| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Амаржаргалан |
| Хэргийн индекс | 101/2016/07763/и |
| Дугаар | 06439 |
| Огноо | 2016-11-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 02 өдөр
Дугаар 06439
2016 оны 11 сарын 02 өдөр Дугаар 101/ШШ2016/06439 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Амаржаргалан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, С ХХК-ийн байранд байрлах С трейд ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, * хороо, * худалдааны төвийн өргөтгөлийн “Өргөтгөл” бөөний төвийн *оотод байрлах У ХХК-д холбогдох,
Зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт 78 714 724 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.А, хариуцагчийг төлөөлөн, Гүйцэтгэх захирал Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Халиун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Манай компани нь У ХХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан хамтран ажилласан. Зээлийн гэрээнд тус компанид нэг удаа 50 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг зээлэх зээлийн лимитийг тогтоон өгсөн. Гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасны дагуу худалдан авагч тал нь бүтээгдэхүүний төлбөрийг сар бүрийн 10, 30-нд буюу хоёр удаа төлөх үүргийг хүлээсэн байна. 2016 оны Цагаан сарын баярын өмнө 73 000 000 төгрөгийн бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан боловч 72 215 344 төгрөгийн бүтээгдэхүүнийг борлуулсан төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Төлбөр төлөх үүргээ хугацаандаа гүйцэтгэж чадаагүй тул 2016 оны 04 дүгээр сарын 25-ны дотор хэсэгчлэн төлөх нэмэлт хугацаа тогтоож өгөх хүсэлтийг хариуцагч компани 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан ч гэрээний төлбөрийг төлөөгүй юм. У ХХК нь төлбөр төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байх тул 2016 оны 01 дүгээр сарын 10-нд байгуулсан Зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр 72 215 344 төгрөгийг алдангийн хамт гаргуулах хүсэлтэй байна.
Иймд гэрээний 6 дугаар сарын 6.4-т заасны дагуу тооцоо нийлсэн 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хойш 30 хоногийн, нэг хоногийн 216 646 төгрөг, нийт 6 499 380 төгрөгийн алданги, үлдэгдэл төлбөр 72 215 344 төгрөгийн хамт, нийт 78 714 724 төгрөгийг У ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч У ХХК-ийг төлөөлж, Гүйцэтгэх захирал Г.Г шүүхэд болон шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:
Тухайн үед С трейд ХХК-ийн зүгээс хоёр компанийг нэг дор байрлалтай учраас нэг компанитай нь л гэрээ хийх санал гаргасан. Ингээд тус компанийн нэр дээр гэрээ хийгдсэн. Гэвч хоёр компани нь 25 сая, 25 сая төгрөгийн хувиараа бараа авч байсан. Гэвч бид гэрээгээ удаа дараа тусдаа хийх зорилготой харьцаж байсан боловч СТрейд ХХК-иас салгаж өгөхгүй байсан. Одоогийн байдлаар 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөр У 19 000 000, Жан Арвижих ХХК 29 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. 2016 оны 09 дүгээр сард хоёр компанид СТрейд ХХК-иас тус тусад нь үлдэгдлийн акт тогтоож гэрээ баталгаажуулсан. Иймд бид бүхэн 18 жил СТрейд ХХК-тай харилцан ажилласан ба хоёр компанитай холбогдох өр төлбөрөө тус тусдаа 2016 оныг дуустал төлөхөөр тохирсон. Шүүх хуралд тус компанийн борлуулалтын дарга, менежерүүдийг оролцуулахыг хүсч байна гэжээ.
Зохигчдын төлөөлөгч нарын шүүхэд бичгээр гаргасан тайлбар, шүүх хуралдааны үед гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С трейд ХХК нь хариуцагч У ХХК-д холбогдуулан зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрт 78 714 724 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 47 381 071 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алданги тооцсон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигч талуудын хооронд 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулан зээлээр борлуулах бараа бүтээгдэхүүний дээд хэмжээг 50 000 000 төгрөг байхаар тохиролцон, зээлээр авсан барааны төлбөрийг сар бүрийн 10, 30-ны дотор төлөхөөр харилцан тохиролцсон болох нь талуудын байгуулсан уг гэрээний хуулбар /х.х-ийн 4 дэх талд/, зохигч талуудын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Гэрээний дагуу 2016 оны Цагаан сарын баярын үеэр 73 000 000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн авсан, шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тооцооны үлдэгдэл 72 215 344 төгрөг, үүнээс шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх өдрийн байдлаар үлдэгдэл тооцоо 47 381 071 төгрөг байгаа талаар зохигч талууд тайлбарлаж, энэ үнийн дүнгийн талаар маргаагүй байна. Тооцооны үлдэгдэл 49 081 071 төгрөг үлдсэн талаар зохих баримтыг /х.х-ийн 24 дэх талд/ хариуцагч тал шүүхэд гаргаж өгсөн байна.
Талуудын байгуулсан гэрээг агуулга болон зорилго, талуудын хүсэл зоригийн илэрхийллээс дүгнэн үзэхэд, бараа бүтээгдэхүүнийг худалдан авагч талд шилжүүлэх, гэрээнд заасан тодорхой хугацаанд үнийг хэсэгчлэн төлөх шинжээрээ Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан Зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзэв.
Гэрээний дагуу зээлээр худалдан авагч тал бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан боловч, үнийг тохиролцон хугацаанд төлөөгүй байх тул гэрээний дагуу хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх үндэслэлээр шаардлага гаргаж байна.
Бараа бүтээгдэхүүний үнийг хугацаанд нь төлөөгүй, тооцооны үлдэгдэл төлбөр 47 381 071 төгрөг байгаатай хариуцагч тал маргаагүй, энэ үнийн дүнгийн хэмжээнд эвлэрэх боломжтой гэж тайлбарлаж байх тул гэрээний үүргийн зөрчил болон гэрээний дагуу төлбөр төлөх үндсэн үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.
Хариуцагч шүүх хуралдааны үед 47 381 071 төгрөгийн хувьд эвлэрэн хэлэлцэх саналыг нэхэмжлэгч талд тавьсан боловч хариуцагч энэ үнийн дүнгээр эвлэрэн хэлэлцэхгүй гэв. Үүнтэй холбогдуулан хариуцагч тайлбар хийхдээ, “энэ гэрээний дагуу зөвхөн манай компани бус хоёр өөр компани бараа бүтээгдэхүүн хүлээн авсан, төлбөрийг тус тусдаа төлөх ёстой” гэж тайлбарлаж байна. Гэхдээ энэ тайлбар, үндэслэлээ баримтаар нотлоогүй байна.
Нөгөө талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй Зээлээр худалдах худалдан авах гэрээнд худалдан авагч талаас гагцхүү У ХХК-ийг төлөөлж, Гүйцэтгэх захирал Г.Гэсэржав гарын үсэг зурсан нь гэрээний дагуу худалдан авагч талыг У ХХК гэж үзнэ. Хариуцагч тал өөр байгууллагатай ямар тохиролцоотой байсан, үүргийг хамтран эсхүл хэсэгчлэн хариуцах тохиролцоо байсан эсэх нь тухайн гэрээ болон зохигчдын тайлбар, бусад баримтаар тогтоогдохгүй байна.
Хариуцагч байгуулсан гэрээний дагуу хүлээсэн үндсэн үүргээ хүлээн зөвшөөрсөн боловч, алданги төлөх үүргээ хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Талуудын байгуулсан гэрээний 6.4 дэх хэсэгт, “Худалдан авагч нь гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй нөхцөлд гэрээний үүргээ биелүүлээгүй хугацаа хэтрүүлсэн хоонг тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,3 хувьтай тэнцэх алдангийг төлөх үүрэгтэй.” гэж заасан нь Иргнэий хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэг, 232.1 дэх хэсэг, 232.3 дахь хэсэгт заасан зохицуулалттай нийцэж байна.
Гэрээгээр тохиролцсон анзын гэрээний зохицуулалтыг мэдээгүй гэх хариуцагчийн тайлбар нь энэ үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.
Алдангийг нэхэмжлэгч тал тооцоолохдоо, гэрээний үүргийн зөрчлийг 2016 оны 06 дугаар сарын 06-ны өдөр гарсан гэж үзэж, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн 72 215 344 төгрөгөөс 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл 30 хоногийн хугацаагаар, гэрээнд зааснаар 0,3 хувиар хоног тутамд тооцоолсон нь хуульд нийцэж байна.
Иймд хариуцагч гэрээний үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрсөн болон хууль зүйн болон баримтаар нотлогдсон үндэслэлээр гэрээний үлдэгдэл төлбөр 47 381 071 төгрөгийг, түүнчлэн байгуулсан гэрээний дагуу төлөгдөх алдангийн үүргээс чөлөөлөгдөх үндэслэл нь баримтаар тогтоогдохгүй байх тул алдангид гаргуулах 6 499 380 төгрөг, нийт 53 880 451 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар, хариуцагч өөрийн тайлбар, татгалзлаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд нотлох үүргээ хэрэгжүүлэхэд шүүхээс ямар нэг эрхийг хязгаарлаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхээр хэрэг хэлэлцэх явцад, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүсэлтгүй, шинээр гаргаж өгөх нотлох баримтгүй тул хэргийг хэлэлцүүлсэн бөгөөд хэрэг хэлэлцэж эхэлсний дараа гаргаж өгөөгүй нотлох баримт дурдахгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүсэлт хэлэлцэхгүй гэсэн дэг тогтоон шүүх хуралдаан тус дэгийн дагуу явагдсан болохыг дурдая.
Хувийн эрх зүйн харилцаанд оролцогч түүнээс гарах үр дагавар, эрсдлийг өөрөө хариуцах зарчимтай тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй байх, идэвхигүй байх, тайлбар шүүхэд гаргаж өгөхгүй байх, нотлох үүргээ хүлээхгүй байх зэрэг нь тус хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүйг онцлох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйл заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АМАРЖАРГАЛАН