Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 03 өдөр

Дугаар 141

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Б.Д

Хохирогч Г.Д

Хохирогчийн өмгөөлөгч Г.Э

Иргэний нэхэмжлэгч А.А

Шинжээч Б.Д, А.О /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т

Шүүгдэгч З.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт З.Д-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн  авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Нийслэлийн Баянзүрх дүүрэгт төрсөн, ... настай, эмэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, мэргэжилтэй, ... ажилтай,  ам бүл 3, ээж, охины хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сум Сүлд багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл Б овогт З.Д,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч З.Д нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойд зүгт 58 километрт засмал зам дээр А.А-г Тоёота Альпард маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үед түүний тээврийн хэрэгслийн арын суудалд зорчигчоор сууж явахдаа жолоочид хэлэлгүйгээр гэнэт урд суух гээд 2 суудлын голоор орж ирээд жолооч А.А-н зүүн гарын тохойны доод хэсэгт цохисны улмаас жолоочийн анхаарал саринаж  жолоодлогоо алдаж зам тээврийн осол гаргасны улмаас зорчигч Г.Д-н эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч З.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдөр манай ажлын Э эгчийн нөхөр явна гэсэн. Тэр хүний машинд 11 цагийн үед гэрээс очиж суусан. Тэгээд явахаас өмнө эгч рүү залгаад танай нөхөр чинь явах болж байгаа юм уу гэхэд арай болоогүй үсээ засуулах гэж байна гэсэн. Тэгээд би Д-тай вокзал дээр уулзаад гэрт нь очоод гэрийнх нь тэндээс лааз пиво авсан. Жолооч А хүүхдээ эгчийндээ өгнө гэсэн. Тэгээд цаашаа явж тэмээтэй хөшөөний тэнд зогсож байгаад пиво уусан. Бид хоёр шөнийн ээлжтэй хоносон байсан. Д хойд сандал дээр хэвтэе гэсэн. Тэгээд авто пүү дээр цамцаа өмсөөд шаргын овоо орчихоод ирье гээд цамцаа тайлж байсан. Тэгээд жолоочоос би урд талын суудал дээр чинь сууж болох уу гэж асуухад болно гэсэн. Суух гээд явахад осол гарсан гэх мэдүүлэг.

Хохирогч Г.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дөрвөн пиво авсан, хоёр хоёроор нь уусан. Хойно сууж байхад Д урагшаа орж сууна шүү гэж ярьж байсан. Яг урагшаа орж суухдаа жолоочоос зөвшөөрөл аваагүй, асуугаагүй. Тэгээд осол гарсан. Осол гарснаас хойш би хоёр удаа хагалгаанд орсон. 2017 оны 10 сарын 25-ны өдөр группэд 69%-иар орсон. Би 2-3 жилийн хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдаж эргээд ажилдаа орох ямар ч үндэслэлгүй болсон. Удаан алхаж болохгүй, сууж болохгүй түнхний асуудалтай. Одоо түнхний үений хагалгаанд орох заалттай байгаа. Иймд бодит хохирлоо гаргуулах хүсэлтэй байгаа. Эмчилгээний зардал 4.738.894 төгрөг, листний зөрүү 2.237.048 төгрөг, хөдөлмөрийн чадвараа 69 хувиар алдаж, сард 140.000 төгрөгний тэтгэмж тогтоолгосон бөгөөд тухайн үед ажиллаж байхдаа сардаа 1.200.000 төгрөгний цалинтай байсан үүнээс нийгмийн даатгалын шимтгэлээ хасаад нэг сарын дундаж цалин 872407 төгрөгөөр  тооцож, үүнээс тэтэгэмжийн 140.000 төгрөгийг хасаад 2017 оны 10 сарын 25-наас 2018 оны 10 сарын 25-ныг хүртэл 8.788.884 төгрөг, 2018 оны 10 сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл тэтгэмжийн сард олгох 155.000 төгрөгийг хасаад 8.608.884 төгрөг, 2019 оны 10 сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл нэг сард авах тэтгэмж 174.000 төгрөгийг хасаад жилд 8.380.884 төгрөг, үүн дээр өмгөөлөгчийн Улаанбаатараас Замын-Үүд хооронд ирж очсоны зардал 124.800 төгрөг  нийт 32.879.394 төгрөг үүнээс шүүгдэгч З.Д-н өгсөн 100.000 төгрөгийг хасаад 32.779.394 төгрөг нэхэмжилж байна гэх мэдүүлэг.

Иргэний нэхэмжлэгч А.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Осол гарсны ар дээр машин журмын хашаанд орсон. Мөрдөн байцаагч машин чинь онхолдсон юм чинь үнэлгээ хийлгэх ёстой гэсэн. Тэгээд үнэлгээ хийхэд 6 сая гаруй төгрөг болсон. Тэгээд би яллагдагчаар татагдаж байгаад цагаатгагдсан. Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болсон. Тэгээд Х компаниар үнэлгээ хийлгээд 10,000,073 төгрөг гарсан. Энэ талаарх баримтууд Улсын дээд шүүх дээр иргэний журмаар явж байгаа. Д урагшаа суух зөвшөөрөл аваагүй. Хэрвээ надад урд сууя гэж хэлсэн бол би зогсох үйлдэл хийж байж суулгана. Д-г бөгсөн биеэрээ орсон гэдгийг яагаад мэдээд байна вэ? гэхээр машин ойчиход энэ хүн миний дээрээс дарсан тэгээд би зүүн гараараа түлхсэн. Тухайн үед маш их хурдтай болсон гэх мэдүүлэг.

Хохирогч Г.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр З.Д бид хоёр ажлын газрын Э эгчийн гэрт нь очоод түүний нөхрийнх нь Тоёота Альфард маркийн машинтай 11 цагийн орчимд Замын-Үүд сумаас Улаанбаатарын чиглэлд явсан. З.Д бид хоёр арын зааланд суусан байсан З.Д би урд талын суудал дээр суугаад унтлаа гээд урд талын суудлын голоор орох гэж байгаад биеэрээ жолоочийн гарыг хөдөлгөх үед жолооч жолоодлогоо алдаж замын хажуу руу онхолдсон. Яг урагшаа орж суухдаа жолоочоос зөвшөөрөл аваагүй асуугаагүй. Ц.А 155.000 төгрөг, З.Д 100.000 төгрөг өгсөн. Надад эмчилгээний зардал 6.000.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин 14.000.000 төгрөг, нийт 20.000.000 төгрөгийн хохирол учирсан. Одоо ажил хийх боломжгүй, надад учирсан хохирлыг барагдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 213/

Иргэний нэхэмжлэгч А.А мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр мэдүүлэхдээ: ...Гэтэл гэнэт Д нь урд суух гээд хоёр суудлын голоор хөлөө давуулаад ороод ирсэн,тэгээд давж амжаагүй миний гар Д-н өгзөг хэсгээр нь цохигдоод баруун гар тал руу дараад замын далангийн шороон дээгүүр гараад эргэж зүүн тал руугаа дараад тэр чигээрээ замынхаа зүүн гар талруу машин онхолдсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9/

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 11/

А ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6.271.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 13-17/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18/

2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын шинжээчийн дүгнэлтэнд:

1. Сувдан цагаан өнгийн ... улсын дугаартай Тоёота Альпард маркийн суудлын авто машиныг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Замын цагдаагийн тээврийн хэрэгслийн журмын хашаанд 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 16,00 цагт MNS 4598;2003 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага “ стандартыг шалгуур болгон шалгаж үзэхэд уг автомашин нь ерөнхий өнгө үзэмж маш муу техникийн талаас стандарт шаардлага хангах зүйл байхгүй урд салхины болон зүүн хажуу хаалганы шилнүүд хойд хажуугийн цонх бүгд хагарсан, бүхээгний дээвэр оройн хэсэг хонхойсон, урд нэг дугуй салж унаж алга болсон, урд нүүрний хэсгийн бүгд эд анги хагарч эвдрэн салж унасан, урд рамны хөндлөн тулгуур хүчтэй зүйл мөргөсний улмаас хойшоо чихэгдэн хөргөлтийн системийн банк ханзарч урагдсан урд буфер салж унасан, урд хоёр их гэрэл дохионы гэрлууд салж унасан, айэркондейшний хөргөлтийн гуурсан хоолой цоорсон хөргөлтийн шингэн гоожсон, зүүн гар талын үл  хамаарах тэнхлэг гулзайж тахийсан зүүн урд крило урагдаж чихэгдсэн, зүүн урд хаалга доод хормой хэсгээр хонхойж урагдсан, хойш түлхэгдэн хаагдахгүйгээр гажсан, зүүн хойд гүйдэг хаалга гулзайж гажсан, зүүн хойд хажуу хормой дотогш чихэгдэн орсон, зүүн хойд дохионы гэрэл салж унасан, хойд буфер салж унжсан, аюулгүйн дэрнүүд гарсан маш хүчтэй мөргөлт болсон байдалтай зэрэг зөрчлүүд илэрсэн байв.

2. ... улсын дугаартай Тоёота Альпард маркийн авто машины зам тээврийн осол нь техникийн эвдрэл гэмтлээс шууд шалтгаалж гарсаныг тодорхойлох боломжгүй ,тус машиныг техникийн хяналтын үзлэгт оруулж тоног  төхөөрөмжөөр шалгах ямар ч боломжгүй.

3.Тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нь зам тээврийн ослын дараа үүсэх боломжтой.

ХАРИУЛТ.

1. Сувдан цагаан өнгийн ... улсын дугаартай “ТОЁОТА АЛЬПАРД" маркийн суудлын автомашин нь техникийн эвдрэл гэмтлээс шууд шалтгаалж зам тээврийн осол гарсныг тодорхойлох боломжгүй, тус автомашиныг техникийн хяналтын үзлэгт оруулах ямар ч боломжгүй, ерөнхий өнгө үзэмж, техникийн стандарт шаардлага хангахгүй байлаа.

2. .... улсын дугаартай “Тоёота Альпард" маркийн сувдан цагаан суудлын автомашин нь техникийн хяналтын үзлэгт 2017 онд хамрагдагдаж тэнцсэн. ... /2017 оны 02-р сарын 07 нд Авто тээврийн Үндэсний төвийн Баянзүрх салбарт техникийн хяналтын үзлэгт орсон дүгнэлтийн хуудсыг хавсаргав гэжээ. /хх-ийн 45-47/

2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 22 дугаартай дүгнэлтэнд:

1. Тоёота Альпард маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.А нь МУ-ын ЗХД-ийн 2.3. б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бус хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт зөрчсөн байна.

Зорчигч З.Д нь ... улсын дугаартай Тоёота Альпард маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа МУ-ын ЗХД-ийн 4.1. б/ Тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа явган хүний зам (эсвэл хөвөө) тал руу буюу ар тал руу бууж тэр талаас сууна. Хэрэв ийм боломжгүй бол аюулгүй байдлыг хангаж, бусдын хөдөлгөөнд саад хийхгүйгээр зорчих хэсэг тал руу бууж, тэр талаас суухыг завшөөрнө гэснийг зөрчин мөн 4.2. в/ хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарнулах, түүний үйлдэлд саад болох гэснийг зөрчсөнөөс уг зам тээврийн осол, хэрэг гарсан байх үндэслэлтэй байна. Хариулт 2. Хариулт 1-ээр бүрэн хариулагдсан гэжээ. /хх-ийн 48/

2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. Тоёота Альпард маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалт зөрчсөн.

2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авсан эсэхэд үнэлэлт дүгнэлт гаргах боломжгүй байна.

3. Хавтаст хэргийн материалд жолооч А.А тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ би 70-80 км/цагийн хурдтай явж байсан гэж мэдүүлэг өгсөн, тээврийн хэрэгсэлд сууж явсан зорчигч Г.Д, 3.Д нар нь осол болох үед автомашин хэдэн км цагийн хурдтай явж байсан талаар мэдүүлээгүй /хэргийн газрын үзлэгт тоормозны ямар нэгэн ул мөр тэмдэглэгдээгүй/ зэргээс авч үзэхэд тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна.

4. Зорчигч З.Д нь Тоёота Альпард маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа МУ-ын ЗХД-ийн 4.2. в/ Хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болохгүй байх гэсэн заалтуудыг тус тус зерчсөн үндэслэлтэй байна . 5. 1,2,3,4-д хариулагдсан болно гэжээ. /хх-ийн 190-191/

2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 662 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 281 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

2. Хохирогч Г.Д-н биед зүүн сүүжний тогооны зөрөөтэй, тогооны ирмэгийн сэлтэрсэн хугарал, зүүн түнхний үений мултрал, зүүн түнхний үе орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх ба дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг их хэмжээгээр буюу 35-аас дээш хувиар алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

3. Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /2-р хх-ийн 16-17/

Хохирогч Г.Д-н хохирлын баримтууд /хх-ийн 110, 215-218/

Хохирогч Г.Д-н хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 111/

Хохирогч Г.Д-н өвчтэй эсэх талаар Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, өвчтэй хугацааны тооцоо 113-114/

Г.Д-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай тушаал /хх-ийн 115-116/

Шүүгдэгч З.Д-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 219/

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 221/

2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны 235 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна.” гэж заасан байх тул 2017 оны 08 дугаар сарын 18-ний өдрийн 22 дугаартай дүгнэлт үндэслэлтэй эсэхэд шинжээчид хариулт өгөх боломжгүй байна.

2. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэгт “Шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн үнэн зөвийг хариуцна.” гэж заасан байх тул 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлт үндэслэлтэй эсэхэд шинжээчид хариулт өгөх боломжгүй байна.

3. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шинжээчийн мэдлэгийн хүрээнд жолооч А.А тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан дээр дүгнэлт гаргах боломжүй байна.

4. Уг тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй тул жолооч А.А зогсоох арга хэмжээ авсан, зам тээврийн осолд хэрхэн яаж нөлөөлсөн эсэхэд дүгнэлт гаргах боломжгүй байна гэжээ. /2-р хх-ийн 39-40/

2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтэнд:

1. Хавтаст хэргийн материалд жолооч А.А нь тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ 70-80 км цагийн хурдтай явж байсан гэж мэдүүлэг өгсөн. Хэргийн газрын үзлэгийн схем зураг, тэмдэглэлд ямар нэгэн тормозны ул мөр тэмдэглэгдээгүй зэргээс авч үзэхэд тээврийн хэрэгслийн хурдыг тодорхойлох боломжгүй байна.

2. Тоёота Альфард маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч А.А нь МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3б/ хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх/ гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй байна.

 3 Зорчигч З.Д нь Тоёота Алфард маркийн ... улсын дугаартай тээврийн зэрэгсэлд зорчиж явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2.в Хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах түүний үйлдэлд саад болохгүй байх гэсэн заалт/-уудыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна.

 4. Жолооч А.А нь Замын хөдөлгөөнд оролцохдоо зорчигч Д, 3.Д нарт хамгаалах бүс зүүлгээгүй нь зам тээврийн осол гарахад нөлөөлөхгүй.

 5. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шинжээчийн мэдлэгийн хүрээнд жолооч А.А нь тээврийн хэрэгсэлийг зогсоох арга хэмжээ авах боломжтой байсан дээр дүгнэлт гаргах боломжгүй байна.

6. Жолооч А.А нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 б /хамгаалах бүсээр оноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх/ гэсэн заалт зөрчсөн байх үндэслэлтэй, зорчигч З.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 4.2.в Хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах түүний үйлдэлд саад болохгүй байх гэсэн заалтыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна. 7. 2-дах хариултанд хариулагдсан болно гэжээ. /2-р хх-ийн 52-53/

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д-н Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст гаргасан хохирлын тооцоо, хохирлын баримтууд /2-р хх-ийн 92-109/

Гэрч М.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 116-117/

Д.Э-н төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 122/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар

Шүүгдэгч Б овогт З.Д нь 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас хойд зүгт 58 километрт засмал замд А.А-г Тоёота Альпард маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үед түүний тээврийн хэрэгслийн арын суудалд зорчигчоор сууж явахдаа жолоочид хэлэлгүйгээр жолоочийн хажуу талын буюу  урд талын суудалд суух гээд 2 суудлын голоор орж жолооч А.А-н зүүн гарын тохойны доод хэсэгт цохисны улмаас жолоочийн анхаарал саринаж  жолоодлогоо алдаж зам тээврийн осол гаргасны улмаас түүнд зорчигч явсан хохирогч Г.Д-н эрүүл мэндэд нь зүүн сүүжний тогооны зөрөөтэй, тогооны ирмэгийн сэлтэрсэн хугарал, зүүн түнхний үений мултрал, зүүн түнхний үе орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүнд хохирол болгоомжгүйгээр учруулжээ.

Энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул шүүгдэгч З.Д-н бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч З.Д-н “Д хойд сандал дээр хэвтэе гэсэн. Тэгээд авто пүү дээр цамцаа өмсөөд шаргын овоо орчихоод ирье гээд цамцаа тайлж байсан. Тэгээд жолоочоос би урд талын суудал дээр чинь сууж болох уу гэж асуухад болно гэсэн. Суух гээд явахад осол гарсан” гэх мэдүүлэг, хохирогч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дөрвөн пиво авсан, хоёр хоёроор нь уусан. Хойно сууж байхад Д урагшаа орж сууна шүү гэж ярьж байсан. Яг  урагшаа орж суухдаа жолоочоос зөвшөөрөл аваагүй, асуугаагүй. Тэгээд осол гарсан. Осол гарснаас хойш би хоёр удаа хагалгаанд орсон” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 214/, иргэний нэхэмжлэгч А.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Осол гарсны ар дээр машин журмын хашаанд орсон. Мөрдөн байцаагч машин чинь онхолдсон юм чинь үнэлгээ хийлгэх ёстой гэсэн. Тэгээд үнэлгээ хийхэд 6 сая гаруй төгрөг болсон. Тэгээд би яллагдагчаар татагдаж байгаад цагаатгагдсан. Иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болсон. Тэгээд Х компаниар үнэлгээ хийлгээд 10,000,073 төгрөг гарсан. Энэ талаарх баримтууд Улсын дээд шүүх дээр иргэний журмаар явж байгаа. Д урагшаа суух зөвшөөрөл аваагүй. Д-г бөгсөн биеэрээ орсон гэдгийг яагаад мэдээд байна вэ? гэхээр машин ойчиход энэ хүн миний дээрээс дарсан тэгээд би зүүн гараараа түлхсэн. Тухайн үед маш их хурдтай болсон гэх мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-9/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 11/, А ХХК-ийн автомашин техникийн үнэлгээний тайланд ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 6.271.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээ /хх-ийн 13-17/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18/,  2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-47/, 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 22 дугаартай дүгнэлт /хх-ийн 48/, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 190-191/, 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 662 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 16-17/ хохирогч Г.Д-н хохирлын баримтууд /хх-ийн 110, 215-218/, хохирогч Г.Д-н хөдөлмөрийн гэрээний хуулбар /хх-ийн 111/, хохирогч Г.Д-н өвчтэй эсэх талаар Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр, өвчтэй хугацааны тооцоо 113-114/ зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж шүүх  үзлээ.

Шүүгдэгч З.Д нь уг үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэж, хүний биед хүнд хохирол учруулсан, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч З.Д-д холбогдуулан зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт “Д-н өөрийн 100% буруутай үйлдэл байсан уу гэх асуудал яригдаж байгаа юм. Хавтаст хэргийн материалаас авч үзэхэд шүүгдэгч иргэний нэхэмжлэгч машин барьж явахад саад учруулснаас болж осол гарсан гэсэн дүгнэлт байдаг. Ослын гэрэл зургийг үзэхэд машины урд дугуй байхгүй, амортизатор хугарсан, таван бул нь цабнаасаа гараад ирсэн. Эдгээр гэмтэл нь осол гарсан байх боломжтой байдаг гэтэл дүгнэлтээр тогтоогоогүй. Хүний шууд санаатай үйлдлээс гарсан уу, машины эвдрэл гэмтэлтэй байдлаас болсон уу гэх асуудлыг тогтоогоогүй.  Иймд дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтэй байна. Маргаж байгаа зүйл нь ганц З.Д-н буруугаас гарсан уу гэдгийг тогтоож чадаагүй, стандартад заасны дагуу шинжээчид дүгнэлтээ гаргаж чадаагүй, тухайн авто машин нь бүрэн бүтэн байна гэх боловч зааврын дагуу бүртгэгдээгүй байна” гэж мэтгэлцэж байгаа боловч уг осол гарах болсон шалтгаан нь шүүгдэгч З.Д-н болгоомжгүй буруутай үйлдлийн улмаас үйлдэгдсэн болох нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 22 дугаартай, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн  шинжээчийн дүгнэлтүүдээр “зорчигч З.Д нь Тоёота Альпард маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явахдаа МУ-ын ЗХД-ийн 4.2. в/ Хөдөлгөөний үед жолоочийн анхаарлыг сарниулах, түүний үйлдэлд саад болохгүй байх гэсэн заалтыг зерчсөн байх үндэслэлтэй байна” гэсэн дүгнэлт гарсан бөгөөд энэ нь хохирогч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “З.Д бид хоёр арын зааланд суусан байсан З.Д би урд талын суудал дээр суугаад унтлаа гээд урд талын суудлын голоор орох гэж байгаад биеэрээ жолоочийн гарыг хөдөлгөх үед жолооч жолоодлогоо алдаж замын хажуу руу онхолдсон” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Д урагшаа суух зөвшөөрөл аваагүй. Д-г бөгсөн биеэрээ орсон гэдгийг яагаад мэдээд байна вэ? гэхээр машин ойчиход энэ хүн миний дээрээс дарсан тэгээд би зүүн гараараа түлхсэн” гэх мэдүүлгүүдээр давхар нотлогдож байгаа болно.

Хохирогч Г.Д, иргэний нэхэмжлэгч А.А нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа, дараагийн өгсөн мэдүүлгүүд нь байнга тогтвортой, эргэлзээгүй байсан тул үнэн зөв мэдүүлэг гэж үзэж байна.

Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т-н шүүх хуралдаанд гаргасан “2019 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны 235 дугаартай шинжээчийн дүгнэлт, 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтүүдийг гаргахдаа 2018 онд батлагдан дагаж мөрдөж байгаа “Монгол Улсын  Замын хөдөлгөөний дүрэм”-ийн заалтаар гаргаагүй, хуучин дүрмийн заалтаар гаргасан тул дахин дүгнэлт гаргуулах тухай” саналыг хүлээн авах боломжгүй байна.

Дээрх дүгнэлтүүдийг гаргахдаа хуульд заасан журмыг зөрчиж гаргасан ба эдгээр нотлох баримтууд нь шүүхийн шийдвэр болохуйц ач холбогдолтой нотлох баримт биш байх тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэж үзэж, энэ хоёр шинжээчийн дүгнэлтээс гадна урьд нь гаргасан 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн 22 дугаартай дүгнэлт, 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтүүд хэрэгт байгаа бөгөөд эдгээр дүгнэлтүүдийг үгүйсгээгүй тул нотлох баримтаар үнэлж, хэргийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Мөн 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Авто тээврийн үндэсний төвийн Замын-Үүд салбарын шинжээчийн “... улсын дугаартай Тоёота Альпард маркийн авто машины зам тээврийн осол нь техникийн эвдрэл гэмтлээс шууд шалтгаалж гарсаныг тодорхойлох боломжгүй, тус машиныг техникийн хяналтын үзлэгт оруулж тоног  төхөөрөмжөөр шалгах ямар ч боломжгүй. Тухайн тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэл нь зам тээврийн ослын дараа үүсэх боломжтой. ... улсын дугаартай “Тоёота Альпард" маркийн сувдан цагаан суудлын автомашин нь техникийн хяналтын үзлэгт 2017 онд хамрагдагдаж тэнцсэн. /2017 оны 02-р сарын 07 нд Авто тээврийн Үндэсний төвийн Баянзүрх салбарт техникийн хяналтын үзлэгт орсон дүгнэлтийн хуудсыг хавсргав” гэх дүгнэлтээс харахад шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “ослын гэрэл зургийг үзэхэд машины урд дугуй байхгүй, амортизатор хугарсан, таван бул нь цабнаасаа гараад ирсэн. Эдгээр гэмтэл нь машины бүрэн бус техникийн байдлаас болж осол гарсан байх боломжтой байдаг гэтэл дүгнэлтээр тогтоогоогүй” байна гэсэн саналыг няцааж байна.

Шүүгдэгч З.Д нь жолоочийн хажуу талын урд хэсгийн суудалд суух гээд суудлын голоор ороход осол гарсан гэдгээ хүлээн мэдүүлж байгаа боловч шүүхийн хэлэлцүүлэгт “би жолоочийн хажуугийн урд талын суудалд суухдаа жолоочоос зөвшөөрөл авч суусан” гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь хохирогч Г.Д-н мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “хойно сууж байхад Д урагшаа орж сууна шүү гэж ярьж байсан. Яг урагшаа орж суухдаа жолоочоос зөвшөөрөл аваагүй, асуугаагүй, тэгээд осол гарсан” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч А.А-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Д урагшаа суух зөвшөөрөл аваагүй. Д-г бөгсөн биеэрээ орсон гэдгийг яагаад мэдээд байна вэ? гэхээр машин ойчиход энэ хүн миний дээрээс дарсан тэгээд би зүүн гараараа түлхсэн” гэх мэдүүлгүүдээр няцаагдаж байгаа болно.

Шүүгдэгч З.Д нь хохирогчийн эрүүл мэндэд гэм хор учруулсаны төлбөрт эмчилгээний зардалд 4.738.894 төгрөг, листний зөрүү 2.237.048 төгрөг, цалингийн зөрүү 2017 оны 10 сарын 25-наас 2018 оны 10 сарын 25-ныг хүртэл 8.788.884 төгрөг, 2018 оны 10 сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл 8.608.884 төгрөг, 2019 оны 10 сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл 8.380.884 төгрөг, үүн дээр өмгөөлөгчийн Улаанбаатараас Замын-Үүд хооронд ирж очсоны зардал 124.800 төгрөг нийт 32.879.394 төгрөг үүнээс шүүгдэгч З.Д-н өгсөн 100.000 төгрөгийг хасаад 32.779.394 төгрөгийн төлбөртэй болно.

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгч З.Д-г болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч З.Д нь хохирогч Г.Д-н биед болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсаны гэм хорын төлбөрт эмчилгээний зардалд 4.738.894 төгрөг, листний зөрүү 2.237.048 төгрөг, цалингийн зөрүү 2017 оны 10 сарын 25-наас 2018 оны 10 сарын 25-ныг хүртэл 8.788.884 төгрөг, 2018 оны 10 сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл 8.608.884 төгрөг, 2019 оны 10 сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл 8.380.884 төгрөг, үүн дээр өмгөөлөгчийн Улаанбаатараас Замын-Үүд хооронд ирж очсоны зардал 124.800 төгрөг нийт 32.879.394 төгрөг үүнээс шүүгдэгч З.Д-н мөрдөн шалгах ажиллагааны явцад төлсөн 100.000 төгрөг, хохирогчийн өмгөөлөгчийн Улаанбаатар-Замын-Үүдэд ирж, буцсаны замын зардал 124.800 төгрөг, 2019 оны 10 сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл цалингийн зөрүү 8.380.884 төгрөг, нийт 8.605.684 төгрөгийг хасч тооцон эмчилгээний зардалд 4.738.894 төгрөг, листний зөрүү 2.237.048 төгрөг, 2017 оны 10 сарын 25-наас 2018 оны 10 сарын 25-ныг хүртэл цалингийн зөрүү 8.788.884 төгрөг, 2018 оны 10 сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл цалингийн зөрүү 8.608.884 төгрөг нийт 24.272.700 төгрөгийг гаргуулж, хохирогчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн өмгөөлөгчийн Улаанбаатар-Замын-Үүдэд ирж, буцсаны замын зардал 124.800 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, 2019 оны 10 сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл цалингийн зөрүү 8.380.884 төгрөгийг тэтгэмжээ авч дууссаны дараа нотлох баримтаа бүрдүүлж иргэний шүүхэд жич нэхэмжлэх эрхтэй байхаар шийдвэрэлэв.

Шүүх хуралдааны явцад шүүгдэгч, хохирогч нар нь гэм хорын төлбөр нийт 24.272.700 төгрөгийг 2019 оны 12 сарын 03-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, гэрээнд заасан журмын дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын 2018 оны 07 сарын 31-ний өдрийн 5/05 тоот прокурорын тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр шүүгдэгч З.Д-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосны дараа иргэний нэхэмжлэгч А.А нь 2018 оны 10 сарын 23-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд авто машинд учирсан гэм хорын төлбөрт 18.004.000 гаргуулахаар нэхэмжлэл гаргасны дагуу тус шүүхийн ... оны ... сарын ...-ны өдрийн ... тоот шийдвэрээр 12.814.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас 5.190.000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа тул тус шүүх хуралдаанаас иргэний нэхэмжлэгч А.А-н нэхэмжлэлийг шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзэв.

Шүүгдэгч З.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмждэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг  нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нь бусдын биед болгоомжгүйгээр хүнд хохирол учруулсан гэм хорын төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлж, хохирогчтой сайн дураараа эвлэрч хохирол төлөх талаар эвлэрлийн гэрээ байгуулсан, шүүгдэгч нь ар гэртээ өндөр настай ээж, бага насны хүүхэдтэй амьдардаг, ар гэрт шүүгдэгчээс өөр ажил хийж амьдрал ахуйгаа залгуулдаг хүн байхгүй зэрэг амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт “нэг жил хүртэл хугацаагаар эрх хасах” ялыг нэмэгдэл ялын шинжтэйгээр хэрэглэхээр заасан байх тул шүүгдэгчийг ажил төрлөө эрхэлж, хохирогчийн эмчилгээний зардлыг төлүүлэх үүднээс шүүгдэгчид нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулахаас бусад тодорхой төрлийн буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дахь хэсэгт “энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөхөө илэрхийлж тэнсэгдсэн хүн хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүх тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч З.Д-н хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүгдэгч, хохирогч нарын хооронд байгуулсан хохирлоо нөхөн төлөх эвлэрлийн гэрээний хугацаагаар тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгчийн гэмт хэргийг болгоомжгүй үйлдсэн, ажил төрлөө хэвийн үргэлжлүүлж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлөх хугацаа боломжоор хангах үүднээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хэрэглэх шаардлагагүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт З.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан болгоомжгүйгээр хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч З.Д-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Д-с бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын төлбөрт эмчилгээний зардалд 4.738.894 төгрөг, листний зөрүү 2.237.048 төгрөг, 2017 оны 10 сарын 25-наас 2018 оны 10 сарын 25-ныг хүртэл цалингийн зөрүү 8.788.884 төгрөг, 2018 оны 10 сарын 25-ны өдрөөс 2019 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл цалингийн зөрүү 8.608.884 төгрөг нийт 24.272.700 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Д-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн өмгөөлөгчийн Улаанбаатар-Замын-Үүдэд ирж, буцсаны замын зардал 124.800 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож, 2019 оны 10 сарын 25-ны өдрөөс 2020 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл цалингийн зөрүү 8.380.884 төгрөгийг тэтгэмжээ авч дууссаны дараа нотлох баримтаа бүрдүүлж иргэний шүүхэд жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Д-н хохирлоо нөхөн төлөх хугацааг шүүгдэгч, хохирогч нарын хооронд байгуулсан хохирлоо нөхөн төлөх эвлэрлийн гэрээний хугацаагаар тогтоосугай.

5. Шүүгдэгч З.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт, бичиг нь шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар  шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Д-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар Прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                   Д.Ц