Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 90

 

 

 

 

 

 

 

 

   2020        01         16                                  2020/ШЦТ/90

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,

           улсын яллагч Я.Сансар,

           шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Б.Ст холбогдох эрүүгийн 1906 07058 0054 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.                 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Б.С, Монгол улсын иргэн, 1996 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэн буудагч мэргэжилтэй, зэвсэгт хүчний 350 дугаар ангид мэргэн буудагч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 23 дугаар хороо, Улиастай Баатархайрханы 1569 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,,

                Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

          Шүүгдэгч Б.С нь 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Шаравжамцыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

                    Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар

          Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.С нь 2019 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн О.Шаравжамцыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.С гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

          Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорхи нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

          1. Шүүхийн хэлэлцүүлэгт Б.С мэдүүлэхдээ: “...Миний буруу. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчоос уучлалт гуйсан. Хохирогчийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирол төлбөрт 500.000 төлсөн” гэх мэдүүлэг[1],

          2. Шүүх шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн №14123 дугаартай шинжээчийн “...1. О.Шаравжамцын биед эрүүний зөөлөн эдийн няцрал, дух, эрүүнд цус хуралт, доод уруул,  дух, зүүн хацар, баруун ядам хуруу, зүүн тохойнд зулгарал, зүүн гарын ядам хуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт[2],

          3. Гэрч С.Бямбадаваа 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө найзуудтайгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Ибиза” нэртэй бааранд орж, нэг шил 0,75 литрийн архи авч уугаад баар хаах хүртэл бүжиглэж байгаад гарч Кино үйлдвэрийн урд талын автобусны буудлын гэрлэн дохиогоор гарах гэж байтал нэг залуу бид нарыг “Дүү нар орой болчихсон байна. Гэртээ хариач” гэж хэлсэн. Бид нар “ чамд ямар хамаатай юм бэ” гэж хэлээд бид нарын хооронд маргаан үүссэн. Манай найзууд нэг талаас, нөгөө талаас 4 залуу хоорондоо маргаж байгаад манай найзууд хойшоо зам гараад алхсан. Гэтэл араас нөгөө 4 залуу ирээд зодолдож эхэлсэн. Би Батдаваа гэх залуутай зодолдож байсан бөгөөд манай найзууд нөгөө гурван зулуучуудтай нь зодолдож байхад цагдаа ирсэн. Миний биед гэмтэл учраагүй. Би Шаравжамц гэх залууд гар хүрээгүй. Шаравжамц, Батдаваа гэдэг залуучууд манай найзуудад зодуулсан гэж гомдол гаргасан бөгөөд манай найзууд нийлж байгаад тэр хоёр залууд 500.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг[3],

          4. Гэрч Б.Батдаваа 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө найз нарын хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ибиза” нэртэй бааранд орсон. Тухайн бааранд нэг шил 0,5 литрийн архи, хүний нэг, нэг пиво авч уусан бөгөөд тус баарыг хаах дөхүүлээд гарсан. Тус баарны гадаа байж байтал хажуугаар үл таних 5-6 залуу өнгөрсөн бөгөөд нэг мэдэхэд бид нар хэрүүл хийгээд зогсож байсан. Нөгөө залуучууд зам гараад хойшоо явсан. Бид хэд араас  нь зам гарсан. Зам гарсан чинь тэр залуучуудын нэг болох шар куртиктэй залуу ямар ч шалтгаангүйгээр Дарханболдыг цохиж тэнд маргаан, зодоон үүссэн. Гэтэл шар болон хар куртиктэй хоёр залуу над дээр ирээд ноцолдож, би газар унасан. Газар уначихаад ойр орчмоо харж байтал Шаравжамцыг цээж нүцгэн өндөр залуу газар унагаачихсан дээрээс нь зодож байсан бөгөөд өөрийгөө “Цэргийн хүн байна. Пизда минь” гэх мэтчилэн үг хэлэн зодож байсан. Тэр үед нөгөө залуучууд нь Дарханболд руу дайрч байсан. Тухайн өдрийн маргааш нь Шаравжамц бид хоёрыг зодсон гэх залуучууд бид хоёрт дансаар 500,000 төгрөг шилжүүлж хохирол барагдуулсан бөгөөд одоо ямар нэг гомдол санал байхгүй. Тэр хүүхдүүд бид хоёроос уучлалт гуйсан” гэх мэдүүлэг[4]

          5. Хохирогч О.Шаравжамц 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны шөнө 01 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Ибиза” нэртэй бааранд найз Түвшинсайхан, Дархан болд, Батдаваа нарын хамт орж, нэг шил 0,5 литрийн архи, пиво авч уусан. Баарнаас 03 цагийн орчим гараад явж байхад гудамжинд зогсож байсан нэг шар куртиктэй залуу Дарханболдыг муухай хараад байна уу гээд хоорондоо бага зэрэг маргалдсан. Би салгаад цаашаа явж байхад маргалдсан нөгөө залуу Дарханболдыг зодож байсан. Би очиж салгах гээд нэг залууг татах гэтэл цаанаас нь өндөр залуу гарч ирээд миний нүүр рүү цохиход би явган хүний замын хашлага даваад унахад тэр залуу дээрээс хөлөөрөө дэвслээд байсан. Би босоод 100 орчим зугтаж гүйгээд баригдсан. Тэр залуу миний нүүр рүү гар, хөлөөрөө цохиж, үснээс зулгааж газар мөргүүлээд байсан. Тэр залуучууд цаашаа явахаар би араас нь очиход Дарханболдыг зодож байгаад тэнд байсан “Приус” маркийн машинд суугаад явах гэхэд нь би урдуур нь орж явуулахгүй хашиж зогсож байхад цагдаа ирсэн. Миний халаасанд байсан “Хаан банк”-ны карт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйл алга болсон” гэх мэдүүлэг[5] зэрэг нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Сын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

          Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, хохирогчийн зүгээс цаашид гомдол, саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар.

          Шүүх шүүгдэгч  Б.Ст эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

          Шүүгдэгч Б.С нь гэм буруугийн талаар маргаангүй, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно.

          Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сыг 450 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Б.Ст анхааруулсан.

          Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.СЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Сын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг ялтан Б.Ст мэдэгдсүгэй.

          5. Ялтан Б.С нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

          6. Ялтан Б.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

          7.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

          8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

          9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АМАРГЭРЭЛ

 

                                                               

 

 

 

                       

 

                                                               

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] 1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дүгээр тал

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 30-31 дүгээр тал

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 33-34 дүгээр тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 6-7 дугаар тал