| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2019/1103/Э |
| Дугаар | 6 |
| Огноо | 2019-12-24 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 6
2019 12 24 2020/ШЦТ/6
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Б.Аззаяа,
улсын яллагч П.Ганбаатар,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунзул,
шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч П.Эрдэнэтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Хотгойд овогт Бадамхандын Пүрэвсүрэнд холбогдох эрүүгийн 1809012961237 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1949 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 70 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, тоотод оршин суух хаягтай,
1967 оны 01 дүгээр сарын 01-нд Эрүүгийн хуулийн 109.6-д зааснаар 5 жил хорих ялаар,
1980 оны 11 дугаар сарын 20-нд Эрүүгийн хуулийн 63.6-д зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгэгдэж, 1982 оны 07 дугаар сарын 22-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
1998 оны 02 дугаар сарын 18-нд Эрүүгийн хуулийн 127.2, 224.1, 138.1-д зааснаар нийт 3 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэж, 2000 оны 10 дугаар сарын 03-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,
2015 оны 5 дугаар сарын 15-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 6 cap баривчлах ялаар шийтгэгдсэн, Б.П /регистрийн дугаар /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.П нь 2017 оны 11 дүгээр сард хохирогч Ө.Одхүүд өөрийгөө “өмгөөлөгчөөр ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан чиний Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Нью Войс" ХХК-аас авах ёстой байсан мөнгийг авч өгч чадна” гэж худал хэлж хуурч, итгэмжлэл хийлгэж баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр "Нью Войс" ХХК-аас 400 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 978.500 төгрөгийг авч хохирогч Ө.Одхүүд өгөлгүй залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Б.П шүүхийн хэлэлцүүлэгт “…Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...”гэв.
түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “…би Одхүү дээр очоод Одхүүгээр итгэмжлэх хийлгээд нөгөө компани дээрээ буцаж очоод тухайн компаниас авах ёстой байсан 500 доллараас 400 доллар буюу Монгол төгрөгөөр 978.400 төгрөгийг авсан. ...Би 7 дугаар ангийн боловсролтой, хуульч өмгөөлөгч хүн биш...” гэсэн мэдүүлэг /хх-49-50/,
Хохирогч Ө.Одхүүгийн "...би 2017 оны 11 дүгээр сарын эхээр Б.П гэх хүнтэй ажил хэргийн шугамаар танилцсан ба өөрийгөө өмгөөлөгчөөр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан гэж ярьж байсан бөгөөд намайг өр зээлээ авч чадахгүй хүн байвал ахдаа хэлээрээ гэхээр нь би “Нью Войс” сургалтын төвөөс 500 долларын авлагатайгаа хэлэхэд ах нь өмнөөс чинь хөөцөлдөөд аваад өгье, чи итгэмжлэл хийлгээд өгчих гэсэн юм. Тэгээд надаас итгэмжлэл хийлгэж аваад хөлсөнд нь 150.000 төгрөг авахаар тохиролцоод салсан. Тэгтэл тэр хүн 2017 оны 12 дугаар сарын эхээр ахдаа урьдчилгаа 100.000 төгрөг өгчих гэхээр нь мөнгөө авч байгаад өгнө гэж хэлтэл тэр чигтээ сураггүй алга болчихсон. Надад тэмдэглүүлсэн 86335948, 89840222, 85113042 дугаарын утаснууд нь холбогдох боломжгүй болсон. Тэхээр гэрийнх нь хаягаар буюу Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо 22-358 тоот хаягаар очтол Пүрэвсүрэн гэх хүн байдаггүй гэж хэлсэн. Тэгээд би “Нью Войс” сургалтын төв дээр очиж уулзтал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Пүрэвсүрэн гэх хүн 400 ам доллар буюу 978.500 төгрөгийг бэлнээр авч явсан байсан. Тухайн үед Пүрэвсүрэн хэн нэгэнтэй хамт явж байгаагүй, ганцаараа явж байсан, өмгөөлөл хийж байсан хуулийн байгууллагад ажиллаж байсан гэж байсан. Надад ямар нэгэн хуульчийн үнэмлэх үзүүлээгүй, би настай хүн байсан болохоор нь итгэсэн..." гэсэн мэдүүлэг /хх-н 16-17/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунзул шүүхийн хэлэлцүүлэгт “…Миний хүргэн ах бид хэд хамт амьдардаг байсан. Тэр хоёр Австрали улсад гарах гээд “Нью войс” ХХК 500 доллар төлөөд өгсөн мөнгөө буцааж авах гээд чадахгүй байж байгаад энэ хүн өмгөөлөгч гээд мөнгө авч өгнө гэж хэлсэн байсан. Банкинд байсан хаягаар нь очиход байгаагүй тэгээд цагдаад өгсөн. Одоо 978.400 төгрөг нэхэмжилж байна...”гэв.
мөрдөн байцаалтад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр өгсөн "...Тухайн үед Одхүү ах болон манай эгч Нямсүрэн бид нар нэг гэрт хамт амьдарч байсан, одоо ч гэсэн тэр хоёртой өдөр болгон шахуу холбоотой байгаа. Тухайн үед Одхүү ах Пүрэвсүрэн гэх хүнд итгэмжлэл хийж өгөх үедээ "Нью Войс" ХХК-аас авах ёстой байсан мөнгийг түүнд хэрэглүүлэх талаар ярьж тохиролцсон зүйл огт байхгүй. Тэр үед манай ах Одхүү Австрали Улс руу явах ажил хөөцөлдөж байсан болохоор мөнгөнөөс хэрэгтэй зүйл байгаагүй. Тийм байхад юу гэж тэр хүнд тухайн 500 ам долларыг хэрэглүүлэх талаар ярьж тохирсон байх вэ дээ. Харин тэр өөрийгөө өмгөөлөгч гээд байсан Пүрэвсүрэн гэх хүнд "Нью Войс" компаниас мөнгийг аваад өгчихвөл тодорхой хэмжээний хөлс мөнгө өгөхөөр л тохиролцсон байсан. Сүүлд мөнгийг Пүрэвсүрэн гэх хүн аваад алга болсон байна гэдгийг мэдсэн цагаас эхлээд энэ талаар бараг л өдөр болгон Одхүү ах тэр хүнийг хайж ярьдаг байсан, бага ч гэлтгүй мөнгөний хэрэгтэй байхад тэр хүн тухайн мөнгийг аваад тэр чигтээ алга болсон, одоо нэг ч төгрөг буцааж өгсөн зүйл байхгүй. Одхүү ах түүний эхнэр миний төрсөн эгч Нямсүрэн нар Австрали улсад суралцаж, амьдарч байгаа. Би тэр хоёртой байнгын холбоотой байгаа. Тэгээд Пүрэвсүрэн гэж хүнийг сураггүй болохоор нь 2017 оны 12 дугаар сарын 10-ны үеэр шиг санаж байна Одхүү ах бид хоёр нөгөө "Нью Войс" ХХК дээр очоод мөнгө яасан талаар асуухад танай ах чинь гээд нэг хүн ирээд, итгэмжлэл үзүүлээд мөнгийг чинь аль эрт аваад явчихсан шүү дээ гэж тухайн компанийн ажилтан нь хэлж байсан. Би энэ хэрэгт хүргэн ах болох Одхүүг төлөөлөн оролцох хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /хх-н 40/,
Гэрч Т.Мөнхцэцэгийн "...Пүрэвсүрэн гэдэг хүн нь өөрийгөө өмгөөлөгчөөр ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан, хуулийн хүн байна гэж хэл ам хийж маргалдаж байсан. Тэгээд мөнгө олгодог өдөр буюу 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Пүрэвсүрэн нь манай байгууллага дээр ирээд Одхүүд олгогдох ёстой байсан 400 ам доллар буюу 978.400 төгрөгийг бэлнээр аваад явсан. Пүрэвсүрэн нь хэдэн төгрөг авсан болохоо өөрөө гараараа бичиж өгсөн. Түүнд мөнгө хүлээлгэн өгсөн баримт дээр зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг мөн. Ингээд тухайн мөнгийг Пүрэвсүрэн авч явснаар хойш бүүр дараа нь Одхүү нь манай байгууллага дээр ирсэн. Тэгэхдээ Одхүү нь Пүрэвсүрэнг манай байгууллагаас мөнгө авч явсан болохыг мэдээгүй байсан. Тэгээд Одхүүд Пүрэвсүрэнд мөнгө өгсөн баримтыг гаргаж үзүүлсэн. Пүрэвсүрэн нь өөрийгөө хууль, өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн шүү гээд бид нарыг айлгаж байгаа байртай хэлээд байсан. Тэгээд өөрийгөө Одхүүгийн ах нь байна, дүүгээ төлөөлж явж байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 44/,
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-54/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-55/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-64/, хохирогч Ө.Одхүүгийн итгэмжлэл /хх-44/, Монголын Хуульчдын холбооны 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2/1267 дугаартай албан бичиг /хх-84/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-81-82/ зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Б.П нь 2017 оны 11 дүгээр сард хохирогч Ө.Одхүүд өөрийгөө “өмгөөлөгчөөр ажиллаж байгаад тэтгэвэртэй гарсан. Чиний Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "Нью Войс" ХХК-аас авах ёстой мөнгийг авч өгч чадна” гэж хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр "Нью Войс" ХХК-аас 400 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 978.400 төгрөгийг авч хохирогч Ө.Одхүүд өгөлгүй залилсан болох нь дээр дурьдсан хохирогч Ө.Одхүүгийн мэдүүлэг, хохирогч Ө.Одхүүгийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунзулын мэдүүлэг, гэрч Т.Мөнхцэцэгийн мэдүүлэг, хохирогч Ө.Одхүүгийн итгэмжлэл, шүүгдэгч Б.Пгийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.Пгийн дээрх хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлын нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Ө.Одхүүгийн "Нью Войс" ХХК-аас авах байсан 400 ам доллар буюу 978.500 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Б.Пг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Шүүгдэгчийн дээрх үйлдлийн улмаас хохирогчид 978.400 төгрөгийн хохирол учирсан байх тул уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунзулд олгох нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Пгийн дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.П бусдыг хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан буюу Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.П нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Пгээс 978.400 /есөн зуун далан найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Оюунзул (РД:ЙЮ95122706) олгосугай.
5.Шүүгдэгч Б.П нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Пд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР