| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/07692/и |
| Дугаар | 06715 |
| Огноо | 2016-11-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 06715
2016 оны 11 сарын 21 өдөр Дугаар 101/ШШ2016/06715 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, * хороо, * тоотод оршин суух, 25 настай, эрэгтэй, Б овогт Б Ч /********/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, Жанжин, * гудамж, * тоотод оршин суух, 38 настай, эрэгтэй, М овогт А С /**********/ холбогдох,
Зээлээр худалдсан гурилын үнэ болох 1 540 500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Чингис шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Би А.Сд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 10 тн гурил худалдаж 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр бичгээр гэрээ байгуулж гурилын үнийн 6 700 000 төгрөгийг төлж үлдэх 1 300 000 төгрөгийг төлөөгүй өнөөдрийг хүрлээ. Үлдэх мөнгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдөр төлж дуусахаар гэрээ хийсэн бөгөөд гурилын үнийг гэрээнд заасны дагуу төлөөгүй нөхцөлд гэрээний 3-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор тохиролцсон юм. Иймд А.Сиос гурилын үнийн төлөгдөөгүй төлбөрт 1 300 000 төгрөг гэрээнд заасан хугацаа хэтэрсэн алдангид 240 500 төгрөг /37 хоног хугацаа хэтэрсэн/ нийт 1 540 500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хариуцагч А.С 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэлийг гардан авч, хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Б.Чингис нь хариуцагч А.Сд холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөрт 1 540 500 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч тал хариу тайлбар гаргаагүй байна.
Зохигч талуудын хооронд 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Гурил зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан /х.х-ийн 2 дахь талд/ нэг талаас 8 000 000 төгрөгийн үнэ бүхий 10 тонн “Өег” 1 дүгээр зэргийн гурил худалдах, нөгөө талаас гурилын үнийг төлөх үүрэг хүлээсэн байна.
Тус гэрээ нь зорилго, агуулгаараа Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээний зохицуулалтад нийцэж байна.
Гэрээнд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн гурилын үнэ төлөх тооцоог нэгтгэн тусгаж, түүнийг төлөх хугацаа болон хариуцлагыг тодорхойлсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцэж байна.
Гэрээний үлдэгдэл төлбөр болон гэрээнд заасны дагуу тооцсон алданги бүхий нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч хариу тайлбар гаргаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Иймд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэг болон 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар, худалдсан гурилын үнийг шаардах эрх худалдагч буюу нэхэмжлэгч талд үүссэн гэж үзэн гурилын үнийн үлдэгдэл төлбөр болох 1 300 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч гурилын үнэд гэрээний 3 дахь хэсэгт заасны дагуу 0,5 хувиар хоног тутамд алданги тооцуулна гэсэн нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь зүйлд нийцэж байна. Энэ үндэслэлээр, мөн хуулийн 232.6 дахь хэсэг, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу алданги шаардах эрх үүссэн байна. Алдангийн тооцооллын хувьд, гэрээний үүргийн хугацаа дууссанаас хойш буюу 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаагаар тооцон 240 500 төгрөг гэж тооцоолсон нь хуульд нийцэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн болон бодит үндэслэл бүрдсэн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Тус хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 16.00 цагт, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 16.00 цагт тус тус товлон шүүх хуралдааны товыг зохигч талуудад хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч аль алинд нь нэхэмжлэгч болон хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт зааснаар зохигчдын эзгүйд хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН