Шүүх | Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дүгэрсүрэнгийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 124/2017/0001/з |
Дугаар | 56 |
Огноо | 2017-11-10 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунгэрэл даргалан, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам, Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: иргэн Л.Г-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох,
Увс аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан албан тушаал болох Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:Гуравдагч этгээд Ц.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Захиргаа,хяналтын хэлтсийн дарга Ц.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа, шүүхийн иргэдийн төлөөлөгч Т.Батхуяг,шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Тамираа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Г миний бие 1989 онд төрсөн, 27 настай, ам бүл-3, нөхөр, хүүхдийн хамт амьдардаг. Би 2012 онд Боловсролын Их Сургуулийн “Эдийн засаг, Математик загварчлалын анги төгссөн. Би Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №620 тоот тушаалаар “Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтнээр анх ажилд орсноос хойш 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл ажилласан билээ. Би тус албан тушаалд ажиллах хугацаанд Төрийн албан хааагчийн Тангараг өргөн, ажилдаа ямар нэг алдаа дутагдал гаргалгүй ажиллаж ирсэн билээ. Мөн ажиллах хугацаандаа Ерөнхий газраас зохион байгуулсан судалгааны чиглэлээр “Чадваржуулах” сургалтанд 7-8 удаа хамрагдан, 2014 онд чадваржуулах” Сертификат авч байсан. Миний хувьд 4 жил гаруй ажиллахдаа тус ажилдаа дадлагажин, ажилдаа суралцсан гэж үзэж байна. Миний урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох “Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний зөвхөн нэр нь “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн” гэж өөрчлөгдсөн болохоос миний орон тоо цомхотголд орсон юм бишээ. Харин тус байгууллагад “Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн гэх орон тоо байгаа. Намайг жирэмсэн байхад хөдөлмөрийн тухай хууль зөрчин, илт үндэслэлгүй тушаал гарган ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна. Миний бие Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн б/70 тоот “Тэтгэлэг олгох тухай” тушаалаар ажлаас чөлөөлснийг хүлээн зөвшөөрөхгүй уг тушаалыг хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Аймгийн Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргасан билээ. Тэгтэл Төрийн албаны зөвлөл 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн шийдвэрт: а/ Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний орон тоо нь Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны б/21 дүгээр тушаалаар Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан гэж ирсэн байна гэжээ. Мөн таныг аймгийн Нийгэм халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн б/07 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн гэжээ. Мөн өөрийн мэргэжил, мэдлэг ур чадварт тохирсон ажилд эгүүлэн томилогдон ажиллах нь зүйтэй гэсэн хариу ирүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул шүүхэд гомдол гаргаж байна. Үндэслэл нь:
а/ Хөдөлмөр халамж үйлчилгээний Ерөнхий газрын даргын тушаалаар шинэ бүтцээр миний урьд эрхэлж байсан албан тушаалын нэр нь “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн” гэж өөрчлөгдөн ирсэн юм. Тэгээд миний ажлын байрны зөвхөн нэр нь өөрчлөгдсөн ба орон тоо нь хэвээр байгаа бөгөөд өөр хүн томилогдон ажиллаж байгаа, ажлын байрны тодорхойлолт, зорилго, зорилт үндсэн чиг үүрэг нь хэвээр байгаа үүнийг хамт ажиллаж байсан хүмүүст гэрчлэх байх. Төрийн албаны зөвлөлийн албан бичигт дурдсан “Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтний” орон тоо нь миний ажын байр биш бөгөөд тусдаа өөр орон тоо байгаа ба ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан зорилго, зорилт, үндсэн чиг үүрэг нь минийхээс өөр байдаг юм. Ерөнхий газрын даргын тушаалаар бүтцэд өөрчлөлт орж миний урьд эрхэлж байсан албан тушаалын нэр нь “Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн” гэж өөрчлөгдөн ирсэн юм.
б/ Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга нь 2016 оны 9 дүгээр сарын 19-нд ХТДТХС-ийн Мэргэжилтэн Л.Ганцэцэгт өгсөн мэдэгдэл нь ажлаас чөлөөлөх эрх зүйн акт биш байна.
в/ Мөн өөрийн мэргэжил, мэдлэг ур чадварт тохирсон ажилд томилогдон ажиллах нь зүйтэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Би мэргэжлийнхээ дагуу тус албан тушаалд томилогдон, ажлын байрны тодорхойлолтын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байсан тул өөр ажилд орох ямар ч үндэслэл байхгүй. Хууль бус ажлаас чөлөөлөгдсөний хувьд өөрийнхөө эрхэлж байсан ажил албан тушаалд орох ёстой. Иймд урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Цагцалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”. Л.Г нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ажлаас чөлөөлөгдөхдөө 7 сартай жирэмсэн байсан. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Л.Г-ийг ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийг зөрчсөн. Нэхэмжлэгч Л.Г нь өмнө нь Нийгмийн халамжийн хэлтэст Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Уг ажлын байрны нэршил нь 2016 оны 01 дүгээр сараас өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн гэж өөрчлөгдсөн байдаг.Байгууллагын бүтэц шинээр зохион байгуулагдахад ажлын байрны нэршил өөрчлөгдсөн боловч чиг үүрэг нь хэвээр үлдсэн ба уг орон тоо нь хасагдаагүй. Нэхэмжлэгч Л.Г тус албан тушаалд ажиллаж байхдаа төрийн албан хаагчийн шалгалтад тэнцээд тангараг өргөсөн байгаа. Энэ талаар И.О гэрчийн мэдүүлэг өгсөн. Л.Г нь ажиллах хугацаандаа Нийгмийн халамж үйлчилгээний Ерөнхий газраас зохион байгуулагдсан сургалтад удаа дараа хамрагдаж байсан ба мэргэжил ур чадвартаа тэнцэхгүй гэсэн зүйл байхгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна” гэв.
Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа:” Танай шүүхэд нэхэмжлэл гаргасан Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэст хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Г-ийн нэхэмжлэлд тайлбар хүргүүлж байна.
1. Л.Г нь намайг ХХҮГ-ын даргаар томилогдон ирэхээс өмнө Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн Б/28 тоот тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн байсан.
2. Л.Г-ийн нэхэмжлэлд дурдсанаар ажлаас чөлөөлсөн гэх ХХҮГ-ын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/70 тоот тушаал нь Л.Г-ийг ажлаас чөлөөлсөн тушаал биш, бүтцийн өөрчлөлтөөр байгууллага нь татан буугдаад ажлаас чөлөөлөгдсөн байсан тул тэтгэлэг олгох тухай тушаал болно.
3. Аймгийн ХХҮГ-ын “бүтэц, орон тоо батлах тухай” ХХҮЕГ-ын даргын Б/21 тоот тушаалын хавсралтад зааснаар Л.Г-ийн эрхэлж байсан хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн гэсэн орон тоо бүтцийн өөрчлөлтөөр хасагдсан. Л.Г эрхэлж байсан ажлын байрны гол зорилго нь өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгааны үр дүнгээр хүнсний эрхийн бичгийн үйлчилгээнд хамрагдаагүй, дахин түвшнээ тодорхойлуулах хүсэлт гаргасан өрх, иргэний хүсэлтийн дагуу дахин судалгаанд хамруулах зэрэг ажлыг зөвхөн хүнс тэжээлийн үйлчилгээтэй холбоотой асуудлыг хариуцан гүйцэтгэж байсан. Энэ утгаараа ажлын байрны нэр нь ч гэсэн хүнс тэжээлийн дэмжлэг, туслалцааны судалгааны мэргэжилтэн гэсэн ажлын байрны тодорхойлолттой байсан.
4. ХХҮЕГ-ын даргын Б/21 тоот тушаалын хавсралтаар өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн гэсэн тусгайлсан мэргэжил, ур чадвар шаардах шинэ ажлын байр бий болсон. Энэ ажлын байранд тавигдах гол шаардлага нь нийгмийн ажлын буюу судлаач мэргэжилтэй хүн байх шаардлагатайгаас гадна социологич мэргэжилтэй хүн байж болохоор ажлын байрны тодорхойлолтод заасан.
Энэ ажлын байрны зорилго нь өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгааны үр дүнд өрхийн мэдээллийн нэгдсэн сан гэсэн салбар дундын мэдээллийн сан үүссэн. Энэ санг ашиглаж хөдөлмөрийн зах зээлийн болон ажилгүйдэл, ядуурал, амьжиргааны түвшний гэх мэт нийгэм, эдийн засгийн хөгжлийн шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэдэг судалгаануудыг гаргаж, харьцуулсан судалгаа, шинжилгээ хийх, мэдээллүүдийг үнэлэх, эрэмбэлэх, холбогдох газруудад илгээх, тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх, хамтарч ажиллаж, үр дүнг тооцох зэрэг тасралтгүй үйл ажиллагаа явуулах шаардлагатай албан тушаал болно. Иймд ажлын онцлог шаардлагыг харгалзан тус салбарт 10 гаруй жил, сүүлийн 4 жилд нийгмийн халамжийн албаны даргаар ажиллаж байсан судлаач мэргэжилтэй Ц.Б-г ажлын дадлага, туршлага, мэдлэг, ур чадвар, мэргэжил зэргийг харгалзан сонгож авч ажиллуулсан.
5. Л.Г-ийн мэргэжилд тохирох ажлын байр байхгүй ба ажлын байр нь өөрчлөгдсөн, хөдөлмөрийн хэлтэстэй давхцсан зэрэг 3-4 жирэмсэн эмэгтэйчүүд байсан. Эдгээр хүмүүсийн мэргэжил нь ажлын байрны шаардлага хангаж байгаа учир дотор нь сэлгэж ажиллуулсан.
6. Л.Г нь НХҮХэлтсийн даргын 2013 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Б/20 тоот тушаалаар хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтнээр томилогдохдоо төрийн үйлчилгээний ангиллаар хөдөлмөрийн гэрээтэй ажиллаж ТҮ-6 зэрэглэлийн 1 дэх шатлалаар цалинжиж байсан.Энэ тушаалаас харахад Л.Г-ийн эрхэлж байсан албан тушаал нь төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаал биш болно. Хэрвээ Л.Г-ийн ажлын байр нь төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх албан тушаалын хүрээн дэх ажлын байр байсан бол НХҮХ-ээс сул орон тоонд сонгон шалгаруулалт явуулах захиалгыг аймгийн салбар зөвлөлд хүргүүлэх ёстой. Гэтэл өнгөрсөн 3 жилийн хугацаанд захиалга хүргүүлээгүй байна.
7. НХҮХ-ээс 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 261 тоот албан бичгээр ТАЗ-ийн аймгийн салбар зөвлөлд Л.Г-ийг төрийн жинхэнэ албанд удирдах ажилтны нөөцөд бүртгэгдсэн тухай албан тоот явуулсан хэдий ч хариу ирээгүй байна. /Албан тоотын хуулбар, архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Г-ийн тодорхойлолтыг хавсаргав/ Төрийн албаны аймгийн салбар зөвлөлөөс уг албан тоотын хариу албан бичгээр тус хэлтэст ирээгүй байгаа юм. Л.Г нь Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн НХҮХ-ийн захиргаа хяналтын албаны даргын ажлын байрны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн нь төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны 86 дугаар тогтоолоор баталсан /төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам/-ын 6 дугаар зүйлийн 6.3-д заасныг зөрчсөн байна. Л.Г-ийн сонгон шалгаруулалтад тэнцсэн гэх Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 16 дугаар тогтоол, НХҮХ-ийн ирсэн бичгийн бүртгэлийн дэвтэрт байхгүй байгаагийн дээр Төрийн албаны зөвлөлийн csc.gov.mn сайтаас харахад бас байхгүй байна. /Архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан Ц.Г-ийн тодорхойлолтыг хавсаргав/ Нөгөө талаар Л.Г нь тухайн шалгалт өгсөн нутаг дэвсгэртээ нөөцөд бүртгэгдэн тухайн нутаг дэвсгэрт орших төрийн захиргааны байгууллагын сул ажлын байранд дэвших эрхтэй. Гэтэл энэ журмыг зөрчсөн байна.
8. Л.Г-ийг төрийн жинхэнэ албан тушаалд томилсон НХҮХ-ийн даргын тушаал гараагүй. Зөвхөн тушаалд өөрчлөлт оруулах тухай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/29 тоот тушаалаар цалингийн ангилал, зэрэглэлийг өөрчилсөн нь төрийн жинхэнэ албан тушаалд орсныг гэрчлэх эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. /Тушаалын хуулбарыг хавсаргав/ Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.1.1-д зааснаар НХҮХ татан буугдсан, орон тоо нь хасагдаж, цөөрсөн тул Л.Г-тэй байгуулсан хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ 40.3 дахь хэсэгт зааснаар хүчингүй болсон гэж үзэх үндэслэлтэй. Дээр дурдсан шалтгаан нөхцлүүдээс харахад Л.Г-ийн нэхэмжлэлд дурдсан шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэжидмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх ажлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар байгуулагдсан. Уг газрыг байгуулахдаа Хөдөлмөрийн хэлтэс,Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг татан буулгаад нэгтгэж нэг байгууллага болгосон. Тухайн үед Хөдөлмөрийн хэлтэс 25, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс 60 орон тоотой байсан. Шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын Б/21 тушаалаар 52 орон тоотойгоор баталсан учраас 33 ажилтан ажлаасаа чөлөөлөгдсөн. Л.Г нь Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны ажилтан гэж төрийн үйлчилгээний албан тушаалд ажилладаг байсан. Одоо маргаж байгаа ажлын байранд төрийн захиргааны жинхэнэ албан хаагч ажиллах ёстой ба өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтэн нь хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтнээс өөр чиг үүрэгтэй албан тушаал гэж үзэж байгаа. Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолт нь өргөн цар хүрээтэй батлагдсан. Судалгаа гаргах дүн шинжилгээ хийх төрийн болон төрийн бус байгууллагад хүргэх зэрэг олон ажил хийх болсон тул энэхүү ажлын байран дээр зайлшгүй төрийн захиргааны мэргэшсэн албан хаагч хэрэгтэй болсон. Манай байгууллагад 10 гаруй жил ажилласан Ц.Батсүрэнг төрийн албаны тухай 11 дүгээр зүйлийн 11.3-д зааснаар байгууллагын дарга сонгон ажилд томилсон. Нэхэмжлэгч Л.Г нь төрийн үйлчилгээний 6 дугаар шатлалаар цалинжиж ажиллаж байсан. Мөн Л.Г-ийн төрийн албан хаагчийн шалгалт өгч тэнцсэн баримт олдохгүй байсан. Энэхүү маргаан бүхий албанд төрийн жинхэнэ албан хаагч томилогдох ёстой байдаг. Олон хүний ажлын байр хөндөгдөж байгаа тул бичиг баримтуудыг шалгахад олдоогүй. Л.Г нь өөрөө төрийн албаны шалгалтад орж тэнцсэн гэдгээ өмнөх шүүх хуралдаан дээр нотолж чадахгүй байсан. Төрийн албан хаагчийн ажиллах журмыг зөрчиж ажилд томилогдсон. Чингэлтэй дүүрэгт төрийн албан хаагчийн шалгалт өгсөн бол тухайн газраа ажилд орох байсан. Төрийн албаны шалгалтад орсон үгүйг шалгахаар төрийн албаны салбар зөвлөлд хандахад баримт олдоогүй. Ажлын байрны тодорхойлолтод тавигдсан шаардлагыг Ц.Б нь бүрэн хангаж байсан тул ажилд томилсон. Тэтгэлэг олгох тухай тушаалын тэргүүн хэсэгт үнэлэлт дүгнэлт өгөх нь буруу гэж үзэж байна.Төрийн албаны тухай хуульд заасны дагуу Л.Г-ийг ажлаас чөлөөлсөн. Мөн Л.Г нь тэтгэлэг олгосоныг өөрөө хүлээн зөвшөөрч тухайн тэтгэлэгийг авсан. Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын даргын тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар илт хууль бус гэсэн шаардлагыг хангахгүй байгаа. Л.Г-ийн хувьд жирэмсэн байсан гэж байгаа. Төрийн байгууллага бол дээд байгууллагаас бүтэц орон тоог баталсны дагуу ажил үүргээ явуулдаг байгууллага юм. Л.Г-ийг өөр албан тушаалд ажиллуулах орон тоо санхүү байхгүй байсан болно. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Гуравдагч этгээд Ц.Б шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нь 2007 онд Увс аймгийн ХХҮХ-т ресепшнээр ажилд орсон. Анх Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс байхад ресепшин, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хүн ам гэр бүл хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, хүнс тэжээлийн дэмжлэг хариуцсан мэргэжилтэн, нийгмийн халамжийн албаны дарга зэрэг олон албан тушаал дээр ажиллаж байсан. Нийгмийн халамжийн албаны дарга байхад Л.Г хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний албыг хашиж байсан.Миний бие энэ байгууллагад ажиллаж байх хугацаандаа 2011 онд Увс аймагт зарласан Төрийн жинхэнэ албаны мэргэжлийн шалгалтад орж тэнцэн 2011 оны 6 сарын 03-ны өдөр Улаангом хотод тангараг өргөсөн. 2016 оны 10 сарын 27-ны ХХҮГ-ын даргын Б/23 тоот тушаалаар Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтнээр томилогдон ажиллаж байна. Энэ ажлын байранд заасаг чиг үүргийг гүйцэтгэхэд миний эзэмшсэн мэргэжил, мэдлэг ур чадвар дадлага туршлага ажлын байрны ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан гэж үзэж байна. Тус байгууллагад ажиллаж байх хугацаандаа мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор олон төрлийн сургалтанд хамрагдаж байсан. Цаашид нийгмийн халамжийн байгууллагад ажиллах сонирхолтой. Би энэхүү салбарт 10 жил ажиллаж байна. Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний ажлын байрны нэр, зорилго, зорилт, үндсэн чиг үүрэг ХЭБҮйлчилгээний судалгааны ажилтны ажлын байрны нэр, зорилго, зорилт, үндсэн чиг үүргээс өөр гэж үзэж байна” гэжээ.
Шүүхийн иргэдийн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:”Л.Г-ийн нэхэмжлэл зөв гэж бодож байна ”гэжээ.
Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Г нь “Увс аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдуулан тус газрын даргын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/70 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоолгож,өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн судалгааны мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч , гуравдагч этгээд нарын тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед гуравдагч этгээд,хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, өмгөөлөгчийн тайлбар, бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Л.Г нь “Миний урьд эрхэлж байсан албан тушаал болох “Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн”-ий зөвхөн нэр нь өөрчлөгдсөнөөс цомхтголд ороогүй,намайг жирэмсэн байхад ажлаас чөлөөлсөн “ гэж маргаж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.
Хариуцагч,түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс “ нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал байсан ба уг орон тоо хасагдсан,одоогийн албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал бөгөөд ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдсөн, мэргэжил таарахгүй“ гэсэн тайлбар гаргаж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Гуравдагч этгээд Ц.Б-ийн хувьд Увс аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газарт ажил,мэргэжлийн туршлага, мэргэжлийнхээ хувьд тэнцэн ажиллаж байгаа талаар тайлбар гаргасан болно.
Шүүх хуралдаанд оролцсон шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хувьд нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй талаар дүгнэлт гаргасан байна.
Нэхэмжлэгч Л.Г нь Увс аймгийн Нийгмийн халамж,үйлчилгээний хэлтсийн даргын 2013 оны 03 сарын 14-ний өдрийн Б/20 дугаартай тушаалаар Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтнээр томилогдсон байх ба ТҮ-6 зэрэглэлийн 1 дэх шатлалаар цалинжиж байсан байна.
Л.Г ажиллаж байх хугацаандаа Улаанбаатар хотод Төрийн жинхэнэ албан хаагчийн шалгаруулалтанд орсон байх ба Увс аймгийн Халамж,үйлчилгээний хэлтсээс 2014 оны 11 сарын 24-ний өдрийн 264 дугаартай албан бичгээр Төрийн албаны Увс аймгийн салбар зөвлөлд “Л.Ганцэцэг нь Хүн амын хөгжил,нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Төрийн албаны салбар зөвлөлөөс зарласан Баянзүрх дүүргийн нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийн Захиргаа, хяналтын албаны даргын албан тушаалын ажлын байрны сонгон шалгаруулалтанд орж тэнцэн төрийн албаны салбар зөвлөлийн 2014 оны 6 сарын 25-ны өдрийн 16 дугаар тогтоолоор төрийн жинхэнэ албанд удирдах ажилтны нөөцийн жагсаалтад нэр дэвшигдэн бүртгэгдсэн болно.Иймд Л.Г-ийг тус хэлтэст судалгааны мэргэжилтнээр томилж ажиллуулах саналтай байгаа тул судлан шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүргүүлсэн байх бөгөөд энэ талаар тухайн үед Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан И.Оюунчимэг “Л.Г тухайн үед Улаанбаатар хотод гачигдлаар явж байсан.Тэр үед Хүн амын, хөгжил нийгмийн хамгааллын яаман дээр орон тоо зарлагдаж төрийн албаны шалгалтанд орох хүмүүс бүртгэсэн юм байна лээ. Уг шалгалтанд орох талаараа надад утсаар танилцуулж ажил байдлын тодорхойлолт авсан. Ингээд уг шалгалтанд Л.Г орж тэнцэн нөөцөд бүртгэгдсэн талаар Ерөнхий газраас албан бичиг ирсэн” гэсэн гэрчийн мэдүүлгийг шүүхэд өгчээ.
Л.Г-ийг төрийн захиргааны байгууллагаас нь 2014 оны 11 сарын 25-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргүүлсэн, Увс аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2014 оны 12 сарын 30-ны өдрийн Б/29 дугаартай тушаалаар Л.Ганцэцэгийг ТЗ-5 зэрэглэлийн 1 дэх шатлалаар цалинжуулахаар шийдвэрлэж, 2015 оны 05 сарын 24-ний өдөр Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтыг баталсан байх бөгөөд уг албан тушаал нь төрийн захиргааны албан тушаал /ТЗ-5/ болохыг баталгаажуулан ажиллуулж байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Л.Г төрийн захиргааны албан хаагчийн шалгалтанд тэнцсэн эсэх талаар баримт байхгүй байгаа талаарх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.
Ажлын байрны тодорхойлолтыг тухайн үед ЗХА-ны даргаар ажиллаж байсан Ц.Д НХХАХА-ны дарга Ц.Б ХШҮДА-ын мэргэжилтэн Б.Н нар боловсруулсан байгааг дурдав.
Иймд нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарч байх бөгөөд Л.Г нь тус албан тушаалд тавигдах шаардлагыг ханган ажиллаж байсан байна.
Нэхэмжлэгчийн маргаж буй Увс аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/70 дугаартай “Л.Г-т тэтгэлэг олгох тухай” тушаалаар 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэлэгийг олгож шийдвэрлэн,Л.Ганцэцэгийг ажлаас нь чөлөөлжээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 сарын 03-ны өдрийн “Аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтцийг шинэчлэн тогтоох тухай” 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллахаар болсноор аймгийн Нийгмийн халамж,үйлчилгээний хэлтэс болон аймгийн Хөдөлмөрийн хэлтэс нэгдэж, Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон өөрчлөн байгуулагдсан байна.
Байгууллага өөрчлөн зохион байгуулагдсантай холбогдуулан Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн “Аймаг,нийслэл,дүүргийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын бүтэц,орон тоо батлах тухай” Б/21 дүгээр тушаалаар Увс аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын бүтэц орон тоог шинэчлэн баталжээ.
Тус тушаалаар Увс аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрыг нийт 52 орон тоотой байхаар шийдвэрлэсэн байх ба Нийгмийн халамжийн хэлтэст 9 ажилтан, үүний дотор, Хүнс тэжээлийн дэмжлэг,туслалцаа хариуцсан мэргэжилтэн, Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтэн, Өрхийн мэдээллийн сангийн өргөдөл,гомдол хариуцсан мэргэжилтэн ажиллахаар батлагджээ.
Бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөхөөс өмнө Увс аймгийн Нийгмийн халамж,үйлчилгээний хэлтэс 62 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байсан байх ба үүний дотор Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтэн, Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн, өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн ажиллаж байсан байна.
Увс аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргын 2016 оны 08 сарын 17-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байсан нийт ажилтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, шинэчлэн байгуулагдсан Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газарт шилжүүлжээ.
Нэхэмжлэгчийн зүгээс ажлын байрны нэр өөрчлөгдсөнөөс өөр ажлын байрны чиг үүрэг хэвээр үлдсэн гэж, хариуцагчийн зүгээс ажлын байр хасагдаж шинэ ажлын байр бий болсон талаар тайлбар гаргаж байгаа бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн урд ажиллаж байсан Хүнс,тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн болон өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод дүгнэлт хийв.
Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтний ажлын байрны зорилгыг “ аймгийн хэмжээнд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэний дэлгэрэнгүй судалгааг гаргаж,нөхцөл байдлын үнэлгээ хийх, нэгтгэх, мэдээллийн сан бүрдүүлэх,шаардлагатай тохиолдолд өөрчлөлт хөдөлгөөн хийх, хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх үйлчилгээнд хамрагдах орон нутгийн иргэдэд мэргэжлийн түвшинд эрхэлсэн ажилтай холбоотой төрийн бодлого шийдвэрийг сурталчлах, мэдээллэх, хэрэгжүүлэх,тайлагнах гэж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний ажлын байрны зорилгыг “өрхийн мэдээллийн сангийн баазад суурилсан мэдээллүүдийг цуглуулах,ангилах,шинжилгээ судалгаа хийх, үнэлэх,дүгнэлт гаргаж,үр дүнг тооцох,цаашид хэрэгжүүлэх ажил үйлчилгээг төрийн болон ТББ,ААН, төсөл хөтөлбөрүүдэд зуучлан хэрэгжүүлж, үр нөлөөг тооцож ажиллахад оршино” гэж тус тус тодорхойлжээ.
Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийн Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтын агуулгаас үзэхэд 1-рт хүнсний эрхийн бичгийн олголттой холбогдох, 2-рт өрхийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, мэдээллийн сангийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан байх ба Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтны чиг үүргийг ажлын байрны тодорхойлолтоос үзэхэд өрхийн мэдээллийн санг дангаараа хариуцаж, уг сангийн өдөр тутмын үйл ажиллагаатай холбогдох чиг үүргийг хэрэгжүүлэхээр заажээ.
Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан мэргэжилтний үндсэн чиг үүрэг нь хүнсний эрхийн бичгийн олголт, түүний хяналттай холбоотой үйл ажиллагаа байх бөгөөд уг орон тоо нь урьд Халамжийн үйлчилгээний хэлтэст тусдаа бие даасан орон тоо байсан ба байгууллага өөрчлөн байгуулагдахад хэвээр үлдсэн байх ба нэхэмжлэгч уг ажлын байрны талаар маргаагүй болно.
Халамжийн үйлчилгээний хэлтэст байсан Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтэн нь өрхийн мэдээллийн сангийн баазын бүрдүүлэлт ашиглалтыг хариуцан ажиллаж байсан ба шинээр зохион байгуулагдсан бүтцийн Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний ажлын байр нь өрхийн мэдээллийн сангийн ашиглалтаас гадна үр дүн,нөлөөг тооцож байх чиг үүрэгтэй болжээ.
Үүнээс үзэхэд Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газар шинээр зохион байгуулагдахад нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан Хүнс тэжээлийн дэмжлэг туслалцаа хариуцсан судалгааны мэргэжилтний албан тушаалын нэр өөрчлөгдөж, хэрэгжүүлэх чиг үүргээс зарим нь хасагдсан, зарим чиг үүрэг томьёоллын хувьд өөрчлөн найруулагдсан байгаа боловч өмнөх ажлын байрны тодорхойлолтод заагдсан агуулга хэвээр хадгалагдан үлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасан “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан...боловч төрийн албан хаагчийн албан тушаалын/ажлын байрны/ тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...”гэж заасан нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхтэй байна.
Шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийг ажлын байрны тодорхойлолтод заагдсан нийгмийн ажил, судлаач мэргэжилтэй байх ерөнхий шаардлагыг хангахгүй байгаа талаар тайлбарласан боловч Л.Г-т тэтгэлэг олгох тухай 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/70 дугаартай тушаалд ажлын байр хасагдсан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн тул уг тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.
Мөн Л.Г нь уг ажлын байранд 2013 оноос хойш ажиллаж байсан,нийгмийн халамжийн салбарын чадавхжуулах холбогдох сургалтуудад хамрагдаж байсан болохыг тэмдэглэв.
Түүнчлэн Л.Г-ийг ажлаас чөлөөлсөн гэх 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/70 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлийн хувьд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4/орон тоо хасагдах/, 27 дугаар зүйлийн 27.2.3,/орон тоо цөөрөх/ 27.2.24/орон тоо хасагдах/ дэх заалтуудыг давхар баримталж тушаалын заалт хэсэгт Л.Г-т ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4-р зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон,шийдвэр нь үндэслэл бүхий байх” зөрчмыг хөндсөн байна.
Өөрөөр хэлбэл Л.Г нь Нийгмийн халамж үйлчилгээний хэлстийн даргын 2016 оны 08 сарын 17-ны өдрийн Б/28 дугаартай тушаалаар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газарт шилжин ажиллаж 2016 оны 08,09,10 дугаар саруудад цалингаа авч хөдөлмөрийн харилцаанд орсон байхад Л.Г-ийг ажлын байр хасагдсан эсвэл цөөрсөн аль үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь тушаалд тодорхойгүй, энэ талаар дурдагдаагүй байна.
Иймд Увс аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/70 дугаартай тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн,хуулийн этгээдийн эрх,хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй“ гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байна.
Л.Г нэхэмжлэлийн шаардлагадаа урьд эрхэлж байсан Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоолгох гэж тодорхойлсон ба уг албан тушаалын нэршил урьд эрхэлж байснаас өөрчлөгдсөн, эгүүлэн тогтоох боломжгүй байх тул тус албан тушаалд “томилохыг хариуцагчид даалгаж” шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн байгууллага татан буугдаагүй, бүтцийн хувьд өөрчлөн байгуулагдсан байхад нэхэмжлэгч Л.Г-ийг жирэмсэн үед ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг зөрчсөнийг дурдав.
Мөн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/70 дугаартай тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан захиргааны актад тавигдах шаардлагыг хангаагүйг тэмдэглэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээн, хариуцагч байгууллагаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2,106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Г-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 сарын 03-ны өдрийн Б/70 дугаартай тушаалыг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Л.Г-ийг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Өрхийн мэдээллийн сангийн судалгааны мэргэжилтний албан тушаалд томилохыг Увс аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газрын даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Г-с улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр,халамжийн үйлчилгээний газраас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Г-т олгосугай.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.