Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 2017/ДШМ/038

 

*******д холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Нарийн бичгийн дарга Н.Дэчмаа нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаагийн гаргасан 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 223 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн 2017 оны 06/а дугаар эсэргүүцлээр *******д холбогдох 201705000049 дугаартай хэргийг 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ......... багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

******* нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутагт өөрийн гэртээ эхнэр *******тэй мөнгөний асуудлаас болж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдах үедээ галын хайч шидсэний улмаас өөрийн хүүхэд *******ын толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас *******д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн *******д холбогдох хэргийг буруу зүйлчилсэн дараах үндэслэл тогтоогдов.

Яллагдагч ******* нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутагт өөрийн гэртээ эхнэр *******тэй мөнгөний асуудлаас болж маргалдах үедээ галын хайч шидсэний улмаас өөрийн хүүхэд *******ын толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэж үзэж түүнд Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан ял сонсгож яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Тус хэргийн хохирогч буюу яллагдагч *******н хүүхэд *******ын төрсний бүртгэлийн лавлагаа, төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нь хавтаст хэргийн 69, 80 дугаар хуудсанд авагдсан байх бөгөөд тэрээр 2014 оны 7 дугаар сарын 11-ний өдөр төрсөн гэмт хэрэг үйлдэгдсэн гэх 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2 нас 4 сар 19 хоногтой байсан ба хохирогч ******* нь бага настайд хамаарч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.9 дэх хэсэгт заасан “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэж бие махбодийн болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг ухамсарлан ойлгосон байхыг хэлнэ.

Биеэ хамгаалж чадахгүй хүнд бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, мөн биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалах, хянах чадваргүй зэрэг этгээд хамаарна хэмээн Монгол Улсын Дээд Шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 14 дүгээр тогтоолд тайлбарлажээ.

Гэтэл прокуророос хуульд заасан дээрх хүндрүүлэх нөхцөл байдлыг анхааран үзэлгүй орхигдуулан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийг буруу зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлсэн нь буруу гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэж, хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2017 оны 06/а дугаар эсэргүүцэлдээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй ба захирамжинд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд яллагдагч ******* нь эхнэртэйгээ маргалдаж, улмаар түүн рүү чиглүүлж галын хайч шидсэний улмаас яг тэр мөчид гүйж явсан охин нь шидсэн хайчинд оногдож гэмтэл учирсан. Гэтэл тухайн үед ******* охиндоо ямар нэгэн байдлаар уурлаагүй, түүнтэй харилцаа үүсгээгүй, охин руугаа чиглүүлж хайч шидээгүй буюу түүний эсрэг үйлдэл хийгээгүй байдгаас дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.9 дэх хэсэгт заасан хүндрүүлэх шинж буюу “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэж хүндрүүлэн зүйлчлэх боломжгүй юм. Шүүгчийн захирамжид дээд шүүхийн тогтоолын “биеэ хамгаалж чадахгүй хүнд” хэнийг хамааруулах тухай тайлбарыг дурьдсан нь буруу байна. Дээд шүүхийн 14 дүгээр тогтоолд “биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэж ямар нөхцөл байдлыг ойлгохыг тайлбарласнаас үзвэл *******н үйлдэл шүүгчийн хийсэн дүгнэлттэй огт тохирохгүй байна. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон прокуророос: Эсэргүүцлээ дэмжиж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. ******* нь тухайн галын хайчыг эхнэр рүүгээ чиглүүлэн шидсэнээс хүүхэд рүүгээ шидээгүй байдаг учир биеэ хамгаалж чадахгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

*******г 2016 оны 12 дугаар сарын 30-ны орой 19 цагийн орчимд Баянхонгор аймгийн Жинст сумын 3 дугаар багийн нутагт өөрийн гэртээ эхнэр *******тэй мөнгөний асуудлаас болж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдах үедээ галын хайч шидсэний улмаас өөрийн хүүхэд *******ын толгойн тус газарт нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн түүнд аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс түүний уг үйлдэлд нь “хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэх нөхцөл байдал буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.9 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг тогтоолгохоор хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлгүй байна.

Хохирогч ******* нь 2014 оны 7 дугаар сарын 11-нд төрсөн тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед 2 нас 5 сартай байсан хэдий ч хэрэгт авагдсан гэрчүүд болон яллагдагч нарын мэдүүлгээс үзэхэд ******* нь эхнэрлүүгээ чиглүүлэн шидсэн галын хайчинд тухайн үед гүйж явсан охин нь оногдож биед нь хүнд гэмтэл учирсан, охиныгоо зодох болон бусад байдлаар эрх чөлөөнд нь халдах ямар нэгэн харилцаа үүсгээгүй байна.

Иймд түүний үйлдэлд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид дурдагдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг бүхэлд нь хүлээн авч хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1-ийн 1.3-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 223 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, *******д холбогдох эрүүгийн 201705000049 тоот хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол *******д 2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.2 дахь хэсэгт зааснаар батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэснийг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1-ийн 1.1-т зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5, 39.11 дүгээр зүйлийн 1-т тус тус зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлэх бөгөөд давж заалдах шатны шүүхийн шийдвэр уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болох тул гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ М.МӨНХДАВАА

        ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                       В.ЦЭЦЭНБИЛЭГ