Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 145

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж

Нарийн бичгийн дарга Б.А

Улсын яллагч Л.С

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн  авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Д аймгийн С суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, ачаа вагон хүлээлцэгч мэргэжилтэй, ... ажилтай,  ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл Д овогт Б.Б,

Холбогдсон хэргийн талаар:           

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.Э-г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт мэтгэлцэгч талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хамт ажилладаг Э-тай маргалдаж танхайрсан нь үнэн. Э, Г хоёртой таараад Г-н гэрт нь очоод Э-тай маргалдаж ийм асуудал үүссэн. Э намайг өдөр хаяад явсан гэж гомдолж маргаад байсан. Би үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Би дахин гэмт хэрэгт холбогдохгүй гэв.

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Б-г чи яагаад намайг орхиод явж байгаа юм бэ? гэтэл Б чи зүгээр байгаарай гэсэн. Тэрнээс болоод бид 2 маргасан. Өдөр нь Б таксинд суухдаа л юу байна бандиа энэ тэр гээд хүний хажууд дээрэнгүй хандаад байсан юм. Тэрийг санаад л би чи яагаад надтай ингэж харьцаад байнаа гэснээс болоод хэрэлдэж эхэлсэн. Сүүлдээ Б бид 2 барилцаад авсан ба гаднаас Г орж ирж байсан. Б бид 2 гэрийн баруун хойд талд барилцаад бие биеэ хувцсаар нь боож газар унагахаар зууралдсан. Зууралдаад байж байхад миний цээж рүү Б нэг удаа өшиглөсөн. Заамдалцаад байж байхад Б намайг дийлээд газар унагаж дээр суугаад миний нүүр лүү, толгой руу гараараа нилээн олон удаа угсруулаад цохисон. Би нүдээ аньчихсан байсан болохоор аль гараараа хэдэн удаа цохисныг мэдээгүй. Тэгтэл хажуунаас Г больцгоо гээд бид хоёрыг салгасан. Босоод ирсэн чинь миний баруун хөмсөгнөөс цус гарч байсан, бас уруулын баруун хэсэг язарсан бололтой цус гарч байсан... Ялихгүй зүйлээс болж намайг зодсон. Маргааш нь чи яаж байгаа юм бэ гэж Б-с утсаар асуухад зайлаа чи, өгдөг газраа өгөхгүй юу лалраа гэж доромжилсон... Миний баруун хөсмөг язарч 2 оёдол тавиулсан. Уруулын баруун хэсэг язарсан. Биеийн энд тэнд улайж халзарсан байсан....миний биеийн байдал одоо зүгээр болсон байгаа тул Б.Б-д ямар нэг гомдол байхгүй, түүнээс нэхэмжлэх зүйл үгүй болно” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-10, 49/

Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 11 дүгээр сарын 23-ны 12 цагийн үед би хамт ажилладаг Э гэрт очиж хоол идсэн. Тэндээс Э хамт гарч таксидан “М” ресторанд орсон. Замдаа хамт ажилладаг Б-тай таарч түүнийг бас авч явсан юм. Ингээд бид 3 “М” ресторанд 6 шилтэй пиво захиалж уугаад 19 цаг болж байхад гарцгаасан... Удаагүй Э таксигаар ирсэн. Тэгтэл Б бас над руу залгаад би танайд очлоо шүү гэж хэлсэн. Э бид 2 гадаа мод хагалж байхад Б ирсэн. Б 2 лаазтай пиво аваад ирсэн байсан. Б, Э 2 хамтдаа манай гэр лүү орсон. Би модоо хагалаад үлдсэн. 10 орчим минутын дараа модоо хагалж дуусаад гэртээ ортол Б, Э 2 хоорондоо маргалдаад байж байсан. Юунаас болоод маргасныг нь мэдээгүй. Бие биеэ банди, чадах уу энэ тэр гээд үг шидэлцэж байгаад гэнэт барилцаад авсан. Гэрийн баруун хойд талд зууралдаад бие биеийгээ заамдаж унагах гээд байгаа бололтой байсан. Нэгнийхээ дээр гарах гээд байгаа ч юмуу, барилдах гээд ч байгаа юмуу зууралдаад байсан. Цохилцож зодолдоогүй зууралдаад байхаар нь би ч зодолдчихно гэж санаагүй галаа түлээд байж байсан. Тэгтэл Б Э дээр гарч суугаад Энхсайханы нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Аль гараараа цохисныг нь санахгүй байна. Тэгэхээр нь би очоод боль гээд салгасан. Э баруун хөмсөг, уруулын баруун хэсэг хоёроос цус гарч байсан. Би цусыг нь Э подвалкаар нь арчиж өгсөн. Б сандал дээр суугаад харж байсан. .. Э Б-г цохиж зодож байсан зүйл би хараагүй. Намайг салгахад Б-д зодуулсан шинж тэмдэг байгаагүй. Э Б-г цохиж байгааг би хараагүй. Тийм юм болоогүй байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13/

Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 04/69 дугаартай дүгнэлт

1.Б.Э баруун хөмсөг орчимд язарсан шарх, уруулд язарсан шарх, цээжний зүүн талд зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтлүүд дан дангаараа болон нийлээд “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 23/

Шүүгдэгч Б.Б-н хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд /хх-ийн 36-45/

Шүүгдэгч Б.Б-н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/

Хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн гомдол саналгүй гэсэн тодорхойлолт /хх-ийн 49/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн орой 20 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Б.Э-г зодож эрүүл мэндэд нь баруун хөмсөг орчимд язарсан шарх, уруулд язарсан шарх, цээжний зүүн талд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Б бид 2 гэрийн баруун хойд талд барилцаад бие биеэ хувцсаар нь боож газар унагахаар зууралдсан. Зууралдаад байж байхад миний цээж рүү Б нэг удаа өшиглөсөн. Заамдалцаад байж байхад Б намайг дийлээд газар унагаж дээр суугаад миний нүүр лүү, толгой руу гараараа нилээн олон удаа угсруулаад цохисон. Би нүдээ аньчихсан байсан болохоор аль гараараа хэдэн удаа цохисныг мэдээгүй. Тэгтэл хажуунаас Г больцгоо гээд бид хоёрыг салгасан. Босоод ирсэн чинь миний баруун хөмсөгнөөс цус гарч байсан, бас уруулын баруун хэсэг язарсан бололтой цус гарч байсан…” гэх мэдүүлэг /хх-ийн 9-10/, гэрч Ц.Г  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... тэгтэл Б Э дээр гарч суугаад Э нүүр лүү гараараа 2-3 удаа цохисон. Аль гараараа цохисныг нь санахгүй байна. Тэгэхээр нь би очоод боль гээд салгасан. Э баруун хөмсөг, уруулын баруун хэсэг хоёроос цус гарч байсан. Би цусыг нь Э подвалкаар нь арчиж өгсөн. Б сандал дээр суугаад харж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 13/, Дорноговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 04/69 дугаартай дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.

Дээрх яллах талын нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуульд заасан нөхцөл журмын дагуу авагдсан, тухайн хэрэгт хамааралтай, нэг нь нөгөөгөө давхар нотолсон, шүүхийн шийдвэрийн үндэс болсон хууль ёсны нотлох баримтууд гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Б нь уг үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэж, бусдын биед хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд дэх сум дундын прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Хохирогч Б.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд “эмчилгээний зардалд 150.000 төгрөг бэлнээр өгсөн, одоо гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Б-г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч Б.Б нь үйлдсэн хэргийнхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн зүйлчлэлийн болон гэм буруугийн талаар маргаан гаргаагүй болно.

Шүүгдэгчид хүлээлгэх Эрүүгийн хариуцлагын талаар

Шүүхээс шүүгдэгч Б.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг болон эд мөрийн баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-д зааснаар Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Б.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасны дагуу, хяналтын прокурортой 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгуулийн ялыг тохирч хэргийг шүүхэд шилжүүлжээ. Иймд шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа хяналтын прокурортой тохиролцсон ялын төрөл, хэмжээний дотор оногдуулж, оногдуулах торгуулийн ялын хэмжээ бага учир Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д овогт Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон иргэний баримт бичиг, эд мөрийн баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг  эс зөвшөөрвөл  өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ                      Д.Ц