| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лувсандоржийн Одончимэг |
| Хэргийн индекс | 185/2019/0393/Э |
| Дугаар | 796 |
| Огноо | 2019-09-04 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 796
2019 9 04 2019/ШЦТ/796
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, шүүгч Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэгмэд,
Иргэдийн төлөөлөгч С.Цэрэндэжид,
Улсын яллагч О.Доржмаа,
Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Л.Сарангуа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1964 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Өмнөговь тээврийн нэгдэл” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт , ял шийтгэлгүй, Ч.Б
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ч.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамжны 268 тоот хашаанд байрлах нийтийн байранд иргэн С.Даваасамбуутай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ч.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би насаараа жолооч хийсэн. ...Би Оюу толгой компанийн туслан гүйцэтгэгч “Өмнөговь-Тээвэр” компанид жолоочоор ажилладаг. Эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг. 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр нутгын найз С.Даваасамбуутай хамт амралт тэмдэглэж архи уусан ба 20 цагийн үед С.Даваасамбуугийн хэвлийн хэсгээс цус гарч түүнийгээ дарсан байдалтай заазуур барьж над руу дайрснаа орон дээр хэвтсэн. Би их сандарч цагдаа, түргэн дуудсан. Найз маань одоо эдгэрч, ажлаа хийж байгаа. Найз минь эхнэр, хүүхдээсээ салаад 15-16 жил болж байгаа болохоор манайд ихэнх хугацааг өнгөрүүлж, хооллож ундлан, бид бие биедээ муу санах зүйлгүй сайхан найз нөхөд явсан. Тэр өдөр яагаад тийм зүйл болсныг ойлгохгүй байгаа. Би архи авч очсон нь миний буруу. Найз минь эдгэрсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. С.Даваасамбуугийн эмчилгээний зардал болон нэхэмжилсэн хохирлыг бүрэн төлсөн. Би С.Даваасамбууг эмнэлэгт эмчилгээ хийлгэж байх явцад нь асарч байсан. Эхнэр маань савны хоргүй хавдартай. Би цалингийн зээлтэй, ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж гэрийнхээ санхүүг авч явдаг. Согтууруулах ундааны зүйл хэрэглэж бусдын эрүүл мэндэд хохирол учруулсан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Хэрэг болсон өдрөөс хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэхээс татгалзсан. Миний хувийн байдал, эрүүл мэндийн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирлыг нөхөн төлсөн зэргийг харгалзан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Эрүүгийн хэргээс:
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8 дугаар хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-16 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 17 дугаар хуудас/,
Хохирогч С.Даваасамбуугийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би гэртээ харьсан чинь араас Ч.Б дахиад 0,5 литрийн архи авч ирсэн. Тэгээд бид 2 уусан. ...Нэг мэдэхэд хэвлийн хэсгээ дарсан цус гоожсон байсан. ...Ч.Б их баярхаад өөрийгөө том машины жолооч гээд онгироод байсан тэгээд бид хоёр маргалдсан юм. ...бид 2 маргалдаад цуг архи уугаад орон дээр сууж байсан нэг мэдэхэд миний баруун талын хавирга хэсгээс цус гараад би “чи намайг хутгалчихлаа” гэж хэлээд заазуур барьж далайснаа болиод орон дээр хэвтсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-22 дугаар хуудас/,
Хохирогч С.Даваасамбуугийн мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн "...матрасан дээр Ч.Бтой зэрэгцээд сууж байсан. Ч.Б миний доод талд буюу зүүн гар талд сууж байсан. Ч.Б солгой ба нэг мэдсэн чинь л цус гараад ирэхээр нь цус гараад байна гэхэд Ч.Б цагдаа дуудсан байсан ...сүртэй маргалдаагүй. Ч.Б том машин барьдаг, тэр талаараа ярьж байсан санагдаж байна. Юунаас болж маргалдсанаа санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 152 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 02 дугар сарын 14-ний өдрийн “...С.Даваасамбуугийн биед элэг, нойр булчирхай гэмтээсэн хэвлийн хөндийн нэвтэрсэн шарх, хэвлийн хөндийн цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн хатгаж, зүсэх үйлчлэлийн нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх 2173 дугаартай дүгнэлт /хх-ийн 32 дугаар хуудас/,
Хохирогч С.Даваасамбуугийн өвчний түүхийн хуулбар /хх-ийн 35-45-р хуудас/,
Гэрч С.Оюундарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...намайг ажлын байран дээрээ байж байхад манай нийтийн байрыг түрээсэлдэг байсан Ч.Б орж ирээд түргэн дуудаад өгөөч гэсэн тэгэхээр нь яасан юу болсон юм бэ гэхэд С.Даваасамбуу над руу заазуур бариад далайхаар нь цохисон гэж хэлсэн. Би түргэн дуудаж өгчихөөд өрөө рүү нь орж ирэхэд орны урдуур нил цус болсон байдалтай, орны хөлд шалан дээр нэг хар иштэй хутга байхаар нь сандраад тэр хутгыг аваад хажууд нь байсан цаасан хайрцган дотор хийчихээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дугаар хуудас/,
Гэрч Т.Мөнхбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...шинээр хоол хийж идсэн нөхцөл ажиглагдаагүй, учир нь махны модон дээр мах хөшиглөж хоол идсэн зүйл огт байгаагүй цэвэрхэн байсан. Энэ нь гэрэл зурагт авагдсан байгаа. ...хохирогч С.Даваасамбуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, мөн хэвлийгээс нь цус алдсан байдалтай байсан учир ярих чадваргүй байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 153-154 дүгээр хуудас/,
Гэрч Т.Болдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...би 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд шинжээчээр 24 цагийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан. Тухайн өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 9-268 тоот хашааны нийтийн байрны 02 тоот өрөөнд хутгалуулсан хүн байна гэсэн дуудлагын дагуу бүрэлдэхүүний хамт очиж хэргийн газрын үзлэгт шинжээчээр ажилласан. Шинжээчээр ажиллаж байхад тухайн хэрэг болсон гэх газарт хоол хийсэн, аягалж идсэн, мах чанаж яс мөлжсөн шинж тэмдэг байгаагүй...махны мод цэвэрхэн №8 дугаартай зурган дээр хананд налуулж тавьсан байдалтай, тогоон дотор ногоон алаг иштэй заазуур болон хэзээ хийсэн нь мэдэгдэхгүй шөлний үлдэгдэл, хажуу талаар нь олон хоногийн муудсан хоолны шавхруутай аяга, таваг, шанага, ус буцалгагч, архины шил гэх мэт эмх замбараагүй хөглөрч байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 155 дугаар хуудас/,
Гэрч Х.Батжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2 залуу согтуурсан, нэгнийх нь хэвлийн тус газраас цус гарсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 156 дугаар хуудас/,
Шүүгдэгч Ч.Б-ын ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 104 дүгээр хуудас/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 105 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 165 дугаар хуудас/, эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 107-108 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 164 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч гэм буруутай эсэх талаар:
Шүүгдэгч Ч.Б нь 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн 9 дүгээр гудамжны 268 тоот хашаанд байрлах нийтийн байранд иргэн С.Даваасамбуутай маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт хутга хэрэглэж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хэргийн газар үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн өвчний түүх, эд мөрийн баримтаар тооцох тогтоол зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь хохирогч С.Даваасамбууд гэмтэл учруулсанаа хүлээн мэдүүлсэн, хохирогч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон өөрийг нь Ч.Б гэмтээснийг мэдүүлж, гэрч нар хэрэг болсны дараах тухайн агшин, хэргийн нөхцөл байдал, хохирогч гэмтсэн байдалтай байсныг гэрчилэн мэдүүлсэн, хохирогчийн
бие махбодид хурц ир үзүүр бүхий зүйлийн хатгаж, зүсэх үйлчлэлийн нэг удаагийн үйлчлэлийн улмаас эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, хэргийн нөхцөл байдал нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд тусгагдаж, хэргийн газраас хураан авсан хутгыг эд мөрийн баримтаар хураан авч бэхжүүлсэн зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгчийн үйлдэл нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хөдөлбөргүй агуулжээ.
Шүүгдэгч Ч.Б нь хутга буюу зэвсэг хэрэглэж буй өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдэн хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд шүүх шүүгдэгч Ч.Б-ыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч С.Даваасамбуу “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” /хх-ийн 130 дугаар хуудас/ гэсэн хүсэлтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгчээс түүнд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх шүүгдэгч Ч.Б-ыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ч.Б нь шүүх хуралдаанд өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ чин санаанаа гэмшсэн, хохирогч гомдол саналгүй талаар хүсэлт гаргасан байх тул түүнд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэсэн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т заасан төрөл, хэмжээний дотор болох 3 /гурав/ жил, 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ял шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, хохирогч С.Даваасамбуу нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдлаа.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч.Б-г зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 3 /гурав/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 /гурав/ жил 4 /дөрвөн/ сарын хугацаагаар хорих ялыг
нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч С.Даваасамбуу цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нийт урт нь 19.2 см урттай, бариулын урт 10 см, бариулын өргөн 2 см, ажлын хэсэг нь 9.2 см урттай, ажлын хэсгийн өргөн 1.8 см, үзүүрийн өргөн 0.5 см, угийн өргөн 1.9 см, ажлын хэсэг дээр “STAINLESS STEEL” гэсэн бичиглэлтэй, ишний хэсэгт 0.5 мм хэмжээтэй 3 ширхэг цагаан металл тавтай, хар өнгийн хуванцар хавтастай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2
дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОДОНЧИМЭГ
ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ
Д.РЕНЧЕНХОРОЛ