Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2006

 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн

     нэхэмжлэлтэй, иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

           

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/06037 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “Паркнайн” ХХК-д холбогдох

           

Татварын өр 70 688 040 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүүгийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Дуламсүрэн, Н.Баасансүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөч М.Дуламсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус хэлтэстэй харилцагч 5241626 тоот регистрийн дугаартай “Паркнайн” ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2014 оны цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын тайлан 62 307 207 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 8 380 832 төгрөг нийт 70 688 040 төгрөгийг хуульд заасан хугацаанд төлж барагдуулаагүй. Уг үйлдэл нь Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1, 57 дугаар зүйлийн 57.1.1-т тус тус заасныг зөрчсөн.  Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлд заасны дагуу татвар төлөгчийн банкин дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулахаар дансны гүйлгээг бүрэн зогсоох арга хэмжээ авч, татвар төлөгчид удаа дараа татварын өр төлөхийг шаардсан мэдэгдэх хуудас гардуулсан мөн тус компанийн эд хөрөнгийг барьцаалж барьцааны гэрээ хийх хугацаанд өрийг төлж барагдуулаагүй байна. Иймд Татварын Ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 2014 оны цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын өр 62 307 207 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 8 380 832 төгрөг нийт 70 688 040 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Паркнайн” ХХК-иас шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

Тус компани нь барилга, угсралтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд эдийн засгийн хүнд нөхцөл байдлаас шалтгаалж барилгын салбар уналтанд орж, байр борлогдохгүй ажилчдын цалин хөлсийг төлөх боломжгүй байгаа. Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс нэхэмжилсэн төлбөр болох 2014 оны цалин хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татвар 62 307 207 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 8 380 832 төгрөг нийт 70 688 040 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 

Шүүх: Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Паркнайн” ХХК-иас татварын өр 70 688 040 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст олгож,

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, хариуцагч “Паркнайн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 511 390 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүү давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Шүүх хэргийн үйл процессын ажиллагааг үндэслэл болгож, нэхэмжлэлийн үндсэн шаардлага нийт 70 688 040 төгрөгийг хариуцагч "Паркнайн" ХХК-иас ямар үндэслэлээр гаргуулах талаар судалж дүгнээгүй. Өөрөөр хэлбэл 70 688 040 төгрөгийг нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс зөв бодсон эсэхийг шүүх бодож тооцоололгүй процессын ажиллагааг үндэслэх хэсэгтээ дурдсан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй. Хариуцагч компаниас Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс мэдэгдэл, мэдэгдэх хуудас, шаардлага хүргүүлж, татварын өрийн асуудлаар барьцааны гэрээ байгуулсан, татварын улсын байцаагчтай уулзсан тухай огт маргаагүй бөгөөд зөвхөн татварын өрийн тооцооллыг зөв бодсон эсэх талаар маргадаг. Хариуцагч "Паркнайн" ХХК-иас аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 8 380 832 төгрөгөөс 380 832 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хуулиар тогтооосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь хариуцагч “Паркнайн” ХХК-д холбогдуулан 2014 оны цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татварын өр 62 307 207 төгрөг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын өр 8 380 832 төгрөг нийт 70 688 040 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч аж  ахуй  нэгжийн  орлогын  албан  татварын өр 8 380 832 төгрөгийн өр төлбөрөөс 380 832 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэс нь хуульд заасны дагуу цалин, хөдөлмөрийн хөлс болон тэдгээртэй адилтгах орлогоос суутгасан албан татвар болон аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлөгчийн бүртгэл бүхий ”Паркнайн” ХХК-ийн татварын өрийг эхний ээлжинд хариуцагчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулахаар Худалдаа хөгжлийн банк, Төрийн банк, Голомт банкин дахь данс хаах, хариуцагчид төлбөр төлөх талаар мэдэгдлүүд хүргүүлж, хариуцагч компанийн захирлын оршин суугаа хаягийг тодруулж, Нийслэлийн улсын бүртгэлийн газраас Т.Эрдэнэбатхааны иргэний үнэмлэхний, Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Паркнайн” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа авах зэрэг Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан урьдчилсан ажиллагаа явуулж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцжээ /хх-5, 12-15/.

 

Нэхэмжлэгч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийг төлөөлж Н.Баасансүрэн,  хариуцагч “Паркнайн” ХХК-ийг төлөөлж захирал Т.Эрдэнэбатхаан нар  2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 35/09 дүгээр “Татвар төлөгчдийн татварын өрийг эд хөрөнгө, цалин хөлс бусад орлогоос гаргуулах үед байгуулах барьцааны гэрээ”-г байгуулж, 62 833 355.5

 

төгрөгийн татварын  өрийг  2015 оны 12  дугаар сарын 20-ны өдрийн дотор төлөх баталгаа болгож, үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, тэмдэглэл үйлдсэн байна /хх-6-10/.

 

Хариуцагч буюу татвар төлөгч “Паркнайн” ХХК нь 2015 оны 4 дүгээр улирлын тайлангаар аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар 8 380 832 төгрөг, 2016 оны 01 дүгээр улирлын хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлангаар 62 307 207 төгрөг нийт 70 688 040 төгрөгийн өр төлбөртэй гарсныг нэхэмжлэгч төлүүлэхээр шаардсан бөгөөд энэ талаар хуульд заасан журмаар хариуцагч гомдол гаргаагүй, Татварын ерөнхий хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.1-т заасан өр төлөх хугацаанд ногдуулсан албан татвараа төлөөгүй.

 

Татварын ерөнхий хуулийн 63, 64 дүгээр зүйлд заасан ажиллагааг хийсэн нь тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн талаар хариуцагч маргаагүй, татвар төлөгчийн банкин дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах, татвар төлөгчийн эд хөрөнгө, бусад эх үүсвэрээс гаргуулах зэрэг ажиллагааг хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэл нь Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 101/ШШ2016/06037 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цогхүүгийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Паркнайн” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн  дотор  шүүх  хуралдааны  оролцогч  талууд  шүүхэд  хүрэлцэн ирж магадлалыг

өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Н.БАТЗОРИГ

 

                                        ШҮҮГЧИД                                       Т.ТУЯА

 

                                                                                                Д.БАЙГАЛМАА