| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0499/Э |
| Дугаар | 794 |
| Огноо | 2019-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 794
2019 9 04 2019/ШЦТ/794
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Улсын яллагч П.Ганбаатар,
Хохирогч Д.Солонго, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэбат,
Шүүгдэгч Б.Ш, түүний өмгөөлөгч Т.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Ховд аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, Чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт, ял шийтгэлгүй Б.Ш,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Б.Ш нь 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордонд иргэн Д.Солонготой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь цохиж түүний биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, мөн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн авто зогсоол дээр иргэн Ч.Цогбаярыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Солонго мэдүүлэхдээ “...Би хуульд заасан шаардлагын дагуу эмнэлгийн картанд авагдсан нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Би 2 жилийн турш сэтгэл санааны дарамтанд байсан. Шүүгдэгч Б.Ш гэр бүлийн санхүүд нөлөөлж эхэлсэн. Би тухайн үед орилж ороогүй, нөхөртэйгээ уулзахаар очоод Б.Штой уулзахаар дуудуулсан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгөөд сууж байхад Б.Ш нь Б.Цогбаяртай орж ирсэн. Б.Ш нь 2017 оноос хойш хамт амьдарч, хүүхдүүдтэй гэр бүлийг хагардуулсан. Миний нөхрийн машиныг өөрийн эцгийн нэр дээр шилжүүлсэн байсан. Шүүгдэгч Б.Ш нь хувийн сахилга бат, ёс зүйгүй хүн гэж харагдаж байна. 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Б.Цогбаяр Б.Шт зодуулсан гэж ирсэн. Хохирлоо төлүүлэх хүсэлтэй байна. Гомдолтой байна” гэв.
Хохирогч Д.Солонгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 5 дугаар сарын 20-ны өдөр манай нөхөр бөхийн бэлтгэлд гарсан. Би бэлтгэл дээр нь очихоор 5 дугаар сарын 31-ний өдөр 2 охинтойгоо таксинд суугаад явж байтал урдаас Ч.Цогбаярын машин гараад ирсэн. Би таксигаа зогсооход Ч.Цогбаярын машиныг Б.Ш гэх хүүхэн жолоодоод явж байсан ба ...надаас зугтаагаад нэг шатахуун түгээх станц дээр Ч.Цогбаярын машиныг орхиод яваад өгсөн. ...Би 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр бэлтгэл хийдэг заалан дээр нь очиж уулзахад Б.Ш миний нүүр рүү 3 удаа цохисон. ...Б.Шт зодуулахаасаа өмнө хэнд ч зодуулж цохиулаагүй. ...Би Б.Шт “манай нөхөртэй явалдлаа, манай нөхөр 3 хүүхэдтэй хүн” гэж хэлээд маргалдсан. Б.Ш “чаддаг юм бол нөхрөө салгаад ав” гэж хэлээд миний дух, нүүр хэсэг рүү гараараа цохисон. Би Б.Шт цохиулаад газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,
Гэрч П.Сумъяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “ ...Ч.Цогбаярын эхнэр зааланд орж ирэнгүүтээ Б.Шыг “янхан, банзал” гэж хэлээд хашгирсан. Ууганаа багш Ч.Цогбаярын эхнэртэй уулзаад гаргасан. Б.Ш Ч.Цогбаярын эхнэрийн араас гарсан. Би учир зүйгээ олог гэж бодоод 2-3 минут хүлээхэд араас нь коридор руу харахад Ч.Цогбаярын эхнэр Б.Шын нүүрэнд баруун гараараа хоёр удаа цохиход Б.Ш баруун гараараа нэг удаа цохисон. Ч.Цогбаярын эхнэр Б.Шт цохиулаад дөрвөн хөллөөд унасан... “ гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Д.Солонгын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх 2386 дугаартай дүгнэлт /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Хохирогч Ч.Цогбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...Б.Ш миний машины арын суудал дээр сууж яваад “Драгон” төв орох замын уулзвар дээр миний араас шилэн хүзүү рүү цохиод авсан. Би Б.Шт хандаж “чи яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд үгийн зөрүүгүй миний дээд уруул руу гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Би яаж байгаа юм бэ гэж Б.Шоос асуухад юм дуугарахгүй, машинд суугаад байсан. ...Би гэртээ ирэхэд эхнэр Д.Солонго намайг харчихаад “чиний уруул ам яасан юм бэ” гэж асуухаар нь “Б.Ш намайг цохичихлоо” гэж хэлэхэд эхнэр “тэр хүүхэнд дээрэлхүүлэхгүй, цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгнө” гээд намайг дагуулж цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. ...надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/,
Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Ч.Цогбаярын биед уруулын зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дээд уруулын дотор салстын язрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 3593 дугаартай дүгнэлт /хх-ийн 74 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Б.Шын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...Д.Солонго болон Ч.Цогбаяр нарын биед хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...учирсан бодит хохирлыг нөхөн төлөх болно” гэх мэдүүлэг /хх-ийн 167 дугаар хуудас/,
Шүүгдэгч Б.Шын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 24 дүгээр хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 25 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ш нь 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 17 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Спортын төв ордонд иргэн Д.Солонготой маргалдан түүний нүүрэн тус газар нь цохиж түүний биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, духны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан, мөн 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” төвийн авто зогсоол дээр иргэн Ч.Цогбаярыг зодож, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Солонго, Ч.Цогбаяр нарын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2386, 3593 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч нь хохирогч Д.Солонго, Ч.Цогбаяр нарын биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч нарын бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Шын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Б.Шыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Ч.Цогтбаярын “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчийг хохирогч Ч.Цогтбаярт төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Ш нь хохирогч Д.Солонгын хохиролд 250.000 төгрөг өгсөн гэж мэдүүлж байх ба хохирогчийн баримтаар нэхэмжилсэн /хх-ийн 38-48, 50/ 1.257.370 төгрөгийг шүүгдэгч Б.Шоос гаргуулан хохирогчид олгож, сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Шоос жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Б.Шыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Б.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Ш-г хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Шыг 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Шт оногдуулсан 2000 /хоёр мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаан/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч Б.Ш нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг тайлбарласугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Б.Шоос 1.257.370 /нэг сая хоёр зуун тавин долоон мянга гурван зуун далан/ төгрөг гаргуулж хохирогч Д.Солонгод олгож, хохирогч Д.Солонго нь сэтгэл санааны хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Б.Шоос жич нэхэмжлэх эрхтэйг, шүүгдэгч нь хохирогч Ч.Цогтбаярт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Ш нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ