Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2021/0018

 

Б.Б-ны нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, С.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З нарыг /цахимаар/ оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0716 дугаар шийдвэртэй, Б.Б-ны нэхэмжлэлтэй, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор шүүгч С.Мөнхжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0716 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 18, 19 дүгээр зүйлд заасныг баримтлан Б.Б-ын нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргад холбогдуулан гаргасан “нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн Б/201 тоот тушаалыг хүчингүй болгуулж, тус газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт  нөхөн бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

      2 дахь заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус шийдвэрлэжээ.

     Нэхэмжлэгч Б.Б давж заалдах гомдолдоо: “…  Нэхэмжлэгч миний бие хамаарал бүхий этгээд, мэдүүлэг гаргагчтай  нэгдмэл сонирхолтой этгээдийн талаар буюу эх А.О-ийн үүсгэн байгуулсан эм, эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, оношлуур ханган нийлүүлэх, импортлох үйл ажиллагаа эрхэлдэг “Т Э Э” ХХК мөн эм найруулах эм барих, эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх “Б” ХХК-ийн захирлаар эх О тус тус бүртгэлтэй талаар 2018, 2019 оны хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэгтээ мэдүүлсэн бөгөөд ийнхүү мэдүүлсэн талаарх баримт буюу 2018, 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл шүүх А.О-ийн үүсгэн байгуулсан, түүний захирлаар нь ажилладаг эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, оношлуур ханган нийлүүлэх импортлох үйл ажиллагаа эрхэлдэг “Т Э Э” ХХК, мөн эм найруулах, эм барих, эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх “Б” ХХК-ийн талаар хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нэхэмжлэгч намайг мэдүүлээгүй, энэ талаар маргаагүй мэтээр дүгнэж, хавтаст хэрэгт авагдсан 2018, 2019 оны ХАСХОМ-ийг буруу үнэлж хэргийг шийдвэрлэсэн байна. Мөн шүүх хуралдааны явцад А.О-ийн үүсгэн байгуулсан “Т Э Э” ХХК болон “Б” ХХК-ийн талаар мэдүүлсэн хөрөнгө оруулсан мэдүүлгийг нотлох баримтаар шинжлэн судлуулах атал нотлох баримтыг буруу үнэлж, өөрийн санаачилгаар нэхэмжлэгч намайг маргаагүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. 

    Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд нэр дэвшсэнтэй холбоотой шаардлагыг шүүхэд гаргаагүй. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж, нэр дэвшсэн албан тушаалд холбогдуулан дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

     Нэхэмжлэгч миний бие Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албыг хашихдаа хуулийн дээрх заалтыг зөрчиж, үндэсний язгуур ашиг сонирхолд хохирол учруулж, төрийн үйл ажиллагаанд ямарваа нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй юм. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7-д заасан ба нэхэмжлэгч миний бие Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалыг хаших хугацаандаа ашиг сонирхлын зөрчилд орж байгаагүй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч болон хариуцагч маргаагүй.

      Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах, төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэл, журмыг Төрийн албаны тухай хуулийн 47, 48 дугаар зүйлд зохицуулсан атал маргаан бүхий Б/210 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг нийтийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулахдаа Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэл, журмыг баримтлаагүй. Шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд төрийн жинхэнэ албан хаагчийг Төрийн албаны тухай хуулийг хэрэглэлгүйгээр ажлаас халдаг буруу жишиг тогтоосон шийдвэр гаргасан гэж үзэж байна.

     Б.Б нь “Т к” ХХК-ийг 2012 онд 1 хувьцаа эзэмшигчтэйгээр үүсгэн байгуулж байсан ба тухайн үед өөрийгөө гүйцэтгэх захирлаар бүртгүүлж байсан. Гэсэн хэдий ч “Т к” ХХК нь 2014 оноос хойш ямар нэгэн үйл ажиллагаа огт явуулаагүй бөгөөд Б.Б нь уг компанийн гүйцэтгэх захирлын хувиар ямар үйл ажиллагааг гардан эрхэлж, тус компанийн бүтцэд ажиллаж цалин хөлс орлого аваагүй юм. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.17, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д тус тус заасан. Өөрөөр хэлбэл Б.Б нь дээрх компанийн гүйцэтгэх захирлын хувиар ямар нэг эрх эдлэх болон үйл ажиллагааг гардан явуулж, ашиг орлого олоогүй, ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болоогүй тул дээрх хуулийн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. 

     Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасан бөгөөд гэвч уг хуулийн зохицуулалт нь нийтийн албанд орох үед хэрэгжүүлэх журмыг хуульчлан заасан болохоос биш нийтийн албанд ажиллаж байх тохиолдолд хэрэгжүүлэх журмыг зохицуулаагүй бөгөөд нийтийн албанд ажиллах үеийн журмыг хуулийн бусад заалтаар зохицуулна. Б.Б нь нийтийн албанд анх 2007 онд анх томилогдон ажилласан, ийнхүү томилогдох үед Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдан гараагүй байсан тул тус хуулийн 19 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг хэрэглэх боломжгүй. Хэрэв Б.Б дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэх тохиолдолд анхан шатны шүүх мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2, 29.2.3-т заасан зохицуулалтыг хэрэглэх ёстой боловч дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй. 

      Уг хуулийн 18, 19 дүгээр зүйлийг зөрчсөн тохиолдолд 29.2.2-т зааснаар цалин хасах, 29.2.3-т зааснаар албан тушаал бууруулахаар хуульчилсан атал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь буруу бөгөөд анхан шатны шүүх мөн дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. 

    Мөн тус хуулийн 29.2.2-т заасан зөрчлийг удаа дараа гаргасан тохиолдолд 29.2.-т заасны дагуу албан тушаал буруулах сахилгын арга хэмжээ авахаар хуульчилсан бөгөөд хариуцагч болон анхан шатны шүүхийн зүгээс хуулийн дээрх “удаа дараа” гэх урьдчилсан нөхцөлд дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Нөгөөтэйгүүр мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.4-т заасныг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй. 

     Учир нь нэхэмжлэгч нь 29.2.3-т заасан зөрчлийг удаа дараа гаргаагүй юм. Гэтэл хариуцагч нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргаас Б.Б нь 2018, 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг удаа дараа худал мэдүүлсэн хэмээн дүгнэж, 29.2.4-т заасныг үндэслэж ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасныг зөрчсөн бөгөөд 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг 2019 оны 02 сарын 15-ны өдрийн дотор гаргах ба тус хөрөнгө орлогын мэдүүлгийг худал мэдүүлсэн гэх үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй. Тус сахилгын шийтгэлийн хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 02 сарын 15-ны өдөр дуусах бөгөөд ажлаас чөлөөлөх тушаал 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гарсан. 

     Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасны дагуу 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт сахилгын шийтгэл оногдуулж болохгүй нөхцөл байдал үүссэн тул 29.2.4-т заасан “... 29.2.3-т заасан зөрчлийг удаа дараа” гаргасан гэх үндэслэл болохгүй. Гэтэл анхан шатны шүүх сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сарын дотор сахилгын шийтгэл оногдуулсан тохиолдолд тухайн зөрчил гарснаас хойш 1 жилийн хугацаа өнгөрөх нь хамаагүй мэтээр Төрийн албаны тухай хуулийн 48.4-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 

     Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн 2020 оны 03 сарын 17-ны өдрийн 05/3078 дугаар албан бичиг нь Б.Б-ныг Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалд нэр дэвшүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх талаар гаргасан дүгнэлт болохоос биш, хуучин ажиллаж байсан … Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын Эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаалын хувьд гаргасан дүгнэлт биш юм. Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг зөрчиж өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, 2018 оны, 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгаж, ажлаас халах шийдвэр гаргасан гэж үзэж байна. Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгах цор ганц эрх бүхий этгээд нь Авлигатай тэмцэх газар атал Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Авлигатай тэмцэх газрын эрхийг эдэлж, 2018, 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг хянан шалгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. 

       Нэхэмжлэгч нь 2018, 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлгийг Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн бөгөөд уг газраас 2018, 2019 оны хөрөнгө орлогын мэдүүлэг хууль зөрчсөн буюу ашиг сонирхлын зөрчил үүсгэж байгаа талаар хариуг ирүүлээгүй, миний зүгээс 2018, 2019 оны мэдүүлгүүд хуульд нийцсэн гэж ойлгосон. Б.Б нь 2013 оноос хойш ажиллаж байсан ба ийнхүү ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11-д заасны дагуу хөрөнгө оруулгын мэдүүлгийг жил бүр мэдүүлж ирсэн, гэтэл хариуцагч нь Б.Б намайг хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж, зохих байгууллагад мэдүүлж байгаагүй мэтээр нийтийн албанаас халах сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь үндэслэлгүй юм. 

      Анхан шатны шүүх нь нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хэргийн материалыг танилцуулаагүй бөгөөд нөлөөллийн мэдүүлэгт гарын үсэг зуруулалгүйгээр хэргийг хэлэлцэн шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Мөн Б/201 дүгээр тушаал нь дээрх байдлаар хууль зүйн үндэслэлгүй тул ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг  нөхөн төлөхийг даалган шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй. 

    Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 716 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Б-ны давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянаад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул гомдлыг хангахгүй орхиж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

      Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны Б/201 дүгээр тушаалаар “Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.11, 37.1.17, 37.1.18, Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.5, 19 дүгээр зүйл, 20 дугаар зүйлийн 20.1, 23 дугаар зүйлийн 23.2, 29 дүгээр зүйлийн 29.2.4, Авлигатай тэмцэх газрын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05/3078 дугаартай албан бичиг болон “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын 1.3.1, 1.5.3 дахь заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 5.1, 10.1, 10.1.1, 10.5 дахь заалтуудыг тус тус үндэслэн ... Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагч Б.Б нь давхар ажил эрхлэлттэй холбогдсон хязгаарлалтыг зөрчсөн, хувийг ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргаагүй, удаа дараа худал мэдүүлсэн” гэх үндэслэлээр нийтийн албанаас халжээ.

    Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо “нэхэмжлэлийн шаардлагаас хальж, нэр дэвшсэн албан тушаалд холбогдуулан дүгнэлт хийсэн, хариуцагчаас Авлигатай тэмцэх газраас ирүүлсний дагуу шалгах үүрэггүй байхад анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэжээ.

     Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас нэхэмжлэгч Б.Б-ныг тус газрын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцааагчийн албан тушаалд томилохоор нэр дэвшүүлж, түүний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянуулахад Авлигатай тэмцэх газрын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 05/3078 дугаар албан бичгээр “... Нэр дэвшигч Б.Б нь 2012 онд “Т к” ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар бүртгэлтэй байгаа нь ... Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23.2, ... 18, 19 дүгээр зүйлд заасан Давхар ажил эрхлэлтэй холбогдсон хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэж, ... эм био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албаны бүрэн эрхээ  “... тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг бий болгох үндэслэлтэй төдийгүй нэр дэвшсэн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нөхцөл байдал тогтоогдсон” гэсэн хариу ирүүлжээ.

      Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн /цаашид “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн” гэх/ 29 дүгээр зүйлийн 29.2-т “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол эрх бүхий албан тушаалтан дараах сахилгын шийтгэл хүлээлгэнэ: ...” гэж заасан.

     Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга нь Б.Б-ныг Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчаар томилсон этгээд бөгөөд Авлигатай тэмцэх газрын дээрх албан бичигт дурдсан Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн зөрчилд сахилгын шийтгэл хүлээлгэх бүрэн эрх дээрх хуулиар олгогдсон тул “хариуцагч шалгах үүрэггүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

     Мөн Б.Б-ны эрхэлж байсан албан тушаал болон нэр дэвшсэн албан тушаал нь аль аль нь Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчийн албан тушаал буюу нийтийн албан тушаалд хамаарах төрийн захиргааны албан тушаал байх тул Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил нь зөвхөн нэр дэвшсэн албан тушаалд хамааралтай гэж үзэхгүй. Нийтийн албан тушаал хашиж байхдаа гаргасан дээрх зөрчил нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгээр илэрсэн байх тул тухайн зөрчилд арга хэмжээ авч нийтийн албанаас халсан маргаан бүхий актын үндэслэлийн талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг нэхэмжлэлийн шаардлагаас хальсан гэж үзэхгүй.

     Гомдолд “ тус компани нь 2014 оноос хойш үйл ажиллагаа явуулаагүй, цалин хөлс аваагүй, зөрчил үүсэх нөхцөл байдал бий болоогүй” гэжээ.

     Нэхэмжлэгч Б.Б нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын албаны Эм, био бэлдмэлийн хяналтын улсын байцаагчаар ажиллаж байхдаа албан тушаалтны 2018, 2019 оны ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн үүсгэн байгуулсан “Т к” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар “эхнэр болох О” гэж мэдүүлсэн боловч 2012 оноос хойш гүйцэтгэх захирлаар Б.Б бүртгэлтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ болон лавлагаагаар тогтоогдсон байна.  

     Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2-т “Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй”, 20 дугаар зүйлийн 20.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол албан тушаалтан энэ хуулийн 18.6-д зааснаас бусад аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэх болон аж ахуйн нэгжийн удирдах бүтцэд ажиллахыг хориглоно” гэж заасан.

    Уг хуулийн заалтаар нийтийн албан тушаалтанд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх, удирдах бүтцэд ажиллахыг шууд хориглосон байх тул компанийн захирлаар ажиллах хугацаанд тухайн аж ахуйн нэгж ямар үйл ажиллагаа явуулсан, цалин хөлс авсан эсэх нь уг хуулийг хэрэгжүүлэхэд хамааралгүй юм. 

    Гомдолд “анхан шатны шүүх Төрийн албаны тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэж төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халахдаа Төрийн албаны хууль хэрэглэхгүй халдаг буруу жишиг тогтоосон шийдвэр болсон” гэжээ.

      Хариуцагч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын гаргасан маргаан бүхий Б/201 дүгээр тушаалд эдгээр хуулийн заалтуудыг үндэслэж, Б.Б-ныг нийтийн албанаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байх тул “буруу жишиг тогтоосон шийдвэр” гэж үзэхээргүй байна.

      Гомдолд “... хуулийн 29.2.2, 29.2.3-т заасныг шүүх хэрэглээгүй, уг заалтад цалин хасах, албан тушаал бууруулахаар хуульчилсан атал халах шийтгэл ногдуулсан, анхан шатны шүүх уг заалтуудыг хэрэглээгүй нь хууль зүйн үндэслэлгүй. ... 29.2.3-т заасан зөрчлийг удаа дараа гаргаагүй байхад 29.2.4-д зааснаар ажлаас халах шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 48.4-т заасныг зөрчсөн” гэжээ.

       Б.Б нь Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-д “Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ ..., цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу 2018, 2019 онд хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ шинэчлэн мэдүүлэх бүртээ өөрийн үүсгэн байгуулсан “Т к” ХХК-ийн захирлаар өөрөө бүртгэлтэй атлаа “эхнэр” гэж худал мэдүүлсэн, давхар ажил эрхлэхтэй холбоотой хууль зөрчсөн энэ зөрчил нь маргаан бүхий акт гарах үед ч арилаагүй байжээ.

      Үүнээс үзвэл Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29.2.3-т “... энэ хуулийн ... 18 дугаар зүйл, 20.1, 20.4-т заасныг зөрчсөн, ... хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг худал мэдүүлсэн, ... бол албан тушаалыг нь бууруулах” гэж, 29.2.4-т “... энэ хуулийн 29.2.3-т заасан хариуцлага хүлээлгэх зөрчлийг удаа дараа гаргасан бол нийтийн албанаас халах” гэж тус тус заасны дагуу “29.2.3-т заасан зөрчлийг удаа дараа” гаргасан гэж үзэхээр байна.

      Мөн Б.Б-ны зөрчил нь Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн албан бичгийг хүлээн авснаар илэрсэн байх тул Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-д “... зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар” гэж заасан хугацаа өнгөрөөгүй байхад арга хэмжээ авсан байх тул анхан шатны шүүхийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх дүгнэлт нь үндэслэлтэй, энэ талаарх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

    Түүнчлэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд “... хэргийн материал танилцуулаагүй, нөлөөллийн мэдүүлэг зуруулаагүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэж дурдсан боловч хэргийн 1 дэх хавтасны 46-47 дахь талд нэхэмжлэгчийн өмгөөлөгчид хэргийн материал танилцуулсан баримт авагдсан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээргүй тул энэхүү гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй.

    Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч маргаж буй эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийн заалтыг бүрэн баримтлаагүй,  мөн улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэл хэрэгсэхгүй болгосон тохиолдолд улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэхээр байхад хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу байх тул зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.

      Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

      1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 128/ШШ2020/0716 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын “... 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.7, 48 дугаар зүйлийн 48.1.3” гэснийг “37 дугаар зүйлийн 37.1.17” гэж, “... 18, 19 дүгээр зүйлд” гэснийг “... 18 дугаар зүйлийн 18.1, 20 дугаар зүйлийн 20.1, 29 дүгээр зүйлийн 29.2.4-д” гэж;  2 дахь заалтын “... үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэснийг “... үлдээсүгэй” гэж тус тус өөрчлөн, нэхэмжлэгч Б.Б-ны давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Б-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                    Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                    С.МӨНХЖАРГАЛ