Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2018/00283

 

 “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2017/02103 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2344 дүгээр магадлалтай

“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Э” ХХК-д холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 223 660 850 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувдын гаргасан гомдлоор

Шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунсувд, Г.Энхжавхлан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал  нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Э” ХХК-тай байгуулсан 15/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаатай байгуулсан. 15/16 тоот гэрээний 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт заасны дагуу зээлээр авсан барааны төлбөрийг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор компанийн дансанд шилжүүлэх эсхүл бэлнээр төлж барагдуулах байсан боловч өнөөдрийн байдлаар төлж барагдуулаагүй байна. Иймд 15/16 тоот гэрээний 3.3, 5.1-д заасны дагуу гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр 155 773 900 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрсэн тул 50 хувьд хүргэж зогсооход 77 886 950 төгрөг болж байгаа бөгөөд нийт 233 660 850 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э” ХХК нь “М” ХХК-тай 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 15/16 тоот Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээг харилцан тохиролцож байгуулсан. Энэхүү гэрээний дагуу “Э” ХХК нь “М” ХХК-иас нийт 251 773 900 төгрөгийн үнэ бүхий газрын тосны бүтээгдэхүүн худалдан авснаас нийт 106 000 000 төгрөгийг төлсөн. Хамгийн сүүлд 2017 оны 08 дугаар сарын 15-нд 10 000 000 төгрөг төлсөн. Үлдэгдэл төлбөр 145 773 900 төгрөг байна. “М” ХХК нь бидэнтэй алданги авахгүй байхаар тохиролцсон бөгөөд бид “М” ХХК-тай үндсэн төлбөрийн үлдэгдэл дүнгээр тооцоо нийлж, акт үйлдэж байсан болно.

Иймд бид нэхэмжлэгчийн нэхэмжилж буй алданги 77 886 950 төгрөгийн төлбөрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Харин гэрээний үлдэгдэл төлбөр болох 145 773 900 төгрөгийг нэхэмжлэгчтэй эвлэрэн тохиролцож хуваарь гарган хэсэгчлэн болон бартераар төлөх хүсэлтэй байна гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2017/02103 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4-д заасныг баримтлан “Э” ХХК-аас гэрээний төлбөрт 145 773 900 төгрөг, алдангид 72 886 950 төгрөг, нийт 218 660 850 төгрөгийг гаргуулан “М” ХХК-д олгож, үлдэх 5 000 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 326 255 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 251 254 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2344 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2017/02103 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-иас гэрээний төлбөрт 145 773 900 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 77 886 950 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагч “Э” ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 522 385 төгрөгийг буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Э” ХХК-тай байгуулсан 2016 оны 15/16 тоот гэрээний дагуу 2016 оны 04 дүгээр сарын 22-ноос 2016 оны 08 дугаар сарын 09-ний хугацаанд 251 773 900 төгрөгийн нийлүүлэлт хийсэн. Дээрх хугацаанд хийсэн худалдан авалтын үнийн дүнгээс “М” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкин дахь дансаар төлөлт хийж 145 773 900 төгрөгийн үлдэгдэл төлбөртэй болсон . Дээрх үлдэгдэл төлбөрийг төлөх хэрхэн ямар гэрээний дагуу авснаа хариу тайлбартаа дурдсан болно. Энэ нь талуудын хооронд байгуулсан 2016 оны 15/16 тоот гэрээний дагуу шатахуун нийлүүлсэн гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа болно.

Хавтаст хэрэгт авагдсан 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн тооцоо нийлсэн акт нь техникийн алдааны улмаас /2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар/ гэх хэсгийг 2016 гэж андууран бичсэн байна. Хэдийгээр 2016 гэж андууран бичсэн хариуцагчийн хариу тайлбар болон анхан шүүхэд амаар өгсөн тайлбар зэргээр андуурагдсан гэдэг нь тогтоогдож байгаа болно.

Иймд давж заалдах шатны шүүхийн 2344 тоот магадлалд өөрчлөлт оруулж, эсхүл анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан “...нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг зөрчсөн байх тул магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан худалдан авсан газрын тосны бүтээгдэхүүний төлбөр 155 773 900 төгрөгийг алданги 77 886 950 төгрөгийн хамт нийт 223 660 850 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэнд хариуцагч үлдэгдэл төлбөр 145 773 900 төгрөгийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар зохигчид 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр худалдах, худалдан авах гэрээ” байгуулж, тус гэрээгээр худалдагч “М” ХХК өөрийн өмч болох Газрын тосны бүтээгдэхүүнийг Улаанбаатар хот дахь ГТБ-ний агуулахаас зээлээр, гэрээнд заасан хугацаа, нөхцлөөр худалдах, худалдан авагч “Э” ХХК худалдан авсан барааны төлбөрийг барааг худалдан авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор худалдагчийн дансанд шилжүүлэх буюу бэлнээр төлөх, төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцсон байна.

Гэрээний дагуу 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд худалдагч нийт 251 773 900 төгрөгийн газрын тосны  бүтээгдэхүүн нийлүүлсэн, 106 000 000 төгрөгийг авсан, 145 773 900 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа талаар зохигчид маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөрийг хугацаанд нь төлөөгүй үндэслэлээр үлдэгдэл төлбөрт гэрээнд заасны дагуу алданги тооцож нэхэмжилснийг хариуцагчаас “2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн Тооцоо нийлсэн актаар талууд алданги авахгүй байхаар харилцан тохиролцсон” гэж нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Хэргийн 14 дүгээр талд авагдсан Тооцоо нийлсэн актад “...2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хоёр байгууллагын хооронд гарсан ажил гүйлгээг анхан шатны баримт тус бүрээр тооцоо нийлж үзэхэд “Э” ХХК нь 155 773 900 төгрөгийн үлдэгдэлтэй гарсныг харилцан батлав” гэжээ.

Талуудын хооронд 2016 оны 04 дүгээр сард бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу 2016 оны 04-08 сард бараа нийлүүлсэн, 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “Тооцоо нийлсэн акт” үйлдсэн зэргийг шинжлэн судлахад тус актад бичигдсэн “2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар” гэсний “2016 оны” гэж бичсэнийг “техникийн алдаа гаргаж оныг буруу бичсэн байна” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэстэй, талууд 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар тооцоо нийлсэн гэж үзэхээр байна.

Тус тооцоо нийлсэн актаар худалдан авагч хугацаа хэтэрсэн үүргийн гүйцэтгэлд алданги төлөхгүй талаар харилцан тохиролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй, харин талууд зөвхөн хоорондын худалдаж, худалдан авсан барааны тооцоог нийлсэн гэж үзэхээр байх тул тус тооцоо нийлсэн актаар алданги төлөхгүй байхаар тохиролцсон гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгч нь гэрээний холбогдох заалтыг үндэслэж хугацаандаа төлөөгүй төлбөрт алданги нэхэмжилснийг буруутгах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүх дээрх тооцоо нийлсэн актад тусгагдсан үлдэгдэл төлбөр нь 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийлүүлсэн бүтээгдэхүүнд хамаарна, дээрх тооцоонд 2016 оны 04 дүгээр сард байгуулагдсан гэрээгээр тохирсон алдангийн заалт хамаарахгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагаас алдангийг хасч тооцохдоо хэргийн үйл баримтыг буруу тодорхойлж, хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчсөн, анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй үйл баримтын талаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2., 118 дугаар зүйлийн 118.4., 116 дугаар зүйлийн 116.2.-т заасан шаардлагад нийцээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсний үндсэн дээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж тодорхойлсон нь учир дутагдалтай болжээ.

Хэдийгээр талуудын хооронд байгуулсан гэрээ “...зээлээр худалдах, худалдан авах гэрээ” гэсэн нэртэй, худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэхээр, худалдан авагч нь үнийг гэрээнд заасныг дагуу тодорхой цаг хугацааны дараа төлөхөөр тохиролцсон зэргээс үзэхэд зээлээр худалдах, худалдан авах гэрээний зарим шинжийг агуулсан байх боловч Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3.-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл болсон “төлбөл зохих хүүгийн хэмжээ”-г харилцан тохиролцоогүй байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан Худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2344 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 184/ШШ2017/02103 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...262 дугаар зүйлийн 262.1.,” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1.,” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгч “М” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 522 385 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Б.УНДРАХ

           ШҮҮГЧ                                                 Х.ЭРДЭНЭСУВД