Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 91

 

 

 

 

 

 

 

2020         01          16                                 2020/ШЦТ/91

 

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

  Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Д.Хулан,

 улсын яллагч А.Ариунаа,

 шүүгдэгч П.А, Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

 Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн П.А, Г.С нарт холбогдох эрүүгийн 1960 07412 0022 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

П.А Монгол улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, аав, ээж, ах, эгч, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 37 дугаар байр, 26 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД://,

Г.С, Монгол Улсын иргэн 1994 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 16-63 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, РД://,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч Г.С нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн  орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр сургуулийн урд талын автомашины зогсоол дээр иргэн П.Атай машин  хааж тавьсан гэх асуудлаас болж маргалдан, гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

  Шүүгдэгч П.А нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн  орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр сургуулийн урд талын автомашины зогсоол дээр иргэн Г.Стай машин  хааж тавьсан гэх асуудлаас болж маргалдан, гараараа нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.А мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 21 дүгээр сургуулийн орчмоос 2 хүүхдээ цэцэрлэгээс нь авчихаад машин дотор унтуулаад сууж байсан. Тэгтэл нэг хүүхэн машины урд талын хаалга онгойлгоод машин хаачихсан байна, гаргах гэсэн юм гэхээр нь жолооч байхгүй байна гэсэн. Тэгсэн чинь хаалга хаасан. Удалгүй ард талын хаалга онгойлгохоор нь манай хүүхэд дээгүүрээ нимгэн байсан болохоор хаалга байж бай гэсэн. Тэгсэн урд талын хаалгыг онгойлгосон. Хүйтэн салхи ороод байсан болохоор би гарч ярих гэсэн. Тэгээд хаалга хаагаад тэгээд л муудалцаад эхэлсэн. Муудалцаад хэл амаар доромжлоод байхаар нь би машиндаа орж суугаад хаалга хаагаад түгжсэн. Тэгсэн манай машины гүпперийг өшиглөөд байсан. Тэгээд би хаалга онгойлгосон чинь намайг шууд үсдээд буулгачихсан. Намайг үсдэж байгаад манай машиныг өшиглөхөөр нь би зөрүүлээд машиныг нь өшиглөсөн. Тэгээд маргалдаад эхэлсэн.” гэх мэдүүлэг[1],

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.С мэдүүлэхдээ: “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн орой 05 цагаас 21 дүгээр сургуулиас хүүгээ авсан. Тэгэхэд би хүүгийнхээ сургуулийнх нь машины зогсоолд машинаа тавьчихсан байсан. Тэгээд хүүгээ сургуулиас нь авчихаад машинаа халаах зуураа, машинаа гаргах гэж байгаа юм байна гэж бодоод машин хаагаад тавьчихсан байхад нь би хүлээгээд суугаад байсан. Тэгсэн жолооч талын хаалга нь онгойсон, 1 жоохон охин сууж байсан. Тэгсэн араас 1 эмэгтэй удалгүй жолооч нь ирнэ гэсэн. Тэгэхээр нь би ирэх юм байлгүй гээд хүлээгээд суугаад байсан. Манай гэр цагдаагийн академийн тэнд байдаг. Тэгээд охиноо авах гэж яараад ард талд нь хүн сууж байсан юм чинь гээд ард талынх нь хаалгыг онгойлгосон чинь жоохон хүүхэд тэвэрчихсэн эмэгтэй сууж байсан. Тэгээд хаалга хаагаач гэхээр нь хаалгыг хаачихаад урд талын хаалгыг онгойлгосон чинь өөдөөс гарч ирээд маргалдсан” гэх мэдүүлэг[2],

3. Хохирогч Г.Сын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн газар бичгээр гаргасан өргөдөл[3],

4. Гэрч П.Анужин 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шагах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2019 оны 12 дугаар сарын 13-ны орой 17 цагийн үед Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр дунд сургуулиас хүүхдээ авах гээд дүү Ариунтунгалагийн хамт явж байгаад Ариунтунгалаг машинд хүүхэд хараад үлдсэн. Би сургууль руу хүүхэд авах гэж ороод 30 минутын дараа гараад ирсэн чинь Ариунтунгалаг машиндаа сууж байсан. Тэгээд би машиндаа суугаад хөдлөх гэсэн чинь жирэмсэн эмэгтэй миний машины зургийг ард, урдаас нь аваад байхаар нь яагаад байгаа талаар асуутал “намайг гарч ирэхээс өмнө миний дүү Ариунтунгалагтай маргалдсан” гэж хэлсэн. Би тухайн үед гар утасны дугаараа машины урд шилэн дээр бичиж үлдээсэн боловч миний утас унтарсан байсан тул дуудлага ирэхийг мэдээгүй” гэх мэдүүлэг[4]

5. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №266 дугаартай шинжээч эмч Н.Туяагийн: “...1. Г.Сын биед хацар цус хуралт, цээж, уруул, сарвуунд зулгаралт, умайн булчингийн чангарал гэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт[5]

6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 259 дугаартай шинжээч эмч Т.Сэлэнгийн “...1. П.Аийн биед зүүн нүдний зовхи, зүүн, баруун хацарт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт[6]

7. Шүүгдэгч Г.С 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр сургуулиас хүүхэд авчихаад зогсоолоос машинаа гаргах гэтэл миний машиныг цагаан өнгийн “Hairer” маркийн машин хаагаад зогссон байсан. Би тэр машины жолоочийг ирэхийг хүлээгээд машиндаа сууж байгаад ирэхгүй болохоор нь тухайн машины урд талын хаалгыг онгойлгоход нэг хүүхэд сууж байсан. Би “ жолооч хаана байгаа юм бэ” гэж асуухад арын суудалд сууж байсан нэг эмэгтэй жолооч удахгүй ирнэ гэж хэлэхээр нь машиндаа суугаад хүлээж байгаад 17 цаг 30 минут болсон тул би тухайн машины арын хаалгыг онгойлгоод жолооч нь ирэх болж байна уу гэж асуусан чинь 20 орчим настай нэг эмэгтэй “хаалгаа хаа, нүцгэн хүүхэд байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би урд талын хаалгыг нь онгойлгоод жолооч нь ирэх болж байна уу? яараад байна гэж хэлсэн чинь ард сууж байсан эмэгтэй бууж ирээд “чаддаг юм бол наад зайгаараа сэгээ аваад гар гэж намайг элдвээр доромжилчихоод, машиндаа суусан. Тэгэхээр нь би уурлаад машиных нь хаалгыг дахиад онгойлгох гэтэл дотроосоо түгжсэн байсан тул цонхыг нь тогшсон чинь тэр эмэгтэй машинаасаа бууж ирээд одоо холдуулах гэж байна, зайл гэж хэлэхээр нь би “ аль түрүүн холдуулахгүй яасан юм гэж хэлсэн чинь намайг хэл, амаар доромжилж, миний машины хойд гуперийг өшиглөхөөр нь би уурлаад яаж байгаа юм бэ гээд бие рүү түлхсэн чинь намайг үстээд, бид хоёр ноцолдож, зодолдоод тэр эмэгтэй миний нүүр болон хэвлий хэсэг рүү өшиглөөд эхэлсэн. Тэр үед би тэр эмэгтэйн нүүрэн тус газар нь цохиод үсдсэн. Би нүүрэн тус газар нь хэдэн удаа цохисноо санахгүй байна. Тэр эмэгтэйн эгч нь ирээд намайг “жирэмсэн юм бол биеэ аятайхан авч явахад яадаг юм бэ” гэх зэргээр хэл амаар доромжлоод байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. Одоохондоо нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг[7]

8. Шүүгдэгч П.А 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг өнгөрч байхад эгч П.Анужингийн хамт ээжийн машинтай Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 21 дүгээр сургуулиас хүүхдээ авахаар ирээд, эгч машинаа сургуулийн хашааны гадна машины зогсоол байгаагүй тул цагаан өнгийн суудлын машины ард гарах гарц хааж байрлуулсан. Тухайн үед би машины хойд талын суудал дээр унтаад явж байсан. Тэгсэн чинь “Тоёота аллион” маркийн машины жолооч, жирэмсэн эмэгтэй машины хаалга татсан. Тухайн үед би нойрмог байсан учир тэр эмэгтэйн юу ярьсныг ойлгоогүй. Тэгээд машинаа гаргая гэж хэлж байгаа байх гэж бодоод жолооч нь удахгүй ирнэ гэж хэлсэн. Тэр үед эгчийн утасны цэнэг дуусаад машинд үлдээгээд гарсан байсан. Би 2 настай хүүхэдтэй хамт унтаж байсан. Машин дотор халуун байсан тул хүүхдийн гадуур хувцсыг тайлаад майктай нь унтуулж байсан чинь тэр эмэгтэй хаалга татаад онгойлгохоор нь би түр хүлээж байгаарай гэж хэлээд хүүхдээ унтуулчихаад, урд талын суудал дээр суугаад байж байтал тэр эмэгтэй дахин машины хаалга татаж, нээгээд, хэл амаар доромжлоод байхаар нь би машинаас буухад тэр эмэгтэй “сэгээ аваад зайл гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг “чи өөрөө сэгээ аваад зайл” гэж хэлээд машиндаа суугаад хаалгыг нь цоожилсон. Гэтэл тэр эмэгтэй машины хаалга татаад онгойхгүй болохоор нь цонх цохиод, машины хаалга руу өшиглөөд байхаар нь хаалга онгойлгосон чинь миний үснээс зулгаагаад буулгахаар нь би зөрүүлээд үснээс нь зулгаасан чинь тэр хавьд явж байсан хүмүүс ирж салгасан. Үснээс тавихаар нь би машиндаа суух гэж байтал араас татсан. Тэр үед би унах шахсан” гэх мэдүүлэг[8],

9. Яллагдагч Г.Сын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[9]

10. Яллагдагч П.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[10] зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаас дүгнэвэл:

          Шүүгдэгч П.А, Г.С нар нь 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн  орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр сургуулийн урд талын автомашины зогсоол дээр иргэн П.Атай машин  хааж тавьсан гэх асуудлаас болсон маргаанаас үүдэн харилцан зодолдох явцдаа бие биенийхээ эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн

- хохирогч Г.Сын 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн газар бичгээр гаргасан өргөдөл[11], хохирогч Г.С 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг[12],  хохирогч П.А 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг[13], гэрч П.Анужин 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шагах ажиллагаанд өгсөн мэдүүлэг[14], Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №266 дугаартай шинжээч эмч Н.Туяагийн дүгнэлт[15], Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 259 дугаартай шинжээч эмч Т.Сэлэнгийн дүгнэлт[16], шүүгдэгч Г.С 2020 орны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг[17],  шүүгдэгч П.А 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг[18] зэрэг бичмэл нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.А, Г.С нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. 

Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй, хохирогч нараас цаашид гомдол, саналгүй болохоо илэрхийлснийг дурьдах нь зүйтэй байна.

           Гурав. Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Г.С, П.А нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Г.С, П.А нарыг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй, хэн аль нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн болон тэдгээрийн хувийн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.

Иймд шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, П.А нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, тэдгээрийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.С, П.А нарт анхааруулав.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ПА.,Г.С нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ирүүлсэн П.А, Г.С нарыг тус бүр 500 нэгжтэй тэнцүү хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/-н төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан П.А, Г.С нарын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөгөөр буюу 500,000 /таван зуун мянган/-н төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан П.А, Г.С нарт анхааруулсугай.

5. Ялтан П.А, Г.С нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

                       

 

                                                               

 

 

 

 

 

 

 

 


[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[3] 1 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар тал

[4] 1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр тал

[5] 1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[6] 1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар тал

[7] 1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр тал

[8] 1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар тал

[9] 1 дүгээр хавтаст хэргийн 47 дугаар тал

[10] 1 дүгээр хавтаст хэргийн 49 дүгээр тал

[11] 1 дүгээр хавтаст хэргийн 3 дугаар тал

[12] 1 дүгээр хавтаст хэргийн 6-7 дугаар тал

[13] 1 дүгээр хавтаст хэргийн 13-14 дүгээр тал

[14] 1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр тал

[15] 1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дугаар тал

[16] 1 дүгээр хавтаст хэргийн 24-25 дугаар тал

[17] 1 дүгээр хавтаст хэргийн 39-40 дүгээр тал

[18] 1 дүгээр хавтаст хэргийн 54-55 дугаар тал