| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/1089/Э |
| Дугаар | 1076 |
| Огноо | 2019-12-17 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Бямбасүрэн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 1076
2019 12 17 2019/ШЦТ/1076
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
улсын яллагч П.Бямбасүрэн,
шүүгдэгч Ю.Г, түүний өмгөөлөгч Ш.Бадмаараг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ю.Г-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909034791196 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1967 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, "Улаанбаатар зам засвар" ХХК-д зам засварын ажил хийдэг, ам бүл 2, эхнэрийн хамт тоотод оршин суудаг,
1999 оны 9 дүгээр сарын 03-нд Эрүүгийн хуулийн 131.2 дах хэсэгт зааснаар 6 сарын хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Ю.Г /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ю.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айл орчим газар шорооны ажил хийж байхдаа “ажлын талбайд машинаа тавилаа” гэх шалтгааны улмаас хохирогч Ч.Баатарзоригтыг зодож эрүүл мэндэд нь баруун нүд орчимд мөргөж улмаар түүний биед дух, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ю.Г шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна, нэг машинтай хүн миний засаж байсан зам дээр ирээд зогссон юм. Тэгэхээр нь би "энэ хэний машин юм бэ" гэж хэлээд машиных нь дугуйг өшиглөсөн чинь нэг залуу бууж ирээд намайг хэл амаар доромжлоод дайраад ирэхээр нь баруун нүд орчим нэг удаа өөрийнхөө толгой хэсгээрээ мөргөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-5-6/,
Хохирогч Ч.Баатарзоригтын мөрдөн байцаалтад хохирогчоор өгсөн "...өнөөдөр буюу 2019 оны 9 дүгээр сарын 08-ны орой 21 цагийн үед би 100 айлын ХААН банкны ATM орж авчхаад гарч ирээд зам дээр байсан машинаа асаагаад хөдлөх гэсэн чинь замын хажуугийн явган хүний зам тавьж байсан танихгүй согтуу залуу миний машины урд тал руу өшиглөөд байхаар нь би машинаасаа буугаад миний машиныг өшиглөсөн залуу дээр очоод чи яаж байгаа юм гэсэн чинь тэр согтуу залуу намайг шууд барьж аваад мөргөж унагаад зодсон. Хамт ажиллаж байсан залуучуудыг нь салгах юм байх гэж бодсон чинь салгалгүй хараад зогсоод байсан. Тэр залуу намайг ямар нэгэн шалтгаангүйгээр зодсон, тэр залуутай ямар нэгэн маргаан хийгээгүй, миний биед гэмтэл учирсан миний үүдэн нэг шүд хөдөлсөн, дух хавдсан, гар шалбарсан, хувцас урагдсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ..." гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹10914 тоот актын “…Ч.Бзатарзоригтын биед дух, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёроос доошгүй удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй, гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...Тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой…” гэсэн дүгнэлт /хх-23/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-28/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-30/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-29/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-41-42/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Ю.Г нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 100 айл орчим газар шорооны ажил хийж байхдаа “ажлын талбайд машинаа тавилаа” гэх шалтгааны улмаас хохирогч Ч.Баатарзоригтыг зодож, эрүүл мэндэд нь дух, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн өвдөг, шилбэнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Ч.Баатарзоригтын мэдүүлэг, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹10914 тоот актын дүгнэлт, шүүгдэгч Ю.Гын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Ю.Гын нь хохирогч Ч.Баатарзоригтын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирогч Ч.Баатарзоригт нь өөрт учирсан хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардалд 150.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд уг хохирлыг шүүгдэгч нь шүүхийн шатанд төлж барагдуулсан ба хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ю.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ю.Гын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.
Хэрэгт эд битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ю.Г-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ю.Гыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Ю.Г нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4.Шүүгдэгч Ю.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ю.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР