| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тогоочийн Дэлгэрмаа |
| Хэргийн индекс | 172/2020/0007/Э |
| Дугаар | 14 |
| Огноо | 2020-01-10 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Ц.Ариунжаргал |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 14
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,
Улсын яллагч: Ц.Ариунжаргал,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Оюунтунгалаг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,
Шүүгдэгч: Э.Сү, Т.Мө, өсвөр насны шүүгдэгч Ба,
Хууль ёсны төлөөлөгч: Мө,
Нарийн бичгийн дарга: Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийж, Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овгийн Э-ын Сү, У овгийн Тү-ын Мө, өсвөр насны яллагдагч Б овгийн Үү-ын Ба нарт холбогдох 1928002490159 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, урьд ял шийтгүүлж байгаагүй, Я овгийн Э-ын Сү, регистрийн дугаар
Монгол Улсын иргэн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашин механизмын засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, урьд ял шийтгүүлж байгаагүй, У овгийн Т-ын Мө, регистрийн дугаар
Монгол Улсын иргэн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, урьд ял шийтгүүлж байгаагүй, Бовгийн Үү-ын Ба, регистрийн дугаар
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Э.Сү, Т.Мө, Ба нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр Хотгорын гол гэх газраас иргэн Ц.Ундармаагийн 2 тооны ямааг хулгайлж 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Э.Сү, Т.Мө, Ба нарыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Сү шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би өглөө гэртээ байж байхад Ба залгаад гэрээсээ гараад ир гэж хэлсэн. Тэгэхэд Ба машинтайгаа ирсэн. Машинд нь суугаад гэрт нь очиж байж байгаад 4 дүгээр сургууль орсон. Ба-ийн гэрт байхдаа хоёулаа Мө-ынд очихоор ярьж байсан. Номгон сумын тийшээ явж Мө-тай уулзчихаад аймаг явсан. Аймаг явж байхад машины урт талын дугуй хагарсан. Запаас дугуй үзэхэд байхгүй байсан. Замын дээх нь талд нэг айл байсан. Бид нар тэр айлд очиж данхраад сурахад эгч, эмээ, ах байсан. Данхраад сураад гарч ирээд машины ард талыг үзэхэд запаас дугуй байсан. Тэр дугуйгаа машиндаа тавьчихаад бид хэд доошоо төв замаар явсан. Дугуй хагарчихсан одоо ээж, аавдаа алуулна, яана аа гээд Ба хэлсэн. Тэр яриаг яриад явж байхад замын эсрэг талд мал байсан. Ба мал руу эргэчих гэж хэлсэн. Мал руу эргэж ороход машиныг Мө бариад явж байсан. Мал дундуур ороод явж байхад Ба, Мө хоёр байраа сольсон. Би халтар ямааг машинаас бууж очоод барихад араас Мө ямаа барьсан. Ямаагаа машиндаа ачаад явж байхдаа би болъё, зогсчих гэж хэлсэн. Тэр чигтээ явсаар байгаад аймгийн төвд ирэхэд машин болохоо болиод зогсоход өмнөөс цагдаа гарч ирсэн. Айж, сандарсандаа болоод зугтаад Баийн дээд гэрт нь Мө бид хоёр очсон. Тэр өдрийн орой нь цагдаа дээр дуудагдсан.
Шүүгдэгч Т.Мө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би гэртээ байж байхад Ба, Сү хоёр над руу танайд очих гэсэн юм яаж очдог юм бэ гэж ярьсан. Номгон сумын төв замаар яваад баруун гар тийшээ зам сална, тэр замаар явна гэж зааж өгсөн. Тэгээд өөдөөс тэр хоёр гараад ирсэн. Гэрээсээ доош 5 км орчим явж, уулзаад жоохон ярьж сууж байгаад аймаг руу явахаар болоод явцгаасан. Төв зам руу орох гэж байтал машины дугуй хагарсан. Ба запаас дугуй байхгүй гэж хэлсэн. Тэгээд жоохон явж байхад замын баруун талд айл байсан. Тэр айлд очиж данхраад сурсан. Тэгээд машинаа данхраадаад байж байхад запаас дугуй гарч ирсэн. Машиныхаа дугуйг сольж тавиад цаашаа төв зам руугаа эргэж ороод 10 км явж байхад мал гарч ирсэн. Ба тэр мал байна, эргэчих гэж хэлэхээр нь би эргэсэн. Сү бат халтар ямаа барьсан. Тэр хооронд Ба би одоо машинаа баръя гээд машинаа барьсан. Намайг тэр улаан эр ямааг дахиад бариад ав гэж хэлэхэд нь би тэр улаан ямааг бариад бид нар аймаг руу төв замаар явсан. 10 гаруй км явж байхад дахиад машины дугуй хагарсан. Аймгаас ойрхон явж байхад цагдаагийн машин гараад ирсэн. Бид гурав айсандаа зугтсан. Ба-ийн гэрт очиж хоносон. Маргааш нь үдээс хойш 3 цаг орчимд ирсэн.
Өсвөр насны шүүгдэгч Ба шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сү-ыг дуудаж гэрт очиж хоол идчихээд Мөнхбаттай хөдөө гэрт нь очиж уулзаж ирэхээр болсон. Би бензин, тосныхоо мөнгийг гаргаад Сү бид хоёр Мө-ын хөдөө гэр лүү явж байхад өөдөөс андаад гараад ирсэн. Жоохон уулзаж байгаад аймгийн төв рүү явахаар болсон. Аймгийн төв рүү явж байхад машины дугуй хагараад хагарсан дугуйтайгаа явсан. Замын баруун талд нэг айл байсан. Тэр айл дээр очиж данхраад сураад машиныхаа дугуйг солиод цаашаагаа явсан. Тэгээд явж байхад замын зүүн талд мал байсан. Мө тэнд мал байна гэж хэлээд би харсан. Дугуйгаа яана аа гэж яриад явж байхад Мө тэр малаас аваад дугуйгаа засъя гэж ярьсан. Малын наах нь очоод би өөрөө машинаа бариад явсан. Би Сүыг халтар ямааг бариад ав гэж хэлсэн. Сү тэр халтар ямааг барьж авч ирээд машинд хийсэн. Тэгэхэд Мө улаан ямаа барьж авсан. Тэгээд бид нар аймаг руу явсан. Тэгэхэд дахиад нэг дугуй хагарсан. Хагарсан дугуйтайгаа явж байгаад аймгаас 1 км орчимд машин зогссон. Тэгэхэд өөдөөс цагдаагийн машин гараад ирсэн. Бид гурав айсандаа зугтаасан. Энэ хоёр дээд гэрт, би доод гэртээ очиж хоносон.
Хохирогч Ц.Ундармаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Намайг Өмнөговь аймаг Даланзадгад суманд байх Зүүнсайханы 5-10 тоот гэртээ 23 цагийн үед амарч байхад манай нөхөр Туяахүү над руу залгаад чи унтаагүй байна уу манай малаас хулгай хийгээд хүн аваад зугтаачихлаа гэж малчин Мө хэлээд байна Хүрмэн явдаг замаар өөдөөс нь амдаад очоодох гэхээр нь би босоод гадагшаа гартал манай малчин болох Мө өөрийн эзэмшлийн жижиг тэрэгтэйгээ манай хашааны гадаа ирсэн байсан. Тэгээд би малчинтайгаа хамт цагдаагийн гадаа ирэхэд боронзон өнгийн машиныг цагдаа машин ачдаг машинаар ачсан байсан. Тэгээд нэг цагдаа машин дотроос малаа авчих гэхээр нь уг машины ард талын суудлаас улаан, халтар 2 тооны ямаагаа аваад хашаандаа авч очиж уяад байлгаж байсан. Тэгээд маргааш орой нь Мөнхцэцэг гээд БОЭТ-н нүдний эмч Ба гээд дүүгээ дагуулаад хүрч ирээд манай дүү танай малаас хулгай хийчихсэн юм байна миний бүр санаа зовоод ямар сайндаа дүүгээ дагуулаад хүрээд ирлээ гэж хэлэхээр нь би тэр хүүхдийг хулгай хийсэн юм байна гэж мэдсэн. Дараа нь тэр хүүхдийг сонсоод байсан чинь манай малчин Мө-ын эхнэртэй эгч дүүсийн хүүхдүүд байсан юм байна лээ. /хх-ийн 13-14-р хуудас/
Иргэний нэхэмжлэгч Ц.Ундармаа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Надад ямар нэгэн хохирол байхгүй учраас нэхэмжлэх зүйл байхгүй. /хх-ийн 16-р хуудас/
Гэрч Ц.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сарын 10-ны шөнө 22:30 минутад би гэртээ байж байсан чинь мал бэлчсэн. Тэгэхээр нь гараад харсан чинь машинтай гэрэл тусгаад мал ачаад байх шиг болсон. Манай мал гэрээс 500 метрийн зайтай байсан. Харж байсан чинь нөгөө машин аймаг чиглээд явахаар нь би араас нь эхнэртэйгээ өөрийн машинаар явсан. Эхлээд нэлээн хол зайтай явж байсан. Манайх аймгаас 22 километрийн зайтай байдаг. Би араас нь нэлээн хурдтай явж нэлээн ойртож дугаарыг нь харсан 66-92 ӨМӨ гэсэн саарал цагаан өнгийн машин байсан. Тэгээд бид хоёр аймаг руу дөхөөд ирэхээр нь аймгийн цагдаа руу яриад ийм дугаартай машин мал аваад явчих шиг боллоо шалгуулах гэсэн юм гэж хэлсэн. Би араас нь гэрлийг нь хараад гол дундуур яваад л байсан. Урдаас нь амдаад Хүрмэн сум руу гардаг засмал дээр очоод байж байтал цагдаагаас яриад хаана байна хүрээд ир гэсэн. Тэгээд би очиход цагдаа нар ирчихсэн машиных нь дугуй нь хагараад зогсчихсон байсан. Тэгээд бид хоёр ямаагаа аваад явсан. /хх-ийн 17-р хуудас/
Гэрч Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай хүү надад ярихдаа найз Мө-ынд очихоор болсон гэж байсан. Цэрэгт явахаар болж байгаа гээд манай хүү Сү, Ба нар аймгаас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр явсан юм байна лээ. Тэднийд очоод буцаж явах үедээ машиныхаа дугуйг хагалчихаад замдаа аваарын шар дугуй сольж хийсэн байсан. Тэгээд тэр машины эзэн хүү одоо яах уу дугуйгаа яаж төлөх талаар хоорондоо ярилцсан байсан. Манай хүү юу ч гэсэн аймаг оръё утсаа ломбардаад ч хамаагүй болох байлгүй дээ гэхэд нөгөө машины эзэн хүү замдаа таарсан малаас эндээс мал авчъя гэхэд манай хүү яах гээд байгаа юм гэхэд нөгөө хоёр нь чи яасан аймхай юм гээд Мө, Сү хоёр нэг нэг мал бариад машиндаа хийгээд аймаг руу явсан байсан. Тэгээд аймаг руу орж ирээд урдаас нь цагдаа гарч ирээд энэ хэд зугтаагаад явчихсан байсан. Би баруун хил рүү яваад нэг хонож байсан. Хүү маань гэртээ төрсөн дүү Баттүшигтэй үлдсэн байсан. Аав нь Мэнд зуурмаг ХХК-д жолооч хийдэг. Тухайн үед Манлай суманд ажиллаж байсан. Би машинаа гадаа үлдээгээд түлхүүрээ гэртээ үлдээгээд явсан. Тэгээд л унаад явчихсан юм байна лээ. Манай том хүү 2002 оны 05 дугаар сарын 01-ний өдөр төрсөн. Одоо коллежид сурдаг. Ааш зангийн хувьд төлөв түвшин найз нөхөддөө тусч даруухан хүү байгаа юм. Гэр орны ажилд сайн, үгэнд сайн ордог хүүхэд. /хх-ийн 22-23-р хуудас/
Гэрч Н.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: ...Айлын том хүүхэд байгаа юм. Зан харилцааны хувьд хүнд тусархуу, архи тамхи хэрэглэдэггүй, ер нь нилээн аймхай хүүхэд. /хх-ийн 24-р хуудас/
Гэрч Т.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай хүү 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Ханхонгор сум Жаргалант баг Буурын хяр Хөл дэрс гэх газраас 19 цагийн үед гэрээсээ найзууд ирж байгаа тосно гээд мотоциклио унаад гараад явсан. Манай хүү цэрэгт явах гэж байгаа гээд найзууд нь ирж уулзсан юм байна лээ. Тэр орой хамт аймаг орохоор явах замдаа машиных нь дугуй хагараад, хагарсан дугуйгаа худалдаж авахаар замдаа таарсан айлын малаас хоёр ямаа авч ачиж явсан байсан. Манай хүү нэг ямааг нь барьж машинд хийсэн гэж байсан. Тэгээд аймаг руу ороод иртэл урдаас цагдаагийн машин гараад ирэхээр нь зугтаагаад явсан ба Мө, Сү хоёр эргэнд нуугдаад нөгөө Ба нь өөр тийшээ зугтаасан гэж хэлсэн. Тэгээд тэр хэд Ба-ийн хашаанд байдаг машин дотор очиж хоносон гэсэн. Манай хүү маргааш нь гэртээ ирсэн. /хх-ийн 25-р хуудас/
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Миний бие 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр шөнийн 21-22 цагийн үед хөдөлгөөнт эргүүлд явж байх үед жижүүрээс утсаар залгаад Мө-тай холбогдож дуудлагаар оч гэсэн ба утсаар яриад очиход Номгон сумын замаар орж байна, аймаг руу Номгон сумын замаар орох юм шиг байна, би сэжигтэй машин хөөж явна 6692 ӨМӨ дугаартай машин манай малаас мал аваад явчих шиг боллоо, машины хаалга дугараад хөдлөөд явчихсан, та урдаас нь амдаад шалгаад өгөөч, би яг урд нь дугаарыг нь харах гэж гүйцэж түрүүлээд урд нь яваад байна гэж мэдээлсэн. Би Номгон сумын зам дээр нилээн удаан зогсож байгаад залгахад би урд нь явж байгаад түрүүлээд явчихсан байна, аймгийн урд талын антен руу чиглээд явчих шиг боллоо гэж хэлсэн. Би амдаад албаны тэргээрээ гэрэл тусгаад хартал аймгаас 1 км орчмын зайд 6692 ӨМӨ улсын дугаартай Toyota Corollа Fielder маркийн тээврийн хэрэгсэл унтраалттай зогсож байсан. Дотор нь хоёр тооны бүдүүн эр ямаа байсан ба жолоогүй тээврийн хэрэгсэл онгорхой түлхүүр нь байхгүй байсан. Машиныг журмын хашаа руу явуулж малыг Мө-т хүлээлгэн өгсөн. /хх-ийн 27-28-р хуудас/
Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдийн ӨМА-409 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: Эр ямаа 2 ширхэг, нэг бүрийн үнэ 120.000 төгрөг, нийт 240.000 төгрөг гэжээ. /хх-ийн 32-34-р хуудас/
Шүүгдэгч Э.Сү мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 11 цагийн үед би Өмнөговь аймаг Даланзадгад сум Ногоочдын 3-7 тоот гэртээ өөрийн төрсөн дүү болох 15 настай Дэлгэрцэцэгтэй хамт байж байтал манай найз Ба над руу өөрийн 88537177 дугаарын утаснаас залгаад хаана юу хийж байгаа юм гэхээр нь би төв рүү явах гэж байна гэсэн чинь Ба чи алхах гэж байгаа юм уу гэхээр нь би алхана гэсэн чинь за би машинтай хүрээд очъё гэж хэлээд утсаа тасалсан. Удалгүй 20 орчим минутын дараа Ба бор өнгийн суудлын авто машинтай ирээд бид хоёр 4-р сургууль орж би найз охинтойгоо уулзчихаад Ба-ийн гэрт нь очиж хоол идчихээд манай гэр лүү явж би эмээгээсээ 5000 төгрөг аваад би Мө гэдэг найз руугаа ярьтал би хөдөө гэртээ байна гэхээр нь Ба бид хоёр хөдөө гэр лүү нь очихоор ярьсан. Тэгээд Номгон сум руу явдаг замаар урагш 40 орчим км явж Мө-тай, гэрийнх нь наахан талд уулзаж юм ярьж байгаад Ба, Мө бид гурав 22-оос 23 цагийн хооронд аймаг руу хөдлөөд явж байтал урд талын дугуй хагараад хөдөө зогссон. Тэгээд бид гурав машины багаажийг үзтэл нөөц дугуй байхгүй байхаар нь 10 орчим км хагархай дугуйтайгаа явж байгаад нэг хөдөөний танихгүй айл таараад тухайн айлд ороход гэрт нь 1 ах, 1 эгч, 1 эмээ байсан. Тэгээд тэр айлаас данхраадыг нь гуйж хэрэглээд багаажийг нь дахин сайн ухсан чинь шар өнгийн аваарын дугуй байхаар нь аваарын дугуйг сольж тавиад аймаг руу хөдлөөд явж байтал Ба анх дугуй хагарснаас хойш одоо аав, ээж хоёр намайг алнаа, дугуй нь ийм болчихсон яанаа гээд явж байтал замын хажууд мал бэлчиж байтал Ба тэнд мал байна мал руу чиглээд мал дундуур явчих гэсэн. Тэгээд Мө машин бариад мал дундуур явж байгаад Ба, Мө хоёр байраа сольж суугаад мал гэрэлтүүлж явж байгаад Ба андаа машины урд нэг халтар ямаа байна тэрийг буугаад барьчих гэхээр нь би машинаас буугаад тэр халтар ямааг бариад ард талын суудал дээр хийгээд суутал Мө зөрж буугаад улаан ямаа аваад арын суудал дээр суулгаад би урд талын суудал дээр суугаад Мө арын суудал дээр суугаад Даланзадгад сум руу явсан. Нилээн явж байгаад би хэдүүлээ больцгооё буцаагаад тавьчихъя гэтэл Ба намайг ямар зориггүй юм бэ зүгээр шүү дээ гэсэн. Харин Мө ямар нэгэн зүйл хэлээгүй явж байтал Даланзадгад сумаас 10 орчим км зайд дахиад машины урд талын дугуй нь хагарахаар нь тэр чигээрээ хагарсан дугуйтайгаа явсаар байгаад Хүрмэн сум руу явдаг засмал зам руу орох гээд явж байтал машин огт явахаа болиод зогсчихсон. Тэгээд бид гурав буугаад машинаа үзэж байтал яг Хүрмэн сум руу явдаг засмал замаас цагдаагийн машин гараад ирэхээр нь машинаа орхиод цагдаа гээд Мө, Ба бид гурав салаад зугтаагаад Мө бид хоёр Далангийн голд хэсэг байж байгаад Ба-ийн Даланд байдаг нэг гэр лүү нь очтол Ба гэртээ байж байсан. Тэгээд Мө бид хоёр тэр хашаан дотор байдаг нэг онгорхой улаан өнгийн жийпэнд унтаад өглөө нь би гэр лүүгээ явсан. Тэгтэл маргааш орой нь Ба над руу залгаад цагдаа дээр хүрээд ир гэхээр нь би цагдаа дээр яваад очсон. /хх-ийн 52-53-р хуудас/
Шүүгдэгч Т.Мө мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр намайг Өмнөговь аймаг Номгон сум Буурийн хяр гэх хөдөө гэртээ байж байтал 18 цагийн үед санагдаж байна Ба-ийн утаснаас Сү над руу залгаад бид хоёр очих гэж байна яаж очих билээ гэхээр нь аймгаас урагш Номгоны замаар 40 орчим км явж байхад чинь нэг худаг таарна тэр худгаар баруун эргээд 10 орчим км явахад чинь манайх байгаа гэж хэлсэн. Тэгээд орой 19 цаг өнгөрч байхад Filter гэсэн бор өнгийн машинтай Ба, Сү хоёр ирээд бид гурав манай гэрээс 3 юм уу 4 орчим км-н зайд хэсэг юм ярьж сууж байгаад 22 цаг өнгөрч байхад Даланзадгад сум руу явахаар болоод манайхаас хөдлөөд 20 орчим км явж байтал урд дугуй нь хагараад бид гурав машины багаажийг үзтэл нөөц дугуй байхгүй байхаар нь 10 орчим км хагархай дугуйтайгаа явж байхад Ба одоо аав, ээж хоёр намайг алнаа дугуй нь ийм болчихсон яанаа гээд санаа нь зовоод явж байтал нэг айл таараад тэгээд тэр айлаас данхраадыг нь гуйж хэрэглээд багаажийг нь дахин сайн ухсан чинь шар өнгийн аваарын дугуй байхаар нь аваарын дугуйг сольж тавиад би Ба-ийн машиныг нь унаад аймаг руу хөдлөөд 10 гаран км зайд явж байтал замын хажууд мал бэлчиж байсан. Ба тэнд мал байна мал руу чиглээд явчих гэхээр нь би машинаа бариад мал дундуур явж байгаад Ба машин бариад би урд талын зорчигчийн суудал дээр суугаад явж байгаад Ба Сү-ыг машины урд нэг халтар ямаа байна тэрийг буугаад барьчих гэхээр нь Сү машинаас буугаад тэр халтар ямааг бариад ард талын суудал дээр хийгээд суухаар нь би зөрж буугаад улаан ямаа аваад арын суудал дээр ямааг хэвтүүлээд би өөрөө арын суудал дээр суугаад Сү урд суугаад Даланзадгад сум руу явсан. Тэгээд нилээн явж байтал машины ардаас нэг гэрэл гарч ирээд хажууд нэг хэсэг явж цонхоороо харж байгаад аймаг руу түрүүлээд яваад өгсөн. Тэгээд жоохон явж байтал дахиад машины урд талын дугуй нь хагарахаар нь тэр чигээрээ хагарсан дугуйтайгаа явсаар байгаад Хүрмэн сум руу явдаг замаас 500 метр орчим зайд машин огт явахаа болиод зогсчихсон. Тэгээд бид гурав буугаад машинаа үзэж байтал сум руу явдаг засмал замаас цагдаагийн машин гараад ирэхээр нь бид гурав айсандаа машинаа орхиод зугтаагаад Далангийн голд Сү бид хоёр хэсэг байж байгаад Ба-ийн Даланд байдаг нэг гэр лүү нь очтол Ба гэртээ байж байсан. Тэгээд Сү бид хоёр тэр хашаан дотор байдаг нэг онгорхой улаан өнгийн жийпэнд унтаад өглөө нь би хөдөө гэр лүүгээ яваад өгсөн. Тэгээд тэр явдлаас хойш 2 хоногийн дараа Ханхонгор сумын хэсгийн төлөөлөгч Даваажаргал гэдэг цагдаа намайг дуудаад би аймаг дээр ирсэн. /хх-ийн 54-55-р хуудас/
Өсвөр насны шүүгдэгч Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 10 дугаар сарын 10-ны өглөө 10 цагийн үед 3-р баг 6-р байрны 1-р орцны 4 тоотод байрлах гэртээ манай 10 жилийн найз болох Сү-тай утсаар яриад байрны гадаа зогсоол дээр байсан манай ээж болох Мө-ын 66-92 ӨМӨ улсын дугаартай Toyota Filder маркийн авто машиныг унаад Сү-ын гэрийнх нь гадаа очиход Сү өөдөөс гарч ирж байсан. Тэгээд Сү бид хоёр уулзаад 4 дүгээр сургууль дээр очиж Сү найз охинтойгоо уулзчихаад Сү бид хоёр манай гэрт ирж хоол идэж байхдаа хөдөө Мө-ын гэрт очихоор болоод Сү-ын гэрт очиж Сү эмээгээсээ мөнгө аваад бид хоёр манай ээжийн машинтай хамт аймгаас гарахаасаа өмнө миний утсаар Сү Мө луу залгаж Ба бид хоёр очих гэж байна гээд зам заалгаад нар шингэхээс өмнө Даланзадгад сумаас гарсан. Тэгээд Номгон сум руу явдаг төв замаар урд зүг рүү 38 орчим км яваад 40 худаг гэдэг газар таарахаар нь тэр худгаар баруун эргээд 5-аас 6 км явж байтал өөдөөс Мө гарч ирээд бид нар тэнд машин дотор уулзаж юм ярьж байгаад яг хэдэн цаг гэдгийг нь сайн санахгүй байна, ямарч байсан гадаа харанхуй болчихсон байсан. Тэгээд Мө, Сү бид гурав аймаг орохоор буцаад 40 худгаас 2 орчим км явж байтал нэг үнэг таарахаар нь тэр үнэгийг туулгаж байтал урд талын нэг дугуй хагарахаар нь запас дугуйгаа авах гээд буугаад багаажаа нээж үзтэл дугуй байхгүй болохоор нь дугуй хагарсан чигээрээ машиндаа суугаад аймаг руу явсан. 10 орчим км явж байтал хөдөөний айл тааралдаад тэр айл руу Сү, Мө хоёр орж дугуй сурж гарч ирчихээд Сү бид хоёр багаажаа онгойлгоод багаажны доод талын запаас дугуй хийдэг тагийг нь автал аваарын шар дугуй байхаар нь тэр айлын данхраадаар данхраадаж байгаад дугуй сольчихоод Мө машин унаад аймаг руу явсан. Тэгээд бид гурав маргааш өглөө яаж мөнгө олж дугуй олж тавина гээд яриад явж байтал Мө тэр гэрлийн үзүүрт мал харагдаж байна шүү дээ эндээс нэг мал аваад явчих уу гэхээр нь Сү яах юм бэ маргааш утсаа ломбарданд тавиад дугуй авчихъя гэтэл Мө хэн нь утсаа тавиад хэнээсээ мөнгө зээлж авах вэ дээ гэж хэлээд мал дээр ирээд би машинаа бариад Мө урд талын суудал дээр Сү арын суудал дээр суугаад би машин бариад мал хураагаад тэр хооронд гэрлийн үзүүрт халтар ямаа харагдахаар нь би Сү-ад энэ халтар ямааг бариад авчих гэсэн чинь Сү буугаад барьж аваад машины арын суудал руу чихээд малын урдуур тойроод гарах гэж байтал нэг улаан ямаа гарсан чинь Мө зогсож бай гэхээр нь би зогсоод Мө тэр улаан ямааг аваад арын суудал дээр суулгасан. Тэр хооронд урд Сү суугаад ард талын суудал дээр Мө 2 ямаагаа барьж суугаад бид гурав Даланзадгад сум руу явсан. Мал авснаасаа цаашаа миний бодож байгаагаар 4 орчим км явж байтал аваарын дугуй хагарахаар нь бид гурав бууж үзээд дугуй нь хагарсан чигээрээ аймаг руу явж байтал дугуй нь обуднаасаа салаад уначихсан. Тэгээд Сү буугаад салсан дугуйг нь аваад машинд буцааж хийгээд цаашаа явж байтал Сү эргэж харснаа хойноос нэг гэрэл гараад байна гэхээр нь хойшоогоо харсан чинь гэрэл байхгүй байсан. Урагшаагаа 700-800 орчим метр явж байтал нөгөө машин хажууд орж ирээд чигээрээ хойшоогоо түрүүлээд яваад өгсөн. Тэгээд бид гурав зөөлхөн явсаар байгаад аймгийн урд ирээд Дэмбэрэлдорж гэдэг найзтайгаа утсаар яриад машины дугуй хагарчихлаа хүрч ирээд аваатах уу гэсэн чинь Дэмбэрэлдорж би агаатай хамт хөдөө хөр хураах гээд явж байна гэхээр нь цаашаа аймаг руу явж байгаад Хүрмэн сум ордог засмал замын урдхан талд 600 орчим метрийн зайд обуд эвдрээд машин явахаа болчихсон. Тэгээд бид гурав буугаад байж байтал Сү цагдаа гараад ирлээ гэхээр нь Мө зугтаарай гээд машинаа орхиод зугтаагаад би Даланд байдаг дээд хашаандаа ирсэн чинь манай Мө, Сү хоёр байхгүй, би ганцаараа ирсэн байсан. Тэгээд би мотоциклио асаагаад Далангийн голоор нөгөө хоёр найзыгаа хайгаад явж байтал өөдөөс нэг машин ойрхон гараад ирэхээр нь би айгаад буцаад хашаа руугаа очоод мотоциклио гражиндаа хийгээд байж байтал Сү, Мө хоёр манай хашаанд ирээд би гэрт дүү дээрээ очиж хонолоо гээд байр луугаа явж байхад нэг ачлагын машин манай машиныг ачаад явж байгаа харагдсан. Мөн цагдаагийн машин бас өөр нэг саарал өнгийн Fit шиг хэлбэртэй машин хамт явж байгаад “Ихэр баян” гээд дэлгүүрийн үүдэн дээр очоод зогссон. Тэгээд би гэртээ очоод унтсан. Маргааш өглөө манай эгч Мөнхцэцэг гэрт ирээд машин яасан юм гэхээр нь би болсон зүйлийн талаар ярьсан. Тэгтэл манай эгч гараад буцаж ирээд би хамт “Ихэр баян” –д байх айлд очоод хүмүүстэй нь уулзтал тэдний мал болж таарсан. Тэгээд эгээ бид хоёр мал авсан айлынхаа малыг хөдөө айлд нь авч очиж өгөөд буцаж гэртээ ирээд нилээн хэд хоногийн дараа цагдаагаас дуудаад би ээжтэйгээ хамт цагдаа дээр ирсэн. /хх-ийн 57-58-р хуудас/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05-р хуудас/
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 07-11-р хуудас/
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд /60-68, 71-75, 78-83, 86, 90, 92-95/ зэрэг болно.
Шүүх хуралдаанаар хэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Э.Сү, Т.Мө, өсвөр насны шүүгдэгч Ба нар нь бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн нутаг дэвсгэр Хотгорын гол гэх газраас иргэн Ц.Ундармаагийн 2 тооны ямааг хулгайлж 240.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.
Шүүгдэгч Э.Сү, Т.Мө, өсвөр насны шүүгдэгч Ба нар нь Ц.У-ийн 2 тооны ямааг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжид хамаарч байна.
Шүүгдэгч нар үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэрэг үйлдсэн нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.У нь “Надад ямар нэгэн хохирол байхгүй учраас нэхэмжлэх зүйл байхгүй” /13-14, 16-р хуудас/ гэж мэдүүлсэн ба хохирогч нь 2 тооны ямааг биет байдлаар буцаан авсан байх тул шүүгдэгч Э.Сү, Т.Мө, Ба нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: шүүгдэгч Э.Сү, Т.Мө нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, өсвөр насны шүүгдэгч Ба-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх санал гаргав.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Баярмаа шүүхийн хэлэлцүүлэгт: өсвөр насны шүүгдэгч Ба-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Ба-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасны дагуу Ба-ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, мөн хуулийн 6.2 дугаар зүйлийн 3 дах хэсэгт заасан, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх заасан ял оногдуулахыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж өгнө үү. Ба-ийг хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгах үүргийг эх Мөд даалгаж өгнө үү гэх дүгнэлт
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Оюунтунгалаг шүүхийн хэлэлцүүлэгт: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэж заасан. Э.Сү, Т.Мө нарын хувьд хэдийгээр 18 насанд хүрсэн ч гэсэн өнөөдрийн шүүх хуралдаанд өгч байгаа мэдүүлгээс харахад сэтгэл зүйн байдал, харьцаж байгаа орчин, нийгмийн онцлог зэргээс нь харгалзаад эдгээр хүүхдүүдийг өсвөр насны хүүхдүүд гэж үзэх бүрэн боломжтой байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан тул энэ бүлэгт зааснаар Э.Сү, Т.Мө нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэж өгнө үү. Мөн Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Сү, Т.Мө нарт ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зан үйлээ засах үүрэг хүлээлгэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж байна.
Шүүх шүүгдэгч Э.Сү, Т.Мө нарын 18 настай байгаа байдал эцэг, эхийн асрамж, халамжинд амьдардаг төдийгүй тэдэнд тусалж мал малладаг болон Политехникийн коллежид суралцдаг байдал, гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар: ...шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно гэсний дагуу шүүгдэгч Э.Сү, Т.Мө нарыг өсвөр насны шүүгдэгч гэж үзэх үндэслэл тогтоогдож байна гэж үзэн, энэ зүйлд заасан үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Сү, Т.Мө, Ба нарын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн ба Эрүүгийн хуульд заасан санаатай гэмт хэрэг үйлдсэнийг шүүх тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй ба хулгайлагдсан 2 тооны ямааг хохирогч Ц.У-д хүлээлгэн өгөх ажиллагааг Цагдаагийн байгууллага хийж гүйцэтгэсэн ба шүүгдэгч нарын оролцоо байгаагүй болох нь тогтоогддог. Иймд учруулсан хохирлыг биет байдлаар хохирогчид буцаан олгосон нь шүүгдэгч нарын сайн дурын үндсэн дээр хийгдсэн үйл ажиллагаа биш тул учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй ба харин хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлийг бий болгож байна.
Шүүгдэгч нар бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан боловч 2019 оны 12-р сарын 11-ний өдрийн 26 дугаартай тогтоолоор ...шүүгдэгч нарыг тээврийн хэрэгслийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ ашиглах зорилгоор урьдчилан бэлтгээгүй болох нь тогтоогдож байх тул яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулах шаардлагатай...гэж шийдвэрлэсэн ба прокурор шүүгдэгч нарыг мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж яллах дүгнэлт үйлдээгүй, энэ талаар дүгнэлт гаргаагүй тул шүүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулж шийдвэр гаргах боломжгүй болсныг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ...гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй хүнд ял оногдуулахгүйгээр энэ хуульд заасан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно гэж заасан ба шүүгдэгч Ба нь 2002 оны 05 дугаар сарын 01-ны өдөр төрсөн ба гэмт хэрэг үйлдэх үедээ 17 нас 5 сар 9 хоногтой байсан болох нь хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн хуулбар, түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт .... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно гэж заасан тул өсвөр насны шүүгдэгч Э.Сү, Т.Мө, Ба нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулахыг тэнсэж, шүүгдэгч Э.Сү, Т.Мө, Ба нарыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зан үйлээ засах үүргийг хүлээлгэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт ...гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг тодорхой хамт олон, төрийн бус байгууллага, эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, сурган хүмүүжүүлэгч, ойрын төрөл, садангийн хүнд даалгаж болно гэж заасны дагуу шүүгдэгч Э.Сү, Т.Мө, Ба нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон эцэг, эхэд нь тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Э.Сү, Т.Мө, Ба нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.У-д хохирол төлбөр төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, өсвөр насны шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Өсвөр насны шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2- т зааснаар шүүх хуралдааныг хаалттай явуулж, хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Өсвөр насны шүүгдэгч Я овгийн Э-ын Сү, У овгийн Т-ын Мө, Б овгийн Үү-ын Ба нарыг бүлэглэн мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Сү, Т.Мө, Ба нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч нарт ял оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр тогтсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Сү, Т.Мө, Ба нарт мөн хугацаанд зан үйлээ засах үүрэг тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Э.Сү, Т.Мө, Ба нарыг хянан хүмүүжүүлэх хугацаанд хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг Өмнөговь аймгийн Засаг даргын дэргэдэх Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар болон шүүгдэгч нарын эцэг, эхэд тус тус даалгасугай.
5. Өсвөр насны шүүгдэгч Э.Сү, Т.Мө, Ба нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Өсвөр насны шүүгдэгч Э.Сү, Т.Мө, Ба нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч Ц.У-д 240.000 төгрөгний үнэ бүхий хохирол төлбөр төлөгдсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ДЭЛГЭРМАА