Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 1085

 

 

 

 

 

         

 

  2019         12           19                                       2019/ШЦТ/1085

     

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,

          улсын яллагч П.Ганбаатар,

          шүүгдэгч Ц.М, түүний өмгөөлөгч Ч.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Ц.М-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1809056780699 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1995 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургуулийн 5 курсийн оюутан, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Саригийн 24 дүгээр байрны 16 тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 18 дугаар хороо 32а байрны 46 тоотод түр оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ц.М-г, (регистрийн дугаар),

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Яллагдагч Ц.М нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Лакс" бааранд иргэн Г.Шинэхуягийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хүнтэй ярилцаж байхад саад болсон, архи асгалаа гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь эрүү ясны зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духны зүүн дээд хэсэгт цус хуралт, духны дунд дээд хэсэгт зулгаралт, зүүн хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, уруулын дотор салстын баруун хэсэгт язрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

шүүгдэгч Ц.М нь шүүх хуралдаанд “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…манай нутгийн залуу Шинэхуяг ирээд Тэгшбаяртай гар бариад мэндэлж юм ярьж байгаад хажуугаар зөрөхдөө намайг мөрлөж миний гартаа барьсан хундагатай дарсыг асгуулчихсан. Тэгэхээр нь чи замаа харж яваач ээ гэхэд өөдөөс маргалдаж намайг хэл амаар доромжилсон.…” гэсэн мэдүүлэг /хх-28-30/,

 

хохирогч Г.Шинэхуягийн “...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо "Лакс" бааранд болсон Сүхбаатар аймгийн
шинэ жилийн баярт оролцсон юм. Тэгээд 23 цагийн үед шинэ жилийн арга
хэмжээнд байж байсан чинь нэг залуу нэг охиныг буланд шахсан байхаар нь тэр
залууг боль гэсэн чинь гарт нь байсан аягатай архи асгарсан. Тэгтэл тэр залуу чи
яагаад байгаа юм бэ гээд намайг дээшээ гараад ир гэхээр нь би дээшээ гарсан
чинь тэр залуу намайг 4-5 удаа нүүр рүү цохисон. Тэгээд хүмүүс салгаад Гэмтлийн эмнэлэг тэр залуутай явсан. Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь эрүү цуурсан байна гэсэн. Тэгээд хамтдаа гараад машинд суугаад явж байсан чинь эмнэлэгт үзүүлсэн CD-г тэр залуу хугалаад шидсэн. Би тэр залууг цохиогүй. Тэр залууг Маргад гэдэг утас нь 99507001 юм. ...миний биед учирсан гэмтлийг Ц.М учруулсан бөгөөд шууд миний нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон. Тэгээд би тонгойтол дээрээс балбаж цохиж эхэлтэл хүмүүс салгасан. Хүмүүс салгасны дараа Маргад дахиад дуудахаар нь би дахиад очиход шууд дахиж нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон. Нүүрэн тус газар цохисон цохилтуудаас тухайн гэмтлүүд үүссэн. Маргад эхлээд намайг цохиход өөрийнхөө дүү гэх нэг залуутай хамт явж байсан. Тэр залуу нь бас манай нутгийн залуу бөгөөд Тэгшбаяр гэдэг. Дараа нь дуудаж цохиход манай найз Золбаяр, Бат-Эрдэнэ нар байсан. Өмнө нь Маргадтай маргалдаж байсан удаа байхгүй, зүс төдий л мэднэ. Эрүү, нүүр зовиуртай байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. ...би 2019 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хохирлын мөнгө болох 3.000.000 төгрөгөө авсан, надад одоо гомдол санал байхгүй. Надад учирсан гэмтлийг Ц.М гэдэг нутгийн залуу учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-8-11/,

гэрч С.Золбаярын “...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр "Лакс" бааранд Сүхбаатар аймгийн шинэ жилийн баярын арга хэмжээ болсон юм. Тухайн арга хэмжээнд би найз нарын хамт очсон. Тэгээд тамхи татаад сууж байсан ширээн дээрээ ирэхэд найз Г.Шинэхуяг нутгийн залуу Ц.Мтай маргалдчихсан, Ц.М манай найзыг зодсон байдалтай Шинэхуяг эрүүгээ бариад сууж байсан. Тэгээд учраа ололцох гээд байж байтал Маргад Шинэхуягийг хүрээд ир гэж дуудсан. Тэгэхээр нь Шинэхуяг Ц.М дээр яваад очтол Ц.М Г.Шинэхуягийн эрүүн тус газар гараараа 2 удаа цохисон. Тэгээд бид нар голоор нь орж салгаад бараанаас авч гарсан бөгөөд Бат-Эрдэнэ, Шинэхуяг, Ц.М нар Гэмтлийн эмнэлэг явсан. Би тэр хоёрыг анх маргалдах үед нь байгаагүй, гадаа байсан, намайг бааранд орсны дараа Ц.М Г.Шинэхуягийг дуудаж ирээд гараараа 2 удаа эрүүн тус газар нь цохисон. Маргад нь манай нутгийн ах бөгөөд 10 жилийн дээд талын төгсөлтийн…” гэсэн мэдүүлэг /хх-22-23/,

 

          гэрч Г.Бат-Эрдэнийн “...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймгийн залуучуудын холбооны шинэ жилийн баярын арга хэмжээ Сүхбаатарын талбайн замын урд байдаг "Лакс" нэртэй бааранд болсон. Би тухайн арга хэмжээнд найз нарын хамт очсон. Арга хэмжээнд оролцож байгаа 23 цагийн үед шиг санаж байна дундуур нь тамхи татах гээд гарсан. Тэгээд баарны гадаа тамхи татчихаад буцаад бааранд ортол 2 давхарт найз Г.Шинэхуяг нь шатан дээр Маргадад цохиулчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би яасан юм гэхэд мөрлөлцөөд үг зөрөлдөх үед Маргад чи их том болжээ, ийм байгаагүй юм байж гэж хэлээд намайг цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Золбаяр, Батсүрэн, Шинэхуяг нарын хамт Маргад дээр явж очоод яагаад муудаж байгаа юм бэ, юу болсон юм гэхэд Маргад би яасан юм бэ, танай найз чинь өөрөө том болсон байна шүү гэхэд Г.Шинэхуяг би яасан юм бэ гэж асуусан. Тэгэхэд Маргад чи өөрөө ингээд намайг оролдоод байгаа биз дээ гэж хэлээд Г.Шинэхуягийн шанаа хэсэгт гараараа 2 удаа цохисон. Тэгэхээр нь бид нар Маргадыг салгахад Г.Шинэхуяг эрүү эвгүй болчихлоо гэж байсан. Тухайн үед арга хэмжээ ч өндөрлөж байсан учраас шууд Г.Шинэхуягийг дагуулаад гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг рүү явахдаа Ц.Мыг дагуулж явсан ба Гэмтлийн эмнэлэг дээр очоод Г.Шинэхуягийг үзүүлэхэд эмч эрүүнд цууралт үүссэн байна гэж хэлээд CD дээр буулгаж өгөөд маргааш, нарийн сайн оношлуулаарай гэж байсан. Ингээд эмнэлэгт үзүүлчхээд эмнэлгээс гарах үед гадаа Маргад хүлээж байсан бөгөөд яасан бэ, юу болсон бэ гэхэд Г.Шинэхуяг эрүү цуурсан байна, маргааш шинжилгээ өгнө гэж хэлсэн. Тэгтэл Маргад Г.Шинэхуягаас CD-г өгч бай гэж хэлж аваад шууд хугалаад машины цонхоор гаргаад шидчихсэн. Г.Шинэхуягийн эрүүний зураг авахуулсан CD-r хугалчхаад чи ингээд новшир, чамайг хөөцөлдөж явахыг нь харъя гэж хэлсэн ба бид хоёр шууд гэртээ харьсан. Би дахиж Маргадтай уулзаагүй, харин Г.Шинэхуяг эмнэлгээр явж байна, эрүү цуурсан байна гэж хэлсэн. Тэрнээс хойш гар утас фэйсбүүкээр Г.Шинэхуягтай холбоотой байгаа. Намайг баарны гадаа байхад хоорондоо мөрлөлцсөн юм шиг байна лээ. Ингээд намайг буцаад бааранд орох үед Г.Шинэхуяг цохиулчихсан гэхээр нь хэнд гэж асуухад Маргадад гэж хэлсэн. Тэгэхээр нь бид хэд Маргад дээр очоод юу болсон юм, яасан юм гэхэд танай найз томроод байна гэхэд Г.Шинэхуяг би яагаа ч үгүй гэж хэлсэн. Тэгээд тэр хоёрын дунд маргаан болоод Маргад Г.Шинэхуягийн эрүүн тус газар нь хоёр удаа цохисон. Маргадыг цохьсны дараа ямар нэгэн ил харагдах шарх, сорви харагдаагүй. Зөвхөн эрүү эвгүй болчихлоо, ярихад эвгүй байна гэж хэлсэн. Намайг харж байхад Г.Шинэхуяг, Ц.Мад огт гар хүрээгүй…” гэсэн мэдүүлэг /хх-15-16/,

 

          Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний ¹261 тоот актын “…Г.Шинэхуягийн биед эрүү ясны зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духны зүүн дээд хэсэгт цус хуралт, духны дунд дээд хэсэгт зулгаралт, зүүн хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, уруулын дотор салстын баруун хэсэгт язрал гэмтэл тогтоогдлоо. ....Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ...Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй …” гэсэн дүгнэлт, /хх-10/,

 

шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-48/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-42/,  хохирлын баримт /хх-36-28/, хувийн байдлыг тогтоосон баримт /хх-46/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-63-64/ зэргийг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

          Шүүгдэгч Ц.М нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Лакс" бааранд иргэн Г.Шинэхуягийг хувийн таарамжгүй харьцааны улмаас буюу хүнтэй ярилцаж байхад саад болсон, архи асгалаа гэх шалтгааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь эрүү ясны зөрүүтэй далд хугарал, зөөлөн эдийн няцрал, духны зүүн дээд хэсэгт цус хуралт, духны дунд дээд хэсэгт зулгаралт, зүүн хөхлөг сэртэнгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, уруулын дотор салстын баруун хэсэгт язрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь дээр дурьдсан хохирогч Г.Шинэхуяг, гэрч С.Золбаяр, Г.Бат-Эрдэнэ нарын мэдүүлгүүд, шүүгдэгч Ц.Мын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон.

Шүүгдэгч Ц.Мын хохирогч Г.Шинэхуягийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул Ц.Мыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй хэдий боловч шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн”,  мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар тоолно...” гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтаас харахад шүүгдэгч Ц.Мад холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.  

Иймд шүүгдэгч Ц.Мад холбогдох хэргийг “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ц.Мын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Шинэхуягийн эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг төлсөн байх бөгөөд хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ц.Мыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.М-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М-д холбогдох эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

4.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР