| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2019/0137/Э |
| Дугаар | 139 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Содбаяр |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,
Нарийн бичгийн дарга Б.А
Улсын яллагч Л.С
Шүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт М.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн Д суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт М.Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Б плаза баарны гадна талд иргэн Ц.Д, Д.Э нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Прокурорын уншсан яллах дүгнэлттэй таарч тохирч байна. Би хоёр хүнийг зодож биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Гэм буруугаа ойлгосон, хүлээн зөвшөөрч байгаа, би дахин ийм үйлдэл гаргахгүй гэв.
Хохирогч Ц.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “... 2019 оны 10 дугаарын 27-ны өдрийн орой 21 цаг болох гэж байхад би машинаар найз Д.Э-н хамт Улаанбаатар хотоос Замын-Үүд суманд ирсэн. Э-н хамт ганц хоёр пиво ууя гээд 21 цагийн үед “Б плаза” гэх бааранд орж суусан. Э бид хоёр 1 шил виски захиалж түүнийгээ хуваан уусан. Тэгээд бүжиглэж байтал Б миний хөлөн дээр санамсаргүй гишигчихсэн. Б бид 2 маргалдаагүй, зүгээр л гар бариад өнгөрсөн. Баар хааж байх үед буюу 01:30 цагийн орчим Э бид 2 баарнаас гарсан ба шатаар өгсөж яваад Б-тай таарч урд хойноо гараад үл ойлголцож маргасан. Баарны гадаа гараад Б бид 2 хоорондоо бага зэрэг маргаж заамдалцсан. Тэгтэл гэнэт Б миний баруун нүдрүү гараараа 1 удаа хүчтэй цохьсон. Би газар уначихсан. Э Б-г болиулах гээд салгахаар очтол бас Э-н баруун нүд рүү Б гараараа 1 удаа цохьсон. Энэ үед цагдаа ирчихсэн байсан ба Э, Б, Б-тай хамт явж байсан найз нь болох Г бид 4-ийг авч яван эрүүлжүүлэх байранд оруулсан. Тухайн үед бид 4-үүлээ л тодорхой хэмжээнд согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/
Хохирогч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “…Би 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 20 цаг өнгөрөөгөөд найз Ц.Д-н хамт Замын-Үүд суманд ирсэн. Бид Замын-Үүд сумын “Х” зочид буудалд буудаллаж цүнх саваа оруулж тавчихаад ганц хоёр пиво уух санаатай “Б плаза” гэх бааранд орсон. Тэндээ 1 шил виски захиалж ууцгаасан. Бааранд бид 2 бүжиглэж байгаад баар хаах боллоо гэхээр нь би ариун цэврийн өрөөнд орсон. Бие засчихаад баарнаас гадаа гараад иртэл Ц.Д газар хэвтчихсэн байсан. Хажууд Б зогсож байхаар нь би очоод яаж байгаа юм бэ?, миний найзыг цохичихсон байна шүүдээ гээд очтол Б миний нүүрний баруун тал руу 1 удаа гараараа цохиод, намайг унах үед мөн баруун шанаа хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Яг тэгтэл хажууд цагдаа ирчихсэн бид нарыг зодолдлоо гээд салгаад эрүүлжүүлэх рүү авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/
Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...тухайн үед би баарны хашааны хаалганы хажууд эргүүлийн машин дотроо сууж байсан. Тэгэхэд Б гэх залуу Д-тай маргаад заамдалцан Б нь Д-н нүүрэнд 1 удаа цохиж унагасан. Намайг машинаас буух үед Э Б-г болиулах гээд очсон ба Б нь Э-н нүүрэнд 1 удаа гараараа цохиод тонгойх үед нь нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/
Гэрч Г.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:“... 2019 оны 10 дугаар сарын 27-28-нд шилжих шөнө Б бид 2 ажлаа дуусаад 00 цагийн үед “Б плаза” бааранд ганц ганц пиво ууя гээд орсон. Тэгээд бааранд нэг нэг лааз пиво, 50, 50 гр архи захиалж уусан. Б бид 2 бүжиглэж байгаад баар хаах үеэр гарсан. Шатан дээр Б, Д юунаас болсон юм хоорондоо муудалцаад дээшээ гарсан. Би больцгоо гэж хэлчихээд гадуур хувцас, паск 2-оо үлдээснээ санаад буцаад баарлуу орсон. Орчихоод гараад ирсэн чинь Б, Д, Э гурав бие биенээ энэ ч цохьсон, энэ ч цохьсон гээд маргаад зогсож байсан. Цагдаа ирчихсэн байсан ба бүгдийг нь авч явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/
2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/39 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Ц.Д-н баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун эрүүнд зулгаралт, хүзүүний хоёр талаар зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь дангаараа “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй ба нийлээд “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27/
2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/39 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1. Д.Э-н баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Дээрх гэмтлүүд нь нийлээд “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно.
4. Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 30/
Эрүүжлүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 25,42/
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн ажлын албаны тодорхойлолт /хх-ийн 43/
Шүүгдэгч М.Б-н хувийн байдлыг тодорхойлсон нотлох бариамтууд /хх-ийн 44-49/
Шүүгдэгч М.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50-51/
Хохирогч Ц.Д, Д.Э нарын Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст хандан гаргасан гомдол саналгүй тухай хүсэлт /хх-ийн 53-54/
Шүүгдэгч М.Б-н хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 55/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар
Шүүгдэгч Б овогт М.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө 00 цагийн үед Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт Б плаза баарны гадна талд хохирогч Ц.Д-г зодож эрүүл мэндэд нь баруун нүдний доод зовхинд цус хуралт, баруун эрүүнд зулгаралт, хүзүүний хоёр талаар зулгаралт бүхий гэмтэл, хохирогч Д.Э-н эрүүл мэндэд нь баруун нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий гэмтлүүд учруулжээ.
Шүүгдэгч М.Б-н энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч М.Б-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Ц.Д-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “... Баар хааж байх үед буюу 01:30 цагийн орчим Э бид 2 баарнаас гарсан ба шатаар өгсөж яваад Б-тай таарч урд хойноо гараад үл ойлголцож маргасан. Баарны гадаа гараад Б бид 2 хоорондоо бага зэрэг маргаж заамдалцсан. Тэгтэл гэнэт Б миний баруун нүдрүү гараараа 1 удаа хүчтэй цохьсон. Би газар уначихсан. Э Б-г болиулах гээд салгахаар очтол бас Э-н баруун нүд рүү Б гараараа 1 удаа цохьсон. Энэ үед цагдаа ирчихсэн байсан ба Э, Б, Б-тай хамт явж байсан найз нь болох Г бид 4-ийг авч яван эрүүлжүүлэх байранд оруулсан. Тухайн үед бид 4-үүлээ л тодорхой хэмжээнд согтуу байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/, хохирогч Д.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “…Бие засчихаад баарнаас гадаа гараад иртэл Ц.Д газар хэвтчихсэн байсан. Хажууд Б зогсож байхаар нь би очоод яаж байгаа юм бэ?, миний найзыг цохичихсон байна шүүдээ гээд очтол Б миний нүүрний баруун тал руу 1 удаа гараараа цохиод, намайг унах үед мөн баруун шанаа хэсэг рүү 1 удаа өшиглөсөн. Яг тэгтэл хажууд цагдаа ирчихсэн бид нарыг зодолдлоо гээд салгаад эрүүлжүүлэх рүү авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/, гэрч М.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...тухайн үед би баарны хашааны хаалганы хажууд эргүүлийн машин дотроо сууж байсан. Тэгэхэд Б гэх залуу Д-тай маргаад заамдалцан Б нь Д-н нүүрэнд 1 удаа цохиж унагасан. Намайг машинаас буух үед Э Б-г болиулах гээд очсон ба Б нь Э-н нүүрэнд 1 удаа гараараа цохиод тонгойх үед нь нүүр лүү нь 1 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/, гэрч Г.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Шатан дээр Б, Д юунаас болсон юм хоорондоо муудалцаад дээшээ гарсан. Би больцгоо гэж хэлчихээд гадуур хувцас, паск 2-оо үлдээснээ санаад буцаад баарлуу орсон. Орчихоод гараад ирсэн чинь Б, Д, Э гурав бие биенээ энэ ч цохьсон, энэ ч цохьсон гээд маргаад зогсож байсан. Цагдаа ирчихсэн байсан ба бүгдийг нь авч явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/, эрүүжлүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэл /хх-ийн 25,42/, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/39 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 04/39 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.
Шүүгдэгч М.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч М.Б нь үйлдсэн хэргийнхээ гэм буруугийн талаар болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хохирогч Ц.Д, Д.Э нар нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч М.Б нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг нь шүүхэд ирээгүй, хавтаст хэрэгт авагдсан болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол, төлбөргүй тул Прокурорын газраас хэргийг хуульд зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хяналтын прокурортой 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Иймд шүүгдэгч М.Б-т ял оногдуулахдаа хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулж, оногдуулах торгуулийн ялын хэмжээ бага учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт М.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч М.Б-т нь оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч М.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт, бичиг болон эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.Ц