Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 1081

 

 

 

 

 

 

 

  2019         12           18                                      2019/ШЦТ/1081

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

          улсын яллагч Н.Түвшинбаяр,

          шүүгдэгч Д.Ш түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржигон овогт Доржгочоогийн Шийтэрийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1909010201029 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт, тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Д.Ш, /регистрийн дугаар /

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Д.Ш нь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын ам буюу Нийслэлийн ногоон ойн сан бүхий газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэн байгаль орчинд 139.914 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Ш шүүхийн хэлэлцүүлэгт “…Мэдүүлэг өгөхгүй. Өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид ийм үйлдэл гаргахгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…Би Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын аманд буюу төмөр замын хүүхдийн зуслангийн ард модон дунд байдаг бөгөөд 2 жилийн өмнө бэлтгэж тавьсан байсан модоо зам дээр явж байсан ачааны машиныг 20,000 төгрөгөөр хөлсөлж, “гэрийнхээ модыг доошоо буулгах гэсэн юм” гэж худал хэлж жолоочийг авч яваад гэрийн гаднаас модыг ачуулан доош явж байгаад ойн байцаагчид баригдсан...” гэсэн мэдүүлэг /хх-5-6/,

 

Хохирогч Д.Төмөрбаатарын "...Шийтэр нь мод тайраагүй ч гэсэн зохих зөвшөөрөлгүй Нийслэлийн ногоон бүсийн Ойн сан бүхий газраас мөчир гишүү үлдэгдлийг цуглуулж ялган тээвэрлэсэн болохоор хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Нутаг дэвсгэр хариуцсан байгаль хамгаалагчаас зөвшөөрөл буюу гоожин авсан байсан бол асуудалгүй..." гэсэн мэдүүлэг /хх-н 25-27/,

 

Гэрч А.Ганболдын “...байгаль хамгаалагч Болд-Эрдэнийн хамт очиж шалгахад 02-36 УНР улсын дугаартай кантер маркийн машинд ойролцоогоор 2.5м3 шинэс буюу хар мод ачсан зогсож байсан. Жолооч гэх Ц.Төмөрбаатартай уулзаж уг бэлтгэсэн модны гоожин байгаа талаар асуухад ямар нэг бичиг баримт үзүүлээгүй, уг модыг Д.Ш гэх хүн миний мод гэсэн тайлбар хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-н 28/,

 

Гэрч Ц.Төмөрбаатарын “...Би 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 15 цагийн орчим Саппорогийн тэндээс 2000 тоосго ачаад 95698805 дугаарын утсаар холбогдож Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Их тамирын амралтын газрын цаад талд буулгаад буцаж явах үед Их тамир амралтын самбарын цаад талд эрэгтэй эмэгтэй хоёр хүн гар өргөөд зогсож байсан бөгөөд “15000 төгрөг өгье та модыг маань гэрийн гаднаас ачаад дөхүүлээд буулгаад өг” гээд гуйгаад байхаар нь би ачаад буулгах гээд явж байтал ойн байцаагч Ганбаа гэх хүн зогсоогоод цагдаа дээр ирсэн..." гэсэн мэдүүлэг /хх-н 29/,

 

2019 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 2019/Х-05 дугаартай Модны
экологи эдийн засгийн үнэлгээ /хх-н 56/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-61/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-63/, хувийн байдлыг тодорхойлсон баримт /хх-68/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-65-66/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Д.Ш нь 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хандгайтын ам буюу Нийслэлийн ногоон ойн сан бүхий газраас зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж тээвэрлэн байгаль орчинд 139.914 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээр дурдсан хохирогч Д.Төмөрбаатар, гэрч А.Ганболд, Ц.Төмөрбаатар нарын мэдүүлгүүд, 2019.04.11-ний өдрийн 2018/Х-05 дугаартай Модны экологи эдийн засгийн үнэлгээ болон шүүгдэгч Д.Шийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Д.Шийн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Д.Шийн дээрх үйлдлийн улмаас Нийслэлийн ойн сан бүхий газарт 139.914 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд уг хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Canter маркийн 02-56 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл биш ба уг тээврийн хэрэгсэл нь Ц.Төмөрбаатарын эзэмшлийн тээврийн хэрэгсэл байх тул уг тээврийн хэрэгслийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон үнийн дүнг шүүгдэгч Д.Шээс гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Д.Шийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 15 ширхэг бөөрөнхий шинэс модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Ш-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Шийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Ш нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Шээс 7.500.000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 15 ширхэг бөөрөнхий шинэс модыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгосугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.

 

 

 

                       

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР