Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 06714

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 11 сарын 21 өдөр            Дугаар 101/ШШ2016/06714           Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б дүүрэг, * хороо, **** тоотод оршин суух, 30 настай, эрэгтэй, Ш овогт Б Ж /*****/ нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * хороолол, * байр, * тоотод оршин суух, 31 настай, эрэгтэй, Говогт Б Б /**********/ холбогдох,

 

            Зээлийн гэрээний үүрэгт 40 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

            Нэхэмжлэгч Б.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Б.Ж нь өөрийн хамаатны найз болох Б.Бд яаралтай 40 000 000 төгрөг нэг хоногт нэг хувийн хүүтэйгээр зээлдээч гэсний дагуу 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 40 000 000 төгрөг зээлсэн. Б.Б нь байраа банкнаас суллаж авахын тулд яаралтай 40 000 000 төгрөг зээлэх хэрэгтэй байна туслаач гэж уг мөнгийг авсан. Гэвч хариуцагч нь зээлсэн 40 000 000 төгрөгнөөс нэг ч төгрөг өгөлгүй зугтаасаар өнөөдрийг хүрээд байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж иргэн Б.Бээс 40 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би Б.Жын хамаатан Б.Гтай нэг ангийн андууд юм. 2015 оны 07 дугаар сарын 07-нд мөнгөний хэрэгцээ гарсан тул би хувь хүнд өөрийн байрыг барьцаалан 55 000 000 төгрөгийг зээлсэн байсан. Улмаар байраа худалдан борлуулахаар шийдэж, байраа барьцаанаас суллаж авах, мөнгө зээлэх шаардлагатай болсон. Тухайн үед Б дүүрэг бичил хорооллын МТ бензин колонкийн зүүн хойно байрлах нэг давхарын зөөврийн сууцанд түрээсээр “У”, “Ц” авто ломбардуудыг Б.Г, Б.Ж нар хамтран ажиллуулж байсныг мэдэх тул 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Б.Гтай уулзаж мөнгө зээлэх боломж байгааг асуусан. Тэгэхд Б.Г нь “Б.Жт мөнгө байгаа...Б.Жтай ярьчих” гэсэн. Ингээд Б.Жтай утсаар холбогдож 40 000 000 төгрөгийг нэг хоногийн хугацаатай зээлсэн. Энэ мөнгө Хбанкны *********** дугаартай миний хувийн дансанд өдөртөө шилжиж орж ирэнгүүт би байраа барьцаанаас суллан авсан. Би байраа иргэн Жавхланмандахад 135 000 000 төгөргөөр худалдан борлуулсан ба тэрээр найман хувийн зээлэнд хамрагдан Худалдаа хөгжлийн банкнаас зээл авч, уг банкнаас миний Худалдаа хөгжлийн банкны ********* тоот данс руу 2015 оны 07 дугаар сарын 31-ний өдөр байрны мөнгө шилжиж орж ирсэн. Би “Мөнгө орж ирсэн. Б.Жын мөнгийг яах вэ дансанд нь хийчих үү” гэж Б.Гас асуусанд тэрээр, “би одоо ажилруугаа явна...чи мөнгөө надад өгчих” гэсэн. Ингээд бид ойролцоох Сүхбаатар дүүргийн * хороо, Сөүл гудамж, 29.2 Орбит нүдний клиникийн байр 1 давхарт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбараар үйлчлүүлж 40 000 000 төгрөгийг гаргуулж авангуутаа би тэр дор нь Б.Гд мөнгийг шилжүүлэн өгсөн. Энэ явдлаас хойш сарын дараа Б.Г надтай уулзан “чиний мөнгийг Б.Жт өгөөгүй...чиний нэрийг бариад хугацааг нь сунгачихсан...гэхдээ хүүгий нь өгөөд хугацааг нь сунгуулсан...удахгүй мөнгөтэй болно... тэр болтол Б.Жт битгий хэлээрэй” гэхэд би уурлаж “...юу яриад байгаа юм бэ ...би наадахыг чинь зөвшөөрөхгүй...наад асуудлаа хурдан шийдээ. Б.Жт мөнгийг нь хурдан өг...” гэсэн.

Удалгүй Б.Ж надруу ярьж “...мөнгөний хэрэг гараад байна хүүгээ өгөөч” гэж нэхсэн. Тэгэхээр нь би зөрүүлж Б.Г руу утсаар ярьтал “...асуудал шийдэгдсэн санаа зоволтгүй...Б.Ж чамаас мөнгө нэхэж ярихгүй...” гэсэн. Хэсэг хугацааны дараа Б.Ж над руу мөнгөө нэхэн дахиж утсаар ярихад нь би “...Б.Гд мөнгийг чинь өгчихсөн...одоо Б.Гас мөнгөө ав...” гэхэд Б.Ж “би мэдээд байсан юм...Б.Г сонин байгаад байсан...” гэсэн. Энэ яриа 2015 оны 1* сард болсон. Үүнээс хойш над руу яриагүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Б.Г бусдад залилуулж алдсан мөнгөө нөхөж надаас гаргуулж, улмаар миний итгэлийг эвдэн мөнгийг минь хувьдаа завшин үрэгдүүлж, хууран мэхэлж, намайг 40 000 000 төгрөгөөр хохироосон төдийгүй нэмж 40 000 000 төгрөгийн өрөнд оруулсан гэдэг нь ойлгомжтой бөгөөд маш их гомдолтой байна. Ер нь бол Б.Ж бүх процессыг мэдсээр байж Б.Ганбямбыг биш намайг хариуцагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй. Миний ойлгож буйгаар энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь Б.Г мөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Зохигчдын шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

           

            Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний төлбөрт 40 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

            Зохигч талуудын хооронд 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөнгө зээлэх зээлийн гэрээ байгуулан зээлдүүлэгч нэг талаас 40 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэн, зээлдэгч нөгөө тал мөнгийг тодорхой хугацааны дараа буцаан төлөх үүрэг хүлээсэн болох нь зохигч талуудын тайлбар, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн Хаан банк ХХК-ний депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар /х.х-ийн 4 дэх талд/ тогтоогдож байна.

            Мөнгө зээлэх гэрээг амаар тохиролцон байгуулсан байх бөгөөд 40 000 000 төгрөгийг зээлж авсан, зээлийн гэрээ байгуулагдсан талаар хариуцагч тал маргаагүй, хүлээн зөвшөөрч байна.

            Гэрээний агуулга, зорилгын хувьд Иргэний хуулийн 28* зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний зохицуулалтад нийцэх ба мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар, мөнгө шилжүүлэн өгснөөр гэрээ байгуулагдсанд тооцно.

             Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хууль болон гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ. Талууд гэрээг амаар тохиролцон байгуулахдаа гэрээний дагуу зээлдэгч мөнгийг буцаан төлөх хугацааг нэг хоног гэж тохиролцсон талаар хариуцагч тайлбарласан байна. Иймд тус гэрээг тодорхой хугацаатай гэрээ гэж үзнэ.

            Зохигчдын тайлбараар, зээлж авсан төлбөрийг зээлдүүлэгч тал хүлээн аваагүй гэдэгтэй зохигч талууд маргаагүй, мөнгө төлөх үүргийг зээлдүүлэгчээс шаардсан болох нь тус тус тогтоогдож байна. Энэ үндэслэлээр зээлдүүлэгчийн 40 000 000 төгрөгийг шаардах эрх болон зээлийг төлөх үүрэг зээлдэгчид үүссэн байна.

            Хариуцагч зээлийн гэрээний дагуу зээлдэгчийн үүргийг хүлээсэн гэдэгтэй маргаагүй боловч зээлийн төлбөрийг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Иргэний хуулийн 21* зүйлийн 211.1 дэх хэсэгт, “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүхийн шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө.” гэж зохицуулжээ.

            Зохигчдын тайлбараар, гэрээний дагуу үүрэг гүйцэтгүүлэгч нь зээлдүүлэгч буюу Б.Ж байх бөгөөд өөр этгээдэд шилжүүлэх талаар гэрээгээр тохиролцсон болон хууль, шүүхийн шийдвэрт заасан этгээдэд өгөх үндэслэл байхгүй байна. Энэ үндэслэлээр зээлдэгч буюу хариуцагчийг үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд өгсөн гэж үзнэ.

            Иргэний хуулийн 21* зүйлийн 211.2 дахь хэсэгт, “Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно.” гэж зохицуулжээ.

            Зээлдэгч буюу хариуцагч нь гэрээний төлбөрийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн гэдэгтэй нэхэмжлэгч тал маргаж баримт гаргаагүй байна. Хэдий тийм боловч хуулийн 21* зүйлийн 211.2 дахь хэсэгт зааснаар, “үүргийг гүйцэтгэсэнд тооцох” үндэслэл буюу “үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн”, “ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд” гэсэн урьдчилсан нөхцөл бүрдсэн нөхцөл байдал зохигч талуудын тайлбараар тогтоогдохгүй байна. Иймд зээлдэгчийг гэрээний дагуу мөнгө буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүйд тооцно.

            Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдвэрлэв.

 

            Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2016 оны 1* сарын 21-ний өдрийн 15.00 цагт товлон шүүх хуралдааны товыг зохигч талуудад хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч нэхэмжлэгч болон хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эзгүйд хянан шийдвэрлэв.            

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

  1. Иргэний хуулийн 28* зүйлийн 281.1, 18* зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бээс 40 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Жт олгосугай.  
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5* зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Жаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Бээс 357 950 төгрөг  гаргуулан нэхэмжлэгч Б.Жт олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

          

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Г.АМАРЖАРГАЛАН