| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0749/Э |
| Дугаар | 790 |
| Огноо | 2019-08-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Гэрэлбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 790
2019 08 28 2019/ШЦТ/790
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,
Шүүгдэгч Ж.Б, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бага гэлэн овогт Ж.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, дуудлагын жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт, ял шийтгэлгүй, Ж.Б,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Ж.Б нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Залуучууд” зочид буудлын орчимд хохирогч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Лее Сухёны 1313 ам долларыг хулгайлан авч /3.413.800 төгрөгийн/ хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй... ” гэв.
Эрүүгийн хэргээс:
Хохирогч Лее Сухёны цагдаагийн хэлтэст гаргасан гомдол /хх-ийн 3 дугаар хуудас/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 5 дугаар хуудас/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 6 дугаар хуудас/,
Хохирогч Лее Сухёны мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 16 цагийн орчимд МУИС-ийн 5 дугаар байрны урд талын зам гараад явж байхад тухайн үед гэнэт хүн цүнх оролдож байгаа юм шиг мэдэгдээд эргэж харахаасаа айгаад чигээрээ хурдан алхаад яваад өгсөн. Миний цүнхэнд байсан мөнгө, нүүрний будагнууд алдагдсан” гэх мэдүүлэг /хх-н 8-9 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ж.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаа тарчихаад Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутагт байрлах "Залуучууд" зочид буудлын тэнд явж байсан. Тухайн үед урд талд нэг эмэгтэйн 2 үүргэвчтэй цүнх нь онгорхой байхаар нь дотроос нь ягаан кошлок авчихсан юм. ...Тэгээд ягаан кошлокийг үзэхэд дотор нь 1313 ам доллар байсан” гэх мэдүүлэг /хх-н 37-38 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ж.Б-ын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 11 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 12 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 14 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 15 дугаар хуудас/, дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 16-31 дүгээр хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм бурууг нотолж байгаа эдгээр нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт байгаа бусад баримтуудаар тогтоогдсон, хэрэгт хамааралтай бүхий л байдлыг мэдүүлсэн, эх сурвалж тодорхой байна.
Шүүхээс шүүгдэгч Ж.Б-ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Залуучууд” зочид буудлын орчимд хохирогч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Лее Сухёны 1313 ам долларыг хулгайлан авч /3.413.800 төгрөгийн/ хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Лее Сухёны мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчээс хохирогчийн эд хөрөнгийг нууцаар авсанаа мэдүүлсэн, хохирогчоос эд хөрөнгөө алдагдсаныг мэдүүлж, хохирогчид бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.Бын үйлдэл нь “хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Иймд Ж.Бад холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Ж.Б нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас бусдыг хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлджээ.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар хохирогч Лее Сухёнд мөрдөн байцаалтын шатанд 603 ам.доллар буцаасан өгсөн нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэлээр /хх-ийн 5 дугаар хуудас/ тогтоогдож байх ба шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Б нь хохирогчийн нэхэмжилсэн 500 ам.доллар буюу 1.315.800 төгрөгийг нөхөн төлсөн нь хохирлын баримтаар тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ж.Быг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан хорих ялыг хоногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч Ж.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг тайлбарласугай.
4. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шүүхийн хохирлын дансанд байршуулсан хохирлын 1.315.800 /нэг сая гурван зуун арван тав найман зуун мянган/ төгрөгийг хохирогч Лее Сухёнд олгосугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ