан, хяналт тавих бодлогын арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий Төрийн албаны тухай хуульд зааснаар сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах,аймгийн Засаг даргын бүрэн эрхийнх нь хугацаанд өөрт нь үйлчлэх албан тушаал байхад түүнийг томилж, чөлөөлөх харилцаанд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэнэ гэж үзвэл  улс төрийн албан тушаалтанд улс төрийн хариуцлага хүлээлгэх боломжгүй болох юм.

Иймд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасны дагуу тухайн хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөх журмыг баримтлан аймгийн Засаг даргын орлогчийг албан тушаалаас чөлөөлсөн аймгийн Засаг даргын шийдвэр нь холбогдох хууль тогтоомжийг зөрчөөгүй, эрх хэмжээнийхээ хүрээнд гаргасан шийдвэр тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч,түүний өмгөөлөгч нарын зүгээс хариуцагчийг шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн, нэхэмжлэгчид сонсох ажиллагааг явуулахдаа оролцогчийн тайлбар гаргах, санал гаргах боломжийг хангасан байх шаардлагыг хангаагүй талаар тайлбар гаргасан бөгөөд аймгийн Засаг дарга сонсох ажиллагаа явуулах тухай 2017 оны 08 сарын 03-ны өдрийн 1/898 дугаартай албан бичгийг мөн өдрийн 12:25 цагт Ц.Б-д хүлээлгэн өгч, хариу тайлбарыг 2017 оны 08 сарын 03-ны өдрийн 16 цагийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн байх ба Ц.Б хариу тайлбарыг 15:45 цагт өгчээ.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдэд тайлбар, санал гаргах боломж олгохоор заасан ба Ц.Б сонсох ажиллагаанд дурдсан нөхцөл байдлыг зөвшөөрөхгүй талаар байр сууриа бичгээр илэрхийлсэн байна.Сонсох ажиллагаа хугацааны хувьд урт богино байх эсэх нь тухайн нөхцөл байдлын шинжээр тодорхойлогдох бөгөөд хариуцагчийн хувьд өөрт тохиолдсон нөхцөл байдалд үндэслэж шийдвэр гаргах болсон байх тул хугацааг богино байсан гэж шүүхээс үзэх боломжгүй болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Б-ын  “Увс аймгийн Засаг даргын 2017 оны 08 сарын 04-ний өдрийн Б/67 дугаартай захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Увс аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар  зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Ц.Б-с улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3  дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

             

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АЛТАНЦЭЦЭГ